sonin.mn
Дэлхийн тамхигүй өдрийг жил бүрийн тавдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Эл өдрийг энэ жил “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриан дор тэмдэглэхээр салбар яам бэлтгэл ажлаа базааж байна. Тиймээс манай улсын иргэдийн тамхины хэрэглээний нөхцөл байдал, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор нөлөө болон тулгамдаж буй асуудал, тамхины хэрэглээг бодлогоор бууруулахын тулд цаашид юунд анхаарч ажиллах талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяатай ярилцлаа.
 
-Монгол Улсад тамхины хэрэглээ ямар төвшинд байгаа талаар яриагаа эхлэе?
 
-Дэлхийн тамхигүй өдрийг энэ жил “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Гэхдээ зөвхөн ганцхан энэ өдөр тухайн асуудалд ач холбогдол өгч, тэмдэглээд өнгөрүүлэх бус салбар яам төдийгүй төр, засаг цаашид үүнд анхаарч ажиллах ёстой. Яагаад гэвэл, Монгол Улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд багтдаг. Тодруулбал, манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг буюу 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Хүйсийн хувьд авч үзвэл, эрчүүдийн 50 орчим, эмэгтэйчүүдийн тав гаруй хувь нь тамхи татаж байна.
 
Сүүлийн үед тамхины хэрэглээ улам бүр залуужиж 13-15 насны хүүхдүүдийн 15 орчим хувь энэ хорыг хэрэглэж байгаа нь үүнд зайлшгүй анхаарах ёстой харуулж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн тамхи татдаг сурагчдын дийлэнх буюу 50 гаруй хувь нь тамхины ямар нэгэн хамааралтайг судалгаагаар тогтоосон байдаг.
 
Иймд энэ жил “Тамхи ба уушгины эрүүл мэнд”-д гол анхаарлаа хандуулна. Өөрөөр хэлбэл, тамхи хамгийн түрүүнд уушгинд сөрөг нөлөө үзүүлж улмаар амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдар үүсгэдэг. Энэ талаарх болон бусад мэдээллийг иргэдэд ойлгуулахаас гадна хэрэглээг багасгах үр нөлөөтэй, олон талын оролцоог хамарсан бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллана.
 
Тамхины татвар бага байгаа нь хэрэглээг нэмэгдүүлж байна
 
-Манай улсын иргэдийн тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ?
 
-Тамхины үнэ хямд, хүртээмж их байгаа нь хамгийн гол шалтгаануудын нэг. Өөрөөр хэлбэл, хэрэглээ өндөр байгаа нь тамхинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Нэг хайрцаг тамхи савтай сүүний үнэтэй адил байна.  Уг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас тамхины онцгой албан татварын жижиглэнгийн үнийг 70 хувь байхаар тогтоосон. Гэтэл манай улсын хувьд энэ төрлийн татварын хэмжээ одоогийн байдлаар 33 хувьтай байна. Энэ нь ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй хэд дахин бага байгаа нь өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээг нэмэгдүүлж байна. Тамхи хямд үнэтэй учраас  орлого багатай ч байсан хамаагүй хэрэглэж байна. Тиймээс юуны түрүүнд тухайн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тамхины тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно” гэж заасан байдаг. Мөн 2015 онд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварыг ам.доллараар авдаг байсныг болиулж  төгрөг болгосон нь ханшийн өсөлт татварт нөлөөлөхгүй болж, улсын төсөвт орох ёстой байсан орлого үйлдвэрлэгчийн ашиг болж үлдсэн. Ам.долларын ханшийн өсөлтийг дагуулж татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
 
-Тамхины онцгой албан татварыг шат дараатай нэмэгдүүлж байгаа нь иргэдийн хэрэглээнд нөлөөлж, хязгаарлаж чадахгүй байна гэсэн үг үү?
 
-Энэ нь инфляцийн түвшнээс шалтгаалан иргэдийн худалдан авалтад төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа. Одоогоор тамхины онцгой албан татварыг өнгөрсөн онд арван хувиар нэмэгдүүлж, 100 ширхэг янжуур тамхинд 3480 төгрөг ногдож байсныг 3830 төгрөг  болгосон. Үүнийг 2017 оны татвартай харьцуулахад 20 ширхэгтэй янжуур тамхинд 70 төгрөгийн л татвар нэмэгдэж байгаа юм.
 
-Тэгвэл тамхины онцгой албан татварыг хэдэн хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
 
-ДЭМБ-ын тогтоосны дагуу 70 хувьд хүргэснээр худалдан авалтад нөлөөлж улмаар тамхидалтыг бууруулна гэж үздэг. Энэ жишгээр үе шаттайгаар нэмэгдүүлж 2022 он гэхэд  70 хувьд хүргэх шаардлагатай байна. Ийм байдлаар тамхины онцгой албан татварыг нэг жилийн хугацаанд үр дүн гарахуйц байдлаар хурдацтай нэмж 70 хувьд хүргэх нь тамхины хэрэглээг бууруулах хамгийн том хөшүүрэг буюу үр дүнтэй арга юм. Хэрэглээг багасгаснаар 60 гаруй хорт хавдар, нас баралтын гол шалтгаан болж буй тархинд цус харвах, зүрхний шигдээсийг бууруулж, олон хүний амь насыг аварна. Улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэх дэм болно. 
 
НҮБ-ын шинжээчид Монгол Улсад ирж ажиллахдаа тамхины татварыг 50 хувиар нэмэгдүүлснээр улсын төсөвт 190.7 тэрбум төгрөгийн орлого орж, 1700-2600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцоолсон байдаг.
 
Үүнээс гадна зажилдаг, уусдаг, усан, электрон гэсэн зарим төрлийн тамхинд онцгой албан татвар ногдуулах эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Үүнийг тодорхой болгох нь зүйтэй.
 
Тамхи татахыг олон улсад сэтгэцийн өвчнөөр бүртгэсэн байдаг
 
-“Тамхи таны эрүүл мэндэд хортой” гэх мэтээр хайрцаг дээр анхааруулсан бичиг байдаг. Ингэж анхааруулахаас гадна хэрэглэгч эрүүл мэндэд хортойг мэддэг ч түүнээс татгалзаж чаддаггүй. Тамхи хүмүүсийн бодож, төсөөлж буйгаас ч илүү хор уршигтайг нотлох тоо баримтаас дурдана уу?
 
-Тамхи бол мансууруулах нөлөөтэй, донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор. Энэ хор хүний бие эрхтэнээс хамгийн түрүүнд уушгийг хордуулж, улмаар өвчлүүлдэг.  Тодруулбал, уушгины архаг бөглөрөлт болон хорт хавдрын гол шалтгаан болдог. Уушгины хавдрын гурван тохиолдлын хоёр нь тамхинаас үүдэлтэй байдаг. ДЭМБ-ын Европын бүс нутгийн дийлэнх оронд уушгины хорт хавдраар 430 мянган хүн нас барж, хагас сая гаруй шинэ тохиолдлыг оношилдог байна. Үүнээс гадна өөрөө татахгүй ч гэсэн дам тамхидалтад өртөх нь уушгины хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Дэлхийн эрдэмтэд зүрх судасны өвчлөлийн гол шалтгааныг тамхи гэж үздэг. Тамхинаас улбаатай зүрх судасны өвчнөөр 2015 онд 2186 хүн нас барсан байна. Үүний дотор зүрхний цочмог хомсдол, харвалт дийлэнх хувийг эзэлж байна.  Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж гурван хүн тутмын нэг энэ шалтгаанаар нас барж байна.  Ийм байдлаар хүний биеийг өвчлүүлж, цаашлаад амь насанд нь заналхийлэхээс гадна агаарын бохирдол үүсгэдэг. Тамхины утаа агаарын бохирдлын маш аюултай хэлбэрийн нэг юм. Утаандаа 7000 гаруй химийн бодис агуулдаг бөгөөд үүнээс 69 нь хорт хавдар үүсгэдэг. Хэдийгээр утаа үл үзэгдэх, үнэргүй боловч тамхины утаатай орчинд таван цаг байхад л уушгины үйл ажиллагаа доголдож, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин үүсэх эрсдэлтэй.
Тамхи татахыг олон улсын өвчний ангилалд F-17 сэтгэцийн өвчнөөр бүртгэсэн байдаг. Судалгаанаас үзэхэд хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэж үзвэл эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах, судалгааны дүнг бодитой авч үзэх шаардлага гарч байна. Өнөөдөр нийгэмд гарч буй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхэд эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлын хэрэглээг бууруулах асуудлыг ч нэн тэргүүнд тавих ёстой.
 
