sonin.mn
БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн батальонд мотобуудлагын эмэгтэй тасгийг анх удаа явуулсан. Үүнээс өмнө эмэгтэй цэргийн алба хаагчид нь үйлчилгээний болон ар тал, холбооны чиглэлээр цэргийн багт үүрэг гүйцэтгэдэг байсан. Ярилцлагын баатар маань энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй тасгийн захирагч юм.
Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн  бэлтгэл заставын орлогч,  ахлах дэслэгч О.Нинжбадгар
 
Эмэгтэй хүүхдүүд голчлон цэргийн гэхээсээ илүүтэй өөр мэргэжил сонгодог. Яагаад цэрэг амьдралтай хувь заяагаа холбосон бэ?
 
-Би Дорнод аймагт төрж 2005 онд аймгийн 5 дугаар сургуулийг төгссөн. 2013 онд БХИС-ийн Цэргийн командын сургуулийг цэргийн сэтгэл зүйч мэргэжлээр төгсөөд Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 0159 дүгээр салбараас ажлынхаа гарааг эхэлсэн. Миний өвөө дайнд оролцож явсан ахмад дайчин, аав минь гурван жилийн цэргийн алба хаасан. 
 
Ажиллагааны өмнөх бэлтгэл, сургууль эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүнээс нэлээдгүй тэсвэр тэвчээр шаарддаг. Мөн та нарыг анх мотобуудлагын тасагт хуваарилахад юу бодогдов, бусад хүмүүс яаж хүлээж авсан бэ?
 
-Ажиллагааны өмнөх бэлтгэл мэдээж хүн бүрийн сэтгэл зүй, бие бялдар, зориг тэвчээрийн хязгаарыг сорьдог гэдгийг цэргийн мөрдэс зүүсэн бүхэн мэднэ. Манай тасгийн хувьд анх бэлтгэлд гарахдаа гал тогоонд бэлтгэгч, зарим нь “нөөц” хэмээх нэрэн дор байсан. Гэхдээ бид бэлтгэл бүрт өөрсдийн зорилгыг улам илүү мэдэрч “Би чадна, заавал ард нь гарна” хэмээн зүтгэж 30 км, 10 км-ийн марш, өглөө, өдрийн гүйлт, жагсаалын бэлтгэл, дадлага зэргийн ард гардаг байлаа. Мэдээж хүн бүр өөр өөрийн онцлог зан араншинтай бие хүмүүс. Биднийг яаж нэг хамт олон, нэг тасаг болж үүрэг гүйцэтгэх нь хүн бүрийн анхаарлын төвд байсан нь хүмүүсийн үйл хөдлөл, үг хэлнээс тодорхой мэдрэгдэж байсан.
 
Ажиллагааны газар орныг зорих үед ойр дотнынхон чинь юу гэж захиж байв ?
 
-Бид 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эх орон, хайртай гэр бүл, үр хүүхдээ үлдээгээд цэрэг хүний бахархал болсон энхийг сахиулах эрхэм үйлсэд нэгдэхээр Өмнөд Судан улсыг зорьсон. Тэр үед хүү маань биеэ сайн бодоорой, хүний урдуур ороод хамаг юмыг нь хийгээд байв гэсэн. Бодвол эмээ, өвөөгөө тэгж хэлж байсныг сонссон биз. Тэгсэн ажиллагааны газар орон гэдэг миний төсөөлснөөс тэс өөр орчин угтсан.
 
Яг ямар орчин угтав?
 
-Онгоцноос буухад чанх дээрээс шарсан халуун нар, машин техник байтугай явган хүмүүс нь өөрөө суухаар шавар шавхайтай орчин угтсан. Тэр үед хүн бүхэнд цаг агаарын ийм нөхцөлд бүтэн нэг жилийн хугацаатай харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэнэ гэдэг хүндрэлтэй санагдаж байсан нь тодорхой. Гэвч хийх ёстой ажил, хүлээх ёстой үүрэг болохоор бид юунд ч шантрах эрхгүй гэдгээ ухамсарлан сэтгэлдээ ташуур өгсөн юм.
 
Өмнө нь эмэгтэй мотобуудлагын тасаг үүрэг гүйцэтгэж байсангүй. Тиймээс та бүхэнд туршлага байгаагүй байх?
 
-Ирээд үндсэн үүрэг болох харуул, хоногийн манаандаа гарч эхэлсэн. Тухайн үед “Ямар байна, хэр байна вэ” гэсэн асуултыг хамтдаа үүрэг гүйцэтгэж ирсэн залуучуудаасаа их сонсож байлаа. Бидэнд санаа тавьж байгаагийн илрэл дээ. Бидэнд хэцүү, мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан. Үүнийгээ ч нуухгүй. Гэхдээ сайн дарга нарынхаа ачаар мэдэхгүй зүйлээ мэдэж, чадахгүй зүйлээ чаддаг болсон. Тиймдээ ч бид ирсэн өдрөөсөө эхлэн харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэхийн хажуугаар бэлэн байдлын зэрэгт шилжих үед дээрээс ирсэн тушаалын дагуу ямар ч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байж, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж байлаа. Мөн батальоноос зохиож буй урлаг, соёлын арга хэмжээ, тэмцээн уралдаан гээд бүхий л үйл ажиллагаанд идэвх, зүтгэл гаргаж, амжилттай сайн оролцсоор ирснийг хэлэх нь зөв биз. 
 
Хүндрэлтэй асуудлууд тулгарч байв уу?
 
-Бид эмэгтэй учраас хааяа гэр бүл, үр хүүхдээ санах, ядрах, шантрах үе байсан. Тэр үеүдийг бид нэг хамт олон гэдэг ухамсраар хамтдаа даван туулж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж чадсаныг гэрчлэх хүн олон. 
 
Үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ, нөгөө биеэ сайн бодоорой хэмээх захисан залуу юу хэлж угтав? 
 
-Шууд л урдаас дахиж ажиллагаанд явахгүй шүү. Гурвуулаа одоо дандаа хамт байна гэсэн. Гэвч одоо бас нөгөө хоёроо үлдээгээд маршийн бэлтгэлд гараад л явж байна.
 
Хоёулаа цэргийн тэр тусмаа Хилийн цэрэгт үүрэг гүйцэтгэхийн жаргал, зовлонг хэлээч?
 
-Хариуцлага шаардахгүй ажил, албан тушаал гэж байдаггүй. Гэхдээ хилийн алба нь онцгой хариуцлагыг биднээс шаарддаг онцлогтой. Түүнийгээ дагаад бас их омогшил, бахархлыг дагуулдаг. Монгол Улсын сүлдэт баганын дэргэд зогсоход ямар ч хүнд энэ мэдрэмж төрнө. Тэр тусмаа торгон хилээ манадаг хүнд бол бүр ямар байх нь ойлгомжтой биз. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй тасаг болж, хурандаа Д.Энхбаатар захирагчтай мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэснээ өөрийн ажиллаж, амьдрах хугацааны маш том бахархал гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа өнгөрүүлсэн нэг жилийн хугацааг насан туршдаа хамгийн сайхнаар дурсаж явах болно. Цуг үүрэг гүйцэтгэсэн бүх цэргийн алба хаагч та бүхнийг Монгол цэргийн босоо цагаан хийморь үүрд мөнх ивээж, алба амьдралын алтан шар зам дахин нийлэхийн ерөөлийг дэвшүүлье.
 
 
Ахлах дэслэгч Э.ОЧХҮҮ
Эх сурвалж: "Соёмбо" сонин