sonin.mn
Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт “Дотоодын цэргийн ногоон малгайтан” гэгдэх 05 дугаар ангид 1973 оны хавар эх орны өнцөг булан бүрээс ирсэн бор цэргүүд Туул голын хөвөөнд 1000 цэргийн карантинд цугларсан юм. Аравдугаар анги, техникум, дээд сургууль, төгссөн биднийг тус хорооны сургууль ротын салаанд авч билээ. Энэ үед хүйтэн дайны төгсгөл болох Хятадын асуудал хурц үе байв. Карантин дуусаж Улаанхуаран дахь 05 дугаар ангийн байранд ирэхэд манай салааны даргаар Ч.Бүдсүрэн гэж ОХУ-д Хилийн цэргийн дунд сургууль төгссөн, аливаад цэгцтэй, ул сууртай ханддаг, цэргийн эрдэмд гарамгай суралцсан нягт нямбай офицер биднийг хүлээн авсан юм. Нэг жилийн турш тусгай хорооны жагсаалын талбай дээр өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цагийн хооронд цэргийн бэлтгэл сургуулилт хийнэ. Дэслэгч Ч.Бүдсүрэн өглөөний босолтоос оройн тооны амралт хүртэл ангийн байрнаас биднээс салахгүй. Тэр үеийн офицерууд гэрийн бараа бараг хардаггүй байсан санагдана. Хагас, бүтэн сайн өдөр бүр 10-12 км-ийн марш тактикийн иж бүрэн зэвсэглэлтэй норматив гүйлтэнд тэрбээр салаагаа авч гүйнэ.
 
Өөрөө ч сайн гүйнэ. Гүйж чадахгүй цэргүүдийн зэвсэглэлийг авч үүрэн цэргээ сугадаж гүйсээр барианд орж ирдэг байв. Тиймээс ч түүний удирдсан салаа маршийн тэмцээнд гурван удаа аваргалж байлаа. Биеийн тамир, тактик, байлдааны бэлтгэлийн хичээлийг өөрөө биеэрээ үлгэрлэн хийнэ. Ялангуяа соонс эргэхдээ нэг удаад 50 хүргэх нь гайхалтай. Чадахгүй нэгнийг турникнээс салгахгүй уяж сургана. Нэг ёсондоо ухаанаараа, биеэрээ биднийг гардан сургана. Бидний алба хаах гурван жилийн хугацаанд шанаа авах үе бишгүй. Гурван жилийн цэрэг гэдэг галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тэвхгэр эрчүүд байдаг байлаа. Тэрбээр тус ангид зэвсгийн салааны дарга, ангийн штабын даргын туслахын албаны офицер болсон юм, 1983 оны авто баазын намын байгууллагын дарга, улстөрийн хэлтсийн даргаар дэд хурандаа болтлоо ажиллаад тэтгэвэрт гарсан билээ. Одоо харин тэрбээр
 
Хилийн 0164 дүгээр ангийн ахмадын хорооны даргаар ажиллан хилчин ахмадуудынхаа эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө зорьж явна. Энгэртээ Байлдааны гавьяаны улаан тугийн одонтой хослуулан Байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одон, Монгол, Оросын “Онц хилчин” тэмдэг гялалзуулан хийсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлснийг нь харах бахархалтай сайхан. 
 
Дурсамжийг бичигч миний бие 1974 оны тавдугаар сард бага даргын сургууль төгсөөд ахлах түрүүч цолтой авто баазын жагсаалын даргаар томилогдон ирж билээ. Удалгүй авто баазын даргаар Д.Цэдэвдорж гэж нас тогтсон хошууч томилогдон ирсэн юм. Штабын даргаар дэд хурандаа Адъяа, улс төрийн орлогчоор ахлах дэслэгч Гэмбэл, ерөнхий инженерээр дэд хурандаа Батдорж, ашиглалтын албаны даргаар ахмад Боргилчулуун, санхүүгийн даргаар Чойнхор, салааны даргаар ахмад Цэрэнбалжир, Цэнд-Аюуш, Баттогтох, Оросоо, ахлагч жолооч, салааны дарга Аварзэд зэрэг хүмүүс ажиллаж байв, Авто бааз нь Хилийн цэргийн бүхий л ачаа тээврийг отряд, заставт хүргэнэ. Жолооч нар өглөөний нарнаас үдшийн бүрийтэй зэрэгцэн цаг наргүй ажиллана. Бид парк ашиглалт, техникийн байлдааны бэлэн байдал, засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах, жил бүрийн техникийн үзлэгт онцгойлон анхаарч ажилладаг байв.
 
1975оны шинэ цэргийн карантинд Ганц худагийн аманд жагсаалын дарга, ахмад Цэнд-Аюушийн хамт ажилласан юм. Карантины баярын үйл ажиллагаанд генерал Ш.Арвай оролцоход рапорт өгч байсан маань сайхан санагдаж байна. Ахмад Цэнд-Аюушийн хувьд эрэлч нохойны мэргэжлийн офицер их дайчин хүн. Ямар ч цэргийн магнайд түүний хөл хүрэх нь гайхалтай. Гурван жилийн цэргийн алба гэдэг дэглэм чанга, цэрэг нь чанга, дарга нь чанга, бие нь ч чулуу шиг байж дээ.
 
Манай баазад ахлагч Б.Ганбат, ахлах түрүүч Шагдар, түрүүч Нямхүү, Сэрээнэн, бага түрүүч Бямбажав, Баасанжаргал, Нота нарын олон сайхан хугацааны нөхдүүд ажиллаж байсан юм. Бид 1976 оны долдугаар сарын 18-нд баярын парадад жагсаад халагдсан билээ. Ингээд .1987 онд Эрдэнэтийн 186 дугаар ангид бэлтгэл офицерийн курсэд суралцаж дэслэгч цол авч бэлтгэлээр халагдсан. Цэргээс халагдаад төр, засаг, хууль хяналт, олон нийт, аж ахуйн ажилд 45 жил зүтгэн гавьяаныхаа амралтад гарсан юм. Алдарт тусгай хороо авто баазаа ийнхүү эргэн дурсахад таатай байна.
 
Ахмад хилчин Ж.Оролбий
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин