sonin.mn
Засгийн газрын тогтоолоор баталсан “Мах, сүүний анхдугаар аян” үргэлжилж, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгууллаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг гурав дахин бага мах нөөцөлсөн ч борлуулалтыг иргэдэд ойртуулах үүднээс энэ ажлыг явуулсан байна.
 
Бид махны өргөтгөсөн худалдаа хийж буй төвлөрсөн цэгүүдийн нэг Баянзүрх дүүрэг дэх Жуковын хөшөөний өмнөх талбайг зорьж, бодит байдлыг газар дээр нь очиж сонирхлоо. Энд нөөцийн мах бэлтгэхээр шалгарсан гурван аж ахуйн нэгжийн нэг “Баатарууд тэнгэр” компанийнхан өөрийн машин дээрээс худалдаа хийж байсан юм. Сошиалаар шуугиад байгаа шиг олноороо үймж буй дүр зураг харагдсангүй. Харин ч зуны налгар өдөр худалдан авагчид эмх журамтай, нэг эгнээнд дугаарлан зогсч, дуртай махаа шилж сонгон авч байлаа. Таягаа барьсан, 60 гаруй насны нэгэн эрхэм зохицуулалт хийж, дугаарын урдуур үнэ ханш асууж сурагласан хэнийг ч ойртуулахгүй журамлаж байсан юм. Тэр хүний алдар нэрийгасуусан ч “Сайн дурын цагдаа байна” гэж наргихаас өөрийг хэлсэнгүй. Нийгмийн хэв журмыг сахиулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдэг нь энэ юм байна гэж бодож, хэсэг харж зогслоо. Энд л лав ямар ч үймээн шуугиан, хэрүүл уруулгүй, тайван амгалан худалдаа үргэлжилж байсан. Энэ үеэр “Баатарууд тэнгэр” компанийн нярав Г.Буянхишигтэй хоромхон зуур ярилцлаа.
 
-Танай компани нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хэдий хэрийн мах нийлүүлж байна вэ?
 
-Манайх энэ хавар худалдаанд гаргах 1500 тонн мах нөөцөлсөн. Өргөтгөсөн худалдаагаар 7-8 газарт мах худалдаалж байна. Манайд махны нөөц хангалттай байгаа. Харин жижиглэн хөрөөдөх ажлыг хийж гүйцэтгэх, савлахын тулд манайхан уртасгасан цагаар ажиллаж байна. 
 
-Өнөөдөр зөвхөн энэ цэгт хэдэн тонн мах борлуулав?
 
-30 орчим тонныг борлууллаа. Манайхац нэг машинд ачиж ирсэн махаа худалдаж дуусаад явсан. Одоо /өчигдөр 14.30 цагийн орчим/ бас нэг нь махаа худалдаад дуусах дөхөж байна.
 
 
-Амралтын өдрүүдийн өргөтгөсөн худалдаанаас бусад үед танай компани бэлтгэсэн махаа хаагуур зарж байна вэ?
 
-Манай компани 30 гаруй дэлгүүр, худалдааны цэгтэй гэрээ байгуулж, махаа нийлүүлж байна. Зорилтот бүлгийнхэнд хүргэх үүднээс голдуу хотын захын худалдааны байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн “Тэнгэр плаза” худалдааны төвд тогтмол борлуулж байгаа юм гэлээ.
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд уг ажлыг гүйцэтгэх тендерт шалгарсан “Баатарууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” компанийнхан оролцож, энэ хавар худалдаанд гаргахаар зэхсэн 4000 тонн махнаасаа худалдаалж, олон нийтэд хүртээмжтэй байлгахын тулд тодорхой тоо тогтоосон байна. 
 
Тухайлбал, “Баатарууд тэнгэр” компанийнхан Жуковын нэрэмжит талбайд нөөцийн мах худалдаалахдаа төрөл бүрээс нь нэг хүнд 2-3 уутыг худалдахаар квот тогтоосон байсан юм. Нэг уутандаа гурваас доошгүй кг-аар савласан гэж тооцоход овоо хэд хоногийн хоолны махаа боломжийн үнээр авчих боломж олгож байна гэсэн үг. Үхэр, хонины шинэ мах 8000-16000 төгрөг болчихсон өнөөгийн нөхцөлд үхрийн ястай махыг 7200, хониныхыг 6000, ямааны махыг 5500 төгрөгөөр худалдаж авна гэдэг чухамдаа “тэнгэрийн юм атгах”-тай л адил явдал юм.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегийн мэдээлснээр өнгөрсөн сард нөөцийн махны 30 хувийг борлуулсан бол энэ сард 50 хувийг нь худалдаалах юм билээ. Үүний дагуу нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан байна. Үүнээс гадна тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохын ярьснаар арилжааны банкууд судалж үзээд мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөл олговол тодорхой хэмжээний мах нөөцөлсөн аж ахуйн нэгжүүд байгаа юм билээ. Тэгэхээр нийслэлийн иргэд хүнсний гол бүтээгдэхүүн болдог махаар тасалдчихгүй шиг зуны дэлгэр цагтай золгох бололтой. Нөөцийн мах бэлтгэсэн дээрх гурван аж ахуйн нэгж долоодугаар сар хүртэл 140 орчим дэлгүүр, худалдааны цэгээр дамжуулан нөөцийн махыг борлуулж байгааг албаны эх сурвалж хэлж байсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулсан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд иргэд ам сайтай байлаа.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин