sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханыг урилаа.
 
Мэргэжлийн түвшинд бичсэн хөгжмийн бүтээл дутагдаж байна
 
-Морин хуур их онцлогтой хөгжим. Бид үндэсний соёл, урлагийг өвлүүлэн цааш дамжуулж үлдээх хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс учраас морин хуурыг дэлхийд таниулан сурталчлах ажлыг Ардын жүжигчин, нэрт сурган хүмүүжүүлэгч Ц.Батчулуун багш маань өндөр түвшинд хүргэсэн гэж боддог.
Байгуулагдаад 27 жил болохдоо дэлхийн 30 гаруй орноор явсан байна. Энэ хугацаанд их дэвшил олсон. Морин хуурт зориулсан зохиол, бүтээл, морин хуурт зориулж бичсэн хөгжмийн зохиолчдын морин хуурын талаарх ойлголт, хөгжимчдийн чадвар нэлээн өндөр түвшинд хүрсэн гэж болно. Цаашид илүү хөгжих боломжтой. Хийл шиг дөрвөн утастай хөгжим биш хоёр чавхдастай, хөндий дардаг хөгжим учраас тодорхой хүндрэл бий. Тиймээс бүх талаас нь арга гаргалгааг нь олох гээд хичээж байна. Морин хуурын чуулгад зориулсан бүтээл үндсэндээ Н.Жанцанноров, Б.Шарав гээд хязгаарлагддаг. Монголыг илэрхийлж, дэлхийн түвшинд гаргачихаар бүтээлүүд тэр бүр төрөхгүй байна. Сүүлийн үед Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат гэсэн хөгжмийн зохиолч орж ирж байна. Консерваторид хөгжмийн зохиолч бэлдэж байгаа, мөн рок попын хөгжмийг компьютерээр хийдэг залуус олон бий. Тухайлбал, төгөлдөр хуурч Б.Чинбат, Б.Одбаяр гэсэн залуус байна. Эднээс энэ хөгжим бол яах аргагүй Азийн буюу Монголын хөгжим байна гэж танигдахаар үндэсний онцлог шингэсэн, орчин цагийн шаардлага хангаж Морин хуурын чуулгын урын санд нийцэхүйц хөгжим зохиогоод өг гэсэн шаардлага тавьж байгаа.
Ганц Морин хуурын чуулга гэлтгүй Үндэсний их найрал хөгжим ч юм уу, симфони найрал хөгжимд монгол хөгжим байна гэж танигдахаар хөгжим бичээд өгвөл өөрсдөө ч гэсэн ур чадварын хувьд амархан ахиж хөгжөөд явна шүү дээ. Монголын хөгжмийн гол онцлог бол тансаг, аялгуулаг байдаг. Гэхдээ бид одоо хэт аялгуулаг гэхээсээ илүү хөгжимчдийнхөө ур чадварыг дээд зэргээр шавхсан, жинхэнэ хөгжмийн боловсролыг үзэгчдэд олгох хөгжим рүү хандаж эхэлж байгааг хэлэх ёстой. Манай хөгжимчид үнэхээр мэргэжлийн талд их өндөр түвшинд оччихсон учраас эднийгээ улам цааш нь эрчлэх гол хөшүүрэг нь мэргэжлийн өндөр түвшинд бичсэн хөгжмийн бүтээл байгаа юм.
 
Монгол Улсад мэргэжлийн дуугаралттай театр хэрэгтэй
 
Блиц:
Мэргэжил: Морин хуурч
 
Боловсрол: Хөгжим, бүжгийн коллежийн Морин хуурын ангийг 1994 онд тусгай дунд, 2008 онд бакалавраар төгссөн.
 
Ажлын туршлага: Морин хуурын чуулгад 1994-2007 он хүртэл морин хуурч,
2007-2015 онд удирдаач, 2015 оноос хойш Ерөнхий удирдаачаар ажиллаж байна.
 
-ОХУ-ын Санкт-Петербург хотын алдарт Капелла театрт “Монголын соёлын өдрүүд”-ийг жинхэнэ цогцоор нь хийхийг харлаа. Энэ арга хэмжээнд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга, Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчид, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа хамтарсан тоглолт хийж цаг хагасын турш үзэгчдийг нь байлдан дагуулсан. Оросын хаадын тайз гэгддэг Капелла театрын барилга 150 гаруй жилийн настай. Энэ театрын тайзнаа гарахад ямар нэг бичлэг, микрофон ашигладаггүй. Зөвхөн хөгжимд суурилсан бүтээлд зориулагдсан тайз нь Оросын ард түмний нандигнан хайрладаг ариун тайз. Энэ тавцан дээр гарч зогсох нь тийм амар олдохгүй. Дуу, хөгжим нь ялгарч сонсогддог, акустикаа зөв тооцож, цэвэр төгс гүйцэтгэлийг шаарддаг.
Монгол Улсад мэргэжлийн дуугаралттай ийм театр хэрэгтэй байна. Монголд Үндэсний урлагийн их театр баръя гэж Ерөнхий сайд хэлсэн. Үүнийг барихад зөв хяналт тавих хэрэгтэй. Яагаад гэвэл хамгийн урд болон хойно сууж байгаа хоёр хүний чихэнд ижил түвшинд дуу авиа хүрч байх ёстой. Үзэж байгаа хүнийхээ эрүүл мэндэд ч гэсэн эерэг байх ёстой. Үндэсний театрыг яг л стандартынх нь дагуу барих хэрэгтэй. Төв аймгийн театр гэхэд зүгээр байшин л барьсан байгаа юм. 
 
Мэргэжлийн театр гэдэг чинь тайзнаас дуугарах дуугаралтаас өөр тустай ойлголт байх ёстой. Монголд мэргэшсэн, сайн дурын хоёр нийлчихлээ. Шинжлэх ухаанжсан хэлбэрийг нь хаячихсан. Урлаг гэхээр зүгээр нэг хөгжимддөг, гараад дуулж, бүжиглэдэг гээд ойлгочихсон. 
 
Хөгжмийн урлаг гэлтгүй бүх салбар даяарчлалд хамрагдаж байгаа энэ үед бид зөвхөн Чингисээ яриад, ахуйгаа гайхуулаад омогшоод сууж болохгүй. Одоо бүгд цээжээ дэлдэхээ болиод жаахан бодож, суумаар байна. Дэлхийн хөгжмийн урлагийн хурдтай монголчууд эн зэрэгцэж яваа шүү гэдгийг харуулмаар байна. Манай ардын урлаг бол сонгодог урлаг. Үүнийгээ гадаадад зөв сурталчлах хэрэгтэй. Аливаа улс орон урагш тэмүүлж, ирээдүй рүүгээ явдаг. Гэтэл бид өнгөрсөн түүхээ санагалзан дурсаж, ухрах маягийн хандлага их гаргадаг. Тухайлбал, бид морин хуураа үүрээд найр хэсээд дуулж, хуурдаад яваад байвал ямар байх вэ. Үүнийг бодох л хэрэгтэй. Бид орчин үеийн Монгол харагдмаар байна шүү дээ.
 
Хүнийг ажилдаа дуртай, идэвхтэй байлгахад сайн зохиолоор л татна
 
-Хүнийг ажилдаа дуртай, идэвхтэй байхыг юугаар татах вэ гэхээр сайн зохиолоор л татна. Сонирхолтой гэхээсээ илүү хөгжмийн нарийн мэргэжлийн хүмүүст сайн зохиол хэрэгтэй байдаг. Соёл, урлаг бүрэн бүтэн байж улс орон дархлаагаа барьдаг. Нэр хугарахаар яс хугар гэдэг шүү дээ. Монгол Улс үнэхээр том өндөр оюуны чадамжтай, том сэтгэхүйтэй ард түмэн, тийм түүх, соёлтой. Манайхны ухамсарт нэг зүйлийг суулгамаар байна. Юмыг хийхдээ үнэн сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Монголд мэргэшсэн, сайн дурын хоёр нь нийлчихсэн, шоу нь хэт олширсон. Сайн дурынхнаасаа авьяастай хүмүүсийг гаргаж ирж байгаа нь сайн ч мэргэшсэн хэлбэрээ доош нь чангааж байгаа нь зовлонтой. Тийм болохоор урлагийнхан ч гэсэн цензуртэй болно. Бид яах, ямар байх ёстой вэ гээд. Үнэхээр акустиктай тайз барьчихвал тэр хүн нэг ч өнгө алдах эрх байхгүй. Одоо хэд алдаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр хариуцлагыг нь бий болгож өгөх зүйл нь сайн дуугаралт.
 
Үндэсний зүйлээ уламжлалт, унаган төрхөөр нь ч хамаагүй барьж байх ёстой. Манайхан чинь хүн бүр менежер, продюссер болсон. Даяарчлалын үед бусад орны урлагийн хэмнэл, ритмтэй хөл нийлүүлж, авахыг нь авч, солилцоод хөгжөөд явахад нь нэг тал байх хэрэгтэй.
 
Гэхдээ “Жонон хар” ийм байх ёстой. Балдан цэцэн, Дөрвөн Ойрад ийм байх юм гээд бүх зүйл нь язгуураараа байхгүй манайхан чинь би ингэж тоглосон, минийхээр ингэнэ гэж балайрч явсаар байгаад утгаа алдлаа. Манайхан наамдын найруулагч хийх гээд алалцаад байна. Хэн сайхан хийсэн нь нэг хэсэг хийг л дээ. Хийснийх нь араас тойроод л хов жив ярьдаг. Иймэрхүү юманд чинь бид хөгжихгүй байгаа гол шалтгаан нь.
Мөн баахан хуурчид төгссөн ч ажиллах орон зай байхгүй, жуулчны баазуудад тоглоод сууж байна. Манайх чинь Монгол Улсыг төлөөлөх нүүр царай учраас эхлээд зөв хүн байх ёстой. Дараа нь хөгжимчдийн чадварыг нь харна. Үндэсний урлагийг хөгжүүлэхэд ур чадвартай байхаас гадна сэтгэлтэй байх ёстой. Улсын хөгжил ухамсраас эхэлдэг юм болов уу. Манайхан хүүхдүүдээ гадаадын сургуульд оруулна гээд хүүхдүүдийн дунд амьдралын түвшин бий болгодог. Гэтэл япончууд хүүхдээ гадны сургуульд сургадаггүй, харин хүнээ хүндлэх зүйлд сургаж байна. Мөн Хоккайдад уртын дууны тусгай шавь сургалт бий. Энэ сургалтаар зүрхний хэмнэлээр төд цохиж байна. Цохих газар нь хоёр удаа цохих энэ үед хаана нь амьсгаа, зогсолт авах вэ гэдгийг нарийн заадаг. Гэтэл манайд 20 уртын дууч дуулж байхад хоёр нь л микрофоноо барьчихдаг. Энэ нь ахалж байгаа хүмүүстэй холбоотой. Тэр хүмүүсээс сурч байгаа хүмүүс ийм л зүйлийг өвлөж авна.
 
Ардын дуу, хөгжим бусад хэлбэртэй гайхамшигтай зохицдог
 
-Ардын дуу, хөгжмийг өөрчилж дуулахгүй бол залуучуудаас холдчихоод байлаа. Манай уламжлалт ардын дуу, хөгжим бусад хэлбэртэй зохицоно гэдэг гайхамшигтай. Монголын хөгжмийн зохиолчдын уламжлалт бүтээлүүдээс түшиглээд бичсэн бүтээлийг гадаадынхан ямар гайхалтай, чөлөөтэй юм бэ гэдэг. Бид цагаан сар, наадам болохоор морин хуур, уртын дуу, шинэ жил болохоор тийм дуу гэдэг ойлголтоос гарах гээд яваад байна. Ингэж байж хөгжинө. Гэрийн хоймроос тайзнаа аваачаад дэлхийд гаргачихсан морин хуурыг дэлхий сонсоод болсон байхад бид зөвхөн цагаан сар, наадмаар л сонсдог. Тиймээс том ухамсар ярихаас илүү эхлээд энэ ойлголтоос гарах нь чухал. Өөрсдийгөө чөлөөлж сурах хэрэгтэй. Энэ бол ганц бидний ажил биш.  Мөн ард түмний хандлага, оролцоо хэрэгтэй. Яагаад гэвэл бид өөрсдийнхөө оюуныг том уламжлалаар үргэлжлүүлэх үүрэгтэй яваа. Бид монголчууддаа дэлхийн ололтыг ойроос сонсох сонсогчдыг бэлтгэх хэрэгтэй. Үүнийхээ төлөө ч байна. Бид чинь гадны соёлыг их гайхдаг хүмүүс шүү дээ. Гэтэл бүтэн жарны хөгжилтэй рокийг Дашка ах язгуур дээр маш сайн суурилж хийсэн. Бидэнд юу байгаа вэ, бид юутай билээ гэдгээ сайн хэлж, харж байх ёстой. Гадны юмыг дуурайж хийснээрээ соёлт хөгжингүй болж харагдана гэсэн ойлголт биш. Үндэстнээ сайн таньж мэддэг байх хэрэгтэй. Уламжлалаа яг язгуураар нь бариад орчин үе ч юм уу шинэ түвшинд байж болно. Аялал жуулчлалыг хөгжүүлье гээд байгаа хэрнээ системийн хувьд хуучнаараа л явж байна. Тухайлбал, амьдрал үргэлжлэхгүй юм шиг бид долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-нийг хүртэл амардаг. Хүмүүс нь ч гэсэн ингээд сурчихсан.
 
Олон жил хөгжимдсөн ч Соёлын тэргүүний ажилтан болоогүй хүмүүс бий
 
-Урлаг бол нийгмийн сэтгэл зүйн өмнө нь явж, олон нийтийг хүмүүжүүлж, төлөвшүүлж байх учиртай. Юм хийе, бүтээе гэсэн уран бүтээлчдээ улс бодлогоор дэмждэг баймаар  санагддаг. Зарим зүйлээс харахад манай төрийн албан тушаалтнуудад урлагийг хөгжүүлэх сэтгэл дутаад байх шиг. Ямар нэг санал санаачлага гаргаад танилцуулахад өөрт ашиггүй бол хөдлөхгүй байх жишээтэй. Мөн шагналын асуудал байна. Ер нь шагнал гэдгийг болиод эдийн засгийн үнэлэмжээр явах хэрэгтэй. Далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байдаг хөгжимчид улсад гавьяатай юу. Мартагдаж хаягдсан мэт байдалтай байгаа хөгжимчдийг эргэж хараг цаг нь болсон. Манайд хөгжил гэдгийг өнгөний хэлбэрээр ойлгоод баахан байшин барилга төсөөлөөд байдаг. Уг нь ард түмний ухамсрын болон оюун ухааны хөгжил хамгийн чухал шүү дээ.
Хүмүүс хөгжимчдийг сайн мэддэггүй. Бид танигдахдаа гол нь. Олон жил сайн тоглосон хөгжимчдийг улаан хавтас, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулах юмсан гэж боддог. Нэг насаа хөгжимд зориулсан, 20 гаруй жил хөгжимдсөн ч Соёлын тэргүүний ажилтан аваагүй хүмүүс бий. Гэтэл дуучид, бүжигчид энэ шагналыг нь аваад, хэдэн хөгжимчид нь хуруугаа цэврүүтүүлээд үлддэг. Бүх юмны суурь нь хөгжим. Сайхан үг, дүрс хоёроор юм агуулж болохгүй. Сонгууль болоход хөгжимчид үг дуугүй зарц болдог. Сүүлийн үед салбарын яам анхаарч байгаад баярлаж байгаа.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин