sonin.mn
Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг хэдхэн сарын дараа тэмдэглэх гэж байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд төдийгүй төр, засгийн зүгээс ч байнга анхаарлаа хандуулсаар ирсэн энэ түүхэн арга хэмжээ уламжлал болсоор олон арван жилийг ардаа орхижээ. Тухайн он жилүүдэд дайнд оролцсон ахмадуудын цөөнгүй нь саяхныг хүртэл амьд сэрүүн байсан болохоор тэд Дайчин тугтайгаа хамт байж, хөнөөлт дайны хор уршгийг хойч үедээ ёстой л зүрхэнд нь яргатал суулгаж, хүмүүжил, ёс суртахууны өндөр төлөвшлийг олгодог байлаа. Харин өнөөдөр, та бидний сайн сайхны төлөө цусаа урсгаж явсан ахмад буурлууд маань ертөнцийн жам ёсоор дэндүү ихээр цөөрсөн, бараг гарын таван хуруунд багтахаар хэдхэн хүн үлдсэн ч дайнд оролцсон “Дайчин туг”-ийн аялал цаашид ч үргэлжилсээр байх нь дамжиггүй билээ. Энэхүү уламжлалыг БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хороо, Төмөр замын Ахмадын хороотой хамтран санаачилж, холбогдох байгууллагын сайд, дарга нарын тушаал гарч, хойд, өмнөд чиглэлийн төмөр зам дагуух аймаг, хот, суурин газар, цэргийн анги, байгууллагад хүрч ажилласан 14 хоногийн арга хэмжээ өнгөрсөн сарын 19-ний өдөр Нийслэлийн Багахангай дүүргийн хөдөлмөрчид, ирээдүй хойч үе болсон сурагч, багачуудтай уулзсанаар хөдөө орон нутагт зохион байгуулсан 2200 гаруй км-ийн урт аялал өндөрлөв. Өөрөөр хэлбэл, БХЯ-ны Ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч генерал Д.Магсаржав, ЗХЖШ-ын Ахмадын хорооны нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Д.Баатар, Төмөр замын Ахмадын хорооны дарга Н.Жанчив нараар ахлуулсан ажлын бүрэлдэхүүнд ҮБХИС-ийн БХЭШХ, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин, “Дуулга” телестуди, Монгол цэргийн музейн ажилтнууд, Төмөр замын Ахмадын хорооны дэргэдэх “Ган эгшиглэн” Ардын хөгжмийн чуулгынхан хүч хавсарсан юм. Цэргийн тэтгэвэртээ гараад гурван жилийн нүүрийг үзэхдээ анх удаа төрөлх “Соёмбо” сонины маань эрхлэгч, хурандаа Б.Отгонбаярын санал болгосноор ийнхүү албан ёсны сурвалжилгад явсан нь сайхан л байлаа. Тэгээд ч сэтгүүлч хүний хөдөлмөр нь насан туршийн үйл хэрэг байдаг болохоор сурвалжлагч хүнд нас намба нэг их сонин биш байдаг. Дашрамд тэмдэглэхэд, сошиал мэдээлэл өргөн хөгжсөн болоод ч тэр үү, өнөөгийн залуу сэтгүүлчдийн арваараа имэрч, алгаараа харж байж бичсэн нийтлэл, сурвалжилга тун ховордсон юм шиг санагддаг. “Улаанбаатар” сонинд залуухан сэтгүүлч байсан ерээд оны үед манай хэлтсийн дарга, эдүгээ Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамьян гуай “Сурвалжлагч хүн сууж ажил хийдэггүй, явж хийдэг юм, гарцгаа та нар. Энэ жижигхэн умгар өрөөнд юугаа хийгээд шамбааралдаад байгаа юм бэ. Бичих зүйл олдохгүй байвал гадаа гудамжинд юм хараад яв. Тэндээс бичих сэдэв чинь олдоно” гэж байсан нь юутай үнэн үг билээ. Ийм л агуу хүмүүсийн зааж, зааварлаж, зандарч, урамшуулж байснаар мөн цэргийн сониныхоо томилолтоор Баян-Өлгийгээс бусад бүх аймагт хүрч сурвалжилга хийж байснаа дурсахад таатай байна.
 
 
 
 
ШӨНӨЖИН ДОВТОЛГООД ЗАМЫН-ҮҮДЭД ...
 
Өнгөрсөн сарын 14-ний Ням гарагийн орой тэнгэрт одод гялбалзахтай ташралдан Улаанбаатар төмөр замын Олон улсын галт тэрэгний төв буудлаас Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний хамгийн арын цоожлогч болон хөдөлгөөнөө үйлдсэн “Бидний гэр” болсон ногоон вагоны тохилог бүхээгт хоёр хоёроороо тухаллаа. Үйлчлэгчээр нь ажлаа арван хуруу шигээ мэддэг, УБТЗ-ын Суудлын вагон депогийн вагоны ажилтан Д.Цэцгээ, Ц.Нямсүрэн нар тохоогджээ. Энэ л ажил албанд 30 гаруй жилийнхээ хөдөлмөрийг шингээж яваа тэдэнд Москва, Бээжин гээд л яваагүй газар цөөн аж. “Зорчигч олноо хүргэх газарт нь саадгүй хүргэж, уулзах ёстой хүмүүстэй нь учран золгуулдаг буянтай алтан шар зам, амьдралын маань баталгаа болсон ажилдаа бид хоёр дуртай” гэж тэд өгүүлсэн. Аялаг даялаг ааш зантай хоёр бүсгүй маань биднийг халуун цай, кофегоор таслалгүй үйлчилсээр 23.00 цагт дэр, толгой нийлүүлсэн миний хувьд вагоны зөөлөн түчигнээнд бүүвэйлэгдсээр өглөөний 7.00 цагтай золгохуй Замын-Үүд сум хариугүй дөхжээ. Аяллын бүрэлдэхүүнийг анхлан угтсан хүн нь Замын-Үүд өртөөний дарга Л.Бямбасүрэн гэж хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, яриа хөөрөө сайтай, гял цял хийсэн залуу байв. Хорин жил Төмөр замын удирдах газар хариуцлагатай алба хашсан тэрбээр эл албан тушаалд томилогдоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй аж. Мөн өртөөний зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга М.Отгонбаяр, Үйлдвэрчний хорооны дарга О.Мэндсайхан нар ч аяллыг ахалж яваа хүмүүстэй биечлэн уулзаж, өртөөнийхөө үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулахад байлцсан. Л.Бямбасүрэн дарга ажил үүргийн дагуу цэргийнхэнтэй нэлээд ойр дотно ажиллаж байсан тухайгаа хуучлаад авна билээ. Тэр Монгол цэргийн музейд байгаа сан хөмрөг ямар гайхамшигтайг дурдаад, 3000 төгрөгөөр ажилчдаа үзүүлэх тасалбарыг 5000 төгрөгөөр авч үзүүлж, музейн санхүүд дэмжлэг үзүүлж байсан, 2014 онд тохиосон Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойгоор Монгол, Оросын дайчдын хамтарсан “Сэлэнгэ-2014” хээрийн сургуульд “Цэргийн тээвэр” хариуцсан ажилтнаар томилогдож, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын цэргийн олон сайхан найз нөхөдтэй болсон тухайгаа бахархан өгүүлж байлаа. Үйлдвэрчний хорооны дарга О.Мэндсайханы аав С.Орсоо Л.Дандар баатартай нэг эцгийн хүмүүс байсныг нэлээд хожуу мэдэлцсэн тухайгаа хуучилсан нь сэтгүүлч миний хувьд сонин сэдэв байлаа. Тэр ч байтугай Л.Дандар баатрын аав нь Ховд аймгийн Цэцэг сумын Сүхээ гэж хүн байсныг ч олж мэдлээ. Өөрөөр хэлбэл, Л.Дандар баатар, С.Орсоо нар эцэг нэгтэй, эх ондоотой хүмүүс байжээ. Мөн үеэр Л.Дандар баатрын төрсөн хүү Д.Дашдэндэв нь Замын-Үүдэд амьдарч байгааг мэдэж, орой нь О.Мэндсайханы зуучилснаар бид уулзаж ярилцсанаа жич нийтлүүлэх болно. Д.Магсаржав генералаар ахлуулсан ажлын хэсгийнхэн очсон газар бүрийнхээ орон нутгийн удирдлагуудтай уулзаж, өөрсдийн ажлын зорилго, чиглэлийн талаар танилцуулж, харилцан яриа өрнүүлж байсныг дашрамд тэмдэглэе. Төд удалгүй Хилийн цэргийн залуухан хурандаа ирж, манай багийн генерал, хурандаа нартай элгэмсүү мэндчилсэн нь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөр байв. Түүнийг Нутгийн удирдлагын ордонд бидэнтэй хамт очиход Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр хүчний байгууллагын удирдлагууд болон Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтайгаа угтсан нь угаасаа Төмөр замынхан хагас цэргийн зохион байгуулалттай болохын баталгаа нь болж байлаа. Дараа нь хурандаа А.Энхтөрийн удирдлагад Хятад, Монголын хилийн зааг дахь 815 дугаар хилийн баганатай танилцаж, дурсгалын зураг татууллаа. Хоёр орны хилчин дайчид хорь ч хүрэхгүй алхмын цаанаас харилцан биеэ харан зогсох нь даяаршил гэж ярьсан өдгөө цагт бол жирийн л үзэгдэл гэлтэй. Гэхдээ хамгийн хариуцлагатай тэмдэгт гэдгийг тодотгож байсан. Тэндээсээ чанх баруун тийш 10-аад бээр хэртэй довтолгоод, нэгэн довцог толгод дээр босгосон хөшөө дурсгалын цогцолборт хүрэлцэн очсон юм. Нутгийнхны “Данх толгой” хэмээн өргөмжилсөн энэ газарт 1943 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр япон, монгол цэргийн хооронд багахан хэмжээний тулгаралт болж, Б.Данх, Ц.Жамбаа, А.Сундуй, Ц.Чойсүрэн нарын байлдагч нар хүний амь насны эрсдэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн тул тэднийг Байлдааны гавьяаны болон Алтан гадас одонгоор шагнасан болохыг тус ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Г.Цогбадрах тайлбарлаж, хожмоо эрэлхэг цэрэг Б.Данхын нэрээр “Данх толгой” хэмээн нэрлэгдэх болсныг тодотгосон юм. Мөн өдрийн үдээс хойш Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Биеийн тамирын зааланд Халхын голын дайнд оролцсон 5, 6, 8 дугаар морьт хороо, 7 дугаар мотомеханикжуулсан хуягт бригадын байлдааны тугийг хүндэтгэлтэйгээр залж, албан ёсны ажлаа эхлүүлсэн. Бэлтгэл хошууч генерал Д.Магсаржав Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, орчин үед түүхийг сургаар ярьдаг нэг хэсэг хүн байхад, судалж мэдсэн цөөнгүй хүн байдаг. Бид түүхэн бодит үнэнийг хойч үеийн залуустаа ойлгуулах зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. Түүхэн үнэнийг судалж мэдсэн хүний нэг нь “Халхын голын дайны ялалтын 80 жил” илтгэлийг тавих, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар юм гэдгийг тодотгосон бол, Төмөр замын Ахмадын хорооны дарга Н.Жанчив, “Дайчин туг”-ийн аяллыг бид 1979 оноос эхлэн БХЯ-тай хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол, Оросын найрамдал бол цусаар мөн хөлсөөр гагнагдсан ган бат холбоо болохыг тэрбээр хэлээд, ер нь Монголын Төмөр замынхан дайны ялалтад тодорхой хувь нэмрээ оруулж, цэрэг, дайны зориулалттай замаар цэрэг дайчид, зэвсэг, техникийг зөөж, байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл Батлан хамгаалах салбартай нягт хамтран ажиллаж байгаагаа бахархан тэмдэглэнэ билээ. Энэ үеэр Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахмад дайчин, бэлтгэл дэд хурандаа М.Ширмэнбаатар, бэлтгэл хошууч Я.Батмөнх, Л.Чулуунхүү нарыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө-l, ll, lll” хүндэт тэмдгээр шагнасан шагналыг Д.Магсаржав генерал, Д.Баатар хурандаа нар энгэрт нь зүүж өгсөнд тэд ихэд баяртай байсан даа. 
 
 
ЦЭРГИЙНХНЭЭР ОМОГШДОГ ДОРНОГОВЬЧУУД
 
Өглөө нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа В.Батболд, аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгч, бэлтгэл хошууч Ч.Сүрэнжав нар ирж аялагч биднийг Хилийн цэргийн 0168 дугаар ангийн “Хилчин” буудалд авчирч, өглөөний унд бариад “Саран хөхөө” театрыг зорьсон. Тэнд ахмад дайчид, иргэдийн төлөөлөл, ахлах ангийн сурагчид аль хэдийн суудлаа эзэлсэн нь “Цэргийн анги, байгууллагатай олон жил хаяа хатган оршсон ард түмний сэтгэл гэж ийм л байдаг юм байна даа” гэсэн бодол төрж байв. Аймгийн засаг дарга ажлын шугамаар холын америкийг зорьсон учир Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар хүрэлцэн ирж, үг хэлж, талархлаа илэрхийлсэн юм. Дайнд оролцсон ахмад дайчид өнөөдөр “Дэлхийн улаан ном”-нд ортлоо цөөрчээ. Дорноговь аймгийн хэмжээнд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Н.Гончигзав, Д.Ишсамдан, М.Дэрэм нарын гуравхан хүн байгаагаас өдгөө 92 нас сүүдэр зэрэгцсэн М.Дэрэм гуай уг арга хэмжээнд биечлэн оролцсон билээ. Ухаан санаа саруул, сонсгол хэвийн, жаахан марзандуу маягийн ахмад дайчин маань Дэлгэрэх сумын уугуул агаад “Бүдүүн Даржаа” гэдэг даргын удирдлагад Жанчхүүгийн даваа хүрээд буцаж иржээ. “Нэг их байлдаж сүйд болоогүй ч, ямар ч байсан дайнд оролцож буун дуу сонсож үзсэн хүн дээ” гэж хэнэггүйхэн ярих ахмад дайчин маань “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр энгэрээ мялаалгасны дараа “Та бүхэндээ гялайлаа, энэ насаа дуустал Монгол улсынхаа төлөө зүтгэнэ ээ” гэж хуран цугларагсдыг багагүй омогшуулсан. Мөн энэ үеэр “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр шагнуулсан бэлтгэл дэд хурандаа Б.Батчөдөр гэж ажлын төлөө төрсөн болов уу гэмээр нэгэнтэй уулзаж, цөөн хоромд хөөрөлдлөө. 1978 онд ЦЕДС-ийг дүүргэсэн тэрбээр салаа, ротын захирагчаас хорооны штабын туслах болтлоо шат дараалсан албан тушаалд ажиллаж, мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбатын ахлах оператороор ажиллаж байснаа бахархан өгүүлж байв. Ийнхүү төлөвлөгөөт арга хэмжээ хуваарийн дагуу явагдсаны дараа БНМАУ-ын баатар Д.Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Ар, өвөр шандын тэхий дунд орших Аараг толгод дээр сүндэрлэх баатрын хөшөө тэрүүхэндээ сүр жавхаатай, чухамдаа Дорноговьчуудын мөнхийн бахархал билээ. Тавь гаруй жилийн тэртээ Монгол хэлний сурах бичгээс “...Дампилын догшин пулемёт тачигнаж, Данзанваанчигийн аварга мина дэлбэрэв...” гэсэн мөр уншиж байсан маань энэ үед цээжинд хуралдаж, С.Дампил баатрыг “Амьдаар” нь харж байснаа санав. Аймгийн засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг гэж жавхалзсан сэргэлэн бүсгүй биднийг хүлээн авч, аймаг орон нутгийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, цэргийнхэнтэйгээ нягт хамтран ажилладаг тухайгаа өгүүлж байлаа. Төмөр замын удирдлага Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд багагүй ач холбогдол өгч буйн илэрхийлэл нь бидний хөлөглөсөн ганцхан вагоныг тусгай чирэгч гаргаж, Зүүнбаянд хөл тавиулснаар тайлбарлахад хангалттай. Энэ үед Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Н.Батсайхан нар тэнд зохиогдсон бүхий л арга хэмжээг биечлэн удирдаж байсан. Мөн тавдугаар багийн Засаг дарга бөгөөд Зүүнбаян тосгоны захирагч Ц.Ганзориг энэхүү арга хэмжээнд багагүй ач холбогдол өгч, Засаг даргын хувьд цаашид ч дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байв. Эл өдөр Зүүнбаян нутаг маань төрөлх өнгө төрхөө илэрхийлж, улаанаар эргэлдсэн хуй салхи орчныг бүдгэрүүлж байсан нь гучаад жилийн тэртээ энэ л газар орон дээр хориодхон настай залуухан офицер цэрэг дайчидтайгаа хамтдаа байсан үе маань нүднээ хөвөрч, хаа нэгтээ лимбэний зөөлөн аялгуу эгшиглэх лугаа тийм гэж хэлэхийн аргагүй өнгөрсөн он жилүүдийн дурсамж зүрх сэтгэлийг эзэмдэхүй, “Ингээд 60 нас хүрчихлээ гэж үү” гэсэн гэгэлгэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. 
 
 
ЗАМ ХАРГУЙ, ДЭД БҮТЭЦ САЙТАЙ НУТАГ
 
Бидний аяллын маршрут аажмаар улсын нийслэлд дөхсөөр, олноо “Гурван сумтай аймаг” гэж егөөдүүлдэг ч, гурван сум нь гурвуулаа ган болоод цардмал замаар холбогдсон, дэд бүтцийн хөгжлөөр хаанахаас ч дутахааргүй давуу талтай гээд л Говьсүмбэрчүүдийн амаа уралдуулан сайрхах энэ аймаг үнэндээ тийм төдийгүй сүүлийн жилүүдэд чамлахааргүй хөгжжээ. Арга ч үгүй юм даа. Аливаа хөгжлийн үндэс болсон зам харгуй сайтай учраас амьдрал дэвжилгүй яах вэ. Улаанбаатар хотод шавааралдсан хувь, хувьсгалын олон их, дээд сургуулийн заримаас энд шилжүүлэн байршуулахад болохгүй нь юу билээ хэмээн бодогдож байв. Тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнийн хувьд үүрэгт ажил нь нэгэнт гарт нь орсон учраас төдийлөн санаа зовдоггүй бололтой. Харин 1969-1989 оныг хүртэл 20 жил тус аймгийн нутаг дэвсгэр дээр байрласан Оросын томоохон дивизээс үлдсэн, нэр нь үл мэдэгдэх баатрын хөшөөг тохижуулах ажилд л сэтгэлээ багагүй чилээдэг бололтой. Саяхнаас албан ёсоор “Цэргийн алдрын хөшөө” гэж нэрлэгдэх болсон тэрхүү сүрлэг хөшөөг засч тохижуулснаар Монгол, Оросын найрамдлын бэлгэдэл болсон аялал жуулчлалын төв болгох зорилготой юм байна. Мэдээж, цэрэг армитай холбоотой энэ ажлыг холбогдох байгууллагууд дэмжих нь дамжиггүй. Нутгийн удирдлагын ордонд бидний анхлан уулзсан албан тушаалтан нь аймгийн ЗДТГ-ын дарга, бэлтгэл хошууч Э.Содном. Тэрээр аймгаа стратегийн ач холбогдолтой, хөгжлийн ирээдүйтэй гэдгийг үгийнхээ завсар хавчуулаад, Цэргийн штабтайгаа гар нийлэн ажилладаг тухайгаа өгүүлж байсан. Энэ хооронд Төв халхын дуулалт жүжгийн “Боржигон” чуулгын үзэгчдийн суудал битүү дүүрч, ЗДТГ-ын орлогч Ш.Билэгсүмбэрэл талархлын үг хэлсэн зэргээр Халхын голын түүхт ойн ажлыг Говьсүмбэрчүүд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Харин энэ аймагт ганцхан ахмад дайчин амьдардаг нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул, эдүгээ 94 настай Б.Зундуй гуай. Мөн өдөр ахмад дайчны болон Тагнуулын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Э.Шоовдор нарын энгэрт шагналын хур буусныг тэмдэглэлтэй. Говьсүмбэр аймгаас шөнө дөллөн хөдөлсөн бид аяллын эцсийн цэг болох Нийслэлийн Багахангай дүүрэгт дөрөө мулталлаа. Тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Лхагвасүрэн өглөө эртлэн ирж, дүүргээс зайдуухан Төмөр замын өртөөнөөс биднийг тусгай унаагаар авсан. Дүүргийн өмнөх цэлгэр талбайд техник хэрэгсэл байрлуулан, хүчний байгууллагуудын офицер, ахлагч нар аль хэдийнээ жигдрэн жагссан байв. Г.Лхагвасүрэн хурандаагийн командаар дайнд оролцсон ангиудын байлдааны тугийг хүндэтгэлтэйгээр залж, Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, тугийн аяллын ахлагч нар харилцан үг хэлж, байлдааны тугийн дор хүндэтгэлийн жагсаал зохион байгуулсан зэрэг “Сүүлчийн тэмээний ачаа хүнд” гэгчээр төгсгөлийн арга хэмжээ нэлээд нүсэр байдалд өрнөсөн юм. Засаг дарга С.Эрдэнэбаяр тугийн аяллын ахлагч нарыг өрөөндөө урихад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Цогцэцэг, ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц нарын албаны хүмүүс байлцсан. 
 
ТӨГСГӨН ӨГҮҮЛЭХҮЙ
 
Сэтгүүлч, сурвалжлагч хэн ч байлаа, аливаа ажил, арга хэмжээний үйл явдлыг бодит баримтад тулгуурлан бичдэг болохоос үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй билээ. Гэхдээ бидний өмнөд замын дагуу аялсан “Дайчин туг”-ийн аялал өмнөө тавьсан зорилгоо дүүрэн хангалттай биелүүлж, очсон газар бүртээ халуун алга ташилтын уухайнд урамшиж байсан нь Халхын голын дайны ялалтын бодит үнэнийг тодорхой жишээ баримтад тулгуурлан, хаашаа ч бултах аргагүй тайлбарласан доктор, хошууч Т.Сүхбаатар, УБТЗ-ын Ахмадын хорооны дэргэдэх “Ган эгшиглэн” ардын хөгжмийн чуулгын авьяаслаг ахмадуудын чадварлаг тоглолт ихээхэн нөлөөлсөн гэдгийг хэлэх байна. Тэгээд ч цэргийн анги, байгууллага нутаг оронд нь олон жил оршин тогтнож, бас дайны хор уршгийг биеэрээ мэдэрсэн ард түмэн болоод ч тэр үү, иргэд, хүүхэд, залуучуудынх нь аливаад хандах хандлага нь хот хүрээнийхэнтэй зүйрлэхийн аргагүй. Ялангуяа, Зүүнбаян сумын 12 жилийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг хараад өрөвдмөөр ч юм шиг, бүр хайр хүрмээр ч юм шиг санагдсанаа тэмдэглэхгүй өнгөрч яахан болох. Тэдний байгаа байдалд нь хүртэл цэргийн хэв шинж бүрэн шингэсэн гэлтэй. Нөгөө талаар “Ган эгшиглэн” чуулгынхан орчин үеийн хэллэгээр, үнэндээ очсон газар бүрдээ “бут авч байсан” даа. Хамгийн залуу нь 62 настай гэхэд үнэмших хүн бараг олдохгүй байсан шүү. Ганцхан жишээ дурдахад, гоцлол дуучин Г.Сандагийг “Смуглянка”, “Катюша”-гаа цангинуулахад, танхим тэр аяараа хөгжилдөн, тэртээх өнцгөөс “Орос Сандагаа” хэмээн элгэмсүү хашхирч байсан зэрэг нь тус чуулгын нэр хүндийн илэрхийлэл юм. 
Бас нэг дурдахгүй өнгөрч боломгүй зүйлийн нэг нь Монгол цэргийн музейн ажилтан Х.Дашжамц хэмээх олон таван үггүй, гүндүүгүй нэгэн хамт явсан юм. Тэрбээр, дайнд оролцсон ангиудын байлдааны тугаа нүднийхээ цөцгий мэт, төрсөн үр шигээ хайрлан хамгаалж явсныг эцэст нь дурдаад, аян замын тэмдэглэлээ жаргааму.
 
 
МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