sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадад амьдарч буй монголчуудын энэ зуны наадмын салхийг хагалж, БНПУ-ын Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд “Монгол наадам” баяр 16 дахь жилдээ болжээ. 
Энэ сарын 15-нд болсон “Монгол наадам” баярыг Польш дахь Монголчуудын холбоо зохион байгуулж, ЭСЯ дэмжжээ. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Батаа наадмыг нээсэн байна. Польш улсын өнцөг булан бүрээс ирсэн 280 гаруй монгол болон польш иргэн идэвхтэй оролцож, Монголын түүх, соёл, өв уламжлалаас хуваалцав. Наадмын хүчит бөхийн барилдаан, монгол шагайн харваа, хүүхдийн модон морины, гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг тэмцээн уралдаан сонирхолтой болж, наадамчин олон монгол үндэсний хоол хүнсээр бие биесээ дайлсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 101 дүгээр зарлигаар "Алдарт эхийн II одон”-гоор шагнуулсан, Лозд хотын докторант М.Цолмонтуяад Элчин Сайд Н.Батаа одонг нь гардуулан өгчээ.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн ”Монгол наадам”-ыг сурталчлан таниулах үйлсэд Польш Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд, Польш дахь Монголчуудын холбоо идэвх зүтгэлтэй ажиллаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг