sonin.mn
Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор “Монгол нүүрс ассоциация”-ийн гүйцэтгэх захирал, уул уурхай, хүнд үйлдвэрийн  мэргэжлийн төслийн зөвлөх, Олон улсын байгууллагад ногоон хөгжлийн чиглэлээр ажиллаж буй, МҮОНТ-ийн “Монгол инженер” нэвтрүүлгийн зочин хөтлөгч Ж.Золжаргалыг урьсан юм.
Наадам ойртсон зуны дэлгэр өдөр нийтлэлийнхээ баатартай уулзаж цаг товлохоор залгалаа.“Сайн байна уу. “Зууны мэдээ сонин”-ны сэтгүүлч байна. Таныг “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж байна. Хоёулаа хэзээ уулзах вэ гэтэл… урдаас байна уу, байна уу …. Эрийн гурван наадмыг физикийн өгөгдлөөр тайлбарлах юмаа гэв.Тэгснээ… Өө уучлаарай, наадмын нэвтрүүлгийн зураг авалттай  хотоос гарч байна. Орой “Хангай” хотхонд манай ээжийнд хүрээд ирээрэй гээд утас нь тасарлаа. Ингээд орой нь  “Хангай” хотхоныг зорьж тэднийд очив. Ээж нь цай хоол хийчихсэн биднийг угтлаа. Урилгын эзэн маань ч ирсэн байв. Наадмын зураг авалтад яваад байна уу хэмээн асууснаар бидний яриа эхэллээ.
 
Эрийн гурван наадмыг физикийн өгөгдлөөр тайлбарлана
 
“Монгол инженер” нэвтрүүлэг, нийгмийн бүх салбарт инженерийн шийдэл байдаг гэдгийг танилцуулах зорилготой юм. Манай уламжлалт эрийн гурван наадам ч гэсэн инженерийн шийдэлтэй. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны өгөгдөлтэй. Нум сумны хийцийг  инженерийн шийдлээр шийдсэн байх жишээтэй. Ямар материал сонгох, хэлбэр хэмжээ, хүндийн жин нь аль хэсэгт нь төвлөрөх, овоо харааны тусгал, ямар хэлбэртэй байвал авч явахад авсаархан байх вэ. Сумны тусгал хэдэн метрт тусах вэ. Урианхай, халх, буриад сураас хамаарч тусгал нь өөр өөр байхаар энэ бүгдийн ард техникийн шийдэл байдаг. Үүнийг хүн бүр мэддэггүй. Тэгвэл  харвааны онцлог, инженерийн шийдлийг энэ жилийн наадмын үеэр яг сур харваж байх үед нь танилцуулбал үзэгчдэд илүү сонирхолтой байх болов уу гэж үзсэн учраас энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэж байгаа юм. Монгол бөхийн мэх мөн л физикийн хуулиар явагддаг. Тухайлбал, тонгорох мэх хийх үед хүндийн төв хүний биеийн аль хэсэгт эсвэл хэд хуваасны хэд дэх хэсэгт төвлөрснөөр цагийн зүүний дагуу эсрэг эргэхэд хүчний момент яаж үйлчилдэг. Тухайн мэхний хүчний үйлдэл хэрхэн үйлчилдгийг дэлгэцэнд удаашруулж харуулангаа яагаад жижиг хүн, том хүнийг өндөр өргөөд эргүүлээд шиддэг юм. Хүчний үйлдэл хэрхэн үйлчилж байгааг бөхийн барилдааны үеэр тайлбарлах юм. Түүнчлэн хурдан морины шинжүүд хурдлахад нь яаж нөлөөлдөг болохыг харуулна. Дэлний засалт, сүүлний хэсэг гэх зэргээр хүч болон хурдад хэрхэн нөлөөлдөг. Хурдан морь уралдаж байхад ямар морь физикийн онолоор түрүүлэх эсвэл урд хойноо орох, хүч, хурд нь хэрхэн сарних эсвэл нэмэгдэх магадлалтайг  уг нэвтрүүлгээр үзүүлнэ. Энэ нэвтрүүлэг долдугаар сарын 11-ний өглөө МҮОНРТ-ийн /Монголын үндсэний олон нийтийн радио телевиз/ “Монгол инженер” нэвтрүүлгээр гарна. Өнөөдөр энэ нэвтрүүлгийнхээ бэлтгэл, зураг авалтаар хотоос гарч ажилласан хэмээн бидний яриа улам сонирхолтой үргэлжлэв. Манай сонины “Амьдралын тойрог” булангийн зочин энэ эрхэм бол  “Монгол нүүрс ассоциация”-ийн гүйцэтгэх захирал, уул уурхай, хүнд үйлдвэрийн  мэргэжлийн төслийн  зөвлөх, Олон улсын байгууллагад ногоон хөгжлийн чиглэлээр ажиллаж буй,  МҮОНТ-ийн “Монгол инженер” нэвтрүүлгийн зочин хөтлөгч Ж. Золжаргал юм. Уг нь тэр нефтийн инженер мэргэжилтэй.
 
Инженер хүн ч гэсэн  нийгмийг, иргэдийг соён гэгээрүүлэх, цэнгүүлэх үйлсэд өөрийн мэргэжлийн онцлогийг  ашиглан  хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдгийг “Монгол инженер” нэвтрүүлгээрээ харуулж яваа эрхэм.  
 
Тэрээр  цааш нь “Монгол ахуйд байсан морин хуурыг  хөгжүүлж дэлхийн хөгжим болгоход инженерийн шийдлүүд хэрэг болсон. Царны хийц, хялгас зэрэгт техникийн шийдлийг нэвтрүүлснээр сонгодог болсон. Энэ төсөл дээр ажиллаж байгаа хүмүүстэй хамтарч морин хуурт инженерийн шийдлийг хэрхэн нэвтрүүлсэн тухай баримтат нэвтрүүлгийг “Монгол инженер” нэвтрүүлгээр нэг дугаар хийсэн. МҮОНРТ-ийн алтан фондод орсон.”Монгол инженер” facebook-д байрлуулсан” гэлээ. Морин хуурын царыг анх арьсаар хийсэн гэдэг. Ингэснээр дуугаралт нь амьд монгол ахуйдаа зохицсон онцлогтой. Гэвч гадаад оронд арьсан цартай морин хуурыг тоглуулахад уур амьсгал нь өөрчлөгддөг учраас арьс нь сунаж хөг алдагдаж  амьд дуугаралт гардаггүй аж. Тиймээс 1960 онд Зөвлөлтийн иргэн итали үндэстэн анх морин хуурийг модон хилтэй болгох санаачлага гаргасан гэдэг. Дараа нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны алдарж морин хуурч Чибулаг морины хялгасны оронд нийлэг мяндас нэвтрүүлсэн. Эдгээрийн үр дүнд одоо дэлхийн аль ч оронд очсон цаг агаараас үл хамааран морин хуурыг тоглож болно. Соёл, урлагийн их сургуулийн  доктор, судлаачид морин хуурыг улам төгс боловсронгуй дэлхийн сонгодог хөгжим болгоход инженерийн шийдэл зайлшгүй нэвтрүүлнэ. Урлагийнхан, инженерүүд хамтарч ажиллаж байж, Монгол гэдэг нэрийг бүх салбарт дэлхийд гаргах юм. Гэхдээ арьсан цартай анхны морин хуурын хөг аялгуу  Монголдоо л дуугарах учраас энэ бол манай үндэсний өв соёл хэзээ ч хаана ч давтагдахгүй гайхамшиг юм гэв.
 
“Монгол инженер” нэвтрүүлгийн зочин хөтлөгч  болсон нь
 
Тэр “Монгол инженер” нэвтрүүлгийг санаачилж, зочин хөтлөгчөөр нь өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хөгжлийн тухай том бодлого ярихаас илүүтэй техникийн шийдлээр зарим асуудлыг шийдвэрлэж болохоор байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийг бухимдуулаад байгаа асуудлыг техникийн шийдлээр шийдвэрлэж болдог гэсэн санааг нэвтрүүлгээрээ гаргахыг зорьсон. Тэгээд хэдэн жилийн өмнө МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол ахтай уулзаад би нэг нэвтрүүлэг хиймээр байна гэсэн. Миний санааг цааш нь дамжуулснаар нэг л өдөр би нэвтрүүлгийн агуулгийг төлөвлөж өгдөг байсан бол сүүлдээ зочин хөтлөгч болсон доо. Жишээлбэл, Монголын нүүдлийн соёл үгүй болох гээд байна. Мотоцикль унаад морио унахаа больсон. Малаа машин, мотоциклиор хариулдаг болсон. Яваандаа нүүдлийн мал аж ахуй устаж үгүй болж, Монгол гэдэг улс үлдэх үү гэдэг асуудал хүн бүхний сэтгэлийг зовоож байна. “Мотоциклио боль морио уна” гэж мянга хэлээд нэмэргүй. Малаа маллаад амьдарч байгаа малчдын амьдралын нөхцөл, сурч боловсрох, үйлчилгээ авах боломж нь өргөн байх юм бол хөдөөд сайхан амьдарч болно. Гэтэл дэлхийд тэр нөхцлийг хангах  орчин үеийн техник технологи хангалттай хөгжсөн. Зайны сургалт, интернэт, малдаа чип суулгачихаад хаашаа ч явсан утсан дээрээ хянах боломжтой зэрэг эрчим хүчний эх үүсвэр, усны шүүлтүүр гэсэн техникийн шийдэл олон бий. Техникийн аргаар эдгээрийг шийдвэрлэх юм бол Монголын соёлын асуудлыг шийдвэрлэх боломжтой.  Монгол үндэстэн урт хугацаанд оршин тогтноход нөлөөлж техникийн ололтоор нийгмийн асуудлыг шийдвэрлэж болно. Тиймээс энэ тухай нэвтрүүлэг хийе. Телевизүүдээр явж байгаа ихэнх нэвтрүүлэг улс төр, нийгэм, эдийн засгийн сэдэвтэй байна. Бүх салбарт инженерийн шийдлүүд бий. Эхлээд нэвтрүүлгийн агуулгийг бэлтгэдэг байсан. Харин сүүлдээ зочин  хөтлөгчөөр ажиллах санал тавьж хоёр жил энэ нэвтрүүлгийг хөтөлж байна.
 
МҮОНТ нь хараат бус олон нийтэд үйлчилдэг гэдэг утгаар үзэгчдийн техникийн мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьдог. Инженер хүн аливаа асуудалд олон талаас нь судалж харьцуулсны үндсэн дээр ямар нэгэн шийдлийг гаргадаг. Энэ утгаараа  иргэд ямар нэгэн асуудлаар хэн нэгэн  үнэн, худал ярьж буй эсэхэд олон талаас нь бодож  зөв, бурууг нь  ялган шийдвэр гаргадаг болгож сурахад нөлөөлнө гэдгээр агуулгаа тодорхойлж байсан.
 
Аавынхаа авьяасыг өвлөж хөгжимчин болоогүй ч мэдрэмжийг нь өвлөсөн
 
 
Ж.Золжаргалын аав 1993 оны  “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт “Тэнгэрийн тамга” дуугаар олны танил болж байсан хөгжмийн зохиолч агсан Ж.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяагийн дуулснаар 1993 оны тэртээ хөгжмийн наадмын магнайг тэргүүлж байсан авьяаслаг хүний үр хүүхэд юм билээ. Ж.Золжаргал 1979 онд Ж.Жаргалсайханы ууган хүү болж Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ. Аав ээж хоёр нь урлагийн хүмүүс. Түүний аавыг Хөвсгөлийн  “Улаан Жагаа” гэж хөгжмийнхөн, урлаг соёлынхон, найз нөхөд нь авгайлдаг байжээ. Хүүдээ зориулж дуу хүртэл зохиосон аж. Ээж нь бүжигчин Ж.Золбоо. Аав ээж хоёр нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын тетрт хамт ажиллаж байхдаа амьдралаа холбосон гэдэг. Тэр  эхээс гурвуулаа.  Хоёр дүүг нь Ж.Азжаргал, Ж. Сайнжаргал гэдэг.
Түүний аав Ж.Жаргалсайхан хуучнаар ЗХУ-ын Ленинградын хөгжмийн их сургуулийг 1986 онд төгссөн гэдэг. ЗХУ-д өөрчлөн байгуулалтын давалгаа эхэлсэн  нийгмийн өөрчлөлтийн он жилүүдэд Монголд нэгэн шинэхэн хөгжмийн зохиолч төгсөж ирсэн нь Монголд тэр дундаа Хөвсгөл нутагтаа өөрчлөн байгуулалтын салхийг эхлүүлсэн анхдагчдын нэг хэмээдэг. Би тэр үед их жаахан байсан. Манайд аавын найзууд, ах нар ирнэ. Тэд ганц юмаа тойруулаад урлаг хөгжим, улс төр, философи, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай  ярина. Тэдний яриаг сонсож өссөн болохоор эрх чөлөө, үнэ цэнэ, тууштай байдал, хүн нийгмийн харилцааны тухай ойлголт тэр үед л суусан даа. “Аав” гэж хэлээд амьсгаагаа дарж хэсэг чимээгүй болсноо зөөлнөөр “Миний аав их зөөлөн, гоё хүн байсан даа. Зохиосон  хөгжмийн  аялгуу  бүр нь зөөлөн. Аялгуу гэдэг тухайн хүний өөрөөс нь гарч байгаа авиа. Тэр хүний туулсан амьдрал, байгалиас өгөгдсөн өгөгдөл нь эгшгээр  илэрхийлэгддэг байх”.  Зохиолч Зундуйн Дорж гуайтай хамтарч хийсэн “Уйлж дуулах хорвоо”, “Тунирхлын дуу”, “Уянгын хорвоо” гэсэн гурван дуу нь ард түмний дунд хит болсон. “Тэнгэрийн тамга” дууг мэргэжлийн оркестортой хийсэн Монгол үндэснтний бахархлыг төрүүлсэн дуу. Мөн Хөвсгөл нутгийнхны анддаггүй нэг дуу бол Болор цомын эзэн  яруу найрагч Б.Мягмаржав агсны шүлэг “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлээс гардаггүй нутаг” дууг нэрлэж болно.
 
Миний аав МҮОНРТ-ийн хөгжмийн редакци, Цагдаагийн “Сүлд” чуулга, Монголын үйлдвэрчний соёлын ордон, Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан. Түүнчлэн олон жүжигт хөгжмийн зохиол бичсэн. Бас киноны нэлээн хэдэн дуутай.
 
Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн “Алтан дуулга” компани Хөвсгөлөөс төрөн гарсан хөгжмийн зохиолчдын зохиосон дуу хөгжмөөр Монголын морин хуурын  наадам зохион байгуулсан. Энэ наадамд аавын бичсэн найзуудын тухай өгүүлсэн “Гэнэн сэтгэл” киноны хөгжмийг морин хуурын чуулгад зориулан нотыг нь бичиж тоглосон. Монголын морин хуурын чуулгын ерөнхий  удирдаач Б.Түвшинсайхан уг цомнолыг нь бичсэн. Тэр үед сонсоод хамар шархирч  ааваараа бахархан омогшиж байсан гэв.
 
Алс холыг зорьсон ч аав нь түүнтэй хамт
 
 
Ж.Золжаргал Хөвсгөл аймгийн Түнэлийн амралтад аав ээж хоёр дүүгийн хамт. 1986 он.
 
Ж.Золжаргал маань өөрөөсөө илүү аавыгаа дурсах нь олонтаа. Дэрсхэн гурван хүү хоорондоо зодолдож, шороотой холилдож л өсөхдөө аав нь хэдийд нь хөгжмөө бичдэг байсныг ер анхаарах ч сөхөөгүй бужигналдаж  байсан санагддаг. Ой тойнд үлдсэн зүйлээ санахаар “Аав шөнөөр их ажилладаг байсан санагддаг. Дүрслэх юм бол дээл нөмрөн хөгжмөө дэлгээд, тамхи татаад, нотоо бичиж байсан санагддаг. Уран бүтээл нь их удаж гардаг. Нэг суухаараа өдөр, шөнөгүй сууж байж гараасаа нэг бүтээл гаргадаг байсан болов уу. Гэхдээ “Тэнгэрийн тамга” дууг урд шөнө нь хийгээд маргааш орой зургаан цагт уралдаанд  тоглож байсан. Энэ дуу тухайн нийгмийн өнгө аясыг илтгэсэн  хүчтэй дуу. Иймэрхүү дуу нь гэнэт гарч ирдэг. Бодож явж байгаад нэг л суугаад гардаг болов уу. Оркестер болгонд зориулж бичдэг болохоор нотоо тусдаа салгаж бичдэг.  Түүнийгээ богино хугацаанд бичиж байсныг нь санадаг. Аав урлагийн хүн байсан болохоор сэтгэлгээ нь чөлөөтэй, өөрийнхөөрөө байсан санагддаг. Миний нэг дүү эрчим хүчний инженер физикч мэргэжилтэй. Япон болон Шведэд сургууль төгссөн. Дараагийн нэг дүү БНХАУ-ын Шанхайн их сургуулийг нийгэм судлаач мэргэжлээр төгссөн. Одоо Шанхайд гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Миний ээж  одоо гурван ач зээтэй бидэнтэйгээ энх тунх сайхан амьдарч байна. Том ач нь X  анги, бага нь хоёр ойтой. Одоогоор өвөөгийнхөө авьяасыг өвлөчихөөр хүүхэд харагдахгүй л байна. Гэхдээ урлагийн мэдрэмж бол байдаг. Хөгжим сонсохдоо их голж сонсоно. Хүнд талын хөгжим сонсож байгаа харагддаг.
 
Хэдийгээр тэрээр уул уурхайн инженер ч гэсэн урлаг, уран бүтээлийн салбартай холбоотой явдаг юм. Аавынх нь  тэр их авъяасаас түүнд мэдрэмж нь үлдсэн гэж тэрээр хэлэх дуртай юм билээ. Ж.Золоо бага байхын төрөл бүрийн дугуйланд явдаг байжээ. Морин  хуурын дугуйланд явсан нь хожим түүнийг морин хуурыг дэлхийн сонгодог хөгжим болгохын төлөө явна гэж хэн ч бодоогүй. Тэрээр одоо морин хуурыг дэлхийн хэмжээний хөгжим болгохын төлөө хичээн ажиллаж байгаагаа хуучилсан юм. Мөн “Тайгын залуус” гэдэг хамтлагт мөн л дуулж явсан гэнэ. Аав нь түүнд зориулж “Хүслийн сансар” хэмээх дууг  зориулан зохиож өгчээ. Мөн түүнийг анх төрөхөд аав нь бас дуу зохиож өгсөн гэж ээж нь хуучилсан. “Хүслийн сансар” их гоё дуу. Сүүлд нь манай дүү бас дуулдаг байсан. Арван жилд байхын  бүжиглэж, урлагийн үзлэгээр биелгээ биелэж  Агсал бүжиг бүжиглэдэг байсан. Түүнчлэн хүүхдийн ордонд,  нисэх загвар, програмчлалын дугуйланд явдаг байжээ. Хамгийн их сэтгэлд үлдсэн нь программ хангамжийн дугуйланд явж байхдаа цалингийн программ бичсэн нь тод үлджээ. Тэрээр хот, Хөвсгөл хоёрын хооронд байнга явдаг байжээ. Учир нь аав, ээж нь ажил, амьдралаа зохицуулах, хот, хөдөөд тоглолтийн гээд ирж очдог байсан болохоор 10 жилдээ таван сургууль дамжин  төгссөн гэнэ. Хүүхдийн ордны программ хангамжийн дугуйланд гурван жил суралцаад энэ чиглэлийн мэргэжил эзэмшинэ гэж бодож байсан. Гэвч Монголд нефтийн орд илэрч анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай дээлээ мялааж байсан тэр мөчид  ирээдүйд ямар мэргэжил сонгох цаашид  улс орон хэрхэн хөгжих тухай ч бодох сөхөөгүй IX, X ангийн хүүхэд байлаа. Хүнд үйлдвэрлэл улс орны хөгжлийн суурь болох ёстой гэж боддог байв. Түлш эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэл гээд тэр дундаас нефть олдсон юм чинь гээд ШУТИС-ийн уул уурхайн нефтийн инженерийн ангийг сонгон суралцсан байна. Сургуульдаа нэг жил сураад ОХУ-ын ерөнхийлөгч Ельциний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Петрбургийн уул уурхайн дээд сургуулийн нефть олборлолтын инженерээр төгсчээ. Аавынхаа сурсан хотод очиж сурсан байна. Өөр чиглэлээр ч гэсэн  яг аавынхаа мөрөөр явсан даа. Дараа нь Япон улсад химийн инженерээр хоёр жил суралцсан. Нүүрсний гүн боловсруулалт ба хуванцар сав үйлдвэрлэх сэдвээр дипломын ажлаа хийсэн аж. Тэрээр эдгээр эзэмшсэн мэргэжлээрээ 10 гаруй жил Монголын “МАК” компанид ажилласан аж. “МАК”-д судалгаа хөгжлийн захирал, төслийн менежерийн ажил хийж байсан ажээ. Уул уурхай, боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэрт, зэсийн төсөл дээр хавсран ажиллаж байсан. Нүүрсний боловсруулалт, хагас коксын үйлдвэрт эхнээс нь барилга угсралт нь дуустал ажилласан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн болон цахилгаан станцын олон төсөл дээр ажиллах зэргээр 10 гаруй жил болжээ. Одоогоор төслийн зөвлөхийн ажил хийж байна. Шинээр хөрөнгө оруулалт хийх гэж буй компанийн төсөлд технологийн болон ажлын туршлагатай хүн  шаардлагатай байдаг учраас тэрээр одоо зөвөлгөө өгдөг байна. Түүнчлэн олон улсын байгууллагад зөвлөхийн ажил хийдэг гэж байсан. Би сурч байхдаа польш бүсгүйтэй танилцаж гэр бүлээ зохиосон. Хоёр хүүтэй болж түүнтэйгээ эх орондоо сайхан амьдарч байна. Манай эхнэр “Оточ маарамба” сургуульд” тан барихаар суралцаж байгаа. Монгол бичгээр лут бичдэг. Бага байхын аавынхаа найзуудын яриа хөөрөөг сонсож явахдаа тэднээс  эх оронч үзэл гэдгийг мэдэрч өөртөө шингээсэн гэдэг. Аав нь Соргодогийн Жаргалсайхан хэмээн эрхэм амьдаа найзтай байсан гэдэг. Хөгжмийн зохиолч Балхжавтай хамт ОХУ-д сурч байсан аж. Нийгэм олон төрлийн хүмүүсээс бүрдсэн. Тиймээс нийгэм хувь хүнийг хүмүүжүүлдэг. Бие биетэйгээ харьцаж, суралцдаг талбар. Би хүүхэд байхын нийгэмдээ харьцаж эхэлсэн. Гэр бүлээсээ гарч нийгмийн харьцаанд оролцож нийгэмшиж, дархлаагаа бий болгох хэрэгтэйг аав минь ойлгуулсан. Мөн ардчилсан үзэл, чөлөөт сэтгэлгээ, үзлийг би ааваасаа өвлөсөн. Үүнтэй холбоотой миний одоо хийж байгаа ажил, сурсан сургууль хоорондоо бүгд  хамааралтай гэж боддог. Биологич, эмч болох уу гэж бодож байсан ч манай  нийгэм ганзагын наймаачдын нуруун дээр явж байна. Суурь үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэлгүйгээр хөгжихгүй гэдгийг мэддэг байсан болохоор нефтийн инженерийн мэргэжил сонгосон. Тиймээс бүх салбарт техникийн шийдлийг хүмүүст хялбаршуулсан байдлаар ойлгуулах нь чухал учраас МҮОНРТ-тэй хамтарч нэвтрүүлэг хийдэг. Нийт 20 дугаар хийсэн. Иргэний оролцоотой ардчилсан байх ёстой гэсэн аавынхаа сэтгэлгээний үргэлжлэл нь гэж би боддог хөгжим бол миний амьдралыг хөглөдөг  хэмээснээр бидний яриа өндөрлөсөн юм.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин