sonin.mn
УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, улсын хэмжээнд өрнөж буй зарим зам, засварын ажлын талаар ЗТХ-ийн сайд, холбогдох албан тушаалтны мэдээллийг сонссон тухай тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэв. 
 
 
 
Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж хуйларч, нийгэмд байгаа эерэг, сөрөг зүйлийн үр дагаварыг орхиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа тухай тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцолсон. Үүнтэй холбогдуулан тус зөвлөлөөс иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа асуудлаар холбогдох яамных нь мэдээллийг сонсож байх шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн хурлаар ЗТХЯ-ны төлөөллийг оролцуулсан бол, дараагийн удаа ХХААХҮЯ-аас ургац хураалттай холбоотой асуудлын мэдээлэл сонсоно. Түүний дараа Эрчим хүчний яамтай өвөлжилтийн бэлтгэл, нүүрс, утааны асуудлаар хэлэлцэх зэрэг төлөвлөгөөтэй байгаа аж.
 
 
 
Тэрбээр, "Улаанбаатар-Дархан, Налайх-Улаанбаатар чиглэлийн замын талаар ЗТХЯ-ны өргөн бүрэлдэхүүн хуралд оролцож, мэдээлэл солилцлоо. Хамгийн гол асуудал нь дээрх чиглэлийн түр зам иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Эдгээр түр зам стандартын дагуу хийгээгүй, энэ жил бороо хур ихтэй байгаагаас зорчиход хүндрэлтэй болсон. Иргэдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд аюул учруулж байгаа энэ түр замд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Замын ажлын мэдээллийг сонсоход, түр замын санхүүжилт хангалтгүй байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн 200 гаруй км түр замд 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хангалтгүй. Үүнд анхаарч ажиллахыг холбогдох яамныханд санууллаа. Түр замыг стандартын дагуу хийхгүй бол үндсэн замын ажлыг гүйцэтгэхэд хүндрэлтэй. Зарим нь зам тавьж дуусах хүртэл тэвч гэж хэлээд байгаа. Тэвчээрт хязгаар бий. Тиймээс холбогдох яамныхан маргаашаас анхаарал тавьж, шуурхай ажиллана гэдэгт найдаж байна" хэмээв. 
Мөн АН-ын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн байна.  Тус зөвлөлөөс гарсан тодорхой саналаа төслийн ажлын баг, дэд багүүдэд хүргэхээр болжээ. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээр батлуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, орон нутгийн засаг захиргаатай холбоотой зэрэг саналууд дээр өмнөх байр суурь хэвээрээ байгаа гэдгийг зөвлөлийн дарга Д.Эрдэнбат онцлов. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг заавал ард түмнээр батлуулах ёстой гэсэн УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад наймдугаар сарын 6-нд хүргүүлсэн. Тэр тогтоолыг чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэхгүй бол АН-ын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлж байна гэлээ.