sonin.mn
Манай улс өнгөрсөн онд 529 мянган жуулчин хүлээж авсан байдаг. Энэ нь жуулчны компаниудын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс аялал жуулчлалын салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай компаниудаас  тулгамдаж буй асуудал, шийдэж болох гарц шийдэл, хөрш орны хөгжлийн бодлого дээр тулгуурлан хөгжих боломжийн талаар “Жинст Трейвэл” ХХК-ийн Хятад зах зээл хариуцсан аяллын зөвлөх Д.Уранчимэгтэй ярилцлаа.
 
-Танай байгууллагыг дотоод, гадаадын аялал жуулчалаар иргэд сайн таньдаг. Аялал жуулчлалын салбарт хөл тавих болсон хүсэл тэмүүллээсээ сонирхуулаач.  “Жинст трейвэл” компани хэзээ байгуулагдаж, үйл ажиллагаагаа ямар аялалаар эхлэж байв?
 
– Миний хувьд, аялал жуулчлалын салбарт анх 1999 онд хөл тавьж, өнөөг хүртэл ажиллаж байна. Анх аяллын гараагаа Улаанбаатар зочид буудлын “UB Travel” агентлагаас эхэлж байлаа. Харин манай компанийн хувьд, анх 2006 онд орон нутагт тэр дундаа Завхан аймагт аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлж ирсэн түүхтэй. 2018 оноос эхлэн Монголын аялал жуулчлалын холбоонд гишүүнээр элсэн  хоёр хөрш орны аялал жуулчлалын зах зээлд тулгуурлан үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж байна. БНХАУ-ын хувьд баруун хойд хэсгийн муж улсуудын аялал жуулчлалын зах зээлд түлхүү анхааран ажиллаж байна. Өнгөрсөн жилээс Завхан аймгийн Алдархаан сум, Солооны аманд байрлах жуулчны бааз, байгаа суурь дээрээ түшиглэн амралт, аялал жуулчлалын цогц үйл ажиллагааг эрхлэн, 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шинэлэг жуулчны бааз байгуулан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Ер нь жуулчдыг татах, энэ салбарыг хөгжүүлэхэд жуулчны компаниуд ихээхэн чухал үүрэгтэй ажилладаг. Харилцаа, хандлага, стандарт гээд. Бидний хувьд, “Бид таны амьдралд өнгө нэмнэ” гэсэн уриан дор аялагч бүрт гэгээлэг дурсамж үлдээхийн төлөө хариуцлагатай, сэтгэлтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг.
 
-Саяхан Хятад улсад олон улсын аялал жуулчлалын экспо болсон. Танай байгууллагыг оролцсон гэж сонссон. Энэ үйл ажиллагааны ач холбогдлын талаар  мэдээлэл дуулгаач?
 
-Өнгөрсөн гуравдугаар сарын 29-31-нд БНХАУ-ын Шаанси мужийн Шиан хотод зохион байгуулагдсан “Торгоны зам олон улсын аялал жуучлалын экспо-2019” арга хэмжээнд манай компани эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Энэ арга хэмжээг БНХАУ-ын баруун хойд хэсгийн таван муж болох Гансу, Шинжаан Уйгур, Чинхай, Шаанси, Нинся мужийн аялал жуулчлалын удирдах шатны байгууллагаас эрхлэн зохион байгуулсан. Дөрвөн үзэсгэлэнгийн танхимд дэлхийн 42 орон, Хятадын 32 муж, хотуудын 800 орчим байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан таниулсан. Тухайлбал, Шаанси мужийн хотууд болон голлох аялал жуулчлалын үзмэрүүдийн павилон бүхий 10000м2 талбайтай үзэсгэлэнгийн нэгдүгээр танхим, БНХАУ-ын бусад муж, хот болон олон улсын төлөөлөл бүхий үзэсгэлэнгийн хоёрдугаар танхим, Шаанси мужийн онцлогийг илтгэх, өв уламжлал болон соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгийн танхим, аялал жуулчлалын салбарт өргөн хэрэглэгдэж  буй “RV” аяллын автомашинуудын үзэсгэлэн худалдаа гээд олон арга хэмжээ зохион байгуулсан. Эдгээр танхимд 7800 орчим хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийгдэж, 1815 тэрбум юанийн худалдаа албан ёсоор баталгаажсан гэсэн тоон мэдээлэл гарсан байна лээ.
 
-Аяллаас төрсөн таны сэтгэгдэл, эх орныхоо аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж болох ямар зйлс ажиглагдав?
 
-Олон улсын экспод оролцож эх орноо сурталчлан таниулахын зэрэгцээ бидэнд өнөөдөр яг юу хэрэгтэй байна вэ гэдэг тал дээр нэлээд хэдэн санаа төрсөн.  Дээрх таван муж түүх, ёс заншил, хэл соёлоороо бидэнтэй илүү ойр холбогдохоос гадна түүхэн “Торгоны Зам”-ын маршрут дайран өнгөрдөг газарзүйн тогтоц нь анхаарал татаж байв. Монгол Улсын аялал жуулчлал холын европын жуулчдаас биш, арлын Японы жуулчдаас илүүтэй энэхүү “Торгоны зам” дэлхийн аяллын маршрутад нэгдсэнээр хөгжих түүхэн болоод орчин үеийн шийдэл байгааг олж харлаа. Үүнд нэгдэхийн тулд салбарын бүх шатны байгууллагууд хамтран ажиллах цаг ирээд байна. Нөгөөтэйгүүр дээр дурдсан таван мужийн аялал жуулчлалын шилдэг үзмэрүүдийг багтаасан аяллын тогтсон маршрут гарган хамтран нэгдэж ажиллах нь илүү ухаалаг алхам болно гэж бодож байна.
 
-Монгол Улс хоёр том гүрэнтэй улс төр, эдийн засаг, соёлын холбоотой харилцдаг. Сүүлийн үед аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа цөөнгүй явуулж байна. Танай компанийг өмнөд хөрш рүү дотоод, гадаадын жуулчдыг аялуулдаг гэж сонссон. Аялал хэр сонирхолтой болдог бол?
 
-Бид үйлчлүүлэгч, амрагчдадаа урд хөршийн бүтээн байгуулалт, хөгжлийн хурдацыг мэдрүүлэх зорилгоор аль болох биед амар, олон төрлийн тээврийн хэрэгсэл хослуулан аялах боломжоор хангахыг хичээдэг. Аялалд дан ганц автобусаар бус галт тэрэг, тэр дундаа өндөр хурдны галт тэргээр зорчих шийдлүүд түлхүү оруулж өгдөг. Аялагчдыг аль болох тохь тухтай байлгаж, алжаал, стресс тайлах байдлаар шийдэж өгсөн нь бусад ижил төстэй аяллуудаас ялгарах онцлог давуу талтай. Дэлхийн найм дахь гайхамшиг болох Шиан хотын шилдгийн шилдэг үзмэрийг аялагчид өөрийн нүдээр харах, бишрэн хүндлэх сайхан мэдрэмжийг ч бас бэлэглэх юм. Хамгийн гол нь бидний аяллын үнэлгээ ашиг дээр бус аялагчдад мэдрүүлэх таатай мэдрэмж дээр тулгуурлах юм. Нэг үгээр хэлбэл, аялагчдын авсан тэр мэдрэмж эргээд эх орны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай. Нөгөөтэйгүүр, бид олон улсын дэмжлэгтэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын цогцолбор загвар хотхон бүтээн байгуулах томоохон хөрөнгө оруулалтын төслийн санал өвөртөлж ирснээ дуулгахад таатай байна. Энэ бүтээн байгуулалтын ажлыг олон улсын хөрөнгө оруулалтад түшиглэн ойрын 2-3 жилийн хугацаанд монгол хүн өөрийн гар бие, сэтгэл оюунаа оролцуулан хамтран бүтээн босгох их ажил хүлээгдэж буйг сонордуулахад сайхан байна.
 
-Монгол Улсын аялал жуулчлалын салбарт дахь хөгжлийн гарц юу вэ?
 
– Монгол улсын газарзүйн тогтоц өөрөө энэ асуултад тов тодорхой хариулт өгсөөр удлаа. Хөгжлийн хурдац нь улам бүр товчлогдон буй дэлхий ертөнцөд бид Монгол Улсын гэх газар нутаг, эх хэл, “нүүдэлчдийн” хэмээх түүхэн соёлоороо танигдан мал аж ахуй, газрын баялаг дээр тулгуурлан амьдрах нь одоо цагт хангалтгүй болоод байна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг шиг хоёр хөршийнхөө бодлого дээр тулгуурлан, дэмжсэн байдлаар өөрсдийн хөгжлийн бодлогоо гаргаж ирэх нь бидэнд ашигтай. Урд хөрш зөвхөн өөрсдийн хил хязгаар, Ази тивээр зогсохгүй дэлхийн улс орнуудын ирээдүйг хэдэн арван жилээр урьдчилан харж хөгжлийн бодлого, хөтөлбөрөө боловсруулан түүхт Торгоны замаар нэрлэсэн нь цаанаа нэгийг хэлээд байх шиг. Бид ганц уул уурхай дээрээ  хөгжөөд ч байгаа юм шиг, уруудаад ч байгаа юм шиг их удаан гацлаа. Үнэнийг өгүүлэхэд бидэнд шинэ хөгжлийн гарц, хөгжлийн цогц бодлого үгүйлэгдэж байна. Монгол Улсын бүхий л салбар тэрхүү цогц бодлогоор дамжуулан өөр хоорондоо үйл ажиллагаа, зорилго, амжилтаараа нэгдэж, эх орныхоо хөгжлийг тал бүрээс нь дэмжин  гаргаж ирэх хэрэгтэй. Товчхон хэлбэл, “Торгоны зам” хөгжлийн бодлогод тулгуурлан гарч ирэх нь тун зөв юм. Учир нь энэ санааг анх үүссэн цагаасаа л өргөн хүрээнд тив тивийн улс орнууд, баялаг бүтээгч салбаруудыг хамран дэлхий нийтийн глобалчлалыг түүхэн зүй тогтолтойгоор орчин үеийн шинэлэг санаагаар баяжуулж ирсэнд оршиж буй юм.
Аялал жуулчлалын салбар нь дэд бүтэц ялангуяа Иргэний Нисэхтэй шууд хамааралтай. Тиймээс бид БНХАУ-ын баруун хойд мужууд тэр дундаа эртний түүх дурсгалаар дүүрэн хот болох Шиан руу шууд нислэгийг жуулчны ид ачаалалтай байдаг саруудад хийж эхлэх нь тэнд буй олон улсын аялагчдын тоог нааш нь татах, Монголоос гарцтай болгоход нөлөөтэй юм. Мөн хилээр орох гарах, жуулчин ангиллын зөвшөөрлийг хурдан шуурхай бүрдүүлэх, Монголыг зорин ирж буй жуулчдад давуу тал бий болгох тал дээр хил, гаалийн болон салбарын удирдах байгууллагууд анхаарал тавьж ажиллавал Азийн орнуудаас бид жуулчдыг татах боломжтой.
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин