sonin.mn
Монгол төрийн анхны генералуудын нэг, хурандаа генерал С.Равдангийн зээ, “Эх орны дайчид” НҮТББ-ын тэргүүн, сэтгүүлч, эрх зүйч Р.Баяртай ярилцлаа. Тэрээр амьдралынхаа багагүй хэсгийг монгол төрийн маршал, генералууд болон ахмад дайчдын үйлс, алдар гавьяаг мөнхжүүлэхэд зориулж яваа нэгэн юм.
 
-Таны өвөө аль аймгийн уугуул вэ?
 
-Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Хэрлэн цагаан талбай гэдэг газар мэндэлсэн. 1924-1928 онд ЗСБНХУ-ын Ленинград хотод Дорно дахины амьд хэлний дээд сургууль, 1941-1942 онд ЗСБНХУ-ын Москва, Белебей хотод В.И.Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академи, 1970 онд Москвагийн орчим Новогорск хотод ЗСБНХУ-ын Иргэний хамгаалалтын Офицерын дээд төв курст суралцаж төгссөн.
 
-Өвөө тань төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн байхаас гадна өрхийн тэргүүлэгчийн үүргээ хэр сайн гүйцэтгэдэг байв. Таны сэтгэлд үлдсэн дүр зураг гэвэл...
 
-Өвөө минь намайг хүүхэд байхад өнгөрсөн, ер нь дөлгөөн тайван хүн байсан, гэр бүлдээ, үр хүүхдэдээ их анхаарал тавьдаг, цаг заваа гаргадаг. Ямар ч ажилтай байсан хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хуралд заавал сууж, тэмдэглэл хөтөлдөг, тэр дэвтрүүд нь хэвээрээ хадгалагдаж үлдсэн.
Өвгөн аав маань 1935 онд эмээ Ж.Цэндтэй ханилж, долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. 
 
 
-Та судалгааны ажлаа ямар зорилгоор эхлүүлсэн бэ? 
 
-Аав маань өөрөө их нямбай, цэгцтэй, гэрэл зураг, тэмдэглэл, дурсамж, баримт бичгүүдийг байгаагаар нь хадгалдаг хүн байсан. Тэр бүгдээс үндэслээд аавынхаа тухай ном гаргая гэсэн бодол төрдөг байлаа. Гэтэл хамт ажиллаж, нөхөрлөж байсан хүмүүсийг нь орхигдуулж боломгүй санагдаад, сүүлдээ генерал цол хүртсэн бүх хүмүүсийг он дарааллаар нь жагсааж, олон жил зураг, материал цуглуулсны эцэст хэвлүүлэхэд бэлэн болгоод байна. Цомог маань 41х51 см-ийн хэмжээтэй, арьсан хавтастай, 4108 зурагтай, нэрсийн хэлхээндээ 11000 гаруй хүний нэртэй, эдгээр хүмүүсийн нэрийг тодруулахад тусалсан бүх хүнд талархаж, нэрийг нь оруулсан, мөн гэрэл зураг хэнээс, хаанаас авсан гэдгээ ч цомогтоо дурдсан.
 
 
-“Монгол төрийн маршал, генералууд” гэдэг гэрэл зургийн цомгийнхоо талаар тодруулаач ...? 
 
-Би 2002 оноос хойш энэхүү бүтээлд цаг заваа харамгүй зарцуулж ирсэн. Монголын түүхэн дэх их жанжин Д.Сүхбаатар, маршал Г.Дэмид, Х.Чойбалсан нарын 182 генералын цэрэг, сонсогч, оюутан цагаас нь эхлээд дунд, ахлах, дээд офицер болсон болон амьдралынх нь замналыг харуулсан гэрэл зургуудыг тайлбартайгаар хүмүүст сонирхуулах санаатай хичээж ажилласан. Гурван маршалын талаар 10 хуудас буюу 36-52 зураг, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Ж.Лхагвасүрэн, Б.Дорж нарын 8 хуудас бүхий 36-42 зураг, дайны хүндийг үүрсэн анхны генералууд, хурандаа генерал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатруудын 6 хуудас бүхий 26-32 зураг, бусад нь 17-20 зурагтай 4 хуудас бүхий гэж ангилж эмхэтгэсэн. Ихэнх зураг нь хүний гарт баригдаж, нүдэнд үзэгдээгүй байх. Анх энэ ажлыг эхлүүлэхдээ ийм хэцүү гэдгийг нь төсөөлөө ч үгүй, гэхдээ нэгэнт эхлүүлчихсэн учраас бас ухрах зам байхгүй тул зүтгэсэн дээ, одоо бол хэнд ч үзүүлсэн ичихгүй.
 
-Та өвөөгөө аав гэж ярих юм, өвөө, эмээгийн гар дээр өссөн болоод тэр үү?
 
-Ээжийгээ Унгар Улсын Будапешт хотын Анагаахын их сургуулийн оюутан байхад би гэдэг хүн мэндэлж, тэгээд ээж маань өвөөд хандаж: “Би жилийн чөлөө авч, Баярыгаа харж үлдэе гэхэд” хариуд нь “Юу яриад байгаа юм, улсын мөнгөөр сурч байж, сургуульдаа, дадлагадаа яв, дайны хэцүү цагт та нарыг юугаар ч дутаалгүй хүн болгосон, энэ сайхан энх тайван цагт бид хоёр энэ хүүхдийг өсгөчихтэйгөө байна” гэж зад загнаад, сургуульд нь хөөгөөд явуулсан гэдэг. Ингээд би өвөө, эмээгийн хүүхэд, Равдангийн Баяр болж, тэднийгээ аав, ээж гээд эвлэгхэн дуудаад сурчихсан юм.
 
-Цэргийн хүний чанга, хатуу зарчимч байр суурь таны эрх занг дарж байв уу?
 
-За даа, нэг их эрхлээд, хошуугаа унжуулан сүйд болдоггүй байв. Хүүхэд байхад дүрсгүйтэхийг алийг тэр гэх вэ. Тэгэх бүрт толгой эргэтэл загнаж суран бүсээр ороолгоод байхгүй. Үг яриа, үйл хөдлөлөөрөө үлгэр дуурайл болдог чанга хатуу биш ч их зарчимч хүн байсан даа. Аав ажлаа тарж, гэртээ ирээд дүрэмт хувцсаа тайлж, өлгүүрт өлгөнө, гутлынхаа тоосыг арчаад, тосолчихно. Энэ зуршлыг нь би одоо ч ихэнхдээ дагана, заримдаа мартана. Өөрөө дотуур хувцас, цамцаа угаана, китель, өмд, цамцаа индүүднэ, одоо бодоход дүрэмт хувцсыг маш цэмбэгэр өмсдөг байж. Багадаа цэргийн хүн улаан судалтай өмд өмсдөг гэж төсөөлдөг байлаа. Гадуур намайг их дагуулж явна, тэгэхэд нь тав алхав уу үгүй юу, жагсаалын хувцастай хүн хөл тавьж, ёслоод өнгөрнө, эсвэл энгийн хувцастай хүмүүс тав хийтэл хавсарч, нөхөр генералын амрыг эрье гэж мэндчилнэ. Тэр үед энэ генерал гэдэг чинь ёстой мундаг атаман юм байна гээд бодчихсон, хавийн нэгэнд онгироод л, харин жаахан ухаан ороод генерал гэдэг чинь асар том бахархал, хүндэтгэл, хариуцлага, тэр болгон цэргийн хүн генерал болдоггүй юм байна гэж ойлгож, ухаарсан учир энэхүү цолыг хүртсэн бүхнийг маш хүндэтгэж, дээдэлж явдаг болсон. Ахмад үеийн генералуудын өвөр дээр тоглож өссөн бол дунд үеийн генералуудын хүүхдүүд миний багын найзууд, одоо үеийн генералууд миний найзууд, миний гавьяа гэвэл энэ хүмүүсийн орчинд төрж, өссөнд л байна даа.
 
