sonin.mn

Монголын сонгодог урлагийн тайзнаа "Поп опера" хэмээх залуухан урсгалыг өлгийдэн авч, тус бүрийн хоолойн өвөрмөц өнгө аясын нийцлээр амилуулж буй уран бүтээлчид бол яах аргагүй "Ньюанс" хамтлаг. Тэдний дуу хоолойгоор сонороо мялааж, сэтгэлийн чавхдасаа хөглөдөг үнэнч фенүүдийн тоонд төмөр замчид маань зүй ёсоор багтах биз ээ. Тэд өөрсдөө ч төмөр замчдад уран бүтээлээ өргөн барьдагтаа сэтгэл хангалуун байдаг юм билээ. Тиймээс энэ удаагийн дугаартаа тус хамтлагийн отгон гишүүн Д.Дүйнхоржавыг урилаа.



-Ньюанс” хамтлаг үзэгч сонсогчиддоо уран бүтээлээ хүргэсээр багагүй хугацаа өнгөрлөө. Хамтлагийнхаа байгуулагдсан түүхээс сонирхуулаач?

-Манай хамтлаг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 2001 оны арванхоёрдугаар сарын 17-нд анх дөрвөн гишүүнтэй байгуулагдсан. Тэд оюутан байхдаа нэг ангид хамт сурдаг байсан юм билээ. Нэг удаа дөрвүүлээ хамт дуулахад нь МУГЖ Г.Эрдэнэбат ихэд сайшааж. Ажлынхаа шинэ жилийн баяраар дуулах хоёр дуу бэлтгэ гэсэн гэдэг. Ингэж “Ньюанс” хамтлаг бий болох үндэс суурь тавигдсан юм билээ.



-Өөрөө энэ хамтлагтай хэрхэн холбогдов?

-Миний хувьд 2009 онд СУИС-ийг МУГЖ Ц.Түвшинтөгсийн удирдлага дор бакалаврын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд энэ хамтлагт орно гэж төсөөлөө ч үгүй явсан. Тэр хавар манай төгсөгчдөөс мэргэжлийн шалгалт авах үеэр “Ньюанс” хамтлагийн ах нар ирсэн байсан. Тэр үед хараанд нь би өртсөн шиг байгаа юм. Хамтлагийн гишүүн болоод гурван жилийг үдлээ.

 


-Танд дуу хуурын өлгий нутаг нөлөөлсөн гэж ойлгож болох уу. Эсвэл ...?

-Сүүлийн үед Монголчууд маань их нутгархах болжээ. Миний хувьд хэт туйлшрах дургүй. Мэдээж төрсөн нутаг гэдэг хэнд ч диваажин мэт сайхан байдаг. Манай нутгаас төрсөн урлаг соёлын алдар гавъяатан олон байдгаар бахархдаг. Манай аав ээж дуулдаг байгаагүй. Хоёулаа тээвэрчин хүн. Гэхдээ дуулах эвсэлтэй л дээ. Манай өвөө наадам эхлүүлж уртын дуу дуулдаг байсан гэдэг. Өвөөг хүлээгээд сумын наадам эхэлдэггүй байсан гэж хүмүүс ярьдаг юм. Тэр утгаараа надад удам дамжсан жаахан авьяас байсан юм болов уу .



-“Ньюанс” хамтлаг байгуулагдсан үеэс хойш урын сандаа хэдэн уран бүтээлтэй болов?

-Манай нэг гишүүн Д.Өнөрбаатар одоогоор АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Бид жилд нэг удаа тоглолт хийдэг. Одоогоор долоон бие даасан тоглолт, дөрвөн цомог гаргаад байна. 25 видео кпип, 80 гаруй гадаад дуу, 70 гаруй Монгол дууг урын сандаа хуримтлуулаад байна.



-Танай хамтлагийн Амараа, Өнөрөө хоёр Дорнодынх, харин Боргилчулуун Хөвсгөлийн харьяат гэсэн. Харин та хотын унаган хүүхэд үү?

-Би Дундговийн Мандалговьд төрж өссөн. Аав маань Угтаал сумынх, ээж Өндөршил сумынх. Зуныхаа амралтаар хурга ишиг хариулаад, айраг, цагаан идээндээ “умбаж” өссөн дөө.



-Танай хамтлагийн дуулдаг “Поп опера” төрөл жанрыг энгийнээр тодорхойлбол ?

-Урлагийн тайзанд хөл тавиад удаагүй байгаа миний хувьд сонгодог урлагийг ийм тийм гээд тодорхойлж хэлэхэд арай эрт байх. Сонгодог урлаг дэлхий нийтэд үүсч хөгжөөд зуу зуун жилийг орхисон шүү дээ. Харин Монгол Улсын хувьд 60 гаруй жилийн түүхтэй. Бидний дуулж байгаа “Поп опера” чиглэлийн урсгал бол яах аргагүй сонгодог урлагаас үүсэлтэй. Энэ чиглэл 5-6 жилийн өмнө дэлхий нийтэд гарч ирсэн залуу урсгал.


Энэ чиглэлээр улс бүрт маш олон чадалтай хамтлаг гарч ирж байна. Монголд ч энэ урсгал тодорхой хэмжээнд танил болчихлоо. Дуурийн “операас" арай залуулаг стиль жанрых л даа. Хөгжмийн найруулга, дуулалтын хувьд зөөлхөн, аялгуулаг сонсогдохоор хэлбэрт оруулж орчин цагийн залууст хүргэх, таниулах хэлбэрээр гарч ирсэн урсгал гэх үү дээ.



-Энэ төрөл жанрыг Монголын ард түмэн хэр нааштай хүлээн авч байна?

-Миний ойлголтоор үзэгч, сонсогчид маань жил ирэх тусам сонгодог урлагийг илүүтэй мэдэрдэг болсон шиг санагддаг. Сүүлийн үед манай дуурийн театрийн тоглолтын тасалбар эрэлт хэрэгцээ ихтэй болоод байна шүү дээ. Үүнээс харахад манай үзэгчид түмэн арай өөр зүйлийг хүсээд өөр зүйл рүү тэмүүлээд байна уу даа гэсэн бодол төрдөг.



-Анх энэ хамтлагийн эгнээнд орохдоо ямар сэтгэгдэлтэй байв?

-Надаас өмнө багагүй хугацаанд хамт байж бие биенээ мэдэрч, ойлгосон ах нартай хамтарч уран бүтээл хийхэд сурах зүйл их байсан. Нөгөө талаараа залуу хүний хувьд өөртөө дүгнэлт хийхээс эхлээд чамгүй туршлагыг хуримтлуулж авч чаддаг. Анх энэ хамтлагт орж ирээд өмнө нь олон удаа ард түмэнд тоглолтоо хүргэчихсэн.

 

Олон хэл дээр дуулах чадвартай мундаг хүмүүстэй хамтарч дуулна гээд бодохоор надад багагүй үүрэг хариуцлага оногдож байна даа гэж бодож байсан. Ингээд намайг орсноос хойш нэг жилийн дараа “Анжелина” пoп опера тоглолт болсон. Тэгэхэд ч бас нэлээд сандарч байсан шүү. “Би чадах ёстой, алдаа гаргаж болохгүй” гэж өөрийгөө зоригжуулж байсан. Тэр үед ах нар маань их зоригжуулсан л даа.



-Таны хувьд дуучин болсноороо бахархдаг уу?

-Аливаа хүн мэргэжил, хань хоёроо маш зөв сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Хийж буй уран бүтээл, явж байгаа амьдралын замдаа сэтгэл хангалуун явна гэдэг юу юунаас чухал. Ингээд бодохоор би үнэхээр аз жаргалтай амьдарч байна. Уран бүтээлээс бусад цагт гэр бүлийнхэнтэйгээ байхыг хүсдэг. Бид нэг охинтой.

 


-Дөрвүүлээ дуулж байгаад гурвуулаа дуулахад өорчлөлт гарна биз?

-Ихэнх хамтлаг 5-6 гишүүнтэй байдаг шүү дээ. Учир нь гишүүн бүр өөр хоолойтой. Тэр өөр өөр онцлогоо нийлүүлж, дундаас нь өвөрмөц уран бүтээл гаргадгаараа ганцаараа дуулдаг дуучнаас ялгардаг. Гэхдээ хамтлагийн маань бүрэлдэхүүн дөрөв хэвээрээ байгаа. Жилд нэг удаа хийдэг тоглолтод маань Өнөрөө ах ирж оролцдог.



-СУИС-ийн дуулаачийн ангийг ихэнх оюутан уртын дуу, дуурийн дууны чиглэлээр төгсдөг. Гэвч яагаад нийтийн дуу руу хошуураад байдаг юм бол?

-Манай ард түмэн нүүдэлчин ёс заншилтай ч одоо суурин соёл иргэншил рүү шилжих тал руугаа явж байна. Энэ утгаараа сонсогчдын дийлэнх хувь нь нийтийн дуу сонсох, дуулах дуртай байдаг. Тиймээс дуучдын маань дийлэнх нь уран бүтээлээ улс орныхоо дийлэнх ард түмэнд хүргэхийг зорьж нийтийн дуугаар дагнадаг юм болов уу .

 

Манай сургууль 2004 онд бусад жилийг бодвол их элсэлт авч байсан л даа. Одоо ч тэднээс амжилттай явж байгаа залуус олон байна. Жишээ нь, өнгөрсөн жил Москва хотод болсон Чайковскийн нэрэмжит дэлхийн дуурийн дуулаачдын уралдаанд дэд байрт шалгараад, эх орондоо ирж, МУГЖ цол авсан Э.Амартүвшин, Б.Жавхлантөгс, П.Идэржавхлан бид нэг анги.

 


-Танай хамтлаг шинэ жилээр байгуулагдсан юм байна шүү дээ. Айсуй шинэ оноо угтаж ямар уран бүтээл туурвиж байна вэ?

-Шинэ жилийн захиалга мэр сэр ирж байна. Бид энэ сарын 6-нд Улан-Үд рүү явна. “Бурятия” гээд үндэсний радио теле компаний урилгаар “Нөхдийн хүрээлэл” нэртэй шинэ жилийн баярын нэвтрүүлэгт зориулсан зохиомжит концертод оролцох юм. Тэр нэвтрүүлгийг “Россия-1”, “Россия-24" сувгаар шууд дамжуулна. Энэ сарын 11-нд ирэнгүүтээ жил бүр хамтарч ажилладаг байгууллага, танилуудынхаа шинэ жилийн баяраас хуваалцана. Бид гурав СУИС-ийн магистрантурт сурч байна.



-Танай хамтлагийнхан дуулахаасаа гадна ямар авьяастай вэ. Амараа чадварлаг бүжиглэдэг юм билээ?

-Боргио ах байт харвааны төрөлд сайн. Амараа ах маань тал бүрийн л авьяастай даа, хөгжим дарахаас эхлээд. Хувь хүнийхээ тухайд ч гэсэн зарчимч, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг. Сүүлийн үед шүлэг бичдэг болоод байгаа(инээв). Хааяа бичсэн шүлгээ уншаад “Би ийм шүлэг бичлээ. Ямар болсон байна, сонс доо” гэдэг юм. Үнэхээр сайхан шүлэг болжээ гэхээр л “Нээрэн үү?” гээд урамшдаг.

 

Амараа ах их сайхан хүн шүү. Миний хувьд дуулахаас өөр гоц гойд авьяас байхгүй ээ. Сурагч байхдаа номны зургийг дуурайлгаад гайгүй зурчихдаг байлаа. Манай ээжийн өвөө нь улсын начин байсан юм билээ. Багаасаа спортоор хичээллэсэн бол арай ондоо болсон байж магадгүй. Ер нь наадамд гурван даваатай, найранд гурван дуутай байх юмсан л гэж боддог. Эр хүн өөрийн гэсэн бахархалтай байх ёстой.



-Та арван жилийн өмнөхөө өнөөдөртэй харьцуулбал ?

-Өөрөө өөрийгөө дүгнэхэд хэцүү шүү дээ. Үеийнхээ найзуудтайгаа сайхан харьцаатай байдаг. Бусад талаараа бол ингээд л байж байх дуртай хүн шүү дээ(инээгээд).
Манай аав бас над шиг даруухан талдаа хүн байдаг юм. Аавыгаа дуурайсан юм болов уу. Манайх Дундговь аймагт амьдарч байгаад 1995 онд Багануурт шилжиж ирсэн. Би Баганууртаа сургуульд орсон.

 

Долоо, наймдугаар анги хүртлээ чимээгүй л явдаг байлаа. Урлагийн үзлэг энэ тэр болохоор эвтэйхэн зугтчихна. Ингэж явсаар сүүлийн гурван жилд дуулдаг болсон доо. Ер нь, арван жилийн сурагчдаас математик, физикийн хичээлээс зугтдаг хүүхэд олон байдаг. Би тэдний нэг байсан юм болов уу даа.



-Танай хамтлаг төмөр замаар хэр зорчдог вэ?

-Төмөр замын хамт олон сайхан шүү дээ. Бид жил бүрийн төмөр замчдын мэргэжлийн баярт очдог. Замчидтай баярыг нь хуваалцаж, улсын доторх улс гэж өргөмжлөгддөг энэ том айл гэрт ая дуугаа өргөнө гэдэг сайхан санагддаг. Эрдэнэт, Замын-Үүдээс эхлээд тоглолт, аялал зугаалгаар явахдаа бид галт тэрэгл хөлөглөдөг. Хамгийн эрсдэл багатай, тохь тухтай унаа шүү дээ. Одоо гэхэд л Улан-Үдийг галт тэргээр зорино доо.

 

Эх сурвалж: "Ганзам"