sonin.mn
Аян замын тэмдэглэл.
 
Эхний хэсэг
 
Арлын энэ улсад очиж үзэх аль эртний хүсэлээ сая нэг гүйцээж хэд хоног аялаад ирлээ. 
Куба гэхээр Америкийн имериализмыг хамгийн ойроос сөрөн тулж зогссон алс холын ах дүү анд нөхөд, агуу их Фидел Кастроор удирдуулсан баатарлаг ард түмэн, за тэгээд навчин тамхи зуусан цэл залуухан хувьсгалч Че Гевара, халуун наран доор хатуу кофе чихрийн нишингэ хурааж яваа хөрслөг хар бор тариачид, дэлхийд алдартай өчнөөн олон боксчдыг төрүүлсэн өлгий нутаг гээд үнэн байдал үзэл суртал холилдсон төсөөлөлтэй явсан үе маань саяхан.
Даяаршил дэлхийг бүрхэж технологийн боломж хүний хүсэл сонирхолд хөл алдан гүйх мэт үйлчлэн гүйцээж буй өнөө цагт энд тэндгүй аялж эрэн хэсэгч бүхэн очсон үзсэн орноосоо ориг амьд (live) ил далд сурвалжлага, дуу дүрстэй элдэв мэдээлэл шууд шуурхай илгээж байршуулдаг бол энэ газар ийм боломж арай л өөр байлаа.
 
 
Аяны богцоо зэхэж бэлдэхүйн хамт
 
Явсан зорилгоо дэлгэж хийсэн ойр зуурын бэлтгэлээ тоочин хэсэг оршил хэлэхээс болохгүй нь. Кубад жил бүр зуны эхэн сардаа зохиогддог Кордова Кардины нэрэмжит боксын олон улсын тэмцээн 6 сарын 3−9 хооронд явагдах хуваарь дэлхийн боксын холбооны (АЙБА) албан ёсны сайт дээр гарчээ. Очиж үзэхээр төлөвлөн ажил төрлөө зохицуулж эхэллээ.
Арай гэж битүүрч байсан амралтын хэдэн хоногоосоо эмтлэн Хавана хүртэл замдаа хоёр хотоор дайрч даялах ч гайгүй хямд үнэтэй билет захиалаад авчихлаа. Интернэтэд нислэг зардаг ихэнх сайтууд дээр АНУ−аас Куба руу шинэ шугам нээгдээд овоо хэдэн сонголттой болчихож. Өмнө нь ганц компани дангаараа өрсөлдөөнгүй өндөр үнээ тулгадаг байв.
За тэгээд тэр тэмцээнийг очиж сурвалжлах эрх авахаар Кубын талын зохион байгуулагчидтай харилцахаас асуудал эхэллээ дээ. Тэмцээний талаарх мэдээлэл тодруулах санаатай АНУ дахь Кубын ЭСЯ-ны утас руу залгаж үзлээ, захиа бичлээ тоох янз алга. Сурвалжлах хүсэлтээ бичгээр гаргаж Кубын боксын холбоо, спортын яам руу хандлаа бас л таг чимээгүй. 
Ядаж хариуцсан хүмүүстэй холбож өгч туслаач гээд хамгийн том хэвлэл Гранма сонины спортын редакци, Пренсе Латина агентлаг мөн түүний Америк дахь төлөөлөгчийн газар, ганц хоёр хувь хүн рүү хүртэл англи испани хэл дээр алдаа мадаггүй имэйл бичээд хүлээлээ гайхалтай нь ганц ч хариу ирсэнгүй. Мэдээж хаалттай хяналттай асуудал байдаг л биз, гэхдээ арай л бишээ.
 
Сурвалжлах эрх авах ч яахав ингээд дүүрч очсон байхад орж гарах учир олдож таараа. Ядахдаа тэмцээн ямар хотод хаана явагдахыг мэдчихвэл дэргэд нь буудлын өрөө захиалж нааш цааш холхилгүй унааны зардал хэмнэх зэрэг өмнө зохицуулах зүйл бас байх. Жуулчдын Кубад аялаад арынхандаа захиж үлдээсэн заавар зөвлөмж дунд гаднынханд гол унаа болдог такси нь галзуу үнэтэйг гайхаад толгой сэгсэрч буй бичлэг юутүб дээрээс олоод харчихсаныг ч хэлэх үү.
 
Уг нь ийм том тэмцээнд зориулж бүх мэдээлэл бүрэн багтаасан тусгай вебсайт гаргаад зар сурталчилгаатай хамт интернэтэд залхтал байршуулдагсан. Кубын хэдэн сайтуудыг онгичин ухаад тоймтой юм олоогүй тул дипломат шугамаар асуулгаж дээгүүр дэвэх хэрэг гарав. Манайд бол гар утсан дээрээсээ сошиалд ганц гөвөхөд л захын хүүхэд тэр дор нь биш юм гэхэд маргааш олоод өгчих хэмжээний мэдээлэл юмсан. Интернэт сүлжээ холбоо харилцааны боломж хүртээмж, хурд хэрэглээний тухайд Кубад яг ямархуу байгааг арай хойно өгүүлэх тул оршил руугаа эргээд ороё.
Гавана хот дахь Монголынхоо ЭСЯ руу залгаж амбан сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Амарсайхантай холбогдоод учир байдлаа дуулгав. Арваад хоног хүлээж ахиад нэг лавласаны дараа албан шугамаар олж авсан мэдээлэл элчингээс маань имэйлээр ирж байна. Тэмцээн энэ жил зохиогдохгүй болж цуцлагдсан гэнэ. Ирэх 8 сард Перуд болох ПанАмерикийн тоглолтонд Кубын шигшээ оролцох учраас гэсэн сонин тайлбар хавчуулаад хариу өгчээ.
Нэгэнт авчихсан хямд билетийг буцаах боломжгүйн дээр тэмцээн үзэхгүй ч тэнд очих сонирхол хэвээр өөр төлөвлөгөө ч бас байсан. Үнэ ханш үйлчилгээ шуурхай боломжийн найдвартайгаараа өнөө цагийн жуулчдын гол хөтөч болоод байгаа Айрбнб (airbnb.com) хэмээх сайтаас Хавана хотын төвд хоёр хонох тохьтой байр, нисэхээс тосуулж хүргүүлэх таксины хамт захиалахад зуугаад ногооноо зарав. Очоод үзэхээр арай хямд оромж олдох биз таньж мэдэхгүй газар найдвартай нь дээр гэсэн тооцоо аль аль нь алдаагүй оносон. За тэгээд тоочоод байвал барагдах юм биш аялал руугаа оръё.
 
 
Делтаг хөлөглөн Флорида мужийн Майамид
 
Саяханыг хүртэл бидэнд - Мянга сонсохоор нэг удаа үз... гэж сургадаг байв шүү. Хүний ярьж бурахыг хоосон чагнаж сууснаас болж өгвөл өөрөө очиж нүдээр үзэж сайтар хараад гартаа имэрч шудраад шүдээрээ хазаж байж үнэмшээрэй гэсэн нүүдэлчдийн хашир ухаан байх. Одоо харин эсрэгээрээ мянга үзээд ч барагдахгүй далай шиг их мэдээлэл дуу дүрстэйгээ урдуур хойгуур урсаж энийг ав, тэрийг ч үз гээд эд бараа гарын дор ярайж байдаг цаг болчихжээ. Уншихын зэрэгцээ харж харьцуулж гүйлгээд хамтад нь "шудархад" илүү сонирхолтой байж мэднэ гэж бодоод зам зуурт голдуу гар утсаараа (iPhone 7) дарсан хэдэн фото, бичсэн богино хэмжээний видео давхар оруулав. Зарим нь өнгө чанар нягтрал муутай ч гэлээ үнэн төрх байр байдлыг харуулах баримт юм даа.
 
Жич: Видеог үзэхийн тулд доогуураа зураастай холбоос үгэн дээр дараарай.
 
Делта компанийн нислэгийн тав тухыг ээ. Зорчигч бүрийн өмнөх дэлгэцэнд үзэх кино, сонсох дуу хөгжим, тоглох тоглоом, яг хаана, хичнээн өндөрт ямар хурдтай нисэж яваагаа харах шалгах гээд тоочоод барахгүй бөөн сонголт. Урдах суудалтайгаа шатар нүүсээр уйдах юмгүй очих газраа хүрсэн. Делта дотоод сүлжээгээрээ нислэгийн турш интернэтийн WiFi холболт үнэ төлбөргүй өгч байх юм. Үүлэн дундуур сүнгэнүүлж явахдаа ч гар утаснаасаа текст мессежээр харилцаж, онлайн захиалга хийж, имэйл бичиж шалгаад л. Өөр илүүг хүсвэл бас болно шүү, та төлбөрийн картаа шургуулаад л гүйцээ гэх, амар болж дээ.
Олимпийн их наадам зохиосон газрын донж шинжээ хадгалсан Атлантагийн нүсэр том айрпорт дамжаад Флорида муж улсын өмнөд хязгаар Майамид буулаа, хаашаа л харнав зуны эхэн сарын бөгчим халуун уур амьсгалд тааруу татуу хөнгөн нингэн хувцастай аянчин жуулчид нааш цаашаа зөрөлдөнө. Буусан газраасаа дуудчихдаг Убер такси авлаа. Жолооч нь суунгуут Ола...! гээд шууд испаниар мэндэлж байна. Хаа ч орсон хар цагаан ялгаагүй эхлээд испаниар дуржигнуулж гарна даа. Америкт мөртлөө энд анли хэл ардаа явдаг гэж үнэн юм билээ.
 
Их хотын эрэг дагуух сунагар өндөр зочид буудлуудад захиалга дуудлага тасардаггүй гэнэ. Карибын тэнгисийн хөвөөг эмжин ярайтал зассан тав тухтай наранд шарлагын эдгээр газруудыг өвөл зунгүй умард өрнө дорноос ядаргаа цуцаагаа тайлахаар ирэгсэд царцааны нүүдэл мэт хучиж шаваардаг аргагүй л амралт зугаа цэнгээний маш том төв юм байна.
 
 
Трампын Засгийн газар Куба руу аялагчдын гол унаа аварга том хөвөгч зочид буудал буюу круйз онгоц явах эрхийг саяхан бүрмөсөн цуцалсан тул энэ төрлийн бизнес их алдагдалд орж Карибын тэнгис дэх бусад орны амралтын том жижиг шүрэн арлууд америк жуулчдаар дүүрч байгаа бололтой юм.
Майами хотын Little Havana дүүрэгт очвол Куба явахын өмнөх "бие халаалт" болмоор хэрдээ зугаалчихдаг газар юм билээ. Тэнд арлын орны хоол идэж ундааг нь амтлангаа куба хөгжмийн аянд салса бүжиглэсэн ч болно. Бас эх нутгаасаа элдэв замаар зугтааж ус далай гатлан завьтай сэлүүрдсээр хил давж ирсэн цагаач иргэд олон. Танилцаад яриа хөөрөө өрнүүлэе гэвэл эрж сураад байх юмгүй бараг захын хүнтэй мэнд мэдэхэд л гүйцээ гэнэ. Бүтэц тохижилт гэвээс Америкийн байдаг нэг субурб дүүрэг. Ирсэн оройгоо сонирхож гудмаар нь хэсэг алхаад үзсэн, харьцангуй хямд үнэтэй бензин түгээх газар нүдэнд эхлээд туслаа.
 
 
Сайн байна уу Куба орон? 
 
 
Зуны үдшийн зузаан улаан нар далайн хаяа даваад жаргаж бөхийх цагаар Флоридын сунагар хошууг орхин Кубыг зориод хөөрвөө. Агаарт гараад бараг ганц цаг өнгөрөөгүй дээ, - Бүсээ чангалаарай удахгүй газардлаа л болоотхов. Хүрэх газар гайгүй ойрын дээр онгоц гэгч ойгүй хуртай эд шүү. Гавана хотын Хосе Мартийн нэрэмжит ОУ-ын нисэх буудал.
 
 
Монголчууд Кубад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Паспорт эргүүлж тойруулаад үзэж тулгаж байснаа элдэв юм ч асуусангүй тамгаа дараад шууд нэвтрүүлсэн. Ингээд аялал маань эхлэж байна. 
Ачаа бараагаа авахаар зогсож байтал арын өвгөн та нар хаанах вэ? гээд цэвэрхэн англиар асууж байна. Монголчууд байна гэтэл оросоор ярьдаг биз дээ гээд улам яриа өдөв. Залуудаа орост сурч байсан одоо Майамид амьдардаг Нелсон Белл гэгч Куба хүн байна. Нэгдсэн улсын иргэн болсон тул хуучин нутаг усандаа сардаа хоёр ч удаа ирж очоод байдаг гээд бидэнд баахан зөвлөгөө өгөв. 
Шөнө оройн цаг тул нисэх буудлын дотор гадна олон зураг дарж амжсангүй. Үүдэнд биднийг тоссон нэг залуу нэр бариад хүлээж байсныг олж аваад унаандаа суулаа.
Буудлын дотор 00 хараад нэг зураг дарчихсан. Гаднаасаа бол дажгүй юм. Ариун цэврийн цаас байдаггүй гэж жуулчид толгой дараалан шогширч бичээд байсан тул сонирхоод орж үзсэн үнэхээр алга. Харин буцах үед хүлээлгийн танхимын 00-ын гадаа нэг хөгшин зогсоод хэрэглэх хэмжээгээр нь урж өгөөд оруулж байгаа харагдсан. Ирсэн улс орныхоо бодит байдал ахуй амьдралын эрээн бараанаас буулгаад эхэлчихлээ. Цаашаа ч үзэж харах юм их бий дээ.
 
 
Тосож авсан шар таксины жолооч залуу эхнэрээ урдаа суулгачихсан хоорондоо ярилцаад л, эндээ бол хэвийн үзэгдэл бололтой, 90-ээд оны эхээр манайхан ингээд халтууранд хамт явдаг байсан төстэй дүр зураг. Нисэх буудлаас гараад хотын зах руу ортол зам зууртаа гэрэлтүүлэг багатай харанхуй замын хөдөлгөөн зэлүүд хоосон талдаа ажээ. Манайхаар бол яармаг өнгөрөх багцааны газар яваад гэрэл чийдэн байшин барилга гарч ирж байна.
 
Ла Каса Сан Хозе.
 
 
Хүлээн авсан буудлын эзэн дунд эргэм насны Куба эр ярианы сайн англи хэлтэй юм. Гурван давхар нийтийн байрны нэг орцыг тэр чигээр нь хувийн буудал буюу тэндхийн нэршилээр Каса гэгч болгоод жуулчдад түрээслэн эзэмшдэг юм байна. Өөрөө доор ганц том өрөөнд гэр бүлээрээ сууж дээд давхарын хэдэн өрөөгөө дундаа нэг гал зуух, амралтын коридортой сүрхий сайн тохижуулж.
 
Гаднын жуулчин байнга хүлээн авч үдэж үйлчлэн мордуулаад сурчихсан бас болоогүй гадуур нэг хоолны газар ажилуулдаг давхар бизнестэй эндээ бол элит чинээлэг нэгэн аж. Ирсэн жуулчдад илэн далангүй бүрэн зааварчилагаа өгч асуулт болгонд дуртайяа хариулж дуусаад идээний дээж Мохито гэдэг энэ ундаагаар дайлав.
 
Кубын мөнгөн тэмдэгт
 
 
Энэ хоёр дэвсгэрт хоёулаа Кубын 3 песо. Дээд талынх нь хатуу валюттай тэнцэх CUC буюу хөрвөх песо. Доллартай харьцах албан ханш нь $1 = 1 CUC. Хөрвүүлэх үед улс 10% шимтгэл авдаг тул 100 ам доллар солиулахад засаг шимтгэл суутгалаа нэмж аваад тухайн өдрийн хашгаар 87 CUC өгөх жишээтэй. Канад доллар, Евро хоёр ханш нь арай гайгүй бололтой. Гэхдээ шимтгэл адилхан 10 хувь хэвээр. 
 
 
Доод талын дэвсгэрт Кубын энгийн песо, ханш нь 1 ам доллар 24 энгийн песотой тэнцэнэ. Хооронд нь ялгах хамгийн энгийн арга хөрвөх песо ямар нэгэн хөшөө дурсгалын зурагтай, энгийн песо хэн нэгэн удирдагчийн хөрөгтэй. Харахад бараг адилхан ч хөрөг хөшөөгөөр ялгаад сурчихаар андашгүй амархаан.
 
 
Манай найман шарга шиг чөлөөт арилжааны зах төв сураггүй, улсын банк эсвэл валютын цэгт очоод паспортоо үзүүлэн дугаараа тэмдэглүүлээд гаргаж өгсөн нэг маягтыг бөглөсний эцэст сая солилцоо хийнэ. Гарын үсэг, бүртгэл гээд бичиг цаастай зууралдсан хүнд суртлын машины эрэг шураг дөнгөж сая тосолчихсон мэт шиг торох юмгүй ажиллаж байхыг хараад ёстой л хэдэн он билээ гэж бодохоор. Мөнгөө солиулахаар чилийсэн урт дараалалд зарим үед 1-2 цаг зогсож хүлээх бол хэвийн үзэгдэл гэсэн.
 
 
Жуулчдад үйлчилгээ үзүүлдэг зарим газар ам доллар тооцоонд хэрэглэж бас болдог л юм билээ. Яаж ч хаагаад зах зээл эргэлт хэрэгцээг дагсан ил далд бүтэц их бага ч байж таараа. Товчдоо валютын мөнгөн урсгал эргэлт солилцоо улсын бүрэн хяналтанд гэсэн үг. Америкийн аль ч зээлийн картаар төлбөр тооцоо хийдэггүй цөөхөн орны нэг. Чадахгүй боломжгүйдээ биш байх. Америкийн талаас тавьсан хориг саад, аль аль талын амь бөхтэй улс төр, үзэл суртал хаалттай хатуу бодлоготой холбоотой байх.
 
Гудамжаар хүмүүсийн дундуур 
 
Өглөө эртхэн босч буусан айлаасаа гараад хажуугийн гудмаар өөд уруугүй хэсэг алхлаа. Даваа гариг тул ажлын өдрийн хөл хөдөлгөөн дуу чимээ нэмэгдсээр. Урдаас зөрөх хүмүүсийн хэл яриа, ааш авир, өмсөж зүүснээс эхлээд нааш цааш сүлжилдэх хуучны танил орос зөвлөлтийн үеийн машин тэрэг, энгийн эгэл ахуй амьдралын хэмнэл, хэв маяг, дуу чимээ, нүдээр харж чихээрээ сонссон болгон сонин содон ажээ. Нэр нь хүртэл санаанаас бараг арчигдах шахсан гудамжны таксофон утас энд тэндгүй ид хэрэглээнд байгааг харав.
 
 
Санасныг бодвол гудамж талбайдаа элдэв уриа лоозон үзэл суртлын агуулгатай самбар чимэглэл бараг алга. Реклам чимэглэл, зар сурталчилгаа бага юм. Хааяахан ганц нэг тааралдах ч загвар дизайн ур хийц базаахгүй нэг л болхидуу талдаа.
Америк амьдралын ахуй хэмнэл дундаас гараад шууд буусан болохоор Хавана хотын ерөнхий өнгө үзэмж байшин барилга, зам талбай, хот тохижилтоос эхлээд нийгмийн байгуулалт, системийн болоод хөгжил соёлын ялгаа зөрөө алхам тутам тодорч байна. Залуус нь ихэнхдээ гар утастай, зарим нь бүр утасгүй чихэвч зүүчихсэн дуу хөгжим сонссон шигээ алхана.
 
 
Охид хөвгүүд цэвэрхэн дэгжин хувцастай он цаг үеэс хол хоцрогдсон юмгүй. Уулзаад хэсэг ярихаар боловсрол мэдлэг ер нь жигд сайн шүү. Ихэнх нь дажгүй ярианы англи хэлтэй юм. Олигтой орлого мөнгөгүй, орж гарах эрхгүйгээс эхлээд олон зүйл хаалт хязгаартай боломж бололцоо муутай тухай харин чөлөөтэй хэлж ярьж чаддаг юм билээ.
 
Хавана хотын байр байдал аялагчийн нүдээр  
 
Үүсч хөгжсөн 500 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа Хавана хотоор үзэж харах юм олон бий. Карибын тэнгисийн цэнгэг агаарт цэлгэр уужим их далайг тольдон харж шөнөжин суудаг онцгой нэгэн эрэг байх. Энэ бол хотын хойд хэсгээр 9 км үргэлжлэн сунайж байдаг залуусын хайр дурлалын билэгдэл болсон үзэсгэлэнт Малекон хэмээх газар. Эндээс хөдлөн задгай тэнгисээр 90 миль (150 км) явж байж эх газрын америкт хүрнэ.
 
 
Баруун тийшээгээ залгаад колонийн үеийн улирч баларсан мөрүүдийг хана хэрмэндээ уусган шигээсэн Эль-Морро цайз, эртний түүхт Форталеза-де-Сан-Карлос хэмээх иж бүрэн бэхлэлт зэрэг тухтай үзэж саатмаар олон газрууд үргэлжилнэ.  Төв хэсгээрээ Хотын захиргааны ордон, Дуурийн их театр, Национал зочид буудал, Иглеси-Ди-Паула хэмээх эртний цогчин дуган зэрэг испанийн колонийн үеийн уран барилгын гайхамшигтай, давтагдашгүй загвар хийц шийдэлтэй барилгууд, сүм хийд, гудамж талбай цэцэрлэгтэй. Энэ бол Old Havana хэмээх хэсэг.
Шинэ буюу New Havana дүүрэгтээ хувьсгалчдын билэгдэл болсон Хосе Мартийн нэрэмжит цэлгэр уудам дурсгалын цогцолбор, хөшөө дурсгал тойрсон яам тамгын газрууд хаяа дэрлээд үргэлжилдэг. 
 
 
Автобусны цонхоор зам зуур ажиглаж харсан шиг тогтсон тойрогт аялан бууж суугаад үздэг жуулчдын маршрутыг сөрж Хавана хотын шинэ хуучин хоёр дүүрэг, орон сууцны эгэл хороолол энд тэндгүй хоёр зээрдээрээ цэврүү үсэрч холготол нилээд тэнэсэн. Манай Улаанбаатарын гудамж, орц хаалга нүх болгонд онгорхой нээлттэй дардайн даллаж байдаг Ломбард, Караоке гэдэг эрээн хаяг пайз энд ер харагдаагүй.
Хятад хороолол (China town) нэртэй том хаалга хотын төвд бас байна. Ороод хэсэг явлаа. Ганц хоёр хоолны газраас өөр хятад соёлын гэх сүрхий ул мөр олж харсангүй. Сан-Францискод ийм хаалгаар нэг ороотохвол бараг хэд алхаад хаана яваадаа эргэлзэхээр болж ирдэг юмаа.
 
Ресторан баар, дэлгүүр хоршоо
 
Зоогийн газрууд нь янз бүр, голдуу гаднын жуудчдад үйлчлээд хэтэрхий хүнд хэтэвчийг нимгэлэх талын бүтэцтэй санагдсан. Удахгүй хүчтэй салхи дэгдэн далай шуурч ширүүн бороо цутгадаг зуны зурвас үе эхэлж буй тул жуулчид багассан гэнэ. Яваад орхоор хоосон голдуу ширээн дунд холхисон хэдэн үйлчлэгч охид хөвгүүд.
Аль ч уушийн газар амьд хөгжимтэй бэсрэг хамтлаг анаж хүлээгээд байж байдаг. За тэгээд ширээнд очоод суун тусах зуурт гитар хийл хөгжим цочтол цангинаж бүрээ бөмбөр тачигнаад эхлэнэ шүү. Хажууд ирээд хазайж налж хуурдаад хаанаас ирснийг асуунгаа дуун дундаа хавчуулаад халаас руугаа гар дүрэхээс аргагүй болгоно. Хөгжимтэй хоол, дуутай ундаа амттай дээрээ хөгжилтэй ч овоо үнэтэй болдог эд билээ. Амт чанарын хувьд гоц гойд юмгүй гэсэн ихэнх жуулчдын сэтгэгдэл үнэн.
Зарим иргэд гудамж талбайдаа яаруу түргэн хооллодог юм байна. Хоосон шахуу мухлагаас талханд хавчуулсан хачиртай зайдас маягийн зүйл авч үмхлээд замаа хөөж байгаа харагдсан.  Хэрэг болгон улсын дэлгүүр хоршоо хүнсний нэг төвөөр  орж тойрч үзлээ. Халтардсан зузаан шилэн лангууны цаана хааяа ганц нэг гутал сандаал оймс, арын лангуунд эгнүүлээд ирийтэл өрж жагсаасан хэдэн төрлийн шилэн савтай ногоо цагаа төдийхөн хүнс нөөш харагдах нь манай ерээд оны эхэн үеийн дэндүү танил дүр зураг.
 
Хүнсний бараа нь картын системтэй хэвээрээ гэнэ. Тараах түгээх үедээ оочер дараалал ихтэй ч хүмүүс юу ч болоогүй мэт тайван хүлээцтэй, тэвчээртэй. Нээрээ л юу ч болоогүй болохоор яах ч билээ. Жуулчдыг тийм газар зураг бичлэг авахыг хориглоно, харчихвал хөөж туунаа бас.   
 
Жижиг дунд үйлдвэрлэл. Кубын ЖДҮЗасгийн газраас сүүлийн жилүүдэд (Кастрогоос хойш байх) жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрийн хүрээнд хотын олон айл өрхөд байр сууцаа засаж сэлбээд гаднын жуулчдад түрээслэх, ресторан баар нээн ажиллуулж улсын эдийн засагтаа нэмэр тус болох онцгой эрх олгосон гэх. Зах зээлийн эдийн засаг дөнгөж нээгдэж дэнжигнэн бужигнаж буй манай ерээд оны байдал төрхийг санагдуулам зүйл олон харсаан.
Хувийн хэвшил хөгжин дэвшиж гаднаас хүчтэй хөрөнгө оруулалт орж ирээд овойж оцойтол байшин барилга босгож байгаа ул мөр бараг харагдсангүй. Хувьсгалт засаг бүгдийг контролдоод хатуу гараар барьж хянадаг байх.
Хотын хог зөөх ажилд лав Японы компани төсөл хэрэгжүүлж буй бололтой хоёр улсын далбаатай хаяг зүүсэн хогны шар машин замд нэг таарсан. Нийтийн тээвэрт хятадын компани өөрсдийн автобусаа оруулж ирээд явуулдаг, менежмент зохицуулалтаа бас давхар хийдэг онцгой эрхтэй гэж сонссон. Буусан айлын маань авгай тэнд ажилладаг өвөр монгол бүсгүй манай өрөөг хэсэг хөлсөлж суусан гэв. Буусан айл гэснээс эхлээд хоносон гэр буудлаасаа гараад хотын төвдөө ойрхон энэ айлд боломжийн хямд үнээр өрөө хөлсөлж буцталаа хэд хоносон. Өглөөний цай унд хийгээд өгдөг 70 гаран насны хоёр хөгшин үүд хаалгаа манасан мэт өдөржин гэртээ суудаг. Бас ч байрны түрээсээрээ хэдэн цаас олдог тул хамаг хүнс хэрэгтэй зүйлээ утсаар захиалаад гэртээ авчихдаг сүрхий улс.  
 
Хотоор хэсэж тэнэж явахад хувийн том компанийн барилга байшин офис контор бараг тааралдсангүй. Нийгэм журмын үеийн социалист орнуудад нэгэн хэв загварын жигд ярайтал босч байсан орон сууцны хороолол, үйлчилгээний төвүүд энд баригдаагүй бололтой юм. Үгүй ядаж үлдэж хоцорсон өргөтгөж шинэчлэн сэргээсэн байх гэхээр ч ул мөр харагдсангүй.
 
Зөвлөлтийн үед баригдсан одоо Оросын ЭСЯ-ны хашаан дотор байх харуулын цамхаг шиг өндөр саарал цементэн барилга харин тэр хавьдаа онцгой өндөр юм билээ. (Манайд бас цагтаа ямар байлаа даа)
Хувьсгалаас өмнөх Куба орон Хавана хот амралт зугаа цэнгээний том төв байсан гэдэг. Тэр үед барьж байгуулсан дэд бүтэц, зам харгуй, байшин барилга, унаж хэрэглэж байсан машин тэрэг тэр чигээрээ өнөөг хүртэл тэсэж үлдээд хүмүүсийн хэрэгцээг чадан ядан хангасаар. Баян айлын эдлэн эзэмшил байснаа нийтэд шилжин балгас болтлоо муудаж өмхөрсөн байр сав хашаа хороо газар сайгүй.
Хувьсгал хүмүүст эрх чөлөө олгосон ч хувийн өмчийг хайр найргүй устган дарж няцалсаны үр дүнд үүссэн уршиг гашууныг хүмүүс нь амьдрал дээр амсдаг, алхам тутамдаа мэдэрдэг хэрнээ үзэл суртлын хүлээсэнд хүлээстэй чигээрээ. Хувьсгалаас өмнөх Хавана хотын байр байдлыг харуулсан хэдэн фото ханандаа өлгөсөн уушийн газар ийм зурагнууд байсан.  
Харин хууль дүрэм журамаа үнэхээр сайн баримталдаг юм байна. Аймшигтай аллага буудлага мэтийн гэмт хэрэг огт дуулдахгүй. Жижиг хулгай дээрэм ч тун бага, гадна дотнын иргэд жуулчдад аюулгүй ээлтэй цөөн орны тоонд Куба зүй ёсоор ордог юм байна. Аялал жуулчлалын дэлхийн судалгааны тайлан энэ тэр амархан тэгээд дүгнэчихдэггүй бизээ. Хуулиа зөрчиж зөрвөл ирэх ял шийтгэл нь хахир хатуу бололтой. Олимпд гурав түрүүлсэн нэг том аварга хүртэл хэрэг өдүүлээд өргөст торны цаана одоог хүртэл сууж байгаа сурагтай. Цуу яриа биш биз гээд өөр нэгнээс дахин асуусан чинь үнэн гэнээ.
 
Хүн зоны ааш араншин, зан харилцаа
 
Иргэд нь харин ч нэг эвдрээгүй туйлын найрсаг даа. Өнгө мөнгөний хойноос өрөөсөн нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй болсон элдэв газраас шал өөр гэдгийг явуулын над мэт биеэр үзэж үнэмшээд буцаж байна. Энгийн хүн зоных нь дунд ороод тэнэж явах зуурт арга байхгүй анзаармаар нийтлэг нэг чанар байна. Хүмүүс юу ч болж байсан тэгтлээ уурлаж бухимдахгүй харааж зүхээд дайрч давшлахгүй юм. Хэрэлдэж байгаа үед хүртэл таарч хэрэг болгон холоос хэсэг харж зогссон. Нударга зөрүүлэх нь үү гэтэл эвлэрээд гар барилцаад салж байв.
Анх буусан буудлын эр  - Жуулчдыг хоргоож заль мэх луйвар булхай хийдэг залуучууд ганц нэг таарч мэднэ, анхаараарай! гэж сануулж байснаас биш  дээрэмдэнэ шүү! тононо шүү! гээгүй нь нэг юм хэлээд байна. Харин хаа ч гэсэн байж байдаг гунигтай гутруу харцтай олон удаа тулгарч гуйлга гуйсан өвдөж зовсон өрөвдмөөр ядарч зүдэрсэнтэй цөөнгүй таарч хэр хэмжээндээ хармаагаа хамах шавхах удаа гарч байсан. Шөнө дөлөөр таньж мэдэхгүй таг харанхуй гудамжаар явган нүцгэн таваргаж ч үзсэн үнэхээр тайван амгалан юм билээ.     
 
 
Интернэт сүлжээ хэрэглээ болоод сонин сэтгүүл, гар утас, холбоо харилцаа
 
Залуус мэдээж цаг үеэ дагаж таарна. Телевизээр гардаг цөөн хэдэн сувгаа ээлжлэн сольж, цензур шалгууртай хэдэн сонин сэтгүүлийн хуудсыг эргүүлж тойруулаад ханахгүй нь мэдээж. Зочид буудлын доторх телевизээр Майами хотын испани хэлтэй зарим суваг гарч л байсан. Сонин сэтгүүл гэснээс гарч байгаа өдөр тутмын сонингуудын тоо нь хоёр гарын хуруунд сэтгүүл нь ганц гарын хуруунд багтах хэмжээний юм байна. 
Хэрэг болгож буудлын хажуугийн сонины мухлагт очоод үзсэн асуусан, өөр газар ороод давхар бас лавласан үнэхээр тийм юм гэнээ. Хэвлэлтийн чанар хийц дизайн манай нөгөө алдартай ерээд оны загвартай зэрэгцүүлээд ч бараг гологдохоор. Үзэж харж хутгалдаж явсан хэмжээндээ харьцуулаад өөрийн дүгнэлтээ хэлж байна шүү. 
Интернэт сүлжээ WiFi холболтыг томхон зочид буудлууд дотороо зөвхөн өөрийн үйлчлүүлэгчиддээ зориулан тусгай картаар цацдаг. Тэр картыг $2 төлж аваад 1 цаг нэтэд ордог хязгаартай. Гаднаас орж ирсэн бол ганц карт авахын тулд аяга кофе ахин нэг картын үнээр аваад дотоод сүлжээнд нь нэгдэх эрхтэй болдог. Жуулчин гэхээр л мөнгө салгаад үлдэх талын бодлого зохицуулалттай.
 
 
Холболтын хурд яг хэд гэдгийг мэдэх аргагүй. Хааяа тасарч орж гараад янз бүр. Харин face-time хэрэглээд видео холболтоор хүн ярьж суухыг хамгийн том буудлын лобид нэг удаа харсан. Нийтийн сүлжээний хувьд хот дотор зөвхөн хэд хэдхэн газар тодорхой зайны байрлалд ETECSA гэдэг компанийн картаар интернэтэд орж ашигладаг. Гар утастай хүн гэрээсээ орох бол интернэт дата нэмж худалдан авч болдог ч сүлжээ нь тун тааруухан гэсэн дээ. 
 
 
Сошиал сүлжээ өдийд яаж нэвтрээгүй байх вэ. Залуус Facebook болоод WhatsApp голчлон хэрэглэдэг юм байна. Хятадад явж байхад WeChat голлодог шиг. Гэхдээ хэрэглээний боломж хязгаартай тул Кубын залуус маш ажил хэрэгч. Хий дэмий нэтээр сэлгүүцэж цаг нөхцөөх юмгүй. Аливаа зүйл ховор хомс байх тусмаа үнэ цэнэтэй, үнэр нь хүртэл нэг л өөр байдгийг бидний үеийнхэн сайн мэднэ. 
 
 
Энд гар утсаар тоглоод сууж байгаа хүүхэд огт харагдсангүй, зассан талбай эсвэл задгай зүлгэн дээр том жижиг бөмбөг элдээд гүйж яваа багачууд харин элбэг. Ахмадууд нь сонин бариад тонгойн уншиж эсвэл навчин тамхиа асааж баагиулан налайтал ярилцаж суугаа дүр зураг энд тэндгүй.
 
Нийтийн тээвэр, автобус, такси, амины машин
 
Нийтийн тээврийн автобус хямдхан. Хүмүүс сүүлийнх хэн бэ? гэж асуугаад эмх цэгцтэй унаандаа сууна. Урдуур зүтгэлээд уурлаж яарсан хүн харагдахгүй. Ер нь Кубачууд их л амгалан тайван хүмүүс шиг санагдсаан. Тийм бөгчим халуунд байнга л аахилж уухилаад дайраад байвал хэцүүдэх биз. Нэг удаа нийтийн автобусанд нь сууж үзлээ. Хоёр хүн дундаа 1 энгийн песо буюу 24 цент төлөөд хүрэх газартаа буув. Хүүхэд хөгшчүүлд зориулсан суудал тусдаа шар өнгөтэй байдаг юм билээ. Хот хоорондын тээврийн машинд ч сууж үзсэн, үнэ хөлс нь бас л боломжийн.
 
 
Харин такси жуулчдыг харахаараа хатуу валютаа л нэхнэ дээ. Улсын хэмээх шар такси гэхэд дотороо ямар ч тоолуургүй гэж байгаа. Очих газрын хаягаа өгөх хөлстэйгээ хамт хэлээд үнэ тохирвол сууж хүргүүлнэ. Хаяг гэснээс гудамжны нэр тэмдэглэгээ ер нь тааруухан талдаа. Очих байрныхаа дугаарыг хажуу талын хөндлөн гудамжны нэр огтлон гарсан хойно урдах хоёр гудамжны нэрийн хамт хэлдэг юм билээ. Хөндлөн гудамж тэгш тоогоор ташуу гудамж нь сондгой тоогоор нэрлэгдэнэ. Хошуурч ирхээрээ өөр нэртэй ч болж байх шиг мань мэт учрыг нь олох гээд бараагүй. Элдэв хориг саад арилбал Гүүгле мэтийн аварга компани удахгүй Хаванад орж янзлаад өгөх биз дээ. Хэвлэж хувилах үйлчилгээ ч тааруухан болох нь андашгүй буудлын үүдэнд бэлэн зэлэн байдаг хотын газрын зураг гэж юм огт байхгүй. Ганц хэвлэсэн тааруухан зурагаа $4 хавьцаа зардаг.  
 
 
Maps.me хэмээх газрын зураг утсан дээрээ татаж аваад суулгаж бэлдсэн юм. Интернэт холболтгүй үед их хэрэг болсоон. Гүүгле компанийн орчуулагч программыг бас татаж суулгасан байсан. Оффлайн үед англиар бичээд ганц дарж орчуулаад үзүүлэхэд ойлгоод хариу бичээд өгөх жишээтэй. Уг нь интернэттэй бол бичих шаардлаггүй амар хурдан эд байгаа юм.  
Хижээлдүү насны "ориг" америк, европ жуулчид болхоор 50-60 аад оны сонгодог загварын цэмбийтэл будаж мөлчийлгөсөн дэгжин америк тэрэг хөлслөөд Хаванын гудамжаар тоос татуулан, Маликон эрэг, Хозе Мартийн талбай дээр зураг хөрөгөө даруулж навчин тамхи асаагаад хүйтэн мохита шимсэн шигээ чанга чангаар инээд алдан даналзана.
Эхний өдөр гэнэдээд үнэтэй таксинд хэлснээр нь өгч овоо хэдийг үрсэн байх. Гэхдээ их бишээ. Сүүлдээ ах дүү зөвлөлтийн Лада, Москвич зэрэг хуучин танилууддаа гар өргөн зогсоож үнэ хөлсөө тохиролцоод сурчихаж байгаа юм. Хувь хүмүүст шинэ машин авах эрх тун хязгаартай юм гэсэн. Зөвхөн улсын хэрэгцээнд Францын Пежо, Рено, Солонгосын Хундай, Оросын Лада зэрэг шинэвтэр тэрэг явж байна. 
Хуучны муу Ладаг тордож зүлгээд тун сайн эдлэх юм. 80-аад оны тэрэг гэхэд цэмбэгэр "амьтан" зогсоно. Худалдаж авбал хэд вэ гэж асууж үзсэн $20 мянга хавьцаа дуугарч байна билээ. Хуучин машиныг бол гадаа задгай онгорхой л орхино, түгжинэ энэ тэр бүр байхгүй. Бас 70-80 аад оны Польшийн Фиат гээд манайхаар бол нялх хурганы пүнз шиг хэмжээтэй жижиг тэргэнд гэр бүлээрээ чихээд бас болоогүй дээрээ том ачаа тавьчихсан явж л байна билээ.   
Буусан айлын маань том хүү хувьдаа нэг ачааны машинтай. Ирэхээр нь сонирхоод үзлээ. 1951 оны америкийн Шевролет. Мотор нь оригоороо гэнээ, ачааны нум энэ тэр нь мундагаа. Дотор салондоо зөвлөлтийн "Сделано в СССР" бичигтэй дохионы хайрцаг сэлбээд угсарчихсан содон харагдав.
 
 
Ажлын тэрэг гэснээс өнөө муу цэнхэр гуч маань "Зил -130" тэвшин дээрээ ажилчид суулгачихсан, ачаа шороо зөөчихсөн нааш цааш давхиж зөрөөд зөндөө таарсан. Одооны залуус бол огт мэдэхгүй соц үеийн манай нэгдлийн дарга нарын ганц сайн унаа Б-69 бас л дүрээрээ зогсож байна билээ. Тэр үедээ л Лексус-570 байсан эд дээ. Аавын цээж ч бас ганц нэг таарсан. Уншигч та юу гээч ямар тэрэг болохыг мэдэхгүй бол ааваасаа нэг асуугаад үзээрэй.    
 
 
Бэлэг дурсгалын захаас боксын клубт 
 
Куба орноор аялаад буцахдаа жуулчид юу авч явдаг вэ. Навчин тамхи, нунтаг кофе, ром архи... за бараг ингээд болж байх шив. Экспортын ихэнхи хувийг хуваагаад бүрдүүлдэг хоёр гол түүхий эд болох хөнгөн цагаан, элсэн чихэрээс нь  уутлаад явалтай биш. Хотын төвийн шил толь гял цал болсон байранд брендийн барааны хэдэн мухлаг дэлгүүр байсан. Орохоор лангууны цаана хоёр хүүхэн огт тоосон шинжгүй ярилцаж сууна. Улсаас тогтоосон цалингаа л авч байвал бараагаа борлуулах сурталчилах зэрэг энэ хэдэд огт хамаагүй шахуу ажээ.
 
 
Харин манайхны Наран туул зах шиг бэлэг дурсгалын худалдааны төв Алмасенес "Almacenes San Jose"-т бол байдал яг эсэргээрээ. Бэлэг дурсгалын элдэв бараа битүү чихээстэй саравч болгоноос худалдаачид угтан ирээд хэрэг зориг шалгааж үнэ цэнээ өсгөж бууруулан ганц юм ч болов борлуулах санаатай хэрэндээ л элдвээр оролдоно. Энд зарагдаж буй бүх бараа эх орондоо үйлдвэрлэсэн хийсэн гэдэг ам нэгтэй уриатай. Уран зургийн багашиг галлерейгаас дутхааргүй зарж борлуулах зургийн цуглуулга энд бас бий. 
 
 
Спортын бараа зарж зогсох үе тэнгийн нэгэн эртэй танилцаад ойр зуурхан хэсэг ярилцлаа. Хозе Гонзалес гэдэг нэртэй англи хэлтэй Колумби гаралтай нөхөр байна. Кубад тэмцээн үзэх санаатай ирээд чадалгүй буцаж буйгаа ч дуулгав. Мань эр лангуугаа хажуугийн хүнд хэлж захичихаад намайг дагуулан ойрхон орших нэг боксын клуб дээр аваачиж сонирхуулав.
 
 
Хаванад байдаг хамгийн том боксын клуб засварт ороод одоо эднийх л ганц нээлттэй үлдсэн гэнэ. Энд хичээллэдэг 2015 оны дэлхийн залуучуудын аварга Эрнойл Эрнандес гэгч залуутай танилцаж боксын тухай сайхан яриа өрнүүлсэн. 
 
Үргэлжлэл бий...           
 
Д. Цэрэндорж
2019 оны 6 сарын 15 өдөр 
АНУ. Калифорн муж