sonin.mn
“Holiday Inn Mongolia” зочид буудлын ерөнхий тогооч А.Ганзоригтой ярилцлаа. Тэрээр сонголтоос сонголт, боломжоос боломжийг бий болгон түүндээ хүрэх гэж чамгүй хөдөлмөрлөснөөр өнөөдрийн Ганзоригийг бүтээжээ. Түүнтэй ярилцаж суухад хорвоо хэнийг шагнахаа мэддэг аргагүй л нүдтэй гэмээр.
 
Та ажлын гараагаа хаанаас хэзээ эхэлсэн бэ?
 
-Тухайн үеийн Хууль сахиулахын их сургуулийг төгсөөд Дундговь аймагт томилогдон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хоёр жил гаруй ажилласан. Дараа нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжиж, тэндээ нэг их удалгүй мэргэжил дээшлүүлэхээр Их Британи улсын Лондон хотыг зорьсон юм. Олон ч жил өнгөрч дээ. Одоо эрүүл хоолны тогооч болон хуульч гэсэн хос мэргэжилтэй.
 
Цагдаагаас тогооч болсон тань их сонирхол татаж байна. Уг нь өөр зорилгоор хилийн чанадыг зорьсон болов уу?
 
-Сурахынхаа хажуугаар угаагч, цэвэрлэгч хийсээр нэг жил өнгөрлөө. Гал тогоонд ажилладаг байсан учраас тогоочийн мэргэжлийг ихэд “шохоорхох” боллоо. Гол төлөв эрчүүд ажиллана, дуу өндөртэй, хагас цэргийн зохион байгуулалттай болохоор мэргэжилтэй минь ч ойрхон санагдсан. Тэгээд учир явдлаа ч хэлээд ээлжийнхээ ахлах тогоочоос гуйж үзлээ. 2007 оноос бэлтгэгч, туслах тогооч хийж, 2009 оноос мэргэжлийн тогооч болсон. Англи улсын тогооч бэлтгэх технологийн дээд курсэд мөн “HАCCP” буюу эгзэгтэй цэгийн сургалтуудад хамрагдсан. Одоогоор Европдоо түвшин ахисан мэргэжлийн тогооч гэсэн статустай.
 
Энэ өндөрлөгт хүрэхдээ ямар багш, хэн гэдэг тогоочийн “гараар оров”?
 
-М.П.Вайт гэдэг хүн бий, дэлхийд данстай тогооч гэж болно. Олон алдартай тогоочид гараар нь дамжсан юм билээ. Бидний сайн мэдэх Голден Рамсейгийн багш шүү. Ирландын “Fine dining” рестораны ерөнхий тогоочоор ажиллаж байхад нь түүнтэй танилцаж байлаа. Би ч тухайн үед угаагч л хийдэг байж. Тогооч болмоор байна гэж олон ч удаа хэлж гуйж үзсэн. Тэр бүхэнд чичлүүлж, түлхүүлж байсан үе бий. Тэглээ гээд муудаж, гундсан юм алга. Уйгагүй, шантардаггүй хүнийг М.П.Вайт үнэлж, тогоочийн эрдмийн “А” үсгийг зааж өгсөн дөө. Тэр хүний ач буянаар би бээр ерөнхий тогооч болчихсон гал тогооныхоо гялалзсан хамт олныг удирдлагаар хангаад л явж байна.
 
Хоолыг урлаг ч гэж хэлдэг. Энэ урлагийг бүтээхэд амтлахаас өөрөөр ямар мэдрэмжийг олж авсан байх шаардлагатай вэ?
 
-Огцом хөдөлнө, халуун бүгчим нөхцөлд шахцалдаж ажиллана, олон багаж хэрэгсэл, мэстэй ойр ажилладаг хүн уураа л барьж ажиллаж сурах хэрэгтэй.
Хоол үйлдвэрлэлийн зах зээл Монгол Улсад хүчээ авч байна. Гэхдээ бид аливаа зүйлийг хүлээж авахдаа гаргууд атлаа нутагшуулахдаа тиймхэн байдаг тал ажиглагддаг...
 
-Дэлхийн шилдэг ресторануудын хоолны жор бол ороод ирчихсэн. Даанч тэр жорын дагуу хоол үйлдвэрлэдэг тогооч нар ховор юм. Дөхүүлээд л орхичихдог юм уу даа, гүйцэтгэл сул, яг мэргэжлийн түвшинд хийх тогооч нь цөөн байна. Монголдоо сурч төгссөн тогооч нарын хувьд уламжлалт хоолоо гаргууд хийдэг байх. Би тэдэн шиг хийж чадахгүй, гэхдээ европ хоолыг хийх аргуудыг бол эзэмшсэн. Европ хоолыг энгийнээр хэлбэл тэр чигтээ урлаг гэж болно. Энэ урлаг Монголд хөгжихөд наанадаж таван жил шаардагдана гэж бодож байна. Ямартай ч найз нөхөд, танилуудаас маань европ хоолыг нутагшуулах тал дээр сэтгэл, зүтгэл гаргаж байгаа хүмүүс бий.
 
Чухамдаа та боловсон хүчний асуудлыг л хөндөх гээд байна уу?
 
-Саяхныг хүртэл хүмүүс бакалаврын дипломоор боловсролыг төлөөлүүлж ойлгодог байсан. Ирээдүйгээ ч бас сайн сайхан байлгахад диплом л хэрэгтэй гэж банк санхүүч, хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, эмч гэх мэт оффист суудаг оюуны ачаалал өндөртэй мэргэжлүүдийг л сонгоцгоож, гадаад руу ч тэр чиглэлээрээ явж суралцдаг. Хилийн чанадад, ялангуяа Англи зэрэг Европын орнуудад хоол, хүнс үйлдвэрлэлээр суралцаж төгссөн ганцхан хүнийг л мэдэх юм байна. Тэр тогооч одоо боломжийн өндөр цалинтай ажил хийж байгаа. Ер нь манай улсад өндөр цалинтай тогооч олон бий шүү дээ. Европт бол ахлах тогооч болчихвол бүр ч хангалуун сайхан амьдарна. Хилийн чанадад бол хүнсний аюулгүй байдлын технологич, эгзэгтэй цэгийн технологич, хоол үйлдвэрлэлийн технологич гэх мэт олон чиглэлээс сонгоод суралцах боломж нээлттэй. Хоол үйлдвэрлэлийн технологич нь дотроо мөн олон янз. Эсвэл зөвхөн тогоочоороо ч суралцаж болно. Ер нь л удаан хугацаанд сурдаг мэргэжил, учир нь нэг хоолыг гаргууд сайн эзэмшээд олны таашаалд хүргэчихлээ гэхэд дараа жил нь хүмүүсийн сонирхол буурчихна.
 
Хэрэглэгч хаан гэдэг хэт тахигдсан үзэл, зарим хүнийг ажлаа хийхэд нь чөдөр тушаа болдог юм шиг санагддаг. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
 
-Хоолныхоо гадаад өнгө үзэмжид хайрцаглагддаг тогооч нар бий. Гол нь амин дэм, нүүр ус, уураг, өөх тосны хэмжээ ямар байхыг төдийлөн анзаарч огоорохгүй байх шиг. Хэчнээн амттай, гоё сайхан хоол байлаа ч гэлээ хэрэглэгчийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих нь чухал. Тогоочийн мэргэжлийг сайн эзэмшье гэвэл хоолны технологийг нь сайн сур, дараа нь гал тогоонд удаан чанагд. Энэ мэргэжлийн 70 хувь нь практик шүү дээ. Тэрчлэн нийтээрээ хүлээн зөвшөөрч хооллосон хоолыг ганц нэг хүн хувийн үзэл бодолдоо хөтлөгдөөд голж шилэх явдал бий. 
 
Жор хаанаас төрдөг вэ?
 
-Толгойноос, гэхдээ шинэ жор гэж байдаггүй. Жороос жор, хоолноос хоол гаргана. Хоёр хоолноос нэг хоол гаргах замаар хоол үйлдвэрлэл хөгжиж явдаг.
 
Манайд тогоочийн зэрэг 4-1 гэж байдаг. Европт ямар байдаг, таны зэрэглэлийн тухайд?
 
-Барууны орнууд 1-9 хүртэл зэрэгтэй. Миний хувьд “HACCP level 6 qualified chef” буюу Хүнсний аюулгүй байдлын эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцооны зургаадугаар түвшний зэрэглэлтэй, сертификаттай. Өөрөөр хэлбэл эрүүл хоолны тогооч, мөн олон улсын тогооч гэж хэлж болно.
 
Хаврын улиралд монгол хүний бие организмд тохирох хоол юу вэ?
 
-Монгол хүн тунгалаг шөл уувал сайн, мөн шинэ ногооны шөл ч ядаргаа тайлдаг. Ногооноос хэрэгцээтэй шим тэжээлээ нөхөн авч болно. Ходоод тархинд мэдээлэл өгдөг, тиймээс хүнсний хэрэглээг огт хязгаарлаж болохгүй. Гол нь тэр бүхний тунг л тааруулж хэрэглэх хэрэгтэй. 
 
Хүний газар гүний нутагт бүх зүйл амар байгаагүй нь лавтай...
 
-М.П.Вайт гэдэг хүнээс тогооч болмоор байна гэж гуйсан тухайгаа ярьсан шүү дээ. Тэр хүн анхандаа над руу энэ ч тогооч болох нь юу л болдоо гэж хардаг байлаа, бүр тэгж ч хэлдэг байсан. Нэг удаа халуун грилэн дээр тулж унаад тохойгоо түлчихэж билээ. Эмнэлэг дуудах гэтэл “Намайг эмнэлэгт үзүүлчихээд ахиж битгий энэ гал тогоонд ирээрэй” гэж хатуу үгийг чулууддаг юм байна.Тэгэхэд нь шар гозолзоод гараа даавуугаар сайтар ороож, бага зэрэг эмнэчихээд үргэлжлүүлээд л ажилласан.
 
Маргааш нь очиход таныг яаж хүлээж авсан бэ?
 
-Яах вэ, бахь байдгаараа л битгий ирээрэй гэсэн. Жил гаруй бэлтгэгч хийсний эцэст урьд хожид байгаагүйгээр шантарсан, ажлаасаа гараад өөр газар цэвэрлэгч хийж үзлээ. Ёстой амар ажил. Цэвэрлэгээгээ хийчихвэл ажилгүй сууж л байна, 10 жилийн дараа би сайн цэвэрлэдэг л хүн болно, өөр хэн ч, юу ч биш. Тэгээд ресторан руугаа буцаад очсон, тэгэхэд М.П.Вайт надад “Чи яагаад ийм зөрүүд юм бэ, хүмүүсийг хөөхөд яваад өгдөг, чи л нойтон хамуу шиг наалдаад байх юм, энэ ажил их хэцүү, тэр болгонд чи бэлэн байж чадах юм уу? Гэр бүлдээ зарцуулах цаг чамд бараг байхгүй” гэж хэлсэн. Би ч “Чадна аа, надад өөр сонголт байхгүй” гэсэн. Тэр хүнд их баярладаг, дараа жил Монгол Улсад ирээд хамгийн түрүүнд надтай уулзана гэсэн шүү.
 
Түүнд танаас өөр монгол шавь бий юу?
 
-Олон монгол залуу шавь М.П.Вайтын шавь нь гэж ярьдаг юм билээ. Өөрөөс нь асуухаар надаас өөр монгол тогооч өөрийнх нь гараар ороогүй л гэдэг.
 
Таны хийсэн сонголтууд их гайхширал төрүүлсээр л байх юм. Баян чинээлэг орны өндөр цалинтай ажлаасаа гараад яагаад энд хүрээд ирэв?
 
-Гаднын оронд 14 жил ажиллаж, амьдарлаа. Тэндээ байя гэвэл виз сунгуулах шаардлагатай, бас ээж минь ч нас өндөр болсон. Үүнтэй давхцаад “Holiday Inn Mongolia” зочид буудлын удирдлагууд ажлын санал тавьсан юм. Тэгээд л өнгөрсөн жил эх орондоо ирлээ. Монголдоо ажиллаж, амьдрах сайхан л байна. Энэ газарт ч бас удаан ажиллахгүй л байх, монголдоо л байвал хаана ч ажилласан хамаагүй ээ.
 
Та гэр бүлээ Англи руу дагуулаад явсан уу, одоо хаана байгаа вэ?
 
-Англи руу эхнэртэйгээ хамт явсан. Ирландад байхдаа хоёр сайхан охинтой боллоо. Монголдоо эхлээд ганцаараа ирсэн л дээ. Ер нь эргэж буцалтгүйгээр үлдэе гэж бодоод удалгүй эхнэр, хүүхдүүдээ ч авчирсан.
 
Эгзэгтэй цэгийн тогооч гэдгийг тодруулахгүй юу?
 
-Гардаж хоолоо хийдэг. Орц, жороо өөрөө найруулдаг, технологио зохиодог. Тиймээс хариуцлагаа бас өөрөө хүлээх ёстой. Тогооч дундаа маш нарийн мэргэжилтэн гэсэн үг. Манайд бол энэ талын ойлголт ч байхгүй. 
 
Европын орнуудад мастер тогоочийн шалгуур үзүүлэлт ямар байдаг вэ?
 
-Мастер гэж хүндтэй “гуншин” бий. Мастерын хэмжээнд хүрнэ гэдэг бол нэг насны л хөдөлмөр байдаг гэж болно. Ирландад бол жилдээ нэг л хүн мастер цолны болзлыг хангадаг, олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд тодорхой амжилт үзүүлсэн, мөн тухайн улсад хоол үйлдвэрлэлийг нэвтрүүлж өөрийн нэрийн 3-4 хоолыг зохиосон байх шаардлагатай. Мэргэжлээрээ 20-оос доошгүй жил ажилласан байх ёстой. Ерөнхий тогооч заавал мастер байх албагүй. Харин ерөнхий тогоочийн удирдлагад мастер тогооч ажиллаж болдог. Миний удирдлагад Ирланд улсын хүндэт мастер ажиллаж байсан.
 
Цол дагаж бяр гэдэг шиг мастер тогоочийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд ч тэнгэрт гарчихдаг байх...
 
-Мастер тогооч нь насаараа ажилласан, нас тогтсон хүмүүс л бий. Мастер гэдгийг нь илтгэх сүртэй медальтай, төрөөс тусгай хувцсаар хангаж өгнө. Маш нэр хүндтэй тийм л хүмүүс байдаг даа.
 
Нууц биш бол Ирландад дунджаар хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
 
-Цагийн 18 евро авдаг байсан, монгол мөнгөөр бол 53-54 мянган төгрөг юм уу даа.
 
“City west hotel & resort”-д ахлах тогоочоор ажиллахад ямар байсан бэ?
 
-Манай “Улаанбаатар” зочид буудал шиг л Ирландын үндэсний хэмжээний том, нэр хүндтэй газар байгаа юм. Олон улсын алдартнууд л ихэвчлэн үйлчлүүлнэ. Би тус зочид буудлын анхны ази тогооч болсон нь гүн сэтгэгдэл төрүүлж билээ.
 
Ярилцсанд баярлалаа.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин