sonin.mn
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд Монголын оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж  буй “Эгшигт цэцэг” компанийн захирал Ч.Баасансүрэнг урьж, ярилцлаа.
 
– “Эгшигт цэцэг” компани хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Уран бүтээлч хүмүүс хувцас урлал, оёдлын салбарт орж ирсэн түүхийг сонсъё?  
 
-Бид хоёр 1990 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Би уран зургийн анги, эхнэр маань монгол зургийн ангийг төгссөн. Тэр үед Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжээд нийгэм хүнд хэцүү байсан үе. Би сургуулийн хуваарь авч чадалгүй, амьдралд хөл тавьж байлаа. Тэгээд ангийнхантайгаа хамтарч 10 гаруй жил хувиараа бэлэг дурсгалын зүйл хийсэн. Гэхдээ  тэр үеийн нийгэм картын бараагаар амьдарч байсан учраас бидний бизнес цааш яваагүй. Тэгээд бид хоёр Солонгос явж ажиллахаар шийдсэн. Бидний залуу нас тэнд өнгөрсөн.  Би эмэгтэй бэлэн хувцасны үйлдвэрт ажилладаг байсан. Тэндээс энэ бүх зүйлээ сурсан гэж хэлж болно. Бид хоёр БНСУ-д 14 жил ажиллаж, амьдарсан. Тэгээд эх орондоо ирж, мэдсэн сурсан зүйлээ өргөжүүлж ажиллахаар шийдсэн. 2011 онд Монголд ирээд   “Эгшигт цэцэг” нэртэй компани байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бидний  амьдралын хамгийн үнэт зүйл болох хоёр охиныхоо нэрээр нэрлэж, бизнесийн гараагаа анх эхэлж байлаа. Бидний хийж буй ажил төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилтэй минь бас уялдаж өгсөн. Одоо хувцасныхаа загварыг эхнэр маань гаргадаг. Би эсгүүр дээр нь ажилладаг. Ингээд хамт олны минь хүч хөдөлмөр шингэсэн хувцсыг хүмүүс өмсөөд, сэтгэл дүүрэн ажиллаж яваад баяртай байдаг. Бидний мэргэжил, энэ үйлдвэрлэлийн цэнэ үүнд л оршиж байдаг.
 
-Одоо хэдэн төрлийн хувцас үйлдвэрлэж байгаа вэ. Уул уурхайн томоохон компаниуд танайхаас ажлын хувцсаа авдаг гэж сонссон?
 
 
– Бид анх уул уурхайн зориулалттай ажлын хувцас хийдэг байсан. Гэхдээ улирлын чанартай болохоор зогсолт үүсдэг. Тийм болохоор ажлын чиглэл, үйл ажиллагаагаа өргөжүүлж эмэгтэй бэлэн хувцас хийхээр болсон. Түүнийгээ хаана хэрхэн борлуулах вэ гээд зах зээлээ багагүй судалсан. Тэгээд өөрийн биш ч гэсэн бүтээгдэхүүнээ борлуулдаг түрээсийн байртай болж, үйлдвэрлэлээ эхэлсэн. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй ч болсон.
 
 
Манайх одоо монгол үндэсний, ажлын, эмэгтэй, эрэгтэй бэлэн хувцас гэсэн төрлөөр үйлдвэрлэлээ явуулж байна. Улирлын чанартай бүх төрлийн хувцсыг худалдаанд гаргадаг. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Алтан Дорнод”, “Эко заамар” компанитай хамтран ажилладаг. Улирлын онцлогоос шалтгаалаад одоо ажлын хувцаснууд өвлийн захиалгаа хүлээж авах чөлөөт болон эмэгтэй хувцаснууд өвлийн болон шинэ жилийн захиалга хүлээж авах гээд ажил ар араасаа ундарч л байна.
 
-Борлуулалтын зах зээл ямар байна вэ?
 
-Борлуулалтын зах зээл жил ирэх тусам муудаж байна. Манайх бэлэн бүтээгдэхүүнүүдээ өөрийн үйлдвэр дээр болон худалдаа үйлчилгээний томоохон төвүүдэд, “Sunday” худалдааны төвд борлуулдаг. Хийсэн бэлэн бүтээгдэхүүнүүд бол байна. Гэхдээ зах зээлийн хувьд тааруухан байна. Гэсэн ч бидний зорилго бол Монгол үйлдвэр, үндэснийхээ хэв шинжийг хадгалсан хувцсыг цаашид ч гэсэн хөгжүүлж, шинэчилж, онцлог шинж чанараа хадгалж үлдэхийг эрмэлздэг. Хувцасныхаа загвар болон чанарт анхаарч ажилладаг. Мөн материалын сонголт, хийц гээд бусдаас ялгарах гэж хичээж буй давуу тал олон бий. Монгол үндэсний уламжлалт баярын өдрүүдэд үндэсний хувцас борлуулалт сайтай байдаг. Бусад үед ихэвчлэн чөлөөт загварын хувцас үйлдвэрлэдэг. Ер нь дотоодод үйлдвэрлэж буй хувцаснууд Монголд импортоор орж ирж буй бэлэн хувцаснуудаас дутахгүй. Сүүлийн жилүүдэд өнгө загвар, материалын хийц чанар сайжирсан.
 
-Оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд тулгамдаж байгаа асуудал байна уу?
 
-Оёдлын үйлдвэрүүдэд тулгамдаж буй том асуудал нь хүний нөөц, ажиллах хүч дутагдалтай байна. Манайх оёдлын үйлдвэрт тогтвортой ажиллах, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, хамтраад ажиллах  хүмүүс хайж, ажлын зар олон тавьдаг. Харамсалтай нь цөөхөн хүн ирдэг. Хүмүүс ажил хийх дургүй болчихсон юм уу. Уг нь энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг газар МСҮТ цөөнгүй байдаг байх. Гэтэл ажлын зарын дагуу хүн бараг ирдэггүй. Бидний хувьд хуульд заасныхаа дагуу өдөрт ажлын найман цагаар ажилладаг. Ачаалал ихтэй өдрүүдэд илүү цагаар ажиллахдаа нэмэлт цагаа тооцоод цалингаа өгдөг. Тиймээс энэ салбарын нэр хүнд, ажлын орчин нөхцөл гээд шаардлагатай мэдээллүүдийг нийгэмд хүргэж байх төр, засгийн зүгээс дотоодын үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй гэж боддог. Нэгэн үе бид ажлын хувцсыг Хятад, Япон, Солонгосоос авчирдаг байсан бол  одоо ихэвчлэн дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Бараа материалаа урдаас авчрах бол яахав. Дотооддоо үйлвэрлэсэн бүтээгдэхүүнээ илүү их хэрэглэж дэмжих, хувийн хэвшил, төрийн байгууллагууд нь уялдаа холбоотой ажиллах нь чухал гэж боддог. Үндэсний үйлдвэрлэл өргөжих тусам олон хүн ажилтай, амьдралтай болно шүү дээ.
 
-Төсөлд хамрагдах, зээл авах боломж хэр байдаг вэ?
 
-Зээл хөөцөлдөхөөр ихэнхдээ бүтэхгүй зүйл сонсдог учраас цаг их алддаг. Тиймээс сүүлийн үед энэ төрлийн зээл хөөцөлдөх сонирхолгүй болсон. Манай үйлдвэр анх байгуулагдахдаа ЖДҮ-ийн зээл авч байсан. Хүү нь маш өндөр, олон шалгууртай байдаг. Нэг үйлдвэрт  хэдэн тэрбумаар нь өгөхгүй ч зээл олголтоо дотоодын үйлдвэрүүдэд жигд өгөөд, эргэн төлөлтийн хугацааг нь адил тогтоож өгвөл илүү үр дүнтэй, өгөөжтэй байх болов уу гэж боддог.  Олон хүн энэ төрлийн зээлийг хөөцөлдөөд авч чаддаггүй. Тиймээс зээл олгох журмаа илүү олон хүнд хүртээмжтэй, уян хатан болгоосой гэж хүсдэг.
 
 
Төр, засгийн зүгээс үндэсний үйлдвэр, ЖДҮ-ийг дэмжих талаар их ярьдаг ч бодит байдал дээр үр дүнгээ өгөхгүй байна.
 
 
-Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засгаас анхаарч ажиллах ямар асуудал байна вэ?
 
-Монгол Улс жилд 500 гаруй тэрбум төгрөгийг гадны улс орноос бэлэн хувцас авахад зарцуулдаг. Гадагш урсаж буй энэ их мөнгийг дотооддоо шингээе гэвэл дотоодын үйлдвэрүүдээ бодит үр дүнгээр дэмжих хэрэгтэй.  Ер нь аливаа үйлдвэрлэл хүний хүчээр бүтдэг. Оёдлын салбарт дотоодын үйлдвэрүүдэд хүний  нөөцийн асуудал их чухал байна. Бусад зүйлийн хувьд өөрсдөө чанартай бараа материалаа татаад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, борлуулалтаа  хийгээд явахад болж бүтнэ. Манай үйлдвэр саяхан банкнаас бизнесийн зээл аваад үйлдвэрээ өргөжүүлсэн. Одоогоор бүрэн тохьжиж амжаагүй ч ажил ихтэй бужигнаж л байна. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад дотоодын үйлдвэрүүдэд байрны асуудал их хэцүү тусдаг. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүст бас нэг тулгамддаг асуудал нь татвар юм. Татвараа төлж  чадахгүй хүмүүс яаж цаашид өсч дэвших вэ гээд төр, засгийн зүгээс анхаарах олон асуудал байна. Төсөл  жинхэнэ ажил хийх, бизнес эрхлэх туршлагатай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүстээ хүрэхгүй байна. Ихэнх нь бор зүрхээрээ, эд хөрөнгө орон байраа барьцаанд тавиад  ажиллаж байна. Хэрэв энэ бүх асуудлыг төр, засгаас шийдээд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд, хяналтаа тавиад хамтарч ажиллаж чадвал дотоодын үйлдвэрлэл хөгжихөөс гадна хүний нутагт олон сар жил ажиллаж буй монгол залуус эх орондоо ажиллах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байна.
 
-Адил төстэй чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа байгууллага олон байна. Танай үйлдвэрийн бусдаас ялгарах онцлог давуу тал юу вэ?
 
-Одоо энэ чиглэлээр  ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь мэргэжлийн залуучууд байна. Бидний хувьд сонирхлоороо энэ чиглэлээр бизнес эрхэлж байна. Зах зээлийн өрсөлдөөн бол илүү ихийг хийж бүтээх, сэтгэх хөшүүрэг болдог. Энэ жилийн трэнд өнгө ямар байна. Хүмүүс ямар загвар, материалыг сонирхож байна гээд олон зүйл судлах, анхаарах шаардлагатай болдог. Чөлөөтэй сэтгэж, юманд баригдахгүйгээр, орчин үеийнхээ чиг хандлагыг дагах зорилготой ажиллаж байна. Бидний зүгээс аль болох чанартай материалаар хувцас үйлдвэрлэхийг зорьдог. Зах зээлээ тэлэх, борлуулалтаа сайжруулахад анхаарч ажилладаг.  Мэдээж хүний өмсөх хувцсыг оёж бүтээнэ гэдэг өөрөө их буянтай ажил юм. Тиймээс бидний амьдралыг холбож, амьдралд хамтдаа тэмүүлэх гүүр болсон энэ мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Оёдлын салбарын нэр хүнд, оёдолчин гэсэн мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг нийгэмд зөв ойлгуулах юмсан гэж боддог. Тиймээс ажиллах хүчний асуудалд нэн түрүүнд анхаарч ажиллаасай, бодлогоор дэмжээсэй. Монголчууд бүгд хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж, үйлдвэрлэж байж л улс хөгжинө.
 
 
 
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин