sonin.mn
ХОНКОНГ. /NHK/. Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчид өнгөрсөн ням гарагт жагсаал цуглаан өрнүүлж, зарим жагсагч Бээжингийн төлөөлөгчийн газар руу халдсан байна.
Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, ням гарагт 430 мянга гаруй хүн жагсжээ. Тэд одоогоор түр хойшлуулаад буй Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төслийг бүрэн цуцлахыг шаардаж байгаа юм.
Жагсаалын дараа олон мянган эсэргүүцэгч эх газрын Хятадыг төлөөлдөг Бээжингийн төлөөлөгчийн газрын гадна ирж, уг газрын байр руу өндөг болон хар бэх шидсэн байна. Цагдаагийн ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашигласаны улмаас сөргөлдөөн үүсжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн газар жагсагчдын гаргасан үйлдлийг зэмлэн буруушаасан байна. Үүний зэрэгцээ метроны буудлын ойролцоо жагсагчдыг эсэргүүцэгчид жагсагчид руу халдсаны улмаас наад зах нь 36 хүн гэмтсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг