sonin.mn
“Соёмбо” сонины сурвалжлах бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллах үеэр тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Ганхуягаас дараах тодруулгыг авлаа.
 
Цэргийн штабын түүх, үндсэн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлэх үү?
 
-Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь анх 1923 онд “Чандмань уул аймаг”-ийн Цэргийн хэлтэс нэртэйгээр байгуулагдсан ба 1931-1971 онд Ховд аймгийн Цэргийн хэлтэс, 1971-1975 онд Иргэний хамгаалалтын хэлтэс, 1975-1993 онд Цэрэг, иргэний хамгаалалтын хэлтэс, 1993-2004 онд Цэрэг, иргэний хамгаалалтын штаб, 2004 оноос Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Манай хамт олон аймаг, орон нутгийн иргэдэд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог төгөлдөржүүлэх, бэлтгэл офицер, ахлагч, цэргийн бэлтгэл үүрэгтнийг бүртгэх, давтан бэлтгэх сургалтыг зохион байгуулах, иргэдийг цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн гэрээт болон дүйцүүлэх албанд элсүүлэх, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
 
 
Энэ жилийн үйл ажиллагааны үндсэн зорилгын тухайд ...?
 
-Бид 2019 оны үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг Батлан хамгаалах хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, албан тушаалтнууд, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хэмээн тодорхойлсон. Энэхүү үндсэн зорилгоо хангахын тулд “Орон нутгийн хамгаалалтын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймаг, сумдын төрийн захиргааны болон бусад байгууллагуудын албан тушаалтнууд, аж ахуйн нэгжийн удирдлагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орон нутагт батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилтуудыг эн тэргүүнд хэрэгжүүлнэ.
 
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
 
-Манай хамт олон энэ оны эхний улиралд багагүй ажлыг амжуулжээ. Тухайлбал, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг аймаг, орон нутагт сурталчлах нэг сарын аяныг өрнүүлж, “Цэргийн штабын нээлттэй өдрүүд”-ийг зохион байгууллаа. Энэ ажилд аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Цэргийн штабын ажилтнууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн ихээхэн идэвх санаачилгатай оролцлоо. Бид батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангитай хамтран жил бүр 2 суманд зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тухайд Манхан, Зэрэг сумын иргэд, залуучуудын дунд явуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангалаа. Мөн Ховд аймгийн орон нутгийг судлах музейтэй хамтран тус аймгаас тодорсон генералуудыг алдаршуулах, тэдний үйл хэргийг залуучуудад сурталчлах зорилгоор “Ховдын генералууд” буланг шинээр тохижуулснаар музейг үзэгчдийн тоо нэмэгджээ. Тэрчлэн Батлан хамгаалахын төв архивд хандаж, 81 иргэний лавлагаа гаргуулах ажлыг зохион байгуулсан.
 
 
Түүний зэрэгцээ шинэ оны эхний улиралд хэрэгжүүлсэн үндсэн үйл ажиллагааны нэг нь “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг угтсан цуврал ажлууд байлаа. Энэ ажлын хүрээнд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангитай хамтран зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэж, Ховд цэргийн хүрээний ёслолын жагсаал, гардан тулаан, жагсаалын болон үлээвэр найрал хөгжимчдийн үзүүлэх тоглолтыг үзүүллээ. “Ховд” их сургууль, “Хөгжил” политехник коллежийн оюутнууд, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиудын сурагчдын дунд “Цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийн зарим асуудлууд”, “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдэвт лекцийг уншиж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой баримтат киног үзүүлсэн ба энэхүү ажил одоо ч үргэлжлэн явагдаж байна. Мөн Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын дунд марш тактик-тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан. Тэрчлэн дээрх байгууллагуудын дунд гар болон сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, олс таталт, шагайн харваа, урианхай сурын харваа, буудлага, биллиардын төрлөөр спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулахад 14 байгууллагын 800 гаруй хүн хамрагдсан ба нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 123 дугаар анги шилжин явах цомын эзэн болсон. Ойн баярын өдрөөр аймаг, сумын цолтой 64 шигшмэл бөхийн барилдааныг зохион байгуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн ажил байсан. Манай уламжлал болсон цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг аймгийн Боловсрол, соёлын газар, Залуучуудын холбоо, Зэвсэгт хүчний 123 дугаар ангитай хамтран зохион байгуулсан ба эл тэмцээнд ерөнхий боловсролын долоон сургуулийн 170 гаруй сурагч оролцсоноос 6 дугаар сургуулийн баг тэргүүн байрт шалгарлаа. Тэрчлэн аймгийн ЗДТГ-ын даргын албан бичгийн дагуу аймаг, сумдын ЗДТГ-аас Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, байгууллага, сургуулийн ажилтнууд, залуучууд, оюутан сурагчдын дунд эсээ бичлэгийн болон бусад уралдаан, тэмцээнийг зохион байгуулах талаар чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үр дүнг нь тооцлоо. Энэ мэт олон хэлбэрийн ажлыг нэрлэж болох байна.
 
 
Сургалт болон сурталчилгааны чиглэлээр хэрэгжүүлсэн ажил их байгаа даа ...?
 
-Тийм ээ. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сард сумдын ЗДТГ-ын дарга нартай “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг зохион байгуулах нь” сэдвээр мэргэжил, арга зүйн сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан. Мөн Жаргалант сумын нийт багийн Засаг дарга нартай ч энэ чиглэлийн сургалтыг явууллаа. 
Мөн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдтэй явуулах сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. “Ховд” их сургууль, “Хөгжил” политехникийн коллежийн оюутнуудыг хамруулан дөрөв дэх жилдээ “Оюутан цэргийн сургалт”-ыг амжилттай зохион байгуулсан ба өнөөгийн байдлаар баруун таван аймгаас шалгуур үзүүлэлтийг нь бүрэн хангасан оюутнуудтай онолын бэлтгэл сургалтыг амжилттай явуулж байна. Энэхүү сургалтын үр дүнд аймаг, сургуулиудын удирдлага, иргэд, эцэг, эхчүүд талархал дүүрэн хандаж байгаа, үр дүн, давуу тал их бий.
Бид аймаг, сумдад Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж, сурталчлах болон бусад үйл ажиллагаатай холбоотой ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа байдалд хяналт тавих зорилгоор 18 үзүүлэлт бүхий уралдааныг зарлаж дүгнэсэн бөгөөд 2018 оны ажлын үр дүнгээр Алтай сумын ЗДТГ-ын дарга Д.Баатарсүрэн тэргүүлж, хүндэт өргөмжлөл хүртлээ. Бид саяхан цэргийн нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн амжилттай зохион байгуулж, үр дүнг тооцлоо.
Манай хамт олон орон нутгийн “Ховд”, “Эко”, “Жаргалант”, “Олон ястан” телевиз, “Ховдын мэдээ”, “Ховдын толь” сонин бусад мэдээллийн сайтуудтай хамтарч иргэдийг мэдээллээр хангах, үйл ажиллагаагаа бүтээлчээр сурталчлах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчилсан богино хэмжээний баримтат кино болон бусад гарын авлага, үзүүлэн таниулах материал, мэдээллийн самбаруудыг хийж, сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд байна.
 
Баярлалаа. Сүүлчийн асуултыг Танд үлдээе.
 
-Тус цэргийн штаб нь БХЯ-наас жил бүр дүгнэдэг аймаг, нийслэлийн тэргүүний Цэргийн штаб шалгаруулах уралдааны дүнгээр 2015, 2016 онд тэргүүн байр эзэлж байсан бөгөөд үүнээс хойших жилүүдэд явагдсан болзолт уралдаан, үзлэг, шалгалтад тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бүхий л ажилд манлайлагч үүрэгтэй оролцож ирлээ. Бидний үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар ханган байнга дэмжиж, хамтран ажилладаг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Ховд аймгийн удирдлага, нийт иргэддээ талархсанаа илэрхийлж, ажлын арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе.
 
ЦЭРГИЙНХЭН ЭН ТЭРГҮҮНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ
Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд:
 
-Тус аймгийн Засаг даргын Тамгын газар нь орон нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй, ажил хэрэгч залуусаар эгнээгээ өргөтгөн үйл ажиллагаагаа явуулж байна. Нөгөө талаар олон ястны өлгий нутаг, тоонот нь болсон манай аймагт Зэвсэгт хүчний анги, тусгай салбарууд, Хилийн отряд байрлан үндсэн үүргээ хэрэгжүүлдэг. Иймээс манай аймаг, орон нутгийн хувьд давуу тал их бий. Хамгийн наад захын жишээ гэхэд л хүн, малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох, зуд нүүрлэсэн үед малчдад өвс, тэжээл хүргэх, үер, усны аюулын үед нүүлгэн шилжүүлэлт хийх, их цэвэрлэгээ, тохижилт зэрэг аймаг, орон нутгийн хэмжээнд чухал бөгөөд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд цэргийнхэн л эн тэргүүнд үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Энэхүү онцлогийг нь харгалзаж, аймгийн Засаг дарга, удирдлагын зүгээс ч чадал, боломжийнхоо хэрээр тэдэндээ дэмжлэг үзүүлдэг. Тэрчлэн биднийг аймаг, сумдын үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэдтэй уулзах бүрийд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэгтэй холбоотой ямар нэгэн санал гомдол гардаггүй, харин ч магтаж, талархах иргэд тун олон байдагт нь бахархдаг. Аймгийн ЗДТГ-аас Цэргийн штабын офицерууддаа тулгамдсан хариуцлагатай үүрэгт ажлыг хүлээлгэдэг, тэд ч тун найдвартай гүйцэтгэдэг. Ер нь аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдийн дунд бүтээлч үйл ажиллагаагаараа ямагт манлайлдаг хэлтсийн нэг нь Цэргийн штабын хамт олон юм. 
 
 
Бид энх цагийн өнөө үед хүүхэд, залуустаа цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, мөн иргэд, олон нийтэд батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, үр өгөөж бүхий олон талт сургалтыг зохион байгуулах, цэрэг халах, татах ажиллагааг амжилттай зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтын асуудалд гол анхаарлаа хандуулах зэргээр цэргийн штабын үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг. 
Түүнчлэн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын санаачилгаар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ойрын өдрүүдэд аймгийн бүхий л сумдад сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт Батлан хамгаалах хууль тогтоомж, нэн ялангуяа “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хуулийг сурталчлах, хэрэгжилтийг нь хангах ажлыг ч төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл иргэддээ үзүүлдэг үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй, соёлтой, шуурхай болгоход Цэргийн штабын хамт олны үүрэг, оролцоо ч их гэсэн үг.
Энд нэг зүйлийг тодотгоход өмнө нь хүүхдээ цэргийн албанаас чөлөөлөх гэж эцэг, эхчүүд гүйдэг байсан бол одоо харин ч эсрэгээрээ явуулна аа гэсэн бодолтой болцгоосон байна. Шинэ орчинд, олон зүйлийг сурч, боловсорч, мэргэжил эзэмшиж, хатуужиж байгаа учраас хүүхдээ цэрэгт л явуулъя гэсэн бодолтой хүмүүс олон байна. Энэ нь цаад утгаараа Монгол төрийн батлан хамгаалах бодлого, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр явуулж байгаа бодлого нь зөв, үйл ажиллагаа нь үр өгөөжтэй байгааг харуулж байна. Түүнчлэн манай цэргийн алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож байгаа учраас иргэдийн дунд зөв хандлагыг бий болгожээ гэж бодож байна. 
 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДМЭЛ ЗАРЧМЫГ БАРИМТАЛЖ БАЙНА
Баруун бүсийн төв, Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Г.НЭРГҮЙ:
 
-Миний бие Цагдаагийн академи, ОХУ-д Гал эсэргүүцэх албаны академийг дүүргэсэн бөгөөд 2002 оноос хойш онцгой байдлын албанд зүтгэж байна. Мэдээж, манай хамт олон гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Тиймээс гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах, зарим үед хорио цээрийн дэглэм тогтоох чиглэлээр төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх ажил юу юунаас чухал. Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч нь тус аймгийн Онцгой комиссын гишүүн байдаг бөгөөд бид жил бүр харилцан ажиллагааны төлөвлөгөө гарган тогтмол тодотгож, үйл ажиллагааны нэгдмэл зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд үер, усны аюул, өвөлжилт хүндрэх үед хамтран ажиллах, хүн, малын гоц халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг сахиулах болон бусад үүрэг гүйцэтгэх чиглэлээр харилцан ажиллагаатай байж, ихээхэн туршлага хуримтлуулсан гэж дүгнэж болно.
 
 
Тэрчлэн манай хамт олон аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, марш тактикийн аварга тасаг шалгаруулах болон “Мөрдэстэй бүсгүйчүүд” тэмцээн, бусад нэгдсэн ажиллагаанд амжилттай оролцож байна. Мөн төрийн цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын хооронд 20 гаруй жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж байгаа спортын цогцолбор тэмцээнд манай бүрэлдэхүүн маш идэвхтэй оролцож, нэгдсэн дүнгээр эхний байруудад шалгарч ирлээ.
Ер нь манай хамт олны хувьд амжилт арвин байгаа. Тухайлбал, Онцгой байдлын алба хаагчдын улсын урлагийн наадамд гуравдугаар байр, 2017 онд Говь-Алтай аймагт болсон Галын техникийн спортын олон төрөлтийн бүсийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн. Цаашид бид онцгой албаны бүрэлдэхүүний өмнө хуулийн хүрээнд хүлээлгэсэн үүргийг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэх, шинээр батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг бие бүрэлдэхүүнээр сайтар судлуулах, хэрэгжилтийг нь бүрэн хангах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын бүтээлч үйл ажиллагааг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр амжилт гарган ажиллах болно.
 
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин