sonin.mn
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн энэ жилийн баяр наадамд 256 хүчит бөх зодоглосноос Богд сумын харъяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн харцага Х.Энхчулуун уран мэх, бяр хүчийг уралдуулан барилдаж түрүүллээ. Түүнд аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн арслан” цолыг олгосон юм.
Барилдаанд үзүүрлэсэн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн начин Ж.Бямбадонидод “Аймгийн заан” цолыг олголоо.
 
 
“Энэ жил Өвөрхангай аймаг баяр наадмаа харьцангүй эрт хийсэн тул улс, аймаг, сумын цолтой бөхчүүд олноор ирж барилдлаа. Нийт бөхчүүдийн 50 орчим хувь нь цолтой” хэмээн бөх тайлбарлагч Д.Буянтогтох хэлэв. Тодруулбал, улсын заан 1, улсын начин 12, аймгийн хурц арслан 1, аймгийн арслан 13, аймгийн заан 14, аймгийн харцага 16, аймгийн нэмэх начин 3, аймгийн начин 23, сумын заан цолтой 44 бөх барилджээ.
Улсын заан Т.Санчир, Улсын харцага Х.Гантулга, Улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Улсын начин Б.Сангисүрэн, Улсын начин Л.Батзориг гэхчлэн алдар цолтой бөхчүүд хүрэлцэн ирж барилдсан ч шөвгийн дөрөвт үлдэж чадсангүй.
 
Б.Батчимэг
Эх сурвалж: Монцамэ агентлаг