sonin.mn
Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын III уулзалт энэ  сарын 9-11-нд Бээжин хотноо боллоо.
Уулзалтаар талууд хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, бодлого зохицуулалтын талаар танилцуулж, IMT системийн радио давтамжийн ашиглалтыг үр ашигтай зохицуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн хил орчмын радио давтамжийн ашиглалтад хийсэн хяналтын үр дүнг танилцуулж, цаашид харилцан нөлөөлөлгүй ашиглах талаар санал солилцлоо. Талууд Бүгд Найрамдах Египет Улсад удахгүй болох Дэлхийн радиогийн их хурлаар хэлэлцүүлэх хамтарсан саналын талаар байр сууриа илэрхийлэв.
 
Цаашдын хамтын ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрч, хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн зурвасын зохицуулалтын анхны гэрээнд гарын үсэг зурсан нь радио давтамжийн хилийн бүсээ баталгаажуулахад чухал алхам болсон. Ингэснээр Монгол Улс нь БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээг үзэглэсэн хоёр дахь улс болж байгаа юм.
 
Уулзалтад Монголын талыг төлөөлж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Улсаас Бээжин хотноо суугаа ЭСЯ болон үүрэн холбооны Мобиком, Юнител компани, БНХАУ-ын талыг төлөөлж Мэдээлэл, технологийн аж үйлдвэрийн яамны харьяа Радио зохицуулалтын товчоо, Радио хяналтын улсын төв, Үндэсний радио давтамжийн менежментийн судалгааны байгууллага, Өвөр монгол, Гансу, Шинжьян мужийн салбар байгууллагууд болон үүрэн холбооны операторууд оролцов.