sonin.mn
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Токиод болсон “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулаад ирсэн. Ямар төслүүдэд хөрөнгө оруулалт татахаар болов?
 
-Япон улсын Токио хотноо болсон “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, монголд хөрөнгө оруулах боломж, хамтран ажиллах талаар зөвлөлдлөө. Японы Газрын тос, байгалийн хий, металлын асуудал эрхлэх байгууллага, Япон, Монголын Эдийн засгийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан форумыг  хөрөнгө оруулагчид өмнөх жилүүдийнхээс илүү сонирхож өргөн хүрээтэй оролцлоо. “Эрдэнэс Монгол” компани нүүрс боловсруулах, зэс хайлуулах болон мөнгөний хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, ахисан түвшний түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж эрэлхийлсэн.
 
Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын форумд бодитой хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд цугларснаасаа өмнөх жилүүдийнхээс онцлог байлаа. Япон улсын хамтын ажиллагаа 1990-ээд онд ихэнхдээ тусламж авах чиглэлээр явж ирсэн бол энэ удаад шинэ шатанд гаргаж, Японы өндөр технологиор Монголын эрдэс баялгийн нөөцийг боловсруулъя. Болж өгвөл нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүний бэлдэц болгож нийлүүлэх чиглэлээр зээл гэхээс илүү аль аль талдаа ашигтай төслөө хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Энэ чиглэлд тодорхой төслүүдэд санал нэгдэж ярилцсан. Уул уурхайн нөөцөд суурилж, Японы өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бий.Тухайлбал, нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өндөр технологийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байна.
 
-Бүрэлдэхүүн компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх гол төсөл бол Гашуунсухайтын автозам. Замын засвар шинэчлэл ямар байна вэ?
 
-Монгол Улсын экспортын орлогын 70-80 хувь Гашуунсухайтын автозамаар гарч байна. Жилд 20 сая тонн нүүрс, 24 цагаар гарч байгаа 13 мянган тээврийн хэрэгсэл тасралтгүй явж байна. Гашуунсухайтын замыг шинэчилж, засварлахад сүүлийн нэг жилд нэлээн том дэвшил гаргалаа. Өмнө нь зөвхөн замын нөхөөс хийдэг байсан бол энэ жил 45 км  замыг иж бүрэн засч, хучилтыг хийсэн. Энэ  мэтээр дараа жил 50-60 км болж үргэлжлээд явна.
Замын эвдрэл гэмтэл энэ зун харьцангуй бага байлаа. Харин жолооч нарын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажил хийж байна. Уул уурхай, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтраад цөөнгүй ажил хийсний нэг нь жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулсан. Бүх жолоочийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг жил бүр хийнэ. Жолооч нар машиндаа хооллож, унтаж хүнд нөхцөлд ажиллаж байна.
 
Ажиллах орчин нөхцлийг сайжруулахын тулд амрах, усанд орох орчин бүрдүүлэхээр хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж байна. Тавантолгой талдаа нэг зогсоол, Гашуунсухайтын хилийн ойр 1000 автомашин зогсоох хоёр төсөл хэрэгжээд явж байна. Төслүүдээс бодит үр дүн гарна гэж харж байна.
 
-“Эрдэнэс Монгол” компанийн “Эрдэнэс метан” төслийн хайгуулын өрөмдлөг эхэлсэн үү. Үйл явц хэр байна вэ?
 
-Монгол Улсын хувьд коксжих болон хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Багануур, Тавантолгойн бүлэг орд маш тархмал 1000 гаруй тэрбум тоннын нөөцтэй. Хүрэн нүүрс, коксжих нүүрс хоёулаа метан хий агуулж байдаг. Метан нь Тавантолгойн олборлолтын дээд давхарга биш 600-1000 метрт байгаа юм. Австралийн компанитай Эрдэнэс Монголын охин компани болох “Эрдэнэс метан” хамтарч хайгуулын ажил хийлээ. Эхний үр дүн гарч эхэлсэн. Хайгуулын ажил эрсдэлтэй учраас эрсдэлээ даах гадны хөрөнгө оруулагчтай хамтрах нь чухал. Өөрөөр хэлбэл, метан хийний илэрц, нөөц тодорхой хэмжээнд олдсон гэж ойлгож болно. Үйл явц үргэлжилж тайлан гарсны дараа олон нийтэд зарлана.
 
Ер нь урт хугацаандаа утааг бууруулах шийдэл нь метан хий байх боломжтой. Бусад улс орон ч метан хийгээр утаагаа бууруулсан байдаг. Утааг бууруулахын тулд  орон сууц, сайжруулсан түлш байх ёстой. Гэхдээ урт хугацаандаа бол метан хийгээр шийдвэрлэнэ гэж харж байгаа. Дээр нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр метан хийгээр ажилладаг станцуудыг барих боломжтой.
 
-Метан хийн төслийн олборлолт, ашиглалт амжилттай болбол эдийн засгийн үр өгөөж ямар байх вэ?
 
-Нөөцийн хэмжээ, олборлох хүндрэл хэр байгаагаас шалтгаална. Урьдчилсан байдлаар эдийн засгийн үр өгөөжтэй, олборлолт ашигтай байна гэж тооцоолсон. Нөөц тодорхой болсны дараа илүү ойлгомжтой болно.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин