sonin.mn
Халх голын байлдааны талбарт амь эрсэдсэн эцэг Ц.Жамьяан-Осорын тухай зөвхөн архив, ном, сонины материалын дагуу бодит үнэнийг бичив.
 
САЛААНЫ ДАРГА Ц.ЖАМЬЯН-ОСОР
 
Наймдугаар дивизийн 23 дугаар хорооны салааны дарга Цогломын Жамьян-Осор одоогийн Сүхбаатар аймгийн Хонгор (Баяндэлгэр) сумын нутаг Онгон Таван Булгаас 1936 оны тавдугаар сард цэрэгт мордож Матадын гэж нэршсэн 8 дугаар дивизэд алба хааж эхэлжээ. Дивизийн дэргэдэх бага даргын дамжааг төгсөв.
Бүх цэргийн жанжны орлогч Ц. Лувсандонойн 1939 оны дөрөвдүгээр сарын 7-ны 332 дугаар тушаалаар 22 дугаар хорооны салааны туслах Ц. Жамьян-Осорыг 23 дугаар хорооны салааны даргаар томилж, бага дэслэгч цолыг олгожээ (Цэргийн төв архив).
 
Монгол, Зөвлөлтийн цэрэг дайсны цөмрөн эзэлсэн бүслэлтийг сэтлэх давшилтын ерөнхий төлөвлөгөөний дагуу эсрэг талын галын цэг, хүч хэрэгслийг илрүүлэх ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байв. Үүнд мэдээж тагнуулын салаа чухал үүрэгтэй байлаа. Тэр үед 23 дугаар хороо гэхэд бараг бүслэгдэж, ар талаасаа таслагдахад хүрч, 24 хоног хориглолтын байдалд байжээ.
 
23 дугаар хорооны арын албаны дарга асан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г.Шагдар 1989 оны зургадугаар сарын “Үнэн” сонинд нийтлүүлсэн “Элж бүдгэрэхгүй он жил үүд” нэртэй ярилцлагад “хориглолтын байдал өдрөөс өдөрт хүндэрч байв. Наймдугаар дивизийн удирдлагыг түр орлон гүйцэтгэж байсан Г. Эрэндоо ирж байдалтай танилцав. Дайсны хориглолт хүртэл ердөө километр хүрэхгүй зайтай байсан. Хүчийг тагнан туршихаар Ц. Жамьян-Осор даргатай салаанд тушаал өгч давшуулав. Эрэлхэг дайчид дайсны хориглолтын захад зуун метр ойртжээ. Үүнийг мэдсэн дайсан тэднийг бөөн галаар угтав. Манайхан галыг сарниулахын тулд тэднийг хамгаалж, бас хариу буудлаа. Ийнхүү хоёр талын галанд салаа цэргүүд амь эрсэдсэн гэж дайн байлдааны ёс, тушаал шийдвэр ямар хатуу байдгийг илэрхийлсэн байна.
Наймдугаар сарын 7, 8-ны тулалдаан тагнуулын мэдээг шалгах, жинхэнэ давшилт эхлэх хугацааг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой болсон гэж цэргийн түүхчид дүгнэжээ. Хурандаа Д.Ганболд “8 дугаар дивиз Халх голын байлдаанд” номондоо наймдугаар сард тус дивизээс амь үрэгдсэн 35 хүний дотор салааны дарга 
Ц. Жамьян-Осорын нэрийг дурдав. “Халх голын баулдаанд оролцсон ахмад дайчдын дурдатгал” номонд (1981) Монгол Улсын баатар, 23 дугаар хорооны дарга асан, олноо “эх оронч" хэмээн алдаршсан Чойн Дугаржав бичихдээ “миний командалсан 23 дугаар морьт хороо нь дайны үеийн турш өөрийн дивизийн тэргүүн ангийн үүргийг гүйцэтгэж, их, бага 20 гаруй тулалдаанд орж, ялалт байгуулж явлаа. Үүний нэг баримт нь дайны төгсгөлд зөвхөн манай хорооноос 70 гаруй хүн засгийн дээд шагнал, одон, медалиар шагнагдсан явдал юм. Эдгээрийн дотор эрэлхэгээр тулалдаж яваад, амь үрэгдсэн сумангийн дарга Самдан, салааны дарга Жамьян-Осор нарын зэрэг баатарлаг нөхөд байсан юм” гэжээ. Гэвч тухайн цаг үед түүний шагналыг эцэг эх нь мэдээгүй, аваагүй өнгөрсөн.
 
Түүний нэрийг Халх гол дахь Монгол цэргийн хөшөөнд ба Сүхбаатар аймгийн төвд буй Их Буут дурсгалын самбарт мөнхлөн үлдээсэн юм. Цэргийн төв архиваас бидэнд удаа дараа гаргасан лавлагаанд “Дорнод аймгийн (одоогийн Сүхбаатар) Хонгор сумын харьяат Цоглом овогтой Жамьян-Осор, 26 настай, цэргийн албанд 1936 онд ирсэн, 8 дугаар дивизийн салааны дарга, давшилтад орж яваад, 1939 оны наймдугаар сарын 8-нд нас барсан, байлдаанд идэвхтэй сайн гэжээ.  
 
Дайны хүнд нөхцөлд дээд командлалын үүргийг нэр төртэй биелүүлж, амь биеэ үл хайрлан тэмцэж, армийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан эрэлхэг дайчин Жамьян-Осорын гавьяат үйлдлээр түүний төрөл садан, төрсөн хүү, нутаг нэгтнүүд бахархаж, бас харуусдаг юм.
 
 
Элчин сайд Я.ДАШНЯМ