sonin.mn
2016 оны дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World” тэмцээнд монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, хатан ухааныг гайхуулж шилдэг 11-т багтсан мисс, загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэгийг энэ удаагийн “Ширээний ном” буландаа урилаа. Тэрээр Холливудын кинонд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан билээ.
 
-Таны орчуулсан “Дүр бүтээх увидас” ном худалдаанд гарсан байна. Яагаад орчуулах болсон юм бэ?
 
-АНУ-ын Лос Анжелес хотод  театр, кинонуудын тухай хаанаас ч олохгүй сайхан номуудыг зардаг жижигхэн номын дэлгүүр байдаг.  Би энэ дэлгүүрээс  ном авах дуртай. 2014 оны бороотой нэг өдөр эгчтэйгээ хамт энэ дэлгүүрээс англи хэл дээр хэдэн ном авснаас хамгийн их таалагдсан нь “Дүр бүтээх увидас” байсан. Орчуулаад Монголынхоо уран бүтээлч, найз нөхөддөө уншуулахад хэрэгтэй ном шиг санагдсан. Тиймээс  арваннэгдүгээр сард зохиолчтой нь номын хавтсан дээрх хаягаар нь холбогдож таны номыг монгол хэл дээр орчуулах гэсэн юм гэхэд хоёр хоногийн дараа “Монгол бол гайхалтай орон. Түүхийг нь мэддэг, судалдаг учраас очихыг их хүсдэг. Хэрэв миний номыг орчуулбал би Монголд очоод 10 мянган ам.долларын сургалтаа үнэгүй хийгээд өгье” гэсэн хариу ирсэн. Тиймээс орчуулах хүсэл улам нэмэгдсэн. Ивана Чаббак бол Холливудын алдартай Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон гэсэн  “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш нь. “Холливиуд Монголд” наадмын үеэр Монголд ирж номын нээлтээ хийсэн.
 
-Жүжиглэх ур чадварын тухай юм уу?
 
-Энэ номыг Лос Анжелест Холливудын жүжигчдийн “библи” гэж нэрлэдэг. Гуниг зовлон тохиолдсон үед түүнийхээ золиос нь болохгүйгээр тэр мэдрэмжээ бүтээж байгаа дүрдээ хэрхэн ашиглаж, дүрээ амилуулах талаар бичсэн гайхалтай ном. Ивана Чаббакын кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилын тухай бичсэн гурван бүлэгтэй, бүх орны хэл дээр орчуулагдсан.
 
-Та энэ номоо ширээний ном болгосон бололтой?
 
-Одоогоор миний ширээний ном гэвэл “Дүр бүтээх увидас” л байна. Би өөрөө жүжигчин хүн учраас номоо эхнээс нь олон дахин уншиж, бодож, хийж байгаа ажилдаа шингээхийг зорьж байна. Яг ямар аргачлалаар дүрийг амилуулж болох вэ гэдгийг мэргэжлийн жүжигчин биш хүн ч гэсэн уншаад ойлгоход хялбар энгийнээр тайлбарлаж бичсэн. Мөн олон жишээнүүд байгаа. Тухайлбал, найруулагч Жонаттан Деммегийн “Хурга майлахаа болино” кинонд өөртэй нь аль хэсэг дээр хэрхэн ажиллаж байсныг энэ номоос мэдэх боломжтой. Мөн эцэг эх, дурлалт хосын, цуврал алуурчны дүрийг хэрхэн амилуулах гээд дүр тус бүрээр нарийвчлагдаад явдаг. Тиймээс  кино урлагт хайртай хүн бүр авч уншихад тохирох ном гэж зөвлөмөөр байна.
 
-“Дүр бүтээх увидас”-аас өөр ямар ном уншиж байна?
 
-Одоо зохиолч Жостейн Гаардерийн философийн түүхийн тухай “Софийн ертөнц” туужийг уншиж байна. Өдөрт нэг бүлгээр нь уншаад явж байна. 10 жилийн жаахан охинд философи, дэлхий ертөнцийн үүсэл гарлаас эхлээд ойлгоход хэцүү сэдвүүдийн талаар энгийн, ойлгомжтой бичсэн захидал байнга ирдэг. Гэхдээ хэнээс ирсэн нь тодорхойгүй учраас их сонирхолтой ном. Бас Алхимичийн монгол орчуулгыг нь уншиж байна. Миний хамгийн дуртай зохиолч бол Пауло Коэльо. Түүний бүх зохиолыг уншсан. Өмнө нь англи хэл дээр уншиж байсан.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин