sonin.mn
ИБНАУ-д явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний  IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр төрийн болон салбарын одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.  Энэхүү ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ, АЦК, ХЗЦК-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. 
 
 
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энэхүү ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн та бүхэнд чин сэтгэлийн талархлыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж байна. Та бүхний ажил үйлст амжилт хүсье” хэмээн онцлон хэллээ.
Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн шилдэг уламжлалыг дэлхийн дахинаа бататган харуулсан дэд хурандаа Ц.Энхцогт хэлэхдээ  “Манай цэргийн баг АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран "Кабул" баазын аюулгүй байдлыг хангах үүргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаанд гүйцэтгэж ажиллалаа. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ажиллагааны газар оронд сонгуультай холбоотойгоор үе үе цагийн байдал хүндэрч байсан ч гэсэн бид хүлээсэн үүргээ ухамсарлан байнгын бэлэн байдлаа хангаж ажилласан. Манай цэргийн багийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлт, ур чадвар, сахилга батаараа тэргүүлэгч байсанд багийн захирагчийн хувьд баярлалаа гэдгээ залуустаа хэлье. Зургаан сар хэдий богино хугацаа юм шиг атлаа хүний газар хүний амь нас, эрүүл мэнд хариуцан ажиллаж байгаа учраас хүндтэй бөгөөд амаргүй үе байлаа. Өнөөдөр эх орон, Зэвсэгт хүчний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд ирсэн залуусаараа бахархаж байна.
 
 
Манай цэргийн багийнхан өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсыг сурталчлах өдөрлөгийг ажиллагааны газар орондоо өргөн хэмжээнд зохион байгуулсан. Үндэсний өв соёл, зан заншил, монгол цэргийн үе үеийн бахархал түүхийн талаар таниулга хийсэн энэ арга хэмжээнд оролцсон гадаадын цэргүүд "Монгол Улс бол бидний заавал үзэх ёстой орон юм" гэж сэтгэгдлээ илэрхийлж байсан. 
 
 
Хамгийн чухал нь манай залуус атгасан гар шиг байж, өмнөх цэргийн багуудын амжилт, ололтыг бататган, эх орон, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн явдал юм. Манай цэргийн багийн 40 гаруй хүртэлх хувь нь анх удаа ажиллагааны газар оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэлээ. Энэхүү бидний үүрэг гүйцэтгэлтийг үнэлж төрийн болон батлан хамгаалах салбарын одон медаль гардуулж нийт бие бүрэлдэхүүнийг шагналаа. Мөн манай цэргийн багийн алба хаагчдаас нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулъя гэдэг санааг гаргаж танилцуулаад удирдлагын хэмжээнд ярилцаад бүгд зөвшөөрч өнгөрсөн наймдугаар сараас бэлтгэл ажилдаа орсон. Ингээд бид Сонгинохайрхан дүүрэгт оршин суух өрх толгойлсон эмэгтэйд туслахаар шийдэж 5 ханатай гэр иж бүрэн тавилгын хамт хүлээлгэж өгөхөөр болсон” гэлээ. 
 
 
Мөн энэ үеэр 326 дугаар ангийн батерейны ахлагч, ахлах ахлагч Д.Самданжамцаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Ажиллагаанд хэддэх удаагаа оролцож байна?
 
-Би 4 дэх удаагаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Энэ удаагийн ажиллагаагаар маш их зүйл сурч мэдэж , их сургамж боллоо. Ер нь ажиллагаанд явах бүрт улам туршлага хуримтлуулдаг юм байна.
 
-Таныг сайн үйлсийн аяныг анх санаачилсан хүний нэг гэсэн?
 
 
- Би өмнө нь 2007 онд төгссөн ахлагч найз нарынхаа хүрээнд сайн үйлсийн аяныг цэргийн баярын хүрээнд бага хэмжээний сэтгэлийн туслалцаа үзүүлдэг байсан. Тиймээс энэ удаад цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс 4 нялх хүүхэдтэй эмэгтэйд сайхан гэр бэлэглэж байна. Бидний зохион байгуулж буй сайн үйлсийн аяндаа бид өрх толгойлсон 0-8 насны 4 нялх хүүхэдтэй  эмэгтэйг сонгож туслахаар болж иж бүрэн таван ханатай тавилгатай гэр бэлэглэсэн.
 
 
Ерөнхийдөө сайн үйлсийн аян маань бид энхийг сахиулах ажиллагаанд энхийн төлөө үйл ажиллагаанд оролцож байгаа ч эх орондоо нэг ч гэсэн сайн сайхны төлөө нэгэн айл өрхийг дулаан гэртэй амьдруулахад санаа зорилго нэгдээд хуримтлал үүсгэн өнөөдөр гардуулж өгөх гэж байна. 
 
-Эх орон гэр бүлээсээ хол үүрэг гүйцэтгэнэ гэдэг мэдээж хэцүү. Гэвч энэ бүхнийг хариуцаж үлддэг тэдэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
 
-Афганистан улсад үүрэг гүйцэтгэхэд ар гэр хань ижил маань хамгийн чухал. Тиймээс хань ижил үр хүүхэддээ цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийнхэнд нь маш их талархаж эх орныхоо төлөө гэсэн үүргээ биелүүлээд ирэхэд ар гэрээ сайн хамгаалж хандаж байсан шүү гээд баярласнаа илэрхийлмээр байна.
 
 
-Танд баярлалаа.