sonin.mn
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаагаа Монгол Улсад ирэх сарын 3-8-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ-ын цэргийн алба хаагчид энэ сарын 18-ны өдөр ирсэн бол өнөөдөр Казахстан, Киргиз улсын багууд хүрэлцэн ирлээ. Хоёр улсын баг тамирчдыг "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион хорооны ажиллагааны ахлах, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас угтан авсан юм. Тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдад "Та бүхэн манай сайхан оронд тавтай морил. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа олон улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэнд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гээд уралдаандаа амжилт үзүүлэхийг хүслээ. Үүний дараа хоёр орны баг тамирчдыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг тэргүүтэй удирдлагууд хүлээн авлаа. 
 
"Аравт"-д найман орон оролцох бөгөөд үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг дөрвөн оролцох юм. Уралдаан ирэх сарын 3-8-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдана. Тэр хүртэлх хугацаанд дөрвөн орны тамирчид морьтой дадлага сургалт хийж, соёл урлаг, спортоор "өрсөлдөж", Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлтой танилцах юм.
 
 
 
 
 
Гэрэл зургийг О.Мөнхбат