-“Эх орны дайчид” нийгэмд үйлчлэх ТББ-ыг байгуулах болсон тухайгаа ярихгүй юу?
 
-Хүүхэд, залууст эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зэрэг нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг юм. Үүнтэй холбогдуулаад ахмад дайчдын гэр бүл, төрөл төрөгсдөд, гавьяатнуудынхаа ойг тэмдэглэх талаар уриалга гаргаж, идэвхжүүлж, шаардлагатай баримт материалыг өөрөөсөө гаргах зэргээр тодорхой хэмжээнд дэмжиж ажиллахыг хичээдэг. Мөн 2009 оноос хойш жил бүр Чөлөөлөх дайны ялалтын баяраар дайнд оролцсон 100 ахмад дайчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Тийнхүү урихдаа “Та жагсаалын хувцастайгаа, бүх одон, медалиа энгэртээ гялалзуулаад ирээрэй” гэж захина, тэднийгээ үлээвэр хөгжмийн маршийн аятай угтана, марш сонссон тэд маань хэсэгхэн хугацааны дараа нүд нь гялалзаж, бөгтөр нуруу нь тэнийж, хөл нь хөнгөрч, сэтгэл нь гэгэлзээд сайхан шүү. За тэгээд арга хэмжээ тарахад “Чөлөөгүй явахгүй шүү, дараа жил ирж тоондоо жагсаарай” гэж үүрэгдээд хүндэтгэж үднэ. Үнэлж баршгүй их гавьяатай эдгээр дайчид чинь цагийн эрхээр пулемётоор шүршүүлсэн юм шиг биднээсээ яваад өгч байна. Тэгэхээр амьд сэрүүн цагт нь л сэтгэл гаргаж, хүндэтгэл үзүүлж, баярлуулах юм сан гэж боддог. Мөн 2009 оноос хойш Халхын голын дайны талбарт судалгаа, шинжилгээний ажлыг ОХУ-ын ижил төстэй байгууллагуудтай хамтарч хийж байна. Одоогоор Улаан Армийн 60 дайчны цогцсыг олж, цэргийн болон шашных нь ёсоор хүндэтгэл үзүүлж нутаглуулсан, сүнс нь тайтгарч, сайн төрлөө олсон байх даа тэд.
 
-Хурандаа генерал С.Равдан Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээ зориулахаас гадна анхны дипломатчдын нэг байсан гэдгээрээ арвин түүхтэй...
 
-Хүүхэд байхын нэг дүр зураг санаанаас гардаггүй юм. Тодруулбал, цэргийн хүмүүс манайд ирж, тагтан дээр өндөр антенн суурилуулдаг, шалгадаг, тэгээд аав Хятад, Японы радиогийн мэдээг тогтмол сонсдог. Тэгэхээр япон, хятад хэлийг ямар ч байсан мэдээ сонсчих хэмжээнд мэддэг. Магадгүй тиймээс 1950 онд БНХАУ-д Элчин сайдын яам нээгдэхэд зөвлөхөөр нь томилогдсон байх. Солонгосын дайны үед тус улсын байдал хүндэрснээр манай анхны элчин сайд Ж.Самбуу гуайг цэргийн хүнээр сольж өгөөч гэсэн хүсэлт ирсэн юм билээ. Тэгэхээр нь Бээжингээс аавыг БНАСАУ-д элчин сайдаар томилсон, дараа нь Чехословак улсад элчин сайдаар томилогдож, Албани, Болгар, Румын улсуудыг хавсарч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд гэдэг дипломат дээд цол хүртсэн, мөн Гадаад явдлын яамны сайдын албыг ч хашиж байв.
 
-Намтраас нь харахад олон дайны галыг үзэж дээ...
 
-Аав маань 1930 онд цэргийн албанд ирж, 1932 оны Иргэний дайн, 1935, 1936 оны Адаг дулаан, Булан дэрсний байлдаан, 1939 оны Халхын голын дайн, 1941 онд Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академид суралцаж байхдаа Москвагийн хамгаалалт, 1945 оны Чөлөөлөх дайн, 1944, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтын байлдаануудад оролцож, нэг бус удаа шархдаж байсан. Монголын генералуудаас ийм олон дайн, байлдаанд оролцсон хүн байхгүй юм билээ. Тэрээр Солонгосын дайны үед Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд хоёр удаа өртөж, битүү гэмтэл авснаар эрүүл мэндээрээ ноцтой хохирч, нэг чих нь сонсголгүй, зүрхний эмгэгтэй болсон. Олон дайн, байлдаанд оролцсон хүний хувьд аав БНАСАУ-д элчин сайдаар томилогдож очсоныхоо дараа дайнд өнчирсөн хүүхдүүдийг Монголд авчирч, халамжлан хүмүүжүүлэх санал гаргаж, тэр нь дэмжигдсэн. Ингээд 197 солонгос хүүхэд (эрэгтэй 115, эмэгтэй 82) 1952-1959 онд ядуухан, тарчигхан ч гэсэн амар тайван Монгол Улсад эмчлүүлж, амьдарч байгаад нутаг буцацгаасан ба зарим нь эндээ үлдсэн байдаг.
Дарийн утааг бэхтэй хамт үнэрлэж явсан, жинхэнэ төрийн хар хүн гэхэд хилсдэхгүй байх ...
Халхын голын дайны үед одоогийн “Соёмбо” буюу “Улаан од” сонины эрхлэгчийн орлогч, “Эх орны төлөө” фронтын сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа 80 дугаар хэвлэн гаргаж, сонины мэдээ, материал цуглуулах гэж фронтын тэргүүн шугамд ажиллаж бас байлдаж явсан шүү.
 
-Равдан гуайн найз нөхдөөс нь цаг үеийн шуурганд өртөн хэлмэгдэж явсан уу? 
 
-Би ч хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй юм. Өөрийнх нь дурсамжид “Тэр үед Ардын цэргийн алба хаагчид байсан бид нарыг ... офицерын өндөр нэр хүнд, эх орон, ард түмнээсээ урваж, дайсан болохоо хүлээн зөвшөөрөхийг шууд шаардсан тушаал хүртэл гаргаж байсныг санаж байна ... Энэ мэт балмад ажиллагаа биднийг байнга түгшүүлж ... Хэзээ хэзээгүй хувьсгалын эсэргүү хэрэгт тулгагдан баригдахыг хүлээж байсан хүмүүс олон байсан” гэж бичсэнээс үзэхэд аав бас баригдахаа хүлээгээд, албаа хаагаад явж байж дээ гэсэн сэтгэгдэл төрдөг. Халхын голын дайны дараа 1940 онд Дотоод явдлын яамныхан Г.Рэндоо, Ж.Лхагвасүрэн, С.Равдан нарт хавтаст хэрэг нээчихсэн, баривчлах зөвшөөрөл авахаар маршал Х.Чойбалсанд илтгэхэд тэрээр “Одоо болоо юм биш үү, ажил хийх хүнгүй боллоо” гээд нөгөө хавтаснуудыг өөдөөс нь шидчихсэн юм санж. Энэ тухай Г.Рэндоо гуайн хүргэн Б.Бөмбөгт ярьж, Бөмбөг ах надад хүүрнэж, бид хоёр нулимс дуслуулж л суусан даа...
 
-Тухай үед генерал цолыг дагаад ямар эд зүйл ирдэг байсан юм бол ...
 
-Миний мэдэхээр генералын сэлэм байсан, өөр зүйл ч байгаагүй байх аа.
 
-Тэр сэлэм одоо хаана хадгалагдаж байгаа вэ? 
 
-Монгол цэргийн музейн үзмэрт, эмээ маань энх тунх байхдаа тэрхүү сэлмийг одон, медаль, дүрэмт хувцас зэрэг зарим эд өлгийн зүйлсийн хамт шилжүүлчихсэн. 
Ярилцсанд баярлалаа, таны цаашдын судалгааны ажил олз омог арвин байх болтугай.
 
 
Ц.Энх-Оргил
"Соёмбо" сонин