-Сүүлийн үед тамхины хэрэглээ залуужиж байгаа гэдэг. Өсвөр насны хүүхдүүдийн дунд тамхинаас үүдэлтэй өвчлөл ямар төвшинд байна вэ?
 
-Жирэмсэн эх тамхи татах, дам тамхидалтад өртөх нь ургийн уушгины хөгжлийн үйл ажиллагааг удаашруулдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртсөнөөр астма, хатгалгаа, мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй болох эрсдэл өндөр.   Тухайлбал, дэлхий дээр жил бүр 165 мянган хүүхэд тамхинаас үүдэлтэй амьсгалын доод замын үрэвсэлт өвчний улмаас нас барж байна. Багадаа дам тамхидалтад өртөж, ийм өвчнөөр өвдөж байсан хүүхэд том болоод уушгины архаг бөглөрөлттэй болох тохиолдол олон. Өсвөр насандаа  тамхи татаж буй хүүхдүүдийн дунд энэ өвчний эрсдэл өндөр байгаа нь тамхины утаа уушгины хөгжлийн явцыг удаашруулдагтай холбоотой. 2014 онд хийсэн дэлхий дахины залуучуудын тамхины судалгаагаар тамхины хэрэглээний тархалтын байдал 14 гаруй  хувьтай, үүнээс эрэгтэй сурагчдын эзлэх хувь эмэгтэй сурагчдаас  даруй хоёр дахин их байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын талаас илүү хувь нь тамхи татдаг хүмүүстэй хамт амьдардаг, тамхины утаатай олон нийтийн газраар явдаг. Хоёр хүүхэд тутмын нэгийнх нь эцэг эх тамхи татдаг гэсэн үг юм.
 
Кампанит ажлыг тасралтгүй хэрэгжүүлснээр тамхины  хэрэглээ буурдаг
 
-Иргэдийн ялангуяа, өсвөр насныхны тамхины хэрэглээг бууруулах боломж байна уу. Энэ талд ямар гарц гаргалгаа, шийдэл, санал санаачилга байна вэ?
 
-Дэлхий даяар тамхины  улмаас жил бүр эндэж байгаа найман сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тамхины хэрэглээг бууруулах боломж иргэд, төр, засаг, олон нийтийн өөрсдийнх нь хүсэл сонирхол, эрх мэдлийн асуудал. ДЭМБ-аас Тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс орнуудад үр дүнтэй олон арга хэмжээг зохион байгуулдаг. Монгол Улсад тамхины жижиглэнгийн онцгой албан татварыг ДЭМБ-аас зөвлөж буй 70 хувьд хүргэснээр тамхины хэт хангамж буурч, худалдан авах явдал буурах боломж бүрдэнэ. Үүнээс гадна олон ажлыг санаачлан зохион байгуулж, тамхины хэрэглээг тодорхой хэмжээнд бууруулах боломж бий. Олон улсын туршлагаас харахад тамхидалтын эсрэг кампанит ажлыг нэг жилийн турш тасралтгүй хэрэгжүүлэхэд хэрэглээ багагүй хувиар буурах боломж бий. Мөн Исланд улсын сургуулиудад урлаг, спортоор хичээллэх нэмэлт хөтөлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлж, хорт зуршлыг дэмжсэн зар сурталчилгааг хориглож, төрийн бус байгууллага байгуулан ажилласнаар тамхины хэрэглээг 23, архиныхыг 42 хувиар бууруулж чадсан бодит туршлага байна. Энэ мэт туршлагаас судалж бид ч гэсэн үүнд анхаарч эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд ЭМЯ, БСШУСЯ-тай хамтран Эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эргэн оруулж, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлын хэрэглээнээс татгалзах зэрэг сэдвийн талаар дунд ангийн сурагчдад мэдлэг олгож буй. Мөн чийрэгжүүлэлтийн клубуудыг магадлан итгэмжлэхэд оруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Цаашид тамхины хяналтын салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, тамхины хор хөнөөлийн тухай сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, тамхинаас гаргах үйлчилгээг бий болгох арга замыг судлах, хяналтын чиглэлээр ажиллаж буй төр, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхижуулах, электрон тамхинд тавих хяналтыг сайжруулах, эрүүл мэнд, эдийн засагт гарах үр нөлөөг сайжруулах, тооцох, хянах  механизмыг боловсронгуй болгоход анхаарах хэрэгтэй. Архи, тамхины сурталчилгааг хорих, өсвөр үе, залуучуудад зөв үлгэр дууриалал үзүүлэхэд манай соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарынхан тэргүүлж ажиллах нь зүйтэй.
 
-Мэдээж тамхинаас татгалзсанаар богино биш ч гэлээ тодорхой хугацааны дараа эрүүл мэнд төдийгүй эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлт гарах нь тодорхой. Гэхдээ хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй гэдэг дээ?  
 
-Маш олон үр дүн гарна. Тамхийг хаях шийдвэр гаргаснаас хойш 20 минутаас эхлэн өөрчлөлт өгч, хэдэн жилээр үр дүн нь үргэлжилнэ. Тухайлбал, тамхи татахгүй 20 минут болоход зүрхний цохилт хэвийн болдог бол 12 цагийн дараа цусан дахь нүүрстөрөгчийн ислийн хэмжээ хэвийн хэмжээнд очдог. 1-2 долоо хоногийн дараа цусны эргэлт, уушгины үйл ажиллагаа сайжирч улмаар ханиалгах, амьсгаадах  шинж тэмдэг багасна. Харин жилийн дараа зүрх судасны өвчин тусах эрсдэл тамхи татдаг хүмүүстэй харьцуулахад 50 хувиар, таван жилийн дараа тархинд цус харвах эрсдэл буурдаг. Тэгвэл 10 жилийн дараа уушгины хавдраар нас барах эрсдэл 50 хувиар, амны хөндий, хоолой, улаан хоолой, нойр булчирхай, бөөр, давсагны хавдраар өвдөх эрсдэл мөн буурна. Харин 15 жилийн дараа зүрх судасны өвчний асуудалгүй болж тамхи татдаггүй хүнтэй ижил болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тамхинаас шалтгаалсан тархины цус харвалтыг мэс заслаар эмчлэхэд нэг хүнд 40-45 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Хэрэв тамхинаас татгалзаж чадвал санхүүгийн ийм хэмжээний эрсдэлд орохгүй.
Тамхинд хэдэн төгрөг зарцуулдгаа тооцож үзэх хэрэгтэй. Барагцаалж жишээ татая. Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлого сая төгрөг гэж үзвэл жилд 12 сая төгрөг болно. Өрхийн нэг гишүүн дунджаар 5000 төгрөгийн үнэтэй тамхийг долоо хоногт дөрвөн хайрцгийг татдаг гэж бодвол 20 мянга, жилд  960 мянган төгрөг зарцуулна.  Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам иддэг талхны мөнгөнөөс 2-3 дахин их мөнгийг эрүүл мэнд хордуулж буй хорт тамхинд зарцуулж байна. Ийм байдлаар 30 жил тамхи татсан гэж бодвол хоёр өрөө байрны урьдчилгааны мөнгийг тамхинд зарсан гэсэн үг. Гэтэл ийм их хэмжээний мөнгө зарцуулсны эцэст эрүүл мэндээрээ л хохирч үлддэг. Тиймээс тамхинаас татгалзаж, гарах хэрэгтэй.
 
-Цаашид Монгол Улс төдийгүй дэлхий дахинд тамхины хэрэглээний тархалт нэмэгдэх үү, аль эсвэл буурах хандлагатай байна уу?
 
-Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй  хүн тамхи татдаг. Эдгээрийн 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой улс оронд амьдарч байна. Бүс нутаг, улс орон бүр тамхины хор уршигтай тэмцэх ажлыг эрчимжүүлснээр 2018 оны байдлаар дэлхий нийтээр тархалт буурсан үзүүлэлттэй байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төвөөс “Тамхидалтын эсрэг хувьсгал” кампанит ажлыг өнгөрсөн онд өрнүүлсэн. Тухайн үед энэ арга хэмжээний нээлтийг  БНХАУ-ын нийслэл Бээжин хотод  хийж байсан. Үүнд манай улсаас ДЦС-IV ТӨХК-ийн төлөөлөл оролцож ажлын байрны гадаад, дотоод орчныг  100 хувь тамхигүй болгох амлалт өгсөн. Учир нь, 2013 онд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын нэг нь гэртээ, дөрвөн хүн тутмын нэг нь ажлын байрандаа дам тамхидалт буюу утаанд хордож байна гэж хариулсан байна.  Иймд уг кампанит ажлыг орон даяар хэрэгжүүлэн хот, хөдөөгийн төрийн болон төрийн бус 245 байгууллага хамрагдаж тамхигүй ажлын байр бий болгох амлалт өгснөөс одоогоор 11 нь амлалтаа 100 хувь биелүүлээд байна. Энэ мэтээр тамхины уламжлалт хэрэглээг бууруулахын хэрээр үйлдвэрлэгчид электрон, утаагүй, шингэн тамхи гэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боллоо. Эдгээр бүтээгдэхүүний талаар Тамхины хяналтын тухай хуульд одоогооор оруулаагүй тул үүнийг хуулиар зохицуулах боломжгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд энэ онд иргэдийнхээ тамхины хэрэглээ,  хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, энэ хорыг ямар ч хэлбэрээр ашиглахгүй байх,  багасгах зорилт тавин ажиллаж байна. Манай улс ч гэсэн ялгаагүй үүнд анхаарч ажиллах ёстой.
 
Ажилчид жилд 20 өдрийг тамхи татахад зарцуулдаг
 
-Кампанит ажлын үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
 
-Энэ ажлын хүрээнд ирээдүйд үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагыг хамруулж, тамхигүй орчин бүрдүүлэх зорилготой. Тэд өөрсдийн ажлын байр, бизнестээ өөрчлөлт шинэчлэл хийх санаачилга, хөдөлгөөнийг идэвхжүүлж эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэгтэй. Нөгөө талаараа зардлаа бууруулж, бүтээмжээ нэмэгдүүлснээр ажил нь үр ашигтай байна. Харин ажлын байранд тамхи татах нь үүний эсрэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, компанийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж, ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөр тэдний бүтээмж буурдаг. Хэрэв ажлын байранд тамхи татвал цэвэрлэгээ, гал түймрийн даатгал, эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ. Мөн ажил таслалт ихэсдэг. Эрчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 15 хувь нь ажил таслах өндөр эрсдэлтэй. Үүнээс гадна ажилчид өвчлөмтгий болдог. Ресторан, баарны ажилчид жирийн хүнтэй харьцуулахад уушгины хавдраар өвдөх эрсдэл 50 хувиар илүү  байдгийг судлаачид тогтоосон байдаг.
 
-Зарим хүн тамхигүй орчин бий болгох шаардлагагүй. Харин цэг байхад болно гэдэг бол нөгөө хэсэг нь агааржуулагч сайтай байхад л хангалттай гэж үздэг. Энэ хэр зөв шийдэл бол?
 
– Аль нь ч зөв шийдэл биш. Тамхи татах цэгтэй  байснаар ажилчид, үйлчлүүлэгчид дам тамхидалтад өртсөөр  байх болно. Мөн галын аюул, гэмтэл бэртлийн шалтгаан болдог. Эдгээр аюулаас зайлсхийх арга бол тамхигүй орчин бүрдүүлэх явдал юм. АНУ-ын агааржуулагч, дулаалга, хөргөлтийн мэргэжилтнүүд тамхи болон дам дамхидалтад өртөх эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй, цорын  ганц арга бол тамхийг хорих явдал гэж үздэг. Энэ кампанит ажил тамхи татдаг хүмүүсийг шийтгэж буй хэрэг биш. Харин тэднийг тамхиа бүрэн хаяхад туслах, дэмжих зорилготой юм. Зарим улс орон тамхигүй ажлын байрыг бий болгох талаар Үндэснийхээ хуульд тусгасан байдаг. Британи, Хойд Ирландын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тамхи татдаг ажилчид өдөрт 40 минут, нэг жилд 20 өдрийг ажилд биш тамхи татахад зарцуулдгийг тогтоосон.
 
-Дэлхийн бусад улс орон тамхигүй ажлын байрыг бий болгож тодорхой үр дүнд хүрч байсан туршлага, жишээ байдаг уу?
 
-Тамхигүй орчин бүрдүүлэх маш хэцүү, өндөр өртөг шаардсан ажил биш. Зөвхөн зөв манлайлал, үлгэр дууриалал шаардлагатай. 2014 оны дөрөвдүгээр сард Еморийн олон улсын эрүүл мэндийн хүрээлэн Хятадын Тамхины хяналтын хамтын ажиллагаа, АНУ-ын Хавдар судлалын хүрээлэн, Хятадын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв болон Эрүүл мэндийн хөгжил судлалын төв хамтран “Тамхигүй хот-Тамхигүй бизнес” санаачилгыг эхлүүлсэн байдаг. Энэ хүрээнд тамхи татдаггүй ажилчдыг хорт утаанаас хамгаалах, татдаг хүмүүсийг тамхинаас гаргах зорилготой байсан юм. Энэ санаачилгад зургаан хотын 250 гаруй бизнессийн байгууллага нэгдэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Мөн Хятадын Baidu Inc олон үндэстний технологийн компани тамхигүй бодлогыг гарган дэмжиж 2011 оноос Хятад болон дэлхийн бусад оронд байрлах 17 салбар, лаборатори, судалгааны төвийг  100 хувь тамхигүй орчин болгосон жишээ бий.
 
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
 
-Өдөр бүрийг тамхигүй өдөр болгохыг уриалж байна. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе. Та, таны хүүхэд, хайртай хүмүүс тань тамхиар биш агаараар амьсгалах ёстой. Энэ бол тэдний эрх, бас таны үүрэг. Би багаасаа л тамхи татсан, 10, 20 жил татаж байна. Одоо нэгэнт өнгөрсөн гэж ярих, ийм хандлага, үзэл бодолтой байх нь хамгийн буруу. Эрүүл мэнд, эдийн засагт хэчнээн их хохирол учруулж байгаа билээ. Тиймээс амьдралд бас өөртөө, гэр бүлдээ хайртай л бол тамхинаас одоо л татгалзах хэрэгтэй. Би тамхи татдаггүй гэж хувиа хичээхгүйгээр нэг нэгэндээ дэм өгч, шаардлага тавьж тамхинаас гарахад нь туслах хэрэгтэй.  Бүх зүйлд төр, засгаас ямар нэгэн зохицуулалт хийж, хориг хязгаар тавихыг хүлээх бус байгууллага дотроо тамхинаас гарах болзол тавих, найз нөхөд, хамт олноороо хоорондоо мөрийцөх зэргээр хорт зуршлаасаа салах нь зүйтэй. Өвдсөн хойноо ухаарах бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг л ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Мөн хамгийн чухал нь тамхи хүний эрүүл мэндэд ямар хортой, эдийн засагт хэчнээн халгаатайг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн хичээлээр нь зааж, ойлгуулах ёстой. Ер нь аливаа зүйлийн утга учрыг бага наснаас нь таниулах нь хамгийн чухал байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, эмч, мэргэжилтнүүд тамхи хоол биш хор гэдгийг нийгэмд ойлгуулахад бусдыг манлайлан уриалах ёстой.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин