sonin.mn
Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэвтэй ярилцлаа.
 
-Дэлхийн дулаарал манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ. Байгалийн гамшиг ихэсч, давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна?
 
-Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал хүлэмжийн хийтэй салшгүй холбоотой.1890-ээд оны сүүлчээс буюу хүн төрөлхтөн нүүрс түлж эхэлсэнтэй холбоотойгоор хүлэмжийн хийн  агууламж ихэссэн. Одоо бол дэлхийн бөмбөрцгийн дундаж 15 хэм дулаан байгаа учраас  дэлхий нийтээр дулаахан амьдарч байна. Хэрэв байгалийн хүлэмжийн хийн цикль агаар дахь агууламжийг үгүй болгочих юм бол дэлхий 18 хэм хүйтэрч хүмүүс амьдарч чадахааргүй болно. Тэгэхээр хүлэмжийн хий байгалиасаа ялгарч баланстай байх үедээ хүнд хэрэгтэй. Гэтэл 1800 оноос хойш хүний үйл ажиллагааны оролцоотойгоор буюу цахилгаан станц, автомашины утаа, эдэлбэр газар зэргээр хиймлээр хүлэмжийн хий ялгаруулж эхэлсэн. Энэ нь агаар мандал дахь агууламжийг улам ихэсгэж 400 ppm-ээс давсан. Хамгийн сүүлд Хавай арал дахь станцын мэдээгээр 450 ppm хүрсэн байна. Уг нь 20-оод жилийн өмнө 370 ppm байсантай харьцуулахад агаар дахь хүлэмжийн хий ихэсч байна. Хүлэмжийн хий ихсэхээр газрын гадаргад шингээд буцаж долгион цацруулдаг. Гэтэл энэ урт долгион цацрагийг хүлэмжийн хий гэдэг агууламж ихтэй хийнүүд сансар руу гаргахгүй өөртөө шингээгээд буцаагаад газар руу нь цацруулалт хийхээр газар орчмын агаарын хэм, агаар мандал хална.
 
Байгалийн энэ халалт бол өнөөдрийн энэ цаг агаарын аюултай үзэгдэл нэмэгдэж, 20-30 жил тогтсон горимыг эвдэхэд нөлөөлж байгаа юм. Байгалийн гамшигт үзэгдэл гэнэт болох, давтамж, эрчим, хамрах хүрээ талбай нэмэгдэх зэргээр илэрч байна. Ялангуяа, түүхийн хугацаанд ажиглагдаагүй цаг агаарын гамшигт үзэгдэл ган, зуд өмнө нь үзэгдэж харагдаагүй эрчим, давтамжтай болсон. Гол нөлөөлөл нь дэлхийн дулаарал, хүлэмжийн хий.
 
Дэлхийн дулаарал 1990 оны дунд үеэс мэдэгдэхүйцээр тод илэрч эхэлснээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий нийтийн санааг зовоосон. Тэр үеэс л уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газрын мэргэжилтний олон улсын бүлгийг байгуулсан. Дэлхий нийт ямар нөхцөл байдалд байгаа, цаашид яах ёстойг үндэслэж олон улсын гэрээ конвенци, протоколуудыг баталж байна. Хамгийн сүүлд Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулахад улс орон бүхэн хариуцлага хүлээж 2050 онд гэхэд балансыг нь тэг болгохыг зорьж байна. Ингэж байж дэлхийн дулаарал 2-1.5 хэмээс бага байх ёстой гэсэн үүрэг амлалт аваад ажиллаж байна.
 
-Тухайлбал, манай улсын хувьд хэрхэн нөлөөлж байна вэ? 
 
-Ус цаг уурын байгууллагад 1940 онд анхны ажиглалтын мониторингийн систем бүрдсэн. Энэ тооцооллоор бол  Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.24 хэмээр дулаарсан байна. Гэтэл дэлхийн бөмбөрцгийн гадаргын температур сүүлийн 100 жил 0.87 буюу ойролцоогоор нэг хэмээр дулаарсан. Дэлхийн бөмбөрцгийн гадаргын дундаж температуртай Монголыг харьцуулах нь өрөөсгөл байж мэдэх ч дэлхийн дундаж дулаарлаас илүү дулаан бүс нутаг нь Монгол юм гэж ойлгож болно. Нэг талаас агаарын температур өсч байна. Харин нөгөө талаас хур тунадас 7-10 хувиар буурах хандлагатай. Агаарын температур нэмэгдэж, хур тунадас буурч байгаа нь их хуурайшилтыг бий болгож байна. Хуурайшилт аажмаар нэмэгдэнэ. Жилийн дөрвөн улирал олон жилийн дунджаас дулаан байхаар аажмаар ууршилт ихэсч хуурайшилт нэмэгдэж ган болно гэсэн үг. Мал аж ахуй, газар тариалантай холбож яривал бэлчээрийн ургамал сайн ургахгүй, ган гачиг нэмэгдэж ургацынхаа тал хувийг алдаж байна. Гэтэл өвөл хэдийгээр хүйтний эрч суларч байгаа ч цасны давтамж, эрчим нэмэгдэж цагаан зудын эрсдэл ихэссэн.
 
Дэлхий нийтээр 100 жил шахуу агаарт хүлэмжийн хий ялгаруулчихаад байгаа нь хамгийн багадаа 50 жил, цаашид дулаарлыг улам нэмэгдүүлэх нөхцөл бий болсон. Нэгэнт л эрчимтэй явагдаж буй дулааралд дасан зохицож амьдрахаас өөр аргагүй.
 
Монголд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн ган зуд болж байсан. 1940 оны үед болсон ган байгалийнхаа үйл явцаар болсон байж магадгүй. Гэтэл 2001-2002 оны үед хүчтэй ган зуд боллоо. Хамгийн сүүлд 2009-2010 онд зуд боллоо. Эндээс харахад ган зуд 1940-өөд оноос хойш нэг л давтагдсан бол сүүлийн 20 жилд хоёр давтагдсан. Энэ бол байгалийн горим эвдэгдэж гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж байгааг харуулж байна. Ган зуд буюу уур амьсгалын өөрчлөлтөөс хүн, мал, газар тариалан 100 хувь хамааралтай. Мал үхэж, малчид ядуурч, ургац алдах нөхцөл байдал руу улам хурдтай гүнзгий явж байна. Энэ болгонд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн дасан зохицож амьдрах вэ гэдэг л хамгийн чухал. Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахын тулд хүлэмжийн хийг бууруулах цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчээ хэмнэх, нарны эрчим хүч ашигладаг машин унах хэрэгтэй. Мөн үйлдвэрүүд арга технологио өөрчилснөөр сааруулах үйл явц явагдана. Хөдөө аж ахуй бол ганд тэсвэртэй сорт тариалах, мөсөн голын хайлж байгаа усыг хуримтлуулж усны нөөц менежментээ ашиглах зэргээр дасан зохицож амьдрах ёстой.
 
-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, саармагжуулахын тулд төрийн болоод бодлогын түвшинд хэрхэн анхаарах ёстой вэ?
 
-Дэлхий нийтээрээ дулаарлыг хоёр хэмд барина гэсэн том зорилт тавьсан. Гэтэл дахин нэг хэм дулаарчихаад байгаа учраас ядаж 1.5 хэмд барих ёстой. Энэ хэмжээнд барьж чадахгүй бол илүү их эрсдэлтэй. Тиймээс бид одооноос арга хэмжээ авахгүй бол улам их эрсдэл рүү орно. Энэ хэвээр үргэлжлэх юм бол дэлхийн дулаарал эрчимжиж далайн жижиг арлууд живж, эх газар багасна. Энэ эрсдэл манайд харьцангуй гайгүй ч эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас ган зуд нэмэгдэнэ. Нэг жил маш хуурай, халуун байхад дараагийн жил нь хүйтэрч үерт урсгачих гээд байх эрс тэс байдал улам нэмэгдэнэ. Энэ бүхэнтэй тэмцэхийн тулд Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн чадавхийг дээшлүүлэх, урьдчилан мэдээлэх хугацааг нь уртасгаж, техник тоног төхөөрөмжийг нь сайжруулах хэрэгтэй. Харин малчдын хувьд малын тоонд биш чанарт анхаарч, малын үүлдэр угсаагаа сайжруулах хэрэгтэй.
 
Ашиг сайн өгдөг ч мөнгөн дүн, ашиг хонжоо хайхаас илүү экосистемийн үр ашиг талаас нь аваад үзвэл ямаа шиг хэрэггүй амьтан алга. Ургамлыг үндсээр нь зулгааж идээд байхаар газар нутаг улам л цөлжиж, доройтно. Ургамал нь халалтаас хам­гаалж, хөрсний ууршилтыг багас­гаж, орчноо чийгшүүлж бороо оруу­лахад чухал нэмэртэй.
 
Ургамал дорой­тоод ирэхээр дэлхийн дулаарал улам л эрчимжинэ. Тиймээс байгаль орчин, газар дэлхийгээ ногооруулж, бэл­чээрээ сайн хамгаалах хэрэгтэй. Хятад улс говь цөлийн бүсээ бүрэн ойжуулж байна. Тэр эффект манайд сайнаар нөлөөлж магадгүй.
 
-Дэлхийн дулаарлыг бууруулахын тулд улс орон бүхэн амлалт авсан. Тэр дунд Монгол Улс хэрхэн ажиллах талаар ямар үүрэг амлалт авсан бэ?
 
-Улс орон болгон амлалт авсан. Монгол Улс гэхэд цахилгаан станцуудынхаа ялгаралтыг сааруулах байдлаар хүлэмжийн хийгээ 14 хувь бууруулна гэж баримт бичигт тусгасан. Мөн салбарын яаман дээр нь Үндэсний дасан зохицох төлөвлөгөө боловсруулах зэргээр олон улсаас хөрөнгө босгох ажлуудыг хийж байгаа байх. Ядаж л нүүрс түлүүлэхгүйн тулд ногоон сангийн орон сууцжуулах ажил явагдаж байна. Гэхдээ үр дүнг нь тайлагнах, хэмжих нь чухал. 2050 он гэхэд хүлэмжийн хийг ялгаруулах, шингээх балансаа тэглэх юм бол дэлхийн дулаарлыг зогсоож байна л гэсэн үг юм. Озоны цоорхойг битүүлсэн. Үүнтэй адил дэлхийн дулаарлыг бууруулах оюуны чадавхи дэлхий нийтийн өмнө бий.
Уур амьсгалын өөрчлөлт бүхий л салбарыг хамарч байгаа учраас дэлхий нийт, улс орон, хувь хүн бүр чармайх учиртай. Наад зах нь л иргэд дугуй, гибрид машин унах, цахилгаан эрчим хүчээ хэмнэхийн тулд утасны зайгаа хэмнэхээс эхлээд аль болох эко амьдарч, ухамсраа нэмэгдүүлэх шаардлагатай.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин