sonin.mn

"Аравт" морин цэргийн олон улсын уралдаанд оролцохоор ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев ахлагчтай баг тамирчид манай улсад хүрэлцэн ирээд байна. Уралдаанд үндсэн оролцогчоор оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдад өнөөдөр уралдааны үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг уралдаан зохион байгуулах хорооны Аюулгүй байдал, харуул хамгаалалтын бүлгийн дарга, Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын тасгийн дарга, дэд хурандаа Ш.Эрдэнэбаатар, морь, түүний арчилгаа, уналгад бэлтгэх талаарх зөвлөмжийг тус хорооны Мал эмнэлгийн бүлгийн дарга, Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн Мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийн дарга, ахмад Ж.Даваадорж, уралдаанаас бусад цагт явагдах соёл урлаг, спорт, сурталчилгааны арга хэмжээний мэдээллийг мөн уралдаан зохион байгуулах хорооны Соёл, сурталчилгааны бүлгийн дарга, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Ууганбаяр нар танилцуулсан юм. Хурлын эхэнд "Аравт" уралдаан зохион байгуулах хорооны ажлын албаны дарга, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга ""Аравт" морин цэргийн олон улсын анхдугаар уралдаанд оролцохоор манай сайхан оронд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэ уралдаан өрсөлдөөний гэхээс илүү нөхөрлөлийн талбар байна гэдэгт зохион байгуулагч бид бүхэн итгэлтэй байна. Та бидний баримтлах гол зарчим бол аюулгүй байдлаа хангах юм. Өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг хангана гэдэг хүн бүхний үүрэг гэдгийг ойлгоорой. Баг бүрт орчуулагч, агтач болон бусад шаардлагатай бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж байна.

Та бүхэн санал сэтгэгдлээ хүссэн цаг үедээ чөлөөтэй хэлж болно" гээд хүн, морь, зэвсэг гурав амь нэгтэй байж, уралдаандаа амжилттай оролцохыг хүслээ. Үүний дараа дэд хурандаа Ш.Эрдэнэбаатар уралдааны голлох үе болох алсын зайн марш болон ойрын зайн маршийн үеэр баримтлах аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэлж өгөв. Тухайлбал, алсын зайн маршийн үеэр усан саад гатлахдаа зэвсэг техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, урсгал сөрж гатлах, зөвхөн тогтсон маршрутаар гарах, аврах хантаазыг зөв өмсөж хэрэглэх ёстойг сануулав. Мөн морь сэлгэх цэгт үүрэг гүйцэтгэхдээ бугуйлаа гар болон биедээ ороохгүй байх, тийрүүлэх, хазуулахаас болгоомжлох бол хоноглох цэгт тогтсон газар оронд хоноглож, байгалийн болоод гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг захилаа. Харин ахмад Ж.Даваадорж "Монголчууд эрт дээр үеэс эхлэн морио уналга, ачилга, дайн тулаандаа хэрэглэж ирсэн ард түмэн.

Монгол адуу жилийн дөрвөн улиралд бэлчээрээр явдаг бөгөөд өвлийн ямар ч хүйтэн, зуны ямар ч халууныг даах чадвартай" гээд морь эмээллэх, хазаарлах, чөдөрлөх болон ядарсан, цуцсан үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгсөн юм. Төгсгөлд нь дэд хурандаа С.Ууганбаяр соёл урлаг, спортын арга хэмжээ энэ сарын 23-ны өдрөөс буюу маргаашаас эхэлнэ. ЦДБЭЧ-ын тоглолт, "Бэсрэг наадам", гар бөмбөгийн тэмцээн, "Адуучин" морин үзүүлбэр, "Монгол дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн болон уралдаанд оролцогч орнуудын соёлын өдөрлөг гээд олон арга хэмжээ болно гэдгийг хэллээ. Мөн энэхүү анхдугаар уралдааныг сурталчлахад МҮОНРТ гээд олон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана. "Аравт" хээрийн сонинг монгол, орос хэл дээр эрхлэн гаргаж, "Аравт" цахим хуудаснаас өдөр тутмынхаа мэдээ мэдээллийг аваарай гэсэн юм.