sonin.mn
Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг үргүй зарцуулсаар байх тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд  хуваахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Энэ хүрээнд нийслэл дэх зогсоолын тоог нэмэгдүүлж, бүсчлэлээс хамааран төлбөр нь харилцан адилгүй байхаар төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний босоо, хэвтээ тэнхлэг дагуу экспресс автобус үйлчилгээнд явуулах гэх мэт зохицуулалт хийх юм.
 
Бүсчлэлийн тухайд гэвэл Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу  оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх зэрэг хэд хэдэн зохицуулалт хийхээр бэлтгэж байна. Уг ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн дунд дараах санал асуулгыг явуулж байна. Иргэн та ЭНД дарж саналаа өгнө үү гэж нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.