sonin.mn
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын холбооноос  Монголын их, дээд сургуулиудын оюутны байгууллагын тэргүүнүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа.  Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын холбооны тэргүүн Д.Өнөболд  “Энэхүү уулзалт Монголд анх удаа болж байна. Оюутан залуус бидэнд нийтлэг тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Нэн тэргүүнд бид сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн буцаан олголтыг авдаг болохоор оюутны автобусны картаар  сард 22 удаа л зорчих эрхтэй байдаг. Энэ нь хаанаа  ч хүрэлцдэггүйг оюутнууд санал нэгтэйгээр хэлж, шийдвэр гаргах төвшний хүмүүст саналаа хүргүүлж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн хэлэлцүүлэгт автобусны “U money” картын 22 удаагийн даралтыг 44 болгон нэмэх асуудлаар Нийслэлийн боловсролын газар болон “UB SMART” компани сургалтын төлбөрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын буцаан олголтыг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг урьж оролцуулсан юм.
Дотоодын хэргийн их сургуулийн захирал доктор профессор, хошууч генерал Ш.Лхачинжав “Оюутнуудын нэн тэргүүний шийдвэрлэх асуудал бол татварын асуудал гэж бодож байна. Монголын нийт их, дээд сургуульд суралцдаг мянга мянган оюутан залуусын төлөөлөл болсон оюутны холбоо, зөвлөлийн тэргүүнүүд оролцож, оюутан залууст нэн тэргүүнд тулгамдаж буй чухал асуудлуудыг шийдвэрлүүлэх, өөрсдийн дуу хоолойгоо холбогдох төрийн албан тушаалтнуудад хүргэж эрх ашгаа хамгаалах зорилготойгоор тус чуулган зохион байгуулагдаж байна” гэлээ.
Чуулга уулзалтаар оюутнууд хойшдын чиг хандлагаа шинээр тодорхойлох нь цаашдын амжилт бүтээлийн эх ундарга болж, оюутан залуусын хэлэлцэн шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн хүсэлтүүд эцсийн дүндээ оюутнууд сурч боловсрох боломжийг нээхэд чиглэж байгаа гэдгийг онцолсон юм.   Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал “Их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн дүнгээр хөнгөлөлт эдлэх нь хуулинд тусгагдаж өгсөн байдаг. Энэ хууль хэрэгжээд олон жил өнгөрсөн ч зарим их, дээд сургуульд суралцагч оюутан залуус мэдээлэл дутуу улмаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон, 10 хувийн буцаан олголтонд хамрагдаж чаддаггүй. Иймээс энэ хуулийг сурталчлах ажлын хүрээнд оюутнуудаа идэвхжүүлэх тал дээр анхаарч татварын мэдээ, мэдээллийг оюутнуудад өгч,сургууль орчмын үйлчилгээний газруудад баримт олгох тал дээр анхаарч ажиллаж байна. Цаашид оюутнуудын И-баримт  болон бусад татварын тухай хуулийг мэдлэгийг нэмэгдүүлэх талын олон ажлыг хийж хэрэгжүүлж ажиллана” хэмээлээ.
Мөн 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр татварын хууль, тогтоомжийн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, ирээдүйн татвар төлөгч иргэдэд энэ талаарх ойлголтыг түлхүү өгөх үүднээс энэхүү чуулга уулзалтанд төрийн болон хувийн хэвшлийн 86 их дээд сургуулийн төлөөлөл оюутнуудад татварын орчин ямар байдаг, иргэдэд хэрхэн нөлөөлдөг, татварын орлого эргээд хэрхэн зарцуулагддаг талаар тодорхой мэдээллийг өгсөн юм.
Төмөр замын дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн А.Содбаяр “Монгол Улсын хэмжээнд нийт 96 их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр их дээд сургуулийн төлөөллүүдийг нэгтгэж чадсанаараа, мөн мянга мянган оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаараа Дотоод хэргийн их сургууль  анхдагч байж чадлаа. Бид өмнө автобусны зорчих эрхийг нэмэгдүүлье хэмээн дээд шатны гурван байгууллагад өөрийн сургуулийн 2000 гаруй оюутнуудаа төлөөлөн санал хүргүүлсэн боловч нэг ч хариу ирээгүй. Энэхүү арга хэмжээний үеэр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой болж, үр дүнгээ удахгүй өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оюутан залууст тулгамдаж буй асуудал, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг тодорхойлж зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин