Бидний аав Доржжанцангийн Санги тэр үеийн Өвөрхангай аймгийн Богд сумаас 1936 онд 26 настайдаа цэрэгт татагдаж Матадын VIII дивизэд очсон юм. Уг дивиз шинээр байгуулсан учир барилгыг барьж зусаад намар нь бага даргын курст суралцаж төгссөн байна. 1937 оны тавдугаар сард XXIII морьт хорооны холбоо салааны тасгийн дарга болж 10 цэрэг хариуцан ажиллаж байв. 1939 оны тавдугаар сарын 24-нд Баянцагаанд Халхын голын анхны тулалдаан эхэлж хурандаа Л.Дандарын командалсан Тамсагийн VI дивиз, хурандаа Нянтайсүрэнгийн командалсан Матадын VIII дивиз, хөнгөн хуягтын дивизон, ЗХУ-ын улаан армийн моторжуулсан буудлагын хороо, танкийн бригадын хамтарсан хүчээр Японы томоохон хүчний эсрэг эх орон газар шороогоо өмгөөлөн хамгаалж үхэх амь, урсах цусаа үл хайрлан арав гаруй хоног гардан болон хориглон байлджээ. Дайны явцад их бууны сум, бөмбөгийн дэлбэрэлтэд холбооны утас үе үе тасарч мөлхөх газар мөлхөж, өнхрөх газар өнхөрч тасарсан утсаа залгаж хороо дивизийн холбоог найдвартай залгуулж байжээ. Туслах холбоочин Базарын Тогтохын хамт үүргээ гүйцэтгэж явахад амь өрссөн хүнд үе олон тохиолдож байсан юм. Нэг жишээ дурдахад, хоёр тал хориглон байлдаж байхад нөхдийн хамт маш ашигтай байрлал эзлэн буудалцаж байлаа. Хэсэг хугацааны дараа буун дуу намдаж хориглож байсан хонхроосоо өндийн харвал манай анги ухарч бид ангиасаа тасарч үлджээ. Гурвуул сум сүлжиж гүйсээр эсэн мэнд ангидаа ирж байсан байна.
 
Баянцагааны тулалдаан хоёр армийн хамтарсан хүчний ялалтаар дуусч Японы цэргийн үлдэгдлийг Эмээлт манхан, Хэрээ уул зэрэг газарт бут цохижээ. Энэ дайнд байлдааны үүргийг гарамгай сайн гүйцэтгэсэн гэж үзэж аавыг маань Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.
 
Аав маань цэргээс 1939 оны аравдугаар сард халагдаж ирээд Өвөрхангай аймгийн Богд сумын бүлгэмийн багшаар ажиллахдаа сумын захиргааны тэргүүлэгч гишүүнээр томилогдож байсан. 1940 оны арванхоёрдугаар сарын эцсээр Богд сумын хоршооны харьяа Лигийн голын салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад 1943 онд Баянлиг сумыг байгуулахад хоршооны даргаар томилогдож 10 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд 1941-1945 онд болсон эх орны дайны үед ЗХУ-ын Улаан армид бэлэг тусламж хуримтлуулах, агт морь бэлтгэх, малын ноос ноолуур авч ашиглах, ердийн хөсгийг холын тээвэрт ашиглах, хувийн аж ахуйтны дотор ажиллахад хүнд бэрхшээлтэй жилүүд байлаа. Улаан армид бэлэг тусламжхуримтлуулахад хоршооны гишүүдээ сайн зохион байгуулж байсны ганц жишээг дурдахад хоршооны гишүүн Базарын Шүглэм 30 гаруй агт морио аав өөрөө 350 төгрөг, цөөн морьд бэлэглэж алтан үсэгтэй үнэмлэхээр шагнуулж байсан юм.
 
1946 оны наймдугаар сард аавыг Улсын 25 жилийн ойн хүндэт медаль, арванхоёрдугаар сард Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр шагнасан нь дайны үед Баянлиг сумын эд хэрэглэгчдийн хоршооны гишүүд хөдөлмөрчдийн идэвх чармайлтыг нам засаг өндрөөр үнэлсэн үнэлэлт байлаа. 1949 онд улсын IX их хурлын төлөөлөгчөөр сонгогдож уг хурлаас улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
 
Биеийн эрүүл мэндийн байдлаас болж хоршооны даргаас чөлөөлөгдөн 1952 оноос 1959 оны гуравдугаар сар / баг татан буугдах/ хүртэл багийн дарга, орлогч даргаар ажиллаж хувийн аж ахуйтныг зохион байгуулан төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, худаг гаргах, хороо барих, хадлан бэлтгэх ажлыг сайн зохион байгуулахын зэрэгцээ хувийн мал сүргийг 30-аас дээш хувиар өсгөж 1955 онд болсон Улсын сайн малчдын IV зөвлөгөөнд шалгаран оролцож Улсын сайн малчин цол тэмдэг, Алтан гадас одонгоор тус тус шагнуулсан юм. Аав маань харийн дайснаас эх орноо хамгаалах үйлсэд ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч эр зориг эрэмгий чадлаа дайчилсан архи тамхи хэрэглэдэггүй, шулуун шударга, аж ахуйч, гар хоосон зүгээр суухыг тэвчдэггүй жинхэнэ үлгэр жишээ ч монгол эр хүн байсан.
 
Төр засаг аавын гавьяа зүтгэлийг үнэлж дээрх одон медалиас гадна Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль. Зэвсэгт хүчний 60 жил, Халхын голын ялалтын ойн медалиудаар шагнасны дээр аав маань БНМАУ-ын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн байлаа.
 
Аав маань 1972 онд өндөр наснь тэтгэвэрт гарч нам засгийнхаа ач буянааз олон үр хүүхэдтэй өнөр өтгөн амьдарч байгаад 85 насандаа өвчний улмаас таалал төгссөн юм.
 
 
Хүү С.БАНДИ Охин С. ЛХАГВА, ЭРДЭНЭ, ЖАВЗАН, ТУЯА, ЭНХЭЭ