sonin.mn
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Улаанбаатарын үдэш намуухан
 
Учралын болзоонд залуус яаруухан хэмээх “Улаанбаатарын үдэш” дууг хүн бүр дуулах дуртай. Энэ дууны аялгууг Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хийжээ. Тэрээр дуу хэрхэн төрсөн талаар “Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж, эгшиглэсээр ирсэн. Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. “Улаанбаатарын үдэш” дуугаа 30 гаруй жилийн өмнө зохиож, анх Б.Бадар-Ууган агсан дуулж байлаа. Түүнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна” гэсэн юм.
 
Бидний амьдран буй нийслэлийн 380 жилийн ой тохиож байна. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот хэд хэдэн нэртэй байв. Тухайлбал, 1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ гэгдэж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар хэмээн тогтсон аж.
 
Улаанбаатарын үдэш
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
 
 Дахилт:
 
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Уулзахын болзоонд залуус яаруухан
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэл амсан суухад
 
Дахилт:
 
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Охь тэнгэрийн одод үржээд
Орон байрны гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурснаа
 
Дахилт:
 
Улаанбаатарын үдэш намуухаан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан
 
 
Н.Даян
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин