sonin.mn
Бидний монголчууд албан тушаалтны хүнд сурталд 100 жил дарлуулж байгаа ард түмэн. Хүнд суртлыг дагаж биежсэн авлигаараа сүүлийн 30 жилийн турш дэлхийд дээгүүр давхиж байгаа улс.
 
Эднээс сална гэж эрх баригчид байнга ярьдаг. Хүсдэг үгүйг нь бүү мэд. Юутай ч ажил хэрэг болж, үр дүн үзүүлэлгүй өнөөг хүрсэн юм даг.
Ерөөс дэлхийд авлигын индекс, төрийн хүнд суртлаа ор тас үгүй хийсэн ганц улс байдаг. Тэр нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, манайхаас гурав дахин бага газар нутагтай, 1.3 сая хүн амтай, байгалийн баялаггүй, Балтийн гурван улсын нэг Эстони юм. 1990-ээд оны үед манайх шиг л улс байжээ. Энэ улс одоо дээрх хөгжлөөрөө дэлхийг дэлдийлгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, E-ESTONIA гэгдэх болсон энэ жижиг улс цахим засаглалыг хэрхэн хөгжүүлснээрээ дэлхийд шагшигдах болсон. Тэндээс манайх байтугай Финлянд, Итали зэрэг хөгжлийн загвар болсон улсууд туршлага хуваалцдаг.
 
1990-ээд оны үед АНУ-д Элчингээр сууж байсан, сүүлд Эстонийн ерөнхийлөгч болсон эрхмийн санаачилгаар эхлээд дунд сургуулиудыг компьютерээр хангаж, интернэтэд холбох “Барын үсрэлт” хэмээх томоохон хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэ үндэс суурь нь болсон байгаа юм. Удалгүй 2000 оноос төрийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн байна. Засгийн газар нь E-CABINET болж, цаасгүй хуралдаж, сайд нар нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээх болжээ. Тэр жилдээ E-TAX BOARD системийг танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлдэг болсон. 2002 оноос иргэн бүр ID CARD буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн гэсэн албан ёстой и-майлтэй болжээ. Үүгээр Засгийн газартайгаа харилцдаг. Бас E-KOOL буюу цахим сургуулийн үйлчилгээг хэрэгжүүлж, сурагчид, эцэг эхчүүд дүнгээ интернэтээр үздэг, багш гэрийн даалгавраа өгдөг, шалтгалт, чөлөө авахтай холбоотой бүх л мэдээлэл цахимжсан байна. Улмаар 2005 оноос I-VOTING 2005 оноос нэвтэрч сонгуулийг цахимаар өгдөг, 2007 онд E-POLICE нэвтэрч, цагдаа автомашины дугаараар жолооч болон машины бүх мэдээллийг шалгадаг болжээ. 2008 онд E-HEALTH нэвтэрч, иргэдийн эрүүл мэндийн түүх онлайнд тавигддаг болжээ. Эмчид үзүүлсний дараа эмийн санд цахим үнэмлэхээ уншуулаад л жорын дагуу эмнүүдээ авчихна. Түүнчлэн E-COURT, E-LAW, M-PARKING (Mobile Parking) гээд явж өгнө. E-RESIDENCY буюу цахим оршин суугч гэдэг Эстони Улсын Засгийн газраас олгох дижитал үнэмлэх бас бий. Энэхүү үнэмлэхийг тус улсын иргэн болон түр оршин суугч /гадаадын иргэн/-д олгосноор Эстонийн бүхий л цахим үйлчилгээнд хамрагдах эрхтэй болно. Түүнчлэн Европын Холбооны гишүүн орнуудтай бизнес түнш болоход давуу тал болно. Мөн дэлхийн аль ч өнцгөөс бизнесээ удирдахад дөхөмтэй аж.
 
Одоо Эстони улс нь кибер халдлагатай тэмцэх тэргүүн зорилтыг хэрэгжүүлээд байна. Үүнд блокчэйн технологийг Эстонийн Засгийн газар 2008 оноос судалж иржээ. Энэхүү технологийг иргэний хувийн эрүүл мэндийн сан, кибер аюулгүй байдал болон дээр дурдсан “DATA EMBASSY” буюу “Нэгдсэн Дата”-д ашиглахаар ажиллаж байгаа юм байна. Блокчэйн гэдэг нь “блоклогдсон” мэдээллийг дамжуулахад гуравдагч этгээд нэвтэрч үл чадах технологи юм. Өөрөөр хэлбэл, “блоклогдсон” мэдээллийн гинжэн сүлжээ гэсэн үг. Блокчэйн технологи нь дэлхийн интернетийн эрин үе дэх хамгийн дэвшилтэт технологи ба эстоничуудын боловсруулсан технологийг өнөөдөр НАТО, АНУ-ын Батлан хамгаалах яам, мөн Европын Холбооны мэдээллийн системийн кибер аюулгүй байдлыг сахихад ашиглаж байгаа юм байна.
Ийм дэвшилтэт үйлчилгээнүүдийн ачаар Эстонийн иргэд төрийн үйлчилгээнд оочерлож зогсохоо, хэн нэгэн албан тушаалтныг царайчлахаа больсон. Иргэд нь банкинд ч очиж үзэлгүй хэдэн жил болж байгаа аж. Ингэж улс даяараа асар их цаг ба цаас хэмнэж, үр дүнд нь аз жаргалтай амьдрах болжээ.
 
 
Өөрөөр хэлбэл, тэнд төрийн үйлчилгээг хүн биш хиймэл оюун ухаан буюу цахим шийдлээр үзүүлчихдэг болсон байна. Эстони энэ шийдлээрээ хөгжлийн 1703 жилийг хэмнэсэн гэж дэлхий нийтээр дүгнээд байгаа юм. Эстони цахим засаглалын ачаар авлигын индекс, төрийн хүнд суртлыг “0” болгочихсон. Хамгийн гол нь энэ бүхэн технологи биш. Маш энгийнээр ойлгоход бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлж, хүний оролцоог “устгачихсан”л гэсэн үг. 
 
 
Гэтэл бид чинь төрөөс нэг үйлчилгээ авах гэж мөн ч олон албан тушаалтны үүд сахиж, өмнө нь бөхөлздөг. Тэгвэл ингэж албан тушаалтныг царайчилж, авлига өгч ажлаа бүтээдэг явдал устаж үгүй болох цаг ойртсон байж магадгүй нь. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусч буй E-MONGOLIA буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсэг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулж өнгөрсөн долоо хоногийн дундуураас амралтын өдрүүд дамнуулан Эстони улсад ажиллаад иржээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш анх удаа албан томилолт өвөртөлсөн нь энэ ажээ.
 
Ажлын хэсгийнхэн Эстони улсын парламентын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв болон Цахим-Эстони мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцжээ. Мөн тус улсын ГХЯ-ны цахим харилцааны асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Тонис Нирктэй уулзаж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй холбогдох хөтөлбөр, баримт бичгүүдэд цахим засгийг хөгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бодлого, зорилт зэрэг нэлээдгүй олон арга хэмжээнүүд төлөвлөгдсөн талаар санал солилцсон байна. Дүнд нь Эстонитой хамтран ажиллах шийдэлд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Этониос “E-ESTONIA”-г нь “импортолж”, цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд хамтран ажиллахаар болжээ.
 
 
Үр дүнд Монголын маань иргэдийн хамгийн их цаг зарцуулж, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоход энэ хөтөлбөр чиглэгдэнэ гэж байна. Тэрч байтутай 2019 оны арваннэгдүгээр сараас орон даяар хэрэгжүүлнэ гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгджээ. Мэдээж хэрэг, үүнийг дагаад авилгалын асуудлыг үндсээр нь бүрэн цэгцлэх боломж бүрдэж таарна.
 
 
Гэхдээ яг ийм санааг лав сүүлийн 10-аад жилд үе үеийн Засгийн газар ярьсаар ирсэн. Цахим шилжилт, дижитал шилжилт, өөр юу ч билээ, агуулга нэг, нэршил нь өөр хөтөлбөрүүдийг ярьдаг. Одоо E-MONGOLIA хөтөлбөр гээд л ярьж байна.
ЗГХЭГ-ын даргын хэлснээр нэг сарын дараа ажил хэрэг болоод эхлэх гэнэ. Энэ нь хэрэгжээд, хүссэн дүндээ хүрвэл сайн. E-MONGOLIA төрийн үйлчилгээг бид үзэх болно. Ингэхээр монголчууд авлига өгөхгүй, албан тушаалтанд бөхөлзөхгүй болно гэсэн үг. Дагаад төрийн алба руу хошуурдаг залуусын цуваа ч татрах биз ээ.
 
 
П.Мандах
Эх сурвалж: Зууны мэдээ сонин