sonin.mn
…”Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
 
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм”…гэж. Есдүгээр сарын 1-нд хүүхдээ хичээл, сургуульд нь хүргэж өгөөд, хичээлийн шинэ жилийнх нь нээлтийг сэтгэл догдлон харж зогсох аав, ээжүүдийн сэтгэлд Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Ш.Сүрэнжав гуайн “Багш” хэмээх найраглал эрхгүй санагддаг билээ. Хүүхэд насны гэгээн дурсамж сүлэх энэ шүлгийн мөртүүд “Багш хүний алдар, гавъяаг яаж тэгж онож хэлэв ээ” хэмээн бодохуйд үсэг таниулж, үг холбож сургасан багш нарын алдар гавьяаг бас мөнхөлж байдаг билээ. Тиймээс шинэ дэвтрийн эхний  хуудсан дээр “Есдүгээр сарын 1” гэж тодоос тод  бичигддэг эрхэм өдрийн зочноор Нийслэлийн 39 дүгээр сургуулийн “Боловсролын тэргүүний ажилтан” Ч.Даваажалам багшийг урьсан юм.
 
“Багш, сургууль хоёроо байнга дурсаж явдаг”
 
 
1985 он. Гэр бүл, аав ээжийн хамт
 
“Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олно” гэдэг шиг үе, үеийн шавь нар нь түүнийг “Дажэ багш” хэмээн дууддаг аж. Харин боловсролын салбарынхан болоод эцэг, эхчүүд түүнийг “Ахлах ангийн сайн менежер” хэмээн нэрийддэг ажээ. Боловсролын салбарт өдгөө 30 орчим жил ажиллаж буй Ч.Даваажалам багш хүүхэд байхын л магадлалын онолоор “амьсгалсан” жижигхэн физикч охин байв. Тэрээр өнөөдөр мэдлэг, туршлагаа өөрийн болгосон жинхэнэ “Физикийн багш” болсон ч “Би одоо болтол шавь нараасаа суралцсаар л явна.  Багш хүн алхам тутамдаа  суралцаж байж л хөгждөг” хэмээн ярих нь түүнийг мэргэжилдээ дуртай, даруухан нь дэндсэн багш гэдгийг илтгэх биз. Түүний ажил, амьдралын гараа хөдөөгийн нэгэн сумаас эхэлж,  ажлын дадлага туршлага нь “Боловсролын салбарын тэргүүн” болтлоо зузаарсан сонирхолтой түүхийг бид хуучилж, гэрэлтэй сайхан яриа дэлгэв.
Социализмын үед “Илгээлтийн эзэд” хэмээх компанит ажил хаа сайгүй өрнөж байсныг бид мэднэ. Түүний аав, ээж хоёр тэр л цаг үед Сэлэнгэ аймагт соёлын үрийг тарихаар томилогдон очоод, хоёр биенээ олж учран айл болж байжээ. Мөн түүний аав, ээж хоёр байсхийгээд л томилолтын хуудас өвөртөлнө. Түүний хүүхэд нас ч бас үүнд нь  дасал болжээ. Багш бүсгүйн аав Н.Чогсом Говь-Алтай аймгийнх, ээж М.Сэржмядаг нь Дундговийнх. Аав нь төр захиргааны байгууллагад олон жил ажилласан, хичээл зүтгэл сайтай нэгэн байсан учраас хүмүүс “Чогсом дарга” гэж элгэмсүү хандаж, хүндэтгэнэ. Ээж нь мөн ажил, мэргэжилдээ гаршсан хөдөө аж ахуйн мэргэжилтэн байв. Тэрээр аав, ээж хоёрыгоо Төв аймгийн Бүрэн сум руу томилолтоор явах  үед нь  Улаанбаатар хотод төржээ. Хэдийгээр хотод төрсөн ч бяцхан физикч охины хүүхэд нас, сургуулийн амьдрал, гэр бүлтэй болсон идэр залуу нас Төв аймагтай салшгүй холбоотой хэмээн бидний яриа эхэлсэн юм.
 
Монголчууд “Багш шавь барилдана гэдэг сайн заяаны учрал” хэмээн билэгшээдэг.  Учир нь, “Багш” хэмээх нэр хүндтэй энэ алба орчлонд хүний хувь заяаг олж төрсөн хэн бүхэнд тийм ч амар олдоод байдаггүй. Хүний тархи, оюуныг мэдлэгээр цэнэглэнэ гэдэг олон шалгууртай, амаргүй ажил байдаг. Тиймээс л тэднийг “Багш та алган дээр од тавьдаг, амьдралд оч харвуулдаг шидтэн юм” хэмээн магтаалын дээдээр гоёдог аж. Аав ээжийнхээ томилолтын үрээр хүүхэд байхдаа тэрээр сургууль сэлгэн суралцдаг байж. Анх дунд сургуульд орохдоо Төв аймгийн Зуунмод хотын нэгдүгээр 10 жилд суралцаж байсан бол дунд нь Төв аймгийн Лүн сум руу шилжин суралцаж, эргээд Зуунмод хотод аравдугаар ангиа төгсөж байсан хэмээн ярив. Тэрээр дунд сургуулиа төгсөөд, МУИС-ийн Физикийн ангид элсэн орж, 1992 онд  “Физикч, физикийн багш” мэргэжлээр суралцаж төгсчээ. Ингээд түүний амьдралд  нэгэн гайхам үйл явдал тохиосон нь багшийн мэргэжил эзэмшиж, шинэхэн диплом гардаж авсан залуу багш өөрийнхөө суралцаж байсан сургуульд буюу Төв аймгийн Лүн сумын 10 жилийн дунд сургуульд багшаар очжээ. Залуухан физикч багш “Есдүгээр сарын 1”-нийг их л догдлонгуй ярьсан нь сэтгэлийн утсыг хөндөх аж.
-“Анх багшаар очиж байсан сэтгэгдэл минь хэзээ ч мартагддаггүй юм. Надад хичээл зааж байсан багш нартайгаа хамтарч ажиллахаар Төв аймгийн Лүн сумд очиж байлаа. Залуу хүний хувьд, олон мундаг багш нартайгаа хамтран ажиллаж, тэднээс суралцана гэдэг ховор сайхан боломж байв. МУИС-д 4-5 жил суралцаж, багшийн мэргэжил эзэмшсэн ч, төгс багш болж бэлтгэгдээгүй нь лавтай. Ажил амьдралын гараан дээр очоод бүх зүйлийг ахмад багш нараасаа суралцаж, багш болох эхлэлээ тавьж байлаа. Тухайлбал, анги удирдсан багш Ширмэнгинж, математикийн ухаан зааж сургасан Бор багш, Монгол хэл, уран зохиолын хичээл зааж байсан Дэмбэрэлсамбуу, Түүх-нийгмийн ухаан зааж байсан багш Дагдан, Физикийн багш Найданхүү гээд олон багшаа энэ өдөр дурсаж байгаадаа баяртай байна. Би багш, сургууль хоёроо байнга л дурсаж явдаг даа” гэв.
 
“Анхны шавь нар минь намайг жинхэнэ багш болгосон”
 
Анх багшаар очиход шинэхэн диплом гардсан залуухан багшид “Есдүгээр сарын 1”, хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр үг хэлэх хэцүүхэн даалгавар иржээ. “Суралцаж байсан сургуулийнхаа үүдэнд зогсоод, шинэхэн багш үг  хэлнэ гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байлаа. Ямар их догдолж, сандарч, тэвдэж байснаа мартдаггүй юм. Намайг шинэ залуу багш гэж гололгүй үг хэлэх эрх олгож, тэр байтугай залуу хүн анги удирдаж үз. Хүүхдүүдтэй харилцаж үз гээд долдугаар ангийн хүүхдүүд хүлээлгэн өгч байсан минь саяхан мэт санагдах.  Анхны шавь нар минь намайг жинхэнэ багш болоход ихийг зааж сургасан. Тэдэнд хичээл заахын хажуугаар “Багш хүн ямар байх ёстой вэ?” гээд их суралцдаг байлаа.  Би тэр үед шавь нараасаа хэдхэн насаар, 14-15 насаар эгч шинэхэн багш очиж байлаа. Гэсэн ч тэд шинэ залуу гэлтгүй багшаа их хүндэлнэ. Сайн, сайхан зүйлд ангийнхаа нэрийг гаргах гээд сурлага, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Ер нь л амжилтын буухиатай сэргэлэн хүүхдүүд байдаг байсан. Одоо анхны шавь нар минь бүгд л улс эх орон, нийгэмдээ хийж бүтээх зүйлтэй,  салбар салбартаа тэргүүлсэн залуучууд байдаг. Энэ мэтчилэн багшийн мэргэжлээр бахархах зүйл олон” гэв. Мөн “Багш шавь хоёр яг л нэг ангийн хүүхдүүд шиг нэгнээ гэсэн сэтгэлтэй болчихдог”  хэмээн ярих нь багшийн мэргэжлээр бахархах гайхам сайхан түүх байв.
 
“Өнөр бүл”-ийн отгон шавь нар 36-уулаа
 
 
Нийтлэлийн минь эзэн Ч.Даваажалам багш одоо Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд ажилладаг. Энэ жил 50 жилийн ойгоо угтаж буй О.Бөхчулуун захиралтай тус байгууллагын хамт олон шижигнэсэн залуучуудаар эгнээгээ тэлжээ. 1969 онд байгуулагдаж байсан түүхтэй энэ  сургуульд одоо 1600 хүүхэд суралцдаг. Багш, ажиллагсад нь нийлээд 110 хүн ажилладаг гэж байв. Өнөр олуулаа энэ “гэр бүл”-ийнхэн ойгоо угтаад олон бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, шилдэг багш нарынхаа заах аргазүйг нэгтгэж, тэргүүн туршлагыг нь ном болгон баринтаглаж буй гэнэ. Мөн сургуулийнхаа 50 жилийн түүхийг өгүүлсэн ном бичиж байгаа гэв. Багш сурагчдынхаа ажиллах, сурах орчныг сайжруулах үүднээс гадна, дотнох засвар үйлчилгээндээ анхаарч ажиллаж байгаагаа дуулгаж байв. Нийслэлийн 39 дүгээр дунд сургуулийнхан ирэх арваннэгдүгээр сард ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхээр товложээ.
 
Ч.Даваажалам багш, боловсролын салбарт 30 орчим жил ажиллаж байгаа гэдгийг дээр нэгэнтээ дурдсан. Тэрээр энэ сургуульдаа 15 жил ажиллаж байгаа аж.  Энэ хугацаандаа  IX-XII ангийн хүүхдүүд хүлээн авч, ажил амьдралынх нь  гараанд нь сурлагын ахицтай, сайны ерөөлтэй үдэж өгдөг мэргэшсэн багш нарын нэг юм.
 
Хичээлийн шинэ жилээ угтаж буй тэднийг ажихуйд өнгө, өнгийн цэцэг тэвэрч, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хөөрхөн охид, хөвгүүд “Багш аа, багш аа намайг таньж байна уу?”, “Бид өндөр болж уу”, “Багшаа миний дууны өнгө өөрчлөгдчихсөн байна уу” хэмээн шуугилдах нь хөөрхөн юм. Зарим нь нэгнийхээ цүнхний ард нуугдаж, бишүүрхэнэ.  Тэднийг хажуунаас нь харахад “Багш, шавь” гэж ялгарах зүйлгүй, яг л нэг ангийн хүүхдүүд шиг бие биенээ тосон уулзалдах нь аргагүй л “Есдүгээр сарын 1”-ний өнгийг илтгэх аж.
 
Ч.Даваажалам багшийн дааж авсан ангийнхан энэ жил есдүгээр ангид элсэн орж байгаа гэнэ. Тэд “Ирэх хавар дунд ангиа төгсөнө, улсын шалгалт өгнө” гээд хариуцлага өндөртэй жил угтаж байгааг онцолсон. Ангийн багш нь ч бас энэ яриаг илүү тодотгон “Би энэ хүүхдүүдээ зургадугаар ангид нь хүлээн авч байлаа. Энэ жил бид хэд дунд ангиа төгсөнө. Бидний хувьд өмнөө том зорилго төлөвлөсөн хариуцлагатай жил угтаж байгаа юм. Тиймээс багш, шавь гэлтгүй илүү их хичээж, өөрөө өөрсдийгөө дайчилж байж л зорилгодоо хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй хичээлийн шинэ жилээ угтаж байна. Нөгөөтэйгүүр, би ирэх жил тэтгэвэртээ гарна. Энэ анги маань миний отгон шавь нар юм. Ангидаа бид 36-уулаа. Охид, хөвгүүдийн маань тоо ойролцоо. Тиймээс энэ хичээлийн жилд бид хамтдаа олон сайхан амжилтыг, олон сайхан дурсамжийг хамт бүтээнэ гэж бодож байна. Энэ өдөр ангийнхаа хүүхдүүдийг сэтгэл догдлон хүлээж байлаа. Манай ангийнхан чинь урлаг, спортын олон сайхан арга хэмжээнд тэргүүлж, багшийгаа баярлуулж чаддаг, сэргэлэн хүүхдүүд байдаг юм” хэмээн шавь нараараа бахархав.
 
“Хүүхдийг хайраар дутааж л болохгүй”
 
 
Нийслэлийн 39 дүгээр дунд сургуулийн Заах аргын нэгдэл.
 
Есдүгээр сарын 1 бол догдлуухан өдөр. Хүн болгон энэ өдөр хүүхэд насаа дурсаж, хүүхэд болгон сэтгэлдээ гэгэлзэж хонодог. Бас айл болгонд ажил өрнөж, аав ээж болгон хүүгээ, охиноо сургуульд нь хүргэж өгдөг. Энэ өдөр хүн бүрт эрхэм санагдахын сацуу анх сургуульд орж буй зургаан настнууд, их, дээд сургуулийн босго алхах оюутан залуусын хувьд ч, хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэн өгч буй аав ээжүүдийн хувьд ч “Есдүгээр сарын 1” хэзээ ч мартагддаггүй. Үргэлж л цоо шинэ дурсамжийг бүтээж байдаг. Тэгвэл багш нарын сэтгэлд ч бас хуанлийн нэгэн шинэ хуудас эргэж, энэ өдрийг шавь нарынхаа хамт олон бүтээлч төлөвлөгөөтэй сэтгэл дүүрэн эхлүүлж байдаг аж.
 
Түүнтэй ярилцаж суух зуур багш хүний жаргал зовлон, ажил мэргэжлийн онцлогоор бахархах сэтгэл эрхгүй төрнө. Учир нь, айл бүхэн, хүн бүхэн хичээлийн шинэ жилийн эхний өдөр ихэнхдээ л зургаан настнуудад санаа зовж байдаг. Гэтэл тэрээр “…Хүүхдийг бага, дунд, ахлах анги гэж ялгах хэрэггүй. Тэд бүгдээрээ амьдрал мэдэхгүй нялх хүүхдүүд. Магадгүй, зарим аав ээжид  том хүүхэдтэй анги урсгалаараа, асуудал багатай явчихдаг юм шиг санагддаг байх. Гэвч тийм биш юм. Мэдээж, сургуульд анх орж буй бага ангийнхан бие даах чадвар сул, цэцэрлэгийн насныхан орж ирдэг. Цав цагаан цаас шиг тэр нялх “амьтан”-д үсэг нүдлүүлж, үг холбох арга зааж, уншиж бичүүлж сургана гэдэг асар том ажил, хүнд хөдөлмөр. Тиймээс  бага ангийн багш нараар би их бахархаж явдаг. Би хэдийгээр бага ангид хичээл орж байгаагүй ч гэсэн гурван хүүхдийн ээж. Тэднийгээ сургуульд ороход нь уншиж бичүүлэхээс эхлээд бөөн л ажил болдог байв. Ганц хүүхэдтэй ажиллах ямар хүнд байдаг билээ. Гэтэл 30-40 хүүхдийг уншиж, бичүүлж сургана гэдэг нөр их хөдөлмөр юм.
Гэхдээ олон жил дунд, ахлах анги хариуцаж яваа багшийн хувьд, бага ангиасаа орж ирж байгаа зургадугаар ангийнхан бол яг л нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй адилхан байдаг. Хэдийгээр дунд ангийн хүүхдүүд сурах эвээ олчихсон байдаг ч тэд маань нэг багшийн удирдлага дор, нэг багшийн заах аргазүйгээр явчихсан хүүхдүүд байдаг. Дунд ангид орж ирэхэд нь олон багш хичээл заахаас эхлээд л сурах орчин нь бас солигддог. Хүүхдийн сэтгэлзүйд энэ нь том өөрчлөлт өгдөг. Олон багшийн заах аргазүйд суралцахад нь эцэг, эхчүүд маань ч гэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэтэл манайхны ээж, аавууд “Том болсон хүүхэд” гээд анзаарахгүй өнгөрөх нь элбэг байдаг.
 
Миний хувьд, хүүхдийг зэмлэж, хатуурхах дургүй. Хүүхдийг аль болох зөөлөн аргаар хүмүүжүүлэхийг илүүд үздэг. Хичээл сургуульдаа шамд гэхээс илүү өсвөр насны хүүхдүүдэд олон асуудал тулгардаг. Хичээлээ ойлгохгүй байхаас эхлээд “Тэр охинд, энэ хөвгүүнд сайн болчихлоо”. “Би тэрэнд гомдсон, тэр тэгж хэлсэн” гээд сэтгэл санааны хувьд тогтворгүй болж ирдэг. Багшийн зүгээс тэр бүх зүйлд нь  санаа тавьж туслах, асууж ярилцаад ойлголцох гэж, тэднийхээ дунд заримдаа хүүхэд шиг, тэднийхээ найзууд шиг гүйж явах тохиолдол олон байдаг. Ялангуяа, анги удирдсан багш нарт 20-30 хүүхдийн сурлагын дүн, ар гэрийн амьдрал, сэтгэл санааны байдал бүгд хамаатай байдаг. Тиймээс аав, ээжүүддээ захиж хэлэхэд,  “Таны хүүхэд сургуульд явдаг л бол бага, дунд, ахлах  гэлтгүй тэдэнд байнга анхаарал хандуулж байгаарай” гэж хэлье. Нийслэл хотын амьдрал ямар билээ. Нэг сургуулийн анги дүүргэлт, хүүхдүүдийн чөлөөт цагийг өнгөрөөх орчин нөхцөл ямар билээ гэдгийг бодолцоод, том, бага гэлтгүй хүүхдүүдийнхээ сэтгэлзүй рүү сайн өнгийж байх хэрэгтэй шүү. Хүүхдийг хайраар дутааж л болохгүй. Би хэдий 50 дөхсөн ч гэлээ, хүүхдүүд маань 14-15 настай ч гэсэн тэднийхээ дунд найз нөхөр шиг нь бужигнаж явж байгаад л ойлголцохыг хичээдэг. Ярилцаж, ойлголцох тусам хайр хүндлэл өөрөө урган гарч ирдэг” хэмээн ярих нь жинхэнэ багшаас л гарах үг ажээ.
 
Амьдрал тэр л чигээрээ физик
 
Ч.Даваажалам багшийнх гурван хүүхэдтэй. Гэр бүлийнх нь хүнийг Г.Оюунбаатар гэдэг. Төв аймгийн харьяат бөгөөд төр захиргааны байгууллагад олон жил ажилласан, багшийн нөр их ажлыг ойлгож, дэмжиж ирсэн халамжтай нэгэн. Эдний гурван хүүхэд бүгд инженерийн чиглэлээр суралцаж төгссөн гэж байв. Өөрөөр хэлбэл, бүгд ээжийнхээ мэргэжлийг өвлөжээ. Том охин Г.Номин “Ландшафтын архитектурын инженер”, дунд хүү Г.Хашчулуун “Автозамын инженер”, бага хүү Г.Маргад “Механик инженер”-ээр суралцаж байгаа гэв.
 
-Та яагаад физикийн багш болохоор шийдсэн бэ? гэсэн асуултад тэрээр тун сонирхолтой хариулт өгсөн. “Би хүүхэд байхдаа яагаад ч юм, математик, физикийн хичээлд сонирхолтой. Тоо бодохоор толгой сэргэдэг хүүхэд байлаа. Би мөрөөдөл биелэдэг гэдэгт итгэдэг. Нэгэн сонирхолтой түүх дэлгэхэд, хүүхэд байхдаа би МУИС-ийн өмнөө том баганатай зураг бүхий открит буюу ил захидал олж байснаа ер мартдаггүй. Тэгээд есдүгээр ангид байхдаа тэр ил захидлын ард “Энэ бол миний сургууль” гэж бичиж байсан. Дунд сургуулиа төгсөөд яг л тэр  сургуульдаа элсэн орж суралцсан. Бас онц дүнтэй суралцаж төгссөн. Надад өөр сургуулийн инженер технологийн анги, ОХУ руу явж суралцах боломж гарч ирсэн ч би яваагүй. Монголдоо, эх орондоо МУИС-ийг сонгож, суралцсандаа баяртай байдаг” гэсэн юм. Мөн физикч байхын давуу талыг бас боломжийн сурталчилав. Тэрээр “Хүний амьдралд физикггүй зүйл гэж байхгүй. Тасалгааны гэрэлтүүлэг, телевизийн дэлгэцээс эхлээд бүх зүйл физиктэй холбогдож байна. Таны яриа авч буй дуу хураагуур ч бас тэр л чигтээ физикийн томьёолол. Тиймээс хүүхдүүдийг аль болох байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд илүү их сонирхолтой болгох юмсан. Хими, физикийн хичээлүүдийг илүү сонирхолтой арга хэлбэрээр, заах юмсан. Туршилтын кабинет, тоног төхөөрөмжөө илүү сайжруулах юмсан” гэж боддог гэв. Мөн “Хүний эзэмшсэн мэргэжил амьдрал дээр үргэлж үр өгөөжөө өгч байдаг. Жишээ нь, физикийн багш байх нь аливаа юманд олон талаас нь ханддаг болгодог. “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг аливаа асуудлыг олон талаас нь бодолцож байж шийддэг, төвч үзлийг хүүхдэд суулгаж өгдөг” хэмээн ажил мэргэжлийнхээ онцлогийг бас дуулгав.
 
Хүний амьдралыг багшгүйгээр төсөөлөхийн ч аргагүй
 
 
… Түмэн бодис, хувилахуйн ухаан
Түүх, газар зүй, амьтан судлал
Заагаагүй юм гэж багшид үгүй
Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй…гэдэг шиг. Бүх хүнд багш бий. Хүний амьдралыг багшгүйгээр төсөөлөхын аргагүй юм. Өдөржин цаас, шохойтой “зууралдаж”, тархи, оюунаа  цуцтал дуу чимээн дунд ярих багшийн ажил амаргүй. Мөн түмний хүүхдийн төлөө цаас, цахим хоёроос салахгүй гүйхдээ байхгүйн зовлон тоочихгүй болгох гээд бор зүрхээрээ зүтгэж яваа багш дэндүү олон. Ч.Даваажалам багш тэдний л нэг аж. Мэдээж, нийгмийн хангамж, цалин хөлс гээд дутахын зовлон тоочвол бишгүй их. Гэхдээ багш хүнд бахархах зүйлс түүнээс ч их бий. Тэрээр “Хүний амьдрал л юм хойно, уурлаж бухимдах зүйл бишгүй таарна. Багш хүн тэр бүхнийг сургуулийнхаа хашааны гадна хаячихаад, хүүхдүүдээ хараад инээмсэглэж чаддаг, бодол нь тэнүүн, сэтгэл нь уужим хүмүүс байдаг. Тиймээс улс эх орны хөгжлийг түүчээлэх боловсролын салбар, багш нарын нийгмийн хангамж, нэр хүндийг илүү өндөрт өргөж яваасай. Сайн багш нарын залгамж халааг оюуны чадвар өндөртэй, мэдлэгтэй залуучуудыг бодлогоор бэлтгээсэй…хэмээн салбарынхаа асуудалд санаа зовинож явдгаа бас хэлсэн юм.
 
Багш та нээрээ л эрдмийн үрийг таригч, их ургацын эзэн юм
Төгөлдөр номын хуудаснаас алдрын одыг гялбуулагч юмсан уу.
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин