sonin.mn
Үндэстэн бүрийн урлаг, утга зохиолд өөрийн үндэстний оршихуйн үнэт зүйлсийг тусган хэлбэржүүлж, залуу үедээ үлгэр дуурайл болгох, улс орныхоо хөгжлийн ирээдүйн төлөв хандлагад нөлөөлөх үүргийг хэрэгжүүлдэг. Хамгийн ойр жишээ гэвэл ОХУ ялангуяа, сүүлийн жилүүдэд дэлхийн хоёрдугаар дайны сэдэвт хамааруулан орос эрэгтэйн өгөөмөр, баатарлаг дүрийг улам бүр бэхжүүлсээр байгааг нь бид олон зохиол, кинонуудаас нь уншсаар, үзсээр байна.
 
Нэгэн япон сэтгүүлч монголчуудын тухай 1990-ээд оны үед бичсэн нийтлэлдээ “Монголчууд эр хүн гэдэг үгийг хэрэглэх их дуртай. Хүүхэддээ хүртэл эр байж битгий уйл, эр хүн байж битгий ай гэх мэтээр хэлдэг” гэж бичсэн байдаг. “Эр хүн хэлсэндээ, Эмээлт морь харайсандаа”, “Эрийг бүү бас, Далайг бүү янд”, “Дахан дор эр, Даахин дор хүлэг”, “Эр өсөж, Эсгий сунана”, “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана”, “Эр нэг алдах, Эрэг нэг нурах” “Эр хүн зоригтой бол чоно чацга алдана”, “Эр хүн эр хүндээ хайртай”, “Эрийг нас дарах, Уулыг цас дарах”.., гэх мэтээр хэлэлцэж ирсэн бөгөөд эр хүн гэдэг ойлголтонд ийнхүү ач холбогдол өгдөг нь монголчуудын нэгэн онцлог мэт билээ. “Монголын нууц товчоо” тэргүүт эртний уран зохиолын олон дурсгалд Хабул хаан, Есүхэй баатар, Тэмүүжин, Хасар, Бэлгүтэй, Боорчи, Мухулай, Зэв, Зэлмэ, Сорхон шар, Шихихутуг, Зүчи, Цагадай, Өгөдэй, Толуй, Гүег, Мөнх.., гээд хаад болон олон эрсийн дүрийг мөнхөлж ирсэн буюу.
 
Монгол ардын аман зохиол, монголын эртний уран зохиолоос үүдэлтэй эр хүний дүр дүрслэлийн уламжлал нь монголын орчин үеийн уран зохиолд идээшсэн. Мөнөөхөн Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы Цахиур Төмөр, Эрдэнэ, Бат, Хонгор.., Д.Маамын “Газар шороо” романы Хангай Базар, Бух Дагдан.., Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романы Хөххүү, Уртнасан, Ш.Шажинбатын “Элс цас” романы Эрболд, С.Пүрэвийн “Усны гудамж” романы Цогт, “Цаг цагийн урсгал” романы Хатантөмөр болон Д.Мягмарын “Үер” туужийн Дэнзэн, Д.Норовын “Сэрэвгэр хадны зэрэглээ” туужийн Дуугүй Даш, Д.Энхболдын “Паанан” туужийн Цэвэг, С.Пүрэвийн “Уулын намар” туужийн Нацаг, “Азын цэнхэр уулс” өгүүллэгийн Цогтбаяр,  Ч.Лодойдамбын “Солонго” өгүүллэгийн би баатар, “Гэрээслэл” өгүүллэгийн Юндэн, С.Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэгийн Жав, “Хулан бид хоёр” өгүүллэгийн Сампил, П.Лувсанцэрэнгийн “Ус шиг цэнхэр” өгүүллэгийн Жанцан, С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” өгүүллэгийн Төгөө, Ж.Лхагвагийн “Хайрын зурвас” өгүүллэгийн би баатар, Б.Догмидын “Нутаг” өгүүллэгийн Балжир, До.Цэнджавын “Хоёрын даваа” өгүүллэгийн Банди.., гээд олон олон дүрүүдээс монгол эр хүний дүрийн онцлог харагдана. Мөн түүнчлэн “Цогт тайж” киноны Цогт тайж, Гүен баатар, “Алтан өргөө” киноны Сүмбээ, “Сүхбаатар” киноны Сүхбаатар, “Гарьд магнай” киноны Далайцэрэн, “Тод магнай” киноны Түмэн, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Дэлэг, “Баясгалан” киноны Баясгалан, “Хань” киноны Төмөр, “Их замын эхэнд” киноны Хөхчоно, “Би чамд хайртай” киноны Дэлгэр, Дэлгэрийн аав, “Суварган цэнхэр уулс” киноны Цэнд, Сүрэн, “Тань уруу нүүж явна” киноны Дарьсүрэн, Цэрэн, “Говийн зэрэглээ” киноны Хашхүү, Арслан, “Ирж яваа цаг” киноны Готов, Багаяа, “Загийн алим” киноны Хүдэр, Ханбүргэд, “Илүү сартай зун” киноны Галаа, Мандухай цэцэн хатан” киноны Мянхай, Цэгц баатар, Өнөболд ван.., гээд маш олон дүрүүдээс монгол эр хүний гүндүүгүй зан, хүүхэд шиг гэнэн сэтгэл, уужуу ухаан, алсын хараа, нугаршгүй эр зориг, эмэгтэй хүнийг хүндэтгэх чанар, хайр сэтгэлдээ үнэнч байдлыг үзэж болно. Мэдээж эдгээр кинонууд, дээр дурдсан зохиолууд нь төгс бүтээлүүд биш, нөгөө талаас хуучин нийгмийн үеийнх учир социализмын синдромоор дүүрэн гэдэг нь ч ойлгомжтой. Гэхдээ монгол эр хүн гэдэг үнэт зүйлийг бүтээж хойч үед үлгэр дуурайл, даган дуурайх бахархал болж байсныг үгүйсгэх боломжгүй.
 
 
ХХ зуунд хийгдсэн их модернизацийн үр дүнд ихэнхдээ эрэлхэг дайчин, гүндүүгүй хайнга байдлаар дүрслэгддэг, зарим талдаа эмэгтэй хүнийг үл тоодог, тэднийг хэрэглэгдэхүүн мэтээр үздэг байсан монгол эрийг шинэ цагийн үзэл санаанд нийцүүлэн өөрчилсөн. ХХ зууны нийгмийн сэтгэхүй монгол эмэгтэйг гэрээс нь гаргаж нийгмийн орон зайд дэвшүүлсэн бол монгол эр хүнийг эхнэрээ хүндэлдэг, хүүхдээ халамжилдаг, гэр орны ажилд тусалдаг болгож өөрөөр хэлбэл мориноос нь буулган, гэрт нь оруулсан юм.  
 
 
Энэ талаарх натур харьцуулалтыг нэрт зохиолч С.Пүрэв гуайн “Уулын намар” туужийн Нацаг, Цэнгэл нарын дүрээс нэн тодорхой харж болно. Алимаагийн нөхөр Цэнгэл гүндүүгүй, олон үггүй, ажилд махруу эр боловч эхнэрээ ер ойлгохгүй, зарим талаар үл тоомсорлон, унтах болохоор “Ороо хонхойлчих” гэх юм уу, жирэмсэн болсон эсэхийг нь “Чимээ алга уу” гэх мэтээр асуун эхнэрээ үл хүндэтгэн харьцаж буйгаар үзүүлсэн бол үе тэнгийн бүсгүй Содгэрэлийн нөхөр Нацагийг ажилсаг, эхнэртээ байнга туслан, хүүхдээ халамжилдаг, эмэгтэй хүнийг ойлгон хүндэлдэг байдлаар дүрсэлсэн байдгаас нь уламжлалт сэтгэлгээ бүхий монгол эр хүн, шинэ нийгмийн гишүүн монгол эр хүн хоёрын амьд харьцуулалтыг үзэж болдог. Кино урлагт туссан ийм жишээ гэвэл зохиолч Ч.Гомбо, найруулагч Б.Сумхүү нарын “Хань” уран сайхны кинонд үндэсний бөхийн арслан Дэндэв, чөлөөт бөхийн дэлхийн аварга Төмөр гэх аав хүү хоёрын дүрийн амьдлаг харьцуулалт юм. Хуучин цагийн арслан  Дэндэв бүхнийг өөрийн бодлоор үнэлж эхнэртээ “Эрчүүд бөхөө ярьж байхад та нар дуугүй бай” хэмээн бэрээ дайруулан хэлэх.., зэргээр дүрслэгддэг бол шинэ үеийн бөх Төмөр эхнэрийнхээ саналыг ямагт хүндэтгэн сонсдог, ажлыг нь ойлгодог, эрүүл мэндийг нь боддог байдлаар дүрслэгдсэн нь хоёр цаг үеийн эрчүүдийн харьцуулалт төдийгүй эцэстээ өвгөн Дэндэв өөрийн бурууг ойлгон ухаарч, өөрийгөө харааж байгаагаар үзүүлсэн нь шинэ цаг үе, үзэл санаа монгол эр хүнийг хэрхэн өөрчилж байгааг харуулсан дүр дүрслэл. Өөрөөр хэлбэл ХХ зууны монголын урлаг, уран зохиол монгол эр хүнийг мориноос нь буулган эрэлхэг дайчин төрхийг нь халдан довтлох харь дайсан уруу чиглүүлээд, хажуу дахь эмэгтэйдээ халамжтай, хүүхэд багачуулд энэрэлтэй болгож, гүндүүгүй гэнэн шинжийг нь хайртай бүсгүйнхээ өмнө халгаж тэвдсэн, гэнэн цайлган байдалтайгаар урлан бүтээж цогцлоосон юм. Гэтэл өнөөдөр. Зүүн Европ хийгээд Орос, Монгол мэтийн посткоммунист орнуудын эмэгтэйчүүд гадны орны эрчүүдтэй гэрлэхийг хүсэх явдал нэн түгээмэл ажиглагдах болсон нь өөрийнх нь орны эрчүүдийн үнэлэмж унасантай холбоотой аж. Монголын хувьд гэвэл ЕБС-иас эхлээд багш нар нь хөвгүүдийг охидынх нь нүүрэн дээр элдвээр шившиглэж ирсэн социалист үеэс улбаалсан уламжлалтай холбоотой бөгөөд эрэгтэй хүүхдийг самбарын өмнө гарган хамуутай, бөөстэй, сайртай, хичээлдээ муу, даалгавраа хийдэггүй.., гэж энэ хорвоогийн хамгийн муу хүн мэтээр харагдуулдаг байсан, түүнчлэн дүнгийн нууцлалгүй явж ирсэн нь сурган хүмүүжүүлэх догма суртлын сүүдэр. Тиймээс охид өөрийн ангийн хөвгүүдийг жигшин үзэж зэргэлдээ ангийнхаа хөвгүүдтэй үерхэх нь түгээмэл байсан судалгаа ч бий. Энэ нь явсаар өөрийн орны эрчүүдийг жигшиж, тэднээсээ долоон дор гадны эрчүүдийг илүүд үзэх сэтгэл зүйтэй болгодог байна. Өөрийн үндэсний эрчүүдийг шившиглэх уламжлал нь эдүгээ үндсэн хоёр чиглэлээр эрчимтэй хийгдэж байгаа ба нэг дэх нь монгол эр хүн бол алуурчин, хүчиндэгч, хулгайч, худалч, луйварчин, галзуу солиотой байдлаар харлуулан үзүүлэх хандлага юм. Энэ үүргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өөртөө авсан агаад тэрхүү үүргээ ч амжилттай биелүүлж байна. Телевизийн бүх л сувгаар, цахим сүлжээний бүх л сайтуудаар эрэгтэй хүний үйлдсэн аль л шилдэг муу бүхнийг дахин дахин сурталчилж, охиноо хүчинддэг, заазуурддаг, эхнэрээ зоддог, мөчилдөг.., гээд бүхий л муу муухай бүхнийг хамж шимэн шилдэг муу, шилдгийн шилдэг муухай бүхнийг мэдээлэх нь ёс болов. Мэдээж олон хүн дотор олон гэмт хэрэгтэн байх нь гарцаагүй, гэвч нэг хэсгийн хар мууг нийтэд хамруулан мэдээлсээр монгол эр хүний үнэлэмжийг үгүй хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа мэдээллийн хэрэгслүүд олон. Уг нь муугаасаа сайн хүмүүс нь олон баймаар юм. Гэвч хүн мөн чанартаа садист байдаг ёсоор мууг нь сонгох аж.
 
 
Монгол эр хүний үнэлэмжийн унагах хоёр дахь чиглэл нь түүнийг эмэгтэй хүнээс дор гуйвамтгай, тууштай биш, нялцгануур, ховч, ихэнх нь гомо, эмэгтэйлэг байдалд дуртай, мэдрэл муутайгаар үзүүлэх хүчин чармайлт. Энэхүү чиглэлийг мөнөөхөн хошин шогчдын арми, арилжааны киночдын фронтынхон нэр төртэйгээр хэрэгжүүлж байна. 
 
 
Олон шог гарааны, олон дүрүүдэд эмэгтэйг эрэгтэй болгож жүжүүлэх, эрэгтэй жүжигчин эрэгтэй дүрд эмэгтэйлэг байдлаар жүжих нь нэн түгээмэл болжээ. Хошин шогийн гараа бүрт ямар нэгэн гомо эрийг үзүүлэхийг хичээх ба түүнийгээ хэл амаа долоолох, бөгс хагсаа хаялах, сэлбэ долби дарах, нүдээ ирмэх, нүүрээ татвалзуулах, нялганасан нарийлаг дуугаар гонгинон, гиншиж ярих мэтээр жүжиж, өөртэйгээ адилхан эр хүний эмзэг нууц газар уруу гар хөлөө шургуулахыгаа ихэд бахархалтайгаар тоглож байгааг нь харахад огиудас хүрч, ой гутна. Эдгээр увайгүйтлийн цаад учрыг үл ухаарах харанхуй массын инээд хөөрт бахардан, онгирсон хошин шогчид, шоу бизнесийнхэн улам бүр гааран илүү эмэгтэйлэг, илүү гуйвганасан дүр бүтээхийн төлөө үхэлдэн зүтгэлдсээр өдий хүрэв. Мөнхүү дайран дээр солонгос соёлын довтолгооны нөлөө, сериал киноны синдром давс нэмэхийг яалтай.
 
Монгол эр хүнийг бие бялдрын хувьд бүрэн тайчих асуудлыг мөнөөхөн И.Нямгаваа гэх найруулагч, жүжигчин Г.Дашхүү гуайн ичрэг эрхтнийг харуулах үйл ажиллагааг “Газар шороо” кинондоо крупный планаар шийдсэн байдаг бол эр хүнийг мэдрэл муутай, элий балай болгож харагдуулах хамгийн амжилттай оролдлогуудын нэгээр зохиолч гэх Д.Мөнхбат, найруулагч гэх Л.Лхагважаргал нарын “Ээжийн дайсан” кино тодрох «гавьяатай». Энэхүү кинонд нэгэн ээж хүүдээ эхнэр авч өгөхөөр улайран тэмцэлдэх үйл явцыг үзүүлэхдээ гол дүрийн хоёр залууг хоёуланг нь, дээрээс нь гол дүрийн эмэгтэйг бас ээжийг нь мэдрэл муутай, солиотой мэтээр үзүүлсэн нь гаслалтай. Ганц хиймэл үс зүүчихээр таньдаг хүнээ танихгүй болох, эмэгтэйн хажууд очоод нас биенд хүрсэн эр атлаа нүд амаа эргэлдүүлэн, ээрч муурч, элий балайгаа гайхуулах, хажууд нь улаан цайм эргүү тэнэг явдал болоод байхад үл мэдсэн царай гарган, жишимгүй суудаг, балайг нь мэдсээр байж дуудах бүрт нь хүрээд ирдэг залуу бүсгүйг үзүүлэх зэргээр наад захын энгийн логикгүй, утга учиргүй үйл явдал, дүрүүдийг гаргасан бөгөөд угаасаа энэ кинонд гарч байгаа бүх монгол хүмүүсийг цөмийг нь балай гэж үзүүлэхийг зорьсон нь гайхмаар. Кинонд тоглосон хошин шогчдыг яахав цагаандаа гарсан амьтад гээд хаялаа гэхэд манай нэртэй ахмад жүжигчин Б.Тунгалаг, дуучин Ч.Цэлмүүн гэх эмэгтэйчүүдийн өмнөөс өөрийн эрхгүй харамсал төрнө. Хүүгээ сайн ханьтай болоосой гэж боддоггүй монгол ээж үгүй, гэхдээ арай ч ийм улаан цагаандаа гарсан ээж байдаггүй байлтай. Гэвч ийм л кино хийж байна. Түүнчлэн “Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ” шүүмжид дурдсан “Single ladies-1, 2, 3” киноны эрчүүд ч цөм мэдрэл муутай. Зөвхөн эхний ангид нь гардаг Батаа, Төмөрөө, захирал, ганган Чука гэх эрэгтэйчүүдийн дүрүүд нь цөм балай, нялгасан, орилж хашгирсан, худлаа инээж хөхөрсөн, гэнэн тэнэг дүрүүд агаад найруулагч хийгээд жүжигчид нь ч дүрүүдээ неврозтой харагдуулах гэж чамгүй хичээсэн буй. Эхнэрээ хүнд зээлдүүлэгч маанаг эрийн тухай “Худалч залуу”, эрүүл хүн үнэмших ямар ч боломжгүй үйл явдлыг харуулсан “Помогите нам” цуврал, “Шарталт”, “Намрын синдром”, “Болсон явдал”, “Танхай тээгч”, “Тусгай ажиллагаа”.., гээд мэдрэлийн өвчтэй хүмүүсийн цуглуулга гэмээр олон кинонуудыг дурдаж болно. Ер нь л сүүлийн жилүүдэд гарсан бараг бүх л кино иймэрхүү байгаа нь нууц биш бөгөөд тэдгээрийг үзэн уйлах ихдэж, инээх багадан язайж суусаар, эцэстээ харамсаж дуусах нь нэн шаналгаатай.
 
Жүжиглэх урлагийн хувьд ч эвдрэл гарлаа. Жүжигчнийг тайзны үйлдэлд хөтөлдөг тулгуур гурван зарчим бий бөгөөд нэгт -Би юу хийж байна?, хоёрт –Би юуны тулд хийж байна?, гуравт -Би яаж хийж байна? зэрэг. К.С.Станиславскийн системд жүжигчин би юу хийж байна гэдэг эхний зарчмаарөөрийгөө тайзны үйлдэлд түлхдэг бол Б.Брехтийн системд би яаж хийж байна хэмээх сүүлийн зарчмаас эхэлдэг тухай судлаачид дурдсан байдаг. Манай жүжиглэх урлагийн эхэн үед буюу 1930-50-аад онд ихэвчлэн ардын баатарлаг үлгэрийн сэдэвтэй жүжгүүд тоглож байснаас үүдэлтэй үгээ уянгалуулан хэлдэг, баатарлаг байдалтай, сүржин тоглолт, оргилуун, өргөлттэй тавилыг чухалчилж байсан бол Л.Ванган, С.Гэндэн нар Луначарский төгсөж ирснээр энэ байдал халагдаж жинхэнэ утгаараа К.С.Станиславскийн систем тогтсон гэж үздэг. Гэтэл хошин шогчдын нөлөөгөөр жүжиглэлтийн реалист нөхцөл үгүйрч хэтийдсэн худал, зохиомол тоглолт уруу хэлбийж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй бөгөөд энэ нь мөн чиглэлийн урлагийн хүрсэн түвшинг доошлуулж, театрын урлагийн хөгжлийг сааруулж байгааг хэлэх ёстой. Хошин шогчдын хувьд жүжиглэх гэдэг үг томдох агаад харин жүжих гэвэл тохирох мэт.
 
Энэ бүх нэг талыг барьсан мэдээллээрээ сэтгүүлч нэртнүүд, элий балай үзүүлбэр хийгээд кинонуудаараа найруулагч, жүжигчид монгол эр хүнийг хэн болгож харагдуулахыг зорино вэ?! Урлаг, уран зохиолд хяналт цензур байх ёсгүй нь үнэн боловч аливаа юм хэмжээтэй, үндэстний үнэт зүйл, хэзээ ч халдаж үл болох бахархал, хагалж үл болох нэр төр, харлуулж үл болох эрхэмнэл гэж байдаг юм шүү дээ.
 
Тухайлбал үндэстэн бүрт гипертекст буюу эх бичвэр гэж байдаг. Энэ талаар МУБИС-ийн профессор С.Энхбаяр «Аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Постмодернизмд үүнийг гипертекст гэдэг томьёоллын дор авч үздэг. Жишээ нь барууны соёл иргэншил, оюун санааны эх сурвалж нь Библи бөгөөд өрнө дорны сонгодог урлаг утга зохиолыг Библийн үзэл санаагүйгээр төсөөлшгүй, ойлгож ухамсарлах боломж ч үгүй. Агуулгын хувьд ч тэр, уран сайхны хэлбэр бүтэц зохиомжийн хувьд ч тэр. Нэн ялангуяа модернизм болоод постмодернизмд энэ нь онцгой тод илэрдэг бөгөөд ерөөс аливаа бичгийн соёл уналт бууралт, шинэчлэл, сэргэн мандалт гэх мэт онцгой цикл үеүддээ өөрийн соёлын эх үндэс, язгуур эш сурвалж болсон гипертекстүүддээ ханддаг түгээмэл зүй тогтол бий…» (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ. 2011. 274) гэж бичсэн байдаг бөгөөд манай утга зохиолын хувьд монгол ардын эртний олон домог, үлгэр, туульс, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” хийгээд Буддын соёлын томоохон судар, номууд нь гипертекст болох юм. Гэтэл “Монголын нууц товчоо” хэмээх суут бүтээл, Чингис хаан хэмээх ариун шүтээндээ ёс бусаар халдан «Тэмүүжин чи татаар эмээ авчир. Нэгэнт чиний авааль эм болох тул гурвуул хамт янаглая. Нэгэнт бие махбодь нь хөвчирсөн Тэмүүжин Бөртийн шаардсанаар их хатнаа Есүгэнийг харж байхад эдлэв. Бөрт ийн зовох юмгүй гиншиж, урд үзээгүй тааламжтайгаар хөдөлнө. Дур нь ханаж ухаангүй гулдайн унасан Бөртийн нойтон биеийг орхиж, Тэмүүжин Есүгэний чанга халуун биеийг хумин дороо хийлээ» (Жаргалсайхан.С. Удвал.Л. “Чингис хааны нууц түүх” УБ. 2007. 57-58) гэх мэтээр Чингис хаан, Бөртэ үжин, Жамуха.., гээд өвөг дээдсийгээ сексийн гаж донтнууд болгож С.Жаргалсайхан, Л.Удвал гэх зохиолчид “Чингис хааны нууц түүх” романдаа бичсэн бий. Үүнийг нь уран зохиол судлаач доктор С.Амартүвшин, доктор Ш.Баттөр нар анхааруулан шүүмжилсээр ирсэн. Харин тэдгээрийг уншиж ухаарсан нь хэд бол.
 
Энэ бүхний эцэст монгол эр хүний дүрийг нэг талаас нь харвал алуурчин, хүчиндэгч, сексийн гаж донтон, худалч хулгайч, луйварчин, нөгөө талаас нь харвал гомо, гей, бисексуал, барагтайхан салхинд хийсчихмээр гуйвагнасан бие бялдартай, ховч, хэрүүлч, хэлсэн үгэндээ үл хүрдэг, амьдралаа авч явах чадваргүй, аймхай хулчгар, урвагч, завхай банзал.., гээд энэ ертөнцийн хамгийн муу муухай амьтан мэтээр дүрсэлж байна. “Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ” шүүмжид өгүүлсэн монгол эмэгтэйтэй ийм эр хүн хосолвол угаасаа монгол хүн гэдэг чинь эр эмгүй адгийн амьтад юм гэсэн дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй болно. Ийм л уран бүтээлчид, ийм л уран бүтээлүүдийг туурвин тэдгээрийгээ гайхамшигтай юм хийчихсэн мэтээр хэвлэл мэдээллийн өөрсөдтэйгөө таарсан боловсрол, мэдлэггүй сэтгүүлчдээр дамжуулан сурталчилж хар массын дур таашаалд өргөн барьж, бие биеэ магтан элдэв цол гуншин, нэр төр, сайшаал шагналаар ачаалсаар байна. Энэ үеийнхэн ингээд өнгөрдөг бол дүүрч гэхсэн, гэвч ирээдүй хойч үе маань энэ бүх элийрэл балайрлыг үзэж, сонсож, өсч өндийж байгааг эрхбиш анхаарах болсон баймаар…
 
 
Г.БАТСУУРЬ Ph.D /МУБИС/
 
Уран зохиол шинжээч
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин