sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль /ҮБХИС/-ийн аюулгүй байдлын коллежид суралцаж буй хурандаа Б.Баярсайхан БНСУ-ын Нонсан хотын хүндэт иргэн болжээ.  Шагналыг Нонсан хотын дарга Хуан Мён Сон энэ сарын 17-ны өдөр гардуулсан байна.  
Нонсан нь улсдаа гүзээлзгэнэ тариалалтаараа алдартай, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн хот юм. Тус хотын хүндэт иргэн болсноор олон янзын хөнгөлөлт эдэлдэг бөгөөд тухайлбал, үзвэр үйлчилгээг 50 хувь хөнгөлөлттэй үнээр үзэх эрхтэй болдог байна.
 
 
Энэ удаад Нонсан хотын хүндэт иргэнээр ҮБХИС-д амжилттай суралцаж буй гадаадын 17 офицерыг өргөмжилжээ. Хотын захирагч Хуан Мён Сон шагнал гардуулж хэлэхдээ, "Манай хотын хүндэт иргэн болсон та бүхэн Солонгос улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, гүзээлзгэнээрээ алдартай Нонсан хотыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон байна.
Хурандаа Б.Баярсайхан өмнө нь Сьерра Леон, Өмнөд Судан, Конго улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Монголын зэвсэгт хүчний шилдэг офицерын нэг юм. Тэрээр Нонсан хотод байрладаг ҮБХИС-д хоёр дахь жилдээ суралцаж байгаа аж.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг