sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуульд элсэгчдийн “ЭЕШ-2019” орон даяар Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар өнөөдөр эхэллээ. 
Энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлснээс 80.2 хувь нь энэ оны төгсөгч, 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Энэ удаа ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан шууд зассанаараа онцлогтой. Шалгалтын хугацаа дуусахад тусгайлан бэлтгэсэн шууд засах байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлж буй юм.
Нийслэлийн 23 дугаар сургуульд ЭЕШ-ын Монгол Улсын түүхийн шалгалтын материалыг энэхүү дэвшилтэт технологи ашиглан зассан юм. Тус шалгалтыг өнгөрсөн жилийн 169 шалгуулагч өгснөөс шалгуулагчийн нүдэн дээр шалгагч машин оноо, дүнг шууд дүгнэж, нэгэн зэрэг мэдээлж байлаа.
 
Олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн энэхүү технологийг нэвтрүүлснээр жил бүр ЭЕШ-тай гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Энэ үеэр ЭЕШ-ын дараа Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс дараах асуултад хариулт авав.
 
-Шууд засах төхөөрөмж нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хэдий хугацаанд хийв?
 
-Энэхүү технологийг өмнөх жил Дархан, Ховд аймагт туршиж, амжилттай болсон тул энэ жил улс орон даяар хэрэгжүүлж байна. Түүнээс хойш 9 дүгээр сараас сургалт зохион байгуулсан. Нийт 32 шалгалтын төвд 64 багш, 2 машин бэлтгэсэн. Шалгуулагчид 100 онооноос хэдэн оноо авсныг сэтгүүлч та бүхэн сая харлаа.
 
-Өмнө нь шалгалтын дүн оноог 14 хоногийн дотор мэдээлдэг, шалгалтын материал засах ажил ил бус байснаас дүн оноондоо эргэлзэх, хардлага сэрдлэг гардаг байсан. Тэгвэл энэ төхөөрөмж хэр баталгаатай вэ?
 
- Эдгээр машинд хяналтын бичлэг хийгдэж байгаа. Шалгалтын материалыг шууд битүүмжиллээ. Шалгуулагч хэдэн оноо авсан нь хэвлэгдээд гарч ирж байгаа. Тиймээс хөндлөнгийн нөлөөлөл байхгүй. Мөн энэ төхөөрөмж интернэтэд холбогдоогүй. Хэрвээ интернэтэд холбогдсон ч юмуу гадны холболттой бол хардлага сэрдлэг байж болох юм. Гэвч хичээл бүрээр нь тохируулаад бэлдсэн. Тиймээс ямар нэгэн хардлага байхгүй.
 
-Бусад орны боловсролын салбарт энэ технологийг хэрэглэдэг үү?
 
-Манай орны хувьд хүн ам цөөн. Энэ жил 18 мянган хүүхэд ЭЕШ өгч байна. Саяхан БНХАУ-ын ЭЕШ зохион байгуулахад 10 сая шалгуулагч шалгалтад орсон юм билээ. Тэдний хувьд төхөөрөмжөөс эхлээд боломжгүй байж магадгүй. Бидний хувьд хүн цөөн учраас технологийн нэвтрүүлэлт хурдтай байж чадаж байна.
 
-Шалгалтын материалыг өнөөдөр шалгагч машинаар заслаа. Шалгалтын дараа материалтай нь шалгалтын комисс танилцах уу?
 
-Өмнөх жилүүдэд шалгагч машинаар уншуулахад шалгуулагч өргөдөл гаргаж байсан. Гэхдээ шалгагч машин уншсан оноо зөрөх тохиолдол 14 жилийн хугацаанд гарч байгаагүй. Энэ жил шууд засахтай холбоотой шалгуулагчид шалгалтын сэдвийг өгч гаргахгүй байгаа. Шалгуулагч өргөдөл өгөх эрх нь нээлттэй. Гэхдээ зөрдөггүй учраас ямар нэгэн алдаа гарч байгаагүй.
 
-Шалгуулагч ийнхүү анхны оноогоо шууд мэдэж авлаа. Тэгвэл хэмжээст оноогоо хэзээ мэдэх боломжтой вэ?
 
-Хэмжээст оноо руу 24 цагийн дотор шилжүүлдэг. Улсын хэмжээнд 32 шалгалтын төвөөс дүн мэдээллийг нэгтгээд 24 цагийн дараа Боловсролын үнэлгээний төвийн www. eec.mn сайтад нийтэлнэ. Шалгуулагч энэхүү цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг энэ сарын 21-ний 9.00 цагаас өмнө www. eec.mn цахим хаягаар “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулна.
 
 
Дундговь аймгаас ирж Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалт өгч буй З.Мийгар, “ЭЕШ өгөөд сургуульд бүртгүүлэхийн тулд 14 хоногийн дараа дүнгээ мэдэх гэж цаг алддаг байсан. Тэгдэл одоо шалгуулагчид дүнгээ шууд мэдсэн нь амар юм байна” гэв.
Улаанбаатар хотын шалгуулагч О.Отгон-Өлзий, “Өмнө нь шалгалтын материалыг яаж засч байгаа нь мэдэгддэггүй байсан. Харин одоо нүдэн дээр шууд засч байгаа нь ил тод бодитой болжээ. Би 2 жилийн дараа дахин өгч байгаа учраас шалгалтын материал  боломжийн байлаа” хэмээв.
Энэ жилийн хувьд ЭЕШ-д шууд засах шилэн технологи нэвтрүүлснээр багш нарын ачаалал эрс багасахаас гадна хөдөө орон нутгаас шалгалт өгч байгаа хүмүүст санхүүгийн зардал гарахгүй, шалгуулагч дүн оноогоо шууд мэдсэнээр их, дээд сургууль, мэргэжил сонголт хийхэд хүлээлт үүсэхгүй болсныг багш нар онцолж байв.
 
 
 
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг