sonin.mn
Элсэлтийн ерөнхий шалгалт өгч их, дээд сургуульд суралцах хүүхэд бүр монгол  хэл бичгийн шалгалтыг заавал өгнө. Энэ жил дээрх шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон. Өнгөрсөн сард шалгалтаа хангалтгүй өгсөн элсэгчид дахин шалгалтад хамрагдах юм. Тиймээс БСШУСЯ-ны харьяа Боловсрлын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан, Д.Энхжаргал нараас дараах зөвлөгөөг авсан юм. 
 
-ЭЕШ өгөх элсэгчдээс монгол хэл бичгийн шалгалтыг таван жил авч байна.  Сурагчдын шалгалтын материалыг шалгаж байхад ямар даалгавар дээр хамгийн их алдаж байна вэ?
 
-Шалгуулагчид үгийн тоог хэтрүүлэн бичих буюу илт дутуу бичиж оноогоо алддаг. Мөн зөв бичих дүрмийн алдаа их гаргадаг. Түүнчлэн эхийн уялдаа холбоо, эхийн бүтцийг алдагдуулан бичих тохиолдол цөөнгүй байдаг. Найруулга зүйн хувьд шаардлага хангахгүй, хар ярианы үгээр бичих, мөн ярьж байгаа юм шиг бичих, мэссэж бичиж байгаа юм шиг бичих тохиолдол их байна. Мөн босго оноогүй байснаас зарим нэгэн даалгаврыг огт хийхгүй өгөх хандлага түгээмэл гардаг байсан. Энэ жил босго оноотой учраас ийм байдал арилах байх гэж найдаж байна.
 
-Гадаадад олон жил амьдарсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд энэ шалгалттай санал нийцэхгүй байгаагаа хэлж байсан. Энэ талаар БҮТ ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Энэ шалгалтын агуулга нь ямар нэг хөтөлбөрт суурилсан шалгалт биш. Өөрөөр хэлбэл, бүрэн дунд боловсролын монгол хэлний хичээлийн хөтөлбөрөөр ийм чадвар эзэмшсэн байна гэдэг бол тусгайлан хичээллэсэн хүүхдэд хамааралтай гэсэн үг. Харин энэ монгол хэл, бичгийн шалгалтын агуулга нь монгол хүн бүрийн мэдэж байвал зохих зүйлийн тухай ярьж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, ЕБС төгсөж байгаа хүүхэд ойролцоогоор 600-700 үгтэй эх зохиол уншаад түүнийг хэрхэн ойлгосноо илэрхийлж чадах. Ойролцоогоор 40-50 үгтэй бичлэг дотроос түгээмэл хэрэглэгддэг зөв бичгийн дүрмийн алдааг олж илрүүлээд түүнийг зөв болгон бичих. Монгол бичгээр хөрвүүлэх болон өөрийн үзэл бодол, саналыг зохион бичлэг болгон бичих чадварыг сорьж байгаа нь монгол хүн бүрт байх наад захын чадвар байх ёстой. Иймээс энэ тал дээр нэг их санал гомдол гарахгүй байх гэж бодож байна. Монгол хүн бүр эх хэлээ мэддэг, дээдэлдэг байх учиртай.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин