sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатарыг урьж ярилцлаа.
 
Хүй долоон худагт бүтээн байгуулалтын 40 гаруй ажил хийгдэнэ
 
-2013 онд Үндэсний их баяр наадам, Олон улсын чанартай томоохон спорт, урлагийн томоохон арга хэмжээг зохион байгуулах үндэсний бахархалт цогцолбор болох зорилготойгоор байгуулагдсан. Үндсэн үйл ажиллагаа нь гурван том хэсэгт чиглэгдэж байна.
Нэгдүгээрт, улсын баяр наадам мөн улс, нийслэл, бүсийн наадмууд болон төрөлжсөн спорт, урлагийн  үйл ажиллагааг зохион байгуулах. Хоёрдугаарт, өөрийн эзэмшлийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалтыг хариуцах. Гуравдугаарт, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зэрэгт чиглэж байна.
 
“Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтад зориулан 2015 оны Засгийн газрын 256 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газрыг баталж өгсөн байдаг. Цаашид Хүй долоон худгийн 960 га-д нь 40 гаруй томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр ерөнхий төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
 
Хүй долоон худгийг хурдан морины уралдаан болдог газар гэдгээр нь  наадамчин олон маань сайн мэддэг. Мөн гадаад, дотоодын наадамчид маань үндэсний язгуур урлагийн тоглолт, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхдог. Энэ жилийн хувьд, бид баяр наадмын бэлтгэл ажлаа өнгөрсөн тавдугаар сараас эхлэсэн бөгөөд одоо нийт талбайн тохижилт, засвар үйлчилгээний ажлуудыг  хийж дуусаад Үндэсний их баяр наадмын төв комиссын шалгалт ирж, бэлтгэл ажилтай танилцаад явлаа. Ерөнхийдөө Хүй долоон худагт жилд 4-5 томоохон улс, нийслэлийн шинж чанартай баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагддаг. Тэр бүхэн дээр манай хамт олон тохижилт, засвар, үйлчилгээ, талбайн зохион байгуулалтын ажлуудыг хариуцан хийж гүйцэтгэдэг. Хүй долоон худагт үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаан болохоос гадна монголчууд бидний хот, хөдөөгөөс зорин ирж үздэг  “Адуучин тэмцээн”, “Шилмэл мал сүргийн үзэсгэлэн”, “Талын салхи- 2019” Мото спорт сонирхогчдын наадам, “Тал нутгийн Монгол” гээд олон улсын марафон гүйлтийн тэмцээн, дугуйн олон улсын тэмцээн гээд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тэмцээнүүд болдог. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын марш тактикийн тэмцээн, “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр зэрэг олон төрлийн спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Ер нь бол үндэсний спортын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, өсвөр үе, залуучуудыг эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой олон тэмцээн, уралдааныг энд зохион байгуулж байна. Мөн эдгээр наадам нь бас жилээс жилд өргөжин тэлж, зохион байгуулалтын хувьд, арга хэлбэр, чанар үр дүн нь сайжирч байгаад үнэлэлт дүгнэлт өгч,  цаашид хийх ажлуудаа бас нарийн төлөвлөж байна.
 
Инженерийн дэд бүтэц, зураг төсөл бэлэн болсон. Харин одоо…
 
БЛИЦ:
БОЛОВСРОЛ:
 
• 2003 он Говь-Алтай аймгийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн V дунд сургууль
• 2007 он Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрчим хүчний сургууль бакалавр
• 2008 он Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер
• 2015 он Шихихутуг хууль зүйн их сургууль, Эрх зүйч
• 2017 он Засгийн газрын хэрэг эрхлэх газарын харъяа Удирдлагын академи, Төрийн удирдлагын магистр
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
 
• 2009 – 2015 он БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвд мэргэжилтэн
• 2015 – 2016 он Барилга хот байгуулалтын яам, Төрийн нарийн бичгийн даргын туслах мэргэжилтэн
• 2016 – 2017 он Эрчим хүчний хөгжлийн төв, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга
• 2017 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хуулийн хэлтэст мэргэжилтэн
• 2018 оноос “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байна.
 
– “Монгол наадам” цогцолборын дэд бүтэц гэхээр газраасаа эхэлж ярих хэрэгтэй байх. Манай бүтээн байгуулалтад зориулан 2015 онд анх Улсын тусгай хэрэгцээнд 12582 га газрыг Засгийн газрын тогтоолоор авсан байдаг. Ингэж авахдаа орон нутгаас нь санал аваагүй Засгийн газрын тогтоол гаргаснаас болж иргэн аж ахуйн нэгжийн эрх ашиг, өмч хөрөнгө хөндөгдсөн асуудал үүссэн. Энэ маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2017 онд Хотын ерөнхий менежерээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Одоогоор орон нутаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газрын асуудлыг үндсэндээ шийдвэрлэх шатандаа явж байна. Мөн усны нөөцийг ашиглах тооцооллын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар холбогдох яаманд хүсэлт тавьж, 25 жилийн усны нөөцтэй нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гарсан. Ингээд үндсэндээ газар усны асуудал тодорхой болчихлоо гэсэн үг.
 
Дараагийн асуудал нь “Монгол наадам” цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн байгууламж буюу бие даасан цэвэрлэх байгууламж, дэд станцын асуудал яригддаг. Зураг төсөл нь одоогоор бүрэн хийгдэж, улсын төсвөөр хийлгэх саналаа холбогдох газруудад нь өгсөн байгаа.  Ерөнхийдөө Хүй долоон худагт өнгөрсөн хугацаанд 13600 га газарт Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, үйлчилгээний зориулалттай 6.1 га бүхий хоёр ширхэг бетонон талбай, төмөр замын 61-ийн гарам хүртэлх 8.5 км автомашины хатуу хучилттай зам, 4600 ширхэг машин зэрэг байрлуулах боломжтой авто машины зогсоол, 38 ширхэг контейнерэн нийтийн бие засах газар, агуулах, оффисын барилга, цахилгаан хөдөлгүүртэй жижиг эко автобуснууд, иж бүрэн угсардаг тайз, хөгжим, гэрэл, дэлгэц зэрэг чамлахааргүй өмч хөрөнгөтэй болсон байна.
 
“Монгол наадам цогцолбор”-ыг аялал жуулчлалын төв болгоно
 
– Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүй долоон худаг-т Үндэсний спортыг хөгжүүлэн төрөлжсөн аялал жуулчлал, соёл урлагийн төв болгоно” гэсэн томоохон зорилт тусгагдсан байдаг. Энэ зорилтын хүрээнд “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийгдэж байна. “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд урт хугацааны санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр  шаардлагатай байгаа бөгөөд үүнийг нийслэл дангаараа шийдвэрлэх эдийн засгийн нөөц боломж хязгаарлагдмал юм.
Хүй долоон худаг, “Монгол наадам” цогцолбор байршлын хувьд их боломжийн. Хотын баруун талд, салхиныхаа дээр байрладаг  учраас цэвэр сайхан агаартай газар. Тиймээс “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГазар нь Үндэсний их баяр наадам болон тив, дэлхийн олон улсын чанартай баяр наадам, олон нийтийн арга хэмжээнүүдийг нэг дор зохион байгуулах зорилготой, үндэсний бахархалт цогцолбор болохоор зорин ажиллаж байгаа юм. Бидний бүтээх бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, хэтийн төлөвийн талаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй салшгүй холбоотой юм. Тэр утгаараа  Хүй долоон худагт баяр наадмын өдрүүдэд зөвхөн морь уралдуулдаг, гуравхан өдөр ажилладаг газар биш байхын тулд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай өөр олон ажлыг санаачлаад, хамтраад хийх боломж бий. Тухайлбал, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын төслүүдийг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр хийж хэрэгжүүлнэ. Нэлээд олон ажлын зураг төслүүд хийгдсэн байгаа. Тиймээс дэд бүтцийн ажлуудаа нэн даруй эхлүүлэх зорилттой ажиллаж байна. Зарим бүтээн байгуулалтын ажлаа концесс хэлбэрээр явуулах саналаа нийслэлд өгчихсөн байгаа. Нөгөөтэйгүүр бид гадны хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулаад улсын хэрэгцээний томоохон газраа түшиглээд, нөхцлөө тохироод орчин үеийн олон улсын стандарт шаардлага хангасан цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборууд, соёлын болон амралт зугаалгын төвүүдийг барьж байгуулах бүрэн боломж байгаа юм. Ийм төвүүдтэй болох цаг нь одоо болчихсон гэж харж байна. Тиймээс төр урт хугацааны бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх л шаардлагатай байна. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд, төр иргэнээ аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд амьдруулахаас гадна аралт, чөлөөт цагаа өнгөрүүлж хөгжих боломжийг нь  бүрдүүлэх ёстой. Үүний тулд монгол бахархлын цогцолборын үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой юм.
 
 
 
Жуулчдын сонирхдог зүйл бол нүүдлийн соёл…
 
– Хүй долоон худаг, “Монгол наадам” цогцолборыг  жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа эрхэлдэг аялал жуулчлалын төв, томоохон бүс болгон хөгжүүлэх боломж бий. Үүний тулд бид аялал жуулчлалын болон бооцоот морин тойруулгын хуулийг яаралтай шинэчлэн батлах, соёлын биет бус өвийг хөгжүүлэх, хамгаалах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор ардын язгуур урлаг, уран бүтээлчдээ бодлогоор дэмжин ажиллах,  нийгмийн асуудлуудыг нь ч гэсэн шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Мөн үүний тулд  хөрөнгө оруулалтын боломж, нөхцөлийг нь ч нээлттэй болгоод өгөх шаардлагатай байна.
Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжлийг нь илэрхийлж байдаг. Тэр утгаараа Хүй долоон худагт үндэсний спорт, соёл урлагт тулгуурласан аялал жуулчлалын төв байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Ийм чиглэлийг хотын даргын мөрийн хөтөлбөр, холбогдох стратегийн баримт бичгүүдэд тодорхой тусгаж өгсөн байдаг.  Жишээ нь, “Хүй мандал” гэж монгол түмний нийслэлийн туурь байсан энэ газар морин тойруулга, морин аялал, морь уналга сургалт, поло, гольф, шагай, сур болон бусад спортод суурилсан үйл ажиллагаа, мөн иргэдийн соёл урлаг, чөлөөт цагт зориулсан энтертаймент төвүүд бий болно. Өвөл, зун гэлтгүй улирал харгалзалгүйгээр ажилладаг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын том төв болгох зорилготой ажиллаж буй юм.
Тоон мэдээлэл харахад, манай улсад жилд 400-500 мянга орчим жуулчин ирж байна гэсэн тооцоо гарсан байдаг. Эдгээр жуулчдад бид Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлэх, үндэсний бахархал түүх соёл, уламжлалт зан заншлаа сурталчилан таниулах ёстой. Үүний тулд хэд хэдэн томоохон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. Ялангуяа жуулчдын аюулгүй байдал тав тух, үйлчилгээ зэргийг дээд зэргээр хангаж гэмээ нь жуулчдын тоог хэдэн саяд ч хүргэх боломжтой. Яагаад гэвэл, Ази Европыг холбосон хамгийн хямд аялал жуулчлалын бүс манайх шүү дээ. Бид давуу талаа ашиглаад, орлогоо нэмэгдүүлж бүр төрөлжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй.
Бидэнд бахархах олон зүйл бий. Монгол Улс байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн  сэрүүн бүсийн газар нутагтай, монголчуудынхаа уламжлалт зан үйлийг харуулсан нүүдлийн соёл, мал аж ахуйтай гээд жуулчдад үзүүлэх олон зүйл бий.   Түүнчлэн улирлын онцлогтоо нийцсэн бүтээгдэхүүн гаргаж чадвал дулаан цаг агаартай зүүн өмнөд Ази болон бусад улсуудаас жуулчид татах маш их боломж бий. Хоёр хөршийн хувьд ч давуу талууд их байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Хятад улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, эдийн засаг нь хурдацтай тэлж байна. Бид үүнээс суралцах бас ашиглах ёстой юм. Яагаад гэвэл бидэнд хангалттай нөөц байна. Тиймээс аялал жуулчлалыг төрийн бодлогоор урт хугацаанд төлөвлөөд, тогтвортой хөгжүүлмээр байна.
 
Дэлхийд ганцхан монгол наадмыг Хүй долоон худагт үзэх боломжийг бүрдүүлнэ
 
-“Монгол наадам” цогцолборын стратеги төлөвлөгөөнд Хүй долоон худгийг “Монгол Улсад Олимпийн наадмыг зохион байгуулах үндсэн бааз болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн спорт, соёл урлаг, амралт, аялал жуулчлалын цогцолбор бүхий эко-хот болно” хэмээн тусгасан байдаг. Мөн 2020 оны түвшинд монгол наадмыг нэг дор зохион байгуулах, монгол ёс заншил, соёлыг сурталчлах болон Нийслэлийн иргэдийн соёл, спорт, амралт зугаалгын үндсэн төв болох, 2030 оны түвшинд Бүс нутгийн болон тив дэлхийн чанартай спортын тэмцээн уралдаан, арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулах, 2040 онд зуны болон өвлийн олимпийн  наадамд нэр дэвшиж өрсөлдөх зэрэг хэтийн зорилтуудыг тусгасан байдаг. Тухайлбал, Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборын хөгжлийн зорилгыг “Гадаад, дотоодын хэдэн сая иргэдийг ая тухтай, цэвэр тохилог орчинд дэлхийд ганцхан монгол наадмыг нэг дор үзүүлэх боломжийг бүрдүүлж өгөх, амарч зугаалах, үндэсний ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, бахархалт музей үзмэрүүдээ төвлөрүүлж, аялал жуулчлалын гол төв болгох. Нэг үгээр хэлбэл, Хүй долоон худагт ирээд Монголыг бүрэн мэдрээд гарах ийм л цогцолбор болгоно гэж төлөвлөж байгаа юм. Энд мэдээж аялал жуулчлалаас гадна  спорт , урлагийн төв болох учиртай.
 
Зуны дэлгэр цагт задгай театрт олон нийтийн цэнгүүн, шоу эвентийг язгуур урлагийн тоглолтоор хийж, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх юм. Мөн мэргэжлийн спортоор хичээллэх ирээдүйн дэлхийн аварга тамирчдын амжилтын суурь бааз болсон Олон улсын стандартад нийцсэн спортын төрөлжсөн сургуулийг оюутны хотхон кампустай барьж, байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан.Үүнийгээ бид “СОЁЛ-СПОРТ-АМРАЛТ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ХОТХОН” болно хэмээн тодорхойлж байгаа юм.
 
Мэдээж, үүний тулд хийх ажлуудаа нарийн төлөвлөөд явж байна. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, үр өгөөжөө өгөх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулна. Засгийн газар, нийслэлээс баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан Хүй долоон худагт хийгдэх төсөл, бүтээн байгуулалтын мастер төлөвлөгөөг хийхээр ажиллаж байна. Түүнийхээ дараа бид хөрөнгө оруулагчдад чиглэсэн үе шаттай ажлуудыг зохион байгуулж эхэлнэ.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин