sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойн энэ өдөр /2019.05.09/ нэгэн сонирхолтой түүхийг сөхөе. Дэлхийн II дайны он жилүүдэд фронтын дайчдад нэн хэрэгцээт барааны нэг дүнсэн тамхийг ЗХУ-ын үнэнч түнш байсан монголчууд  эх орныхоо хөрсөнд тарьж нийлүүлж байжээ.
Монгол Улсын усны зөвлөх инженер, ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн профессор, Монголын Усжуулагчдын холбооны УЗ-ийн гишүүн, доктор Ш.Баранчулуун ийнхүү ярьж байна.
 
 
 
Тэрбээр,
 
"Дайны талбарт тулалдаж байсан цэргүүдэд хоол хүнснээс гадна тамхи хамгийн хэрэгцээт зүйлийн нэг байжээ. Тиймээс ч Самарканд дахь Бүх холбоотын тамхины Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс цөөн тооны мэргэжилтэн ирж Жаргалантад тамхи тариалсан байна. Тэд дүнсэн тамхи болон махор тамхи тариалж хээрийн аргаар боловсруулж байжээ.
 
Намар боловсруулсан тамхиныхаа дээжийг маршал Чойбалсанд хүргүүлдэг байсан аж. Нүдээр үзсэн гэрчийн яриагаар, уг тамхийг дөрвөлжлөн шахаад таараар ороож олсоор баглан тээвэрлэхэд бэлддэг байжээ. Нэг боодол нь 10 орчим кг жинтэй байсан аж. Бэлэн болсон тамхийг Жаргалантаас хот руу машинаар тээвэрлэж вагонд ачин илгээдэг байна. Тамхи тариалж фронтод илгээх ажил дайн дуустал үргэлжилжээ. Энэ тухай орос хэлээр, гараар бичсэн нэлээд хэдэн хуудас тайланг олж уншсан юм. Миний бие 1990-ээд оны эхээр тамхи тасарсан үед, найз В.Батсүхийн хамт саваагүйтэн 2 жил тамхи тарьж байв. Дажгүй л тамхи болсон. Ялангуяа Гавана янжуурын хатуу хүрэн тамхины ургамал манайд сайн ургасан нь сонин шүү” хэмээн дурссан юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг