sonin.mn
ТАНИАГҮЙ ТАНИЛ ГЭЖ ХЭН БЭ?
 
Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байна. Энэ үеэр атрын анхны шанг таталцсан нэгэн эрхмийг бид “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Тэр хүнийг Амаажавын Таяа гэдэг. Түүнийг таниагүй танил хэмээн нэрлэлээ. Ингэж нэрлэхийн учир гэвэл олон жил түүнтэй ойрын танил явлаа. Гэтэл улс орны содон түүхэнд нэрээ мөнхөлсөн гавьяатай, бас дуулна, хуурдана, гарын ур сайтай түүгээрээ өдий хүртэл амьдралаа авч яваа нэгэн гэдгийг тун бага мэдэрч явснаа сая ухаарсан юм. Өөрийнхөө барьж босголцсон Угтаалын САА-н 60 жилийн ойд очоод ирэхэд нь саяхан түүнтэй амжиж уулзсан юм.
А.Таяа гэдэг зочныхоо тухай бичнэ гэхээр бодол ухаан цэгцрэхгүй үзэг цаасан дээрээ тогтож өгөхгүй юм шиг зүйрлэбэл бурхан мэт магтая гэсэн шүншгийг нь мартах гэдэг шиг л санагдах. Ер нь дэндүү баялаг түүх намтартай хүний тухайд тогтож бодох нь чухалдуу юмсанж.
Хүний амьдрал гэдэг алдаа онооны цуглуулга байдаг гэдэг. Тэгвэл тэр бүхнээс амьдралын зөв ухааныг олж авч чадсан нь зочны маань авхаалж өөрийн гэсэн бичил ертөнцийг бүтээсэнд байгааг энд тэмдэглэмүү.
 
 
Бөхөөр бол гол ясны бяртай эр юм. Нэгэн цагт трактор жолоодоод атар газар хагалж явсан нөхөр зургаан аравны дараа атрын 60 жилийн ойн урлагийн наадамд уртын дуугаар оролцон шилдэг оролцогчоор шалгарч гала концертод нь дуулж явна.  Ер нь юуг ч амжуулж мэдэх хүн л дээ. Тариа, ногоо ярьвал жинхэнэ агрономич шиг л. Мод, төмрөөс эхлээд булигаар сарьс нь байвал гутал, гөлөм юу эсийг урлаад суучихна. Бас найр таарвал хуурдана, дуулна, шатар даамаар наадах нь ухааны нь үзүүрт л. Жаран хар байвал жаалчихна.
 
 
Ухаан задлахаар түүх ярих нь хэнийг ч ангайлгана. Элээж туулсан амьдралаа дурсахдаа хаагууур явсан, юу үзснээ тэр бүхнээс юуг олж авсныг нь дууны нь өнгөнөөс мэдэж болохоор тийм л хүн. Сумандаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хүртэл алба хашсан гэх. Энэ тухайд нутгийнхан нь Таяаг хүн чанартай сайн дарга байсан гэж ярьдаг. Одоо ч олон түмэндээ “Таяа дарга” гэгдэх юм билээ.  Тэрээр ярихдаа:
 
-Хүний сайхан чанар гэдэг хаа сайгүй ил задгай хэвтэж байдаг зүйл биш. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд дүрэлзэж байдаг нандин эд. Түүнийг нь гал болгон бадраахыг эрхэмлэдэг. Үүнийг би олны дунд ажиллаж амьдрах явцдаа олж мэдсэн гэсэн юм.
А.Таяа одоо Дундговь аймгийн төвд суурьшжээ. Зүгээр сууна гэж үгүй. Хэдэн монгол гутал, ширэн цартай хоёр ч морин хуур урлаад тавьчихаж. Үүнийгээ зарах юм уу гэхэд хүн захиалсан юмаа гэнэ лээ.
 
КОМБАЙНЧ А.ТАЯА БРИГАДЫН ДАРГА БОЛОВ
 
 
Залуу комбайнч А.Таяа СК-5 комбайны залуур дээр. 1959 он.
 
“ГАЗ-53” машины тэвшин дээр арван хэдүүлээ шигшигдэж хангай нутгийн бараа харсан тэднийг Угтаалд очиход ердөө хэдхэн гэр л угтсан гэдэг. Дундговиос МХЗЭ-ийн илгээлт өвөрлөн атарт очигсод “Атрыг зориод ажлыг шамдаад” гэж дуулцгааж явсан даа гэж Амаажавын Таяа дурсан ярьдаг юм.
-Угтаалд анх очиход яг л “Хөхөө гэрлэх дөхлөө” киноных шиг амьдрал биднийг угтсан даа. Ир муутай хөрөө, сүхээр тэврэм бүдүүн модыг жижиглэн гал түлэхээс эхлээд хатуужих юм морин дэл дээр дэрвэж явсан залууст зөндөө л байлаа гэж хэлнэ лээ.
 
Тэр шинэ САА-н үр тарианы наймдугаар бригадад хуваарилагдав. Тун удалгүй трактор, комбайны курст орж орос, монгол багш нараар хичээл заалгасан нь тариаланч болох гараа нь байв. Курсээ төгсөөд Хүүлий ханыг өвөрлөн Талын уулыг арван МТЗ-5 трактор бариад анхны жилийн тариалалтаа хийсэн гэдэг юм. Жинхэнэ механикжуулагч болох гэдэг хэзээ ч юм гэж бодогдох үе бас байж. Анх очсон 18-аас ажлын хүндэд шантарч буцсан, цуцсан нь ч цөөнгүй. Харин Хавчуур, Норжин, Отгон гурав Таяатай дөрвүүл үлдсэн байв. Тухайн үед тракторч, комбайнчийн мэргэжил заахдаа агротехникийн мэдлэг давхар олгодог байсан юм билээ. Тиймээс үрийг хэдий хэрийн гүнд суулгахав, тариаг яаж тарьвал ургац дөмөг авахав, ямар болцтой тариаг шууд хураахав, ангилан хадахад комбайнчаас хэр ур чадвар шаардхав гэдгийг мэргэжилтэй болсон залуус өөрсдөө мэддэг, шийддэг байжээ. Өдөр, долоо хоног, сарын нормоо биелүүлнэ гэдэг л гол зорилго. САА-гаас бригадуудынхаа дунд уралдаан зарлана. Үүний хүчээр ажлын бэрхээс айдаггүй байж. Үнэндээ СК-3, СК-5 комбайн гэхэд кабингүй улаан шороон дунд өдөржин явах, ДТ-75 трактороор газар хагалж шөнөжин зүтгэх гээд хальширмаар үе их л байсан гэдэг.
 
А.Таяагийн хувьд залуу насны ааг омог энд л харагдах юм шиг санагдаж явж. Уралдаанд манлайлагчийн нэгэн байж ч үзэв.
Тун удалгүй түүнийг Талын Уулын III тасгийн нэг бригадын дарга болгоотхов. Тэгэнгүүт нь 20 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй социалист хөдөлмөрийн төлөө бригад байгуулаад авав мань эр. Бригадынхаа нэгдмэл хүчээр зурваслан тариалах шинэлэг арга ажилдаа нэвтрүүлж уриншаа сайн хийсний дүнд га-гаас авах ургац нь эрс нэмэгдэв. Үүнийхээ үрээр 1967 онд тэдний бригад социалист хөдөлмөрийн бригад болж цол, мандатаа авсан Угтаалын САА-н түүхэнд анхдагч нь болов.
 
 
А.Таяа ахлагчтай атрын анхны алдартай хамт олон.
 
Эдний бригадыг интернационалч багийнхан гэх. Учир нь гэвэл найман аймгаас ирсэн халх, дөрвөд, буриад залуус бас нэг солонгос байж. Тэр нь Ван Цуй овогтой Маахай. Солонгосын дайны үеэр хүүхэд байхдаа Монголд өсч хүмүүжсэн нэгэн байв. Бригад нь гавшгайч бригад болсны зэрэгцээ Жалсрай, Чимэднамжил, Нэргүй, Жамбал нар нь улсын аварга тариаланч улмаар А.Таяа ахлагчтай хамт олон улсын аврага бригадаар хоёр жил дараалан шалгарч “Хөдөлмөрийн алдар” медаль, “Иж плаента” мотоцик­лиор шагнауулж байсан юм билээ.
 
-Энэ бол хамт олны минь сэтгэл, зүтгэлийн үр шим байсан. Бригадын ажлын амжилтын гол нь хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах зорилгоор зурваслан хагалах, бухалдагч дотроо сэнс тавьж сүрлийг тараан цацаж талбайгаа хучдаг хамгаалдаг туршлагын эзэд болсонд байлаа гэж А.Таяа дурсана лээ. Эдний бригад хөдөлмөрийн баатар нэгтэй. Тэр нь Г.Алтанхүү л дээ. Хамт олондоо ихийг сургасан хүн тэр байв. Говийн хүү А.Таяа ийм алдар хүндийн эзэд-аварга тариаланчдыг удирдаж явсаар тэнд 15 жил болж. Угтаалын САА-н анхдагчдын нэг нь гэдгээрээ нэрээ бичүүлсэн хүн. Тэр бас сонин дурсамж зөндөө ярьдаг юм. Эдний САА-д “орилоо” Пүрэв, “пирса” Пүрэв, “лам” Пүрэв гэж гурван Пүрэв байж л дээ. Нэг өглөөний цайны үеэр бөөн хөгжөөн наргиан болж. Яасан бэ гэсэн “лам” Пүрэвээ оройхон хэсэг газар загон татаж дуусах үедээ гурвалжин хошуу газар үлдээчихээд түүнийгээ гүйцээх гэж явахдаа унтчихаж. Талбайд тэс хөндлөн гэрэл гарч трактор явааг хараад Хавчуур гайхаж түүнийг гүйцэн очвол Пүрэв ч сэрж, яасныг нь лавлавал догжир хамж байна гэж. Түүнээс хойш “лам” Пүрэв “догжир”  Пүрэв болсон юм гэдэг яриа бий.
 
Бас Таяа, Хавчуур хоёр хагалгаанд явж байгаад нууцаар САА-н төв орж кино үзэж байгаад бас унтчихаж. Кино дуусч үзэгчид тарсныг ч мэдсэнгүй. Тэгээд санаатай унтсан гэгдэж хэлтсийн төлөөлөгчид ээрэгдэж байсан удаатай. Энэ бас сонин л дурсамж. Социалист уралдаан гэгч залуусын урам зоригийг хөдөлгөгч хүч нь байв. Зэргэлдээ Хар чулуутын бригадынхан тариа хураалтаа дуусгаж байгаа сураг дуулдав. Тэр даруй А.Таяагийн бригадынхан бүх бэлтгэлээ базааж аваад шөнөжин ажиллаад тэднийхнээс түрүүлж туг өргөж 40 литр айраг, хониор шагнуулж тэр баяраа хэрэндээ сүрхий тэмдэглэсэн гэдэг мартахын аргагүй дурсамж бий. А.Таяа амьдралын ханиа мөн л тэндээс авсан гэх. Энэ тухайгаа хөөрөхдөө:
 
-Бид ганц жижиг модон хайрцагтай л атарт анх очсон бол миний хувьд Д.Хишгээ гэдэг бүсгүйг ханиараа сонгоод гэр орон, авгай хүүхэдтэйгээр нутагтаа ирж билээ. Атрын хөрсөнд авгай маань хүртэл байсан юм шүү гэж хошигнонгуйгаар ярьсан. А.Таяа эхнэр Д.Хишгээ хоёр 50 шахам жил амьдрахдаа таван сайхан хүүхэдтэй одоо ач зээ нар өнөржиж жаргаж явна. Тэр бас 50 жил найзалж нөхөрлөсөн нөхдөө ярих болгондоо дурсдаг. Тэднийх нь дунд одоо улсын аварга малчин, алдартай уяач, сайн бөх хүртэл бий гэнэ лээ. Өөрөө бас элдэвтэй, амьдралаа аваад явах уртай, ухаантай нэгэн гэдгийг дараагийн бүлэгт өгүүлэх болно.
 
АХ НЬ ТҮҮНД ГУРВАН ЭРДЭМ ЗААЖ ӨГЧЭЭ
 
 
А.Таяа, Д.Хишгээ нар (дунд нь) Угтаалын ахмадуудын дунд.
 
-Манайхан олуулаа. Өвгө дээдсүүд маань голдуу лам хүмүүс байсан. 1930-аад онд баригдаад явсангууд нь буцаж ирээгүй юм даа. Өвгө эцэг маань унзад лам, аав маань Чоймбол гэж Тэгшийн хийдэд бас томоохон лам байсан юм билээ. Ижий маань намайг бүр багад бурханы оронд явсан учир би эхийнхээ эгчээр овоглосон. Тухайн үед лам хүнээр овоглох буруу халтай ч байсан юм билээ гэж А.Таяа өөрийгөө танилцуулав. Түүнийг есөн настай байхад нэг сүрхий зуд болж. Тэгшийн суурин дээр нүүдлээс үлдсэн дөрвөн хөгшнийг харж хамгаалах үүрэг түүнд ногдсон гэх. Өвгө эцэг Юндэн гэлэн гэгч эрдэмтэй нэгэн учир энэ үед А.Таяад гурван зүйл зааж өгчээ. Эхнийх нь түвд цагаан толгойн 35 үсэг. Түүнийг нь дагуулаад “Жанлавцогзол” гэдэг номыг сургажээ. Тэр сурсан дээр нь ах Лувсанданзан нэмж дөрвөн шад хэлж өгч. Тэгээд цаг зэвүүн болно. Тэр цагт энэ дөрвөн шадыг нэмж уншаарай гэсэн юм байна. Сүүлд ажихад “Жанлавцогзол” гэдэг номд тэр дөрвөн шадыг нэмж уншдаг нь зөвхөн Дэрэнгийн хонхорт л байсан юм билээ гэж Таяа хэлнэ лээ. Бас тэр шад номыг Зава Дамдин гавьж нэмсэн гэж дуулж. Гурав дахь заасан юм нь тал хөлөг дээр шатрыг өргөөд нэг цэг дээрээс морины нүүдлээр бүх дүрсийг иддэг. Үүнийг бас сургаж л дээ. Тэгээд арван хэд хүрээд Таяаг сургуульд суухад шатар дээр заасан тэр эрдэм юмыг ухаж ойлгоход их хэрэг болж байсан юм гэдэг.
 
Тэгвэл өнөөгийн А.Таяа монгол гутал, гөлөм дэвс хийдэг морин хуур урладаг болсон нь ямар учир жанцантайг сонирхвол нагац ах “хууз” Гочоо нь сүрхий уран хүн байв. Таяаг жаахан байхад угалз наагаад шивж өгөөд оёулдаг. Бас эцэг Чоймбол нь гарын дүйтэй нэгэн байж. Үүнээс үүдэлтэйгээр Таяа мод, төмөр болон юугаар ч юм хийчихдэг болсон гойд ухааны эзэн болж. Түдэв дархны авдар хөөргийг татаж өгөх зуураа хийж байгааг нь сайн ажигладаг байсан нь бас нэмэртэй байв. Бас эцэг Чоймболынхоо гар урлаачийн багаж хийдэг уламжлалыг Таяа авч үлдэж. Анх юу урласан бэ та гэхэд:
 
-Угтаалын САА-д байхдаа нэг монгол шатар зорсон. Төмрөөр юу хийсэн бэ гэвэл нэг заазуур хийж Түдэв дарханд нэлээд тоогдсон гэж ярив.
 
Бас нэг дурсамж өгүүлсэн нь:
 
-1944-1945 оны зуднаар манайхан малаа барсан юм гэдэг. Тэгэхэд өвгөн ах Гочоо маань хэдэн гутал, гөлөм хийгээд ганзагалан Өндөршил, Баянжаргалангаад явж хэдэн ишигтэй ямаа, ботготой хоёр ингээр арилжиж ирсэн. Тэрнээсээ дахиж малжсан гэдэг нь надад их ухаан өгсөн гэж дурсаналээ.
Бас Цагаандэлгэрт байхдаа түймэрт гэрээ шатаачихаад амьдралд бууж өгөөгүй гэрийнхээ ханаас бусдыг өөрөө хийж шинэ гэртэй болж байв. Тиймээс Таяаг эцэг өвгөдийнхөө ур ухааныг уламжлан авч удмаа хөгжүүлж яваа гэж хэлэхэд онох байх л даа. Сумандаа очсноос хойш юм юм л хийж. Сумын захиргаанд дарганцар явсан цаг ч бий. Бүр тэтгэвэрт гарчихсан хойноо ард олныхоо итгэлийг хүлээж сумын Иргэдийн хурлын төлөөлөгч бүр дэвшээд дарга нь хүртэл болж байв. Энэ үедээ ч нөгөө гарын үзүүрээр урлах ажлаа орхисонгүй. Тэр нь амьдралын ухаанд тууштай суралцсаных нь үр шим байж. Бас сумын Иргэдийн хурлын дарга байхдаа сүсэгтэн олныхоо саналд тулгуурлан сумандаа хийд байгуулах ажилд гар бие оролцсон гэх юм билээ. Арай л өөрөө лам болоод суусангүй л дээ. Одоо түүнийг сумандаа очиход ардууд их хүндэлнэ. Нөгөө Таяа гэхгүй Таяа дарга л гэх. Үүгээрээ бас түмэндээ нэртэй яваа, хорвоод ч хувьтай төрсөн нэгэн юм л даа.
 
Өнөөдрийн энэ үетэй золгохдоо нас далыг хол давсан ч урагшаа л харж явна. Намтраа дандаа өөдрөг өнгөлгөөр бүтээсэн түүхийг нь найруулан бичихүйд урамтай, амьдрахын утга учир, их ухааны хаялга энэ юм даа хэмээн санагдвай.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин