sonin.mn
"Соёмбо" сонины редакцын бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа журмын нөхдийнхөө амжилт, бүтээлийг сурвалжилсаар байна. Өнгөрсөн 11 дүгээр сард гэхэд манай сурвалжлагч нар Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 015, 027, 326, 327 дугаар анги болоод төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа нөхдөө, Батлан хамгаалах төв архив, “Бага баян-Энхийн төлөө цогцолбор төв"-ийн үйл ажиллагааг сурвалжлан олон нийтэд хүргээд байна. Бидний дараагийн онцлох хамт олон бол Монгол Улсынхаа баруун хилийн агаарын халдашгүй байдлыг нүд цавчилгүй сахин хамгаалж байгаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхан.
 
1000 километр замыг автобусаар 18 цаг туулж, Завхан аймгийн Улиастай хотод шөнийн алдад очиход Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас угтан авахаар хүн ирсэн нь ахлах дэслэгч Л.Түмэнбаатар байв. Түүнтэй зам зууртаа ойр зуурхан хөөрөлдөхөд “Би сурвалжлагч нарыг мэдрэмжтэй хүмүүс гэж боддог. Танд манай ангиас мэдрэх ёстой гурван зүйл бий.
 
 
Нэгд, хөдөлмөрч хичээнгүй байдал, хоёрд, эв нэгдэл, гуравд сахилга бат” гэсээр ангийнхаа зочид буудалд хүргэж өгөв. Тэрхэн үедээ “Аан, тийм үү” гээд л тоомжиргүй шахам сонсож явсан ч томилолтоор ажилласан хугацаандаа ахлах дэслэгч Л.Түмэнбаатарын хэлсэнчлэн гар нийлэмжтэй, чадварлаг хамт олон гэдгийг үйлдлээр нь үзэв ээ, би.
 
 
ЗАВГҮЙ ХОЛБООЧИД
 
 
11 дүгээр сарын 25-ны Даваа гараг, 08.50 цаг. Өглөөний нэгдэлтийн бүрээ үлээж байна. Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа П.Мэндбаяр жагсаалын талбайд жагссан бүрэлдэхүүний ирцийг бүртгэн өдрийн гүйцэтгэх үүрэг, анхаарвал зохих зүйл зэрэг асуудлаар үүрэг өгөхөөс тус ангийнхны энэ өдрийн ажил эхэллээ. Албад тус тусынхаа үүрэгт ажилдаа ороход цөөн тооны ахлагч нар жагсаалын талбайн цасыг цэвэрлэхээр үлдэв. Завхан аймаг нь Монгол Улсын хамгийн хүйтэн цэг бөгөөд орсон цасыг дор бүрт нь цэвэрлэхгүй бол амархан мөстдөг ажээ.
 
Бидний эн тэргүүнд онцлох алба бол энэ хорооны амин зүрх нь болсон Удирдлагын байр. Амин зүрх гэхийн учир нь тэнд цэлмэг тэнгэрийн харуулууд үүрэг гүйцэтгэдэг. 24 цагийн туршид баруун хилийн агаарын орон зайг тасралтгүй хянадаг удирдлагын байр нь дотроо ажил үүргээс хамаараад хэд хэдэн албатай бөгөөд үйл ажиллагаа нь улсын нууцад хамаарах учраас тэнд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн нөхдөө онцолъё. Энд нэг зүйл хамгийн ойлгомжтой байсан нь агаарын орон зайг нүд цавчилгүй хянаж буй зураглал. Дор бүрнээ тун завгүй. Та биднийг ажиллаж байсан ч, амарч байсан ч тэд үүргээ гүйцэтгэсээр байдаг нь тун тодорхой харагдах. Энэ өдөр хүлээн авах радио төвийн ээлжийн даргаар ахлах ахлагч Ц.Сугармаа ажиллаж байна. Ээлжийн бүрэлдэхүүнээ хөтөлж чиглүүлэн заавар, зөвлөгөө өгөх энэ бүсгүй Зэвсэгт хүчинд алба хаагаад 22 жил болж байгаа гэнэ. Ангийнхаа анхны шавийг тавихаас өнөөдрийн хөгжил дэвшил, өнгө төрхтэй хороо болтол нь хамт яваа тэрээр “Анх энэ ангидаа 20-хон настай ирж байсан бол өнөөдөр хүний хань, хоёр хүүхдийн ээж болжээ. Том хүү маань ОХУ-д инженерээр суралцдаг, бага нь 12 дугаар ангийн сурагч. Цаг хугацаа удаан юм шиг атлаа их хурдан өнгөрч. Эх орныхоо баруун хилийн агаарын орон зайг хянахад өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулж байгаагаа их хувь заяа гэж боддог” гэлээ. Ээлжийн даргаасаа зөвлөгөө авахаар ёслох дэд ахлагчийг Д.Пүрэврагчаа гэдэг, радиотелеграфчин. Ахлагчийн албанд ороод нэг жил болж байгаа түүний хувьд хариуцсан үүргээ алдаа мадаггүй гүйцэтгэх нь гол зорилго нь. Түүний хань дэд ахлагч Я.Балжинням мөн адил энэ ангид алба хаадаг гэнэ. Тэдэнд хамтдаа бодож төлөвлөсөн олон хүсэл мөрөөдөл байдгийн нэг нь агаарын орон зайг хянах хариуцлагатай албаа нэр төртэй гүйцэтгэж, хамт олныхоо дунд бужигнаж явах ажээ.
Планшетийн тоотоор орлоо. Ээлжийн даргаар нь ахлах ахлагч З.Оюунболд ажиллаж байна. Ангийнхаа 22 жилийн түүхийн 17-г нь хамт бичилцэж яваа тэрээр “Ажлын гараагаа тус ангийн тусгай салбараас эхэлсэн. Салбар ч гэсэн, хороо ч гэсэн ялгаагүй ажил ихтэй. Агаарын орон зайг хянана гэдэг зүгээр нэг жижүүрлэлтээс асар их ялгаатай. Эх орны минь баруун хилийн агаарын орон зайн аюулгүй байдал нь бидний нуруун дээр байгаа гэж бодохоор нэг хором ч анхаарал алдаж чаддаггүй юм. Анх энэхүү ангид ирэхэд олон сайхан цэргийн ах, эгч нар зааж зөвлөн, ажлын дөртэй болгож байсан бол өнөөдөр өөрөө цэргийн дүү нартай болсон байна. Эхнээсээ мэргэжлийн аварга болж байгаад баяртай байгаа” гэж ярив. Түүний хэлсэнчлэн саяхан болж өнгөрсөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2019 оны “Мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс ахлагч П.Хажидмаа “Мэргэжлийн аварга планшетчин”-аар шалгарсан бахдам амжилт үзүүлжээ. Мэргэжлийн аварга планшетчинтай уулзаж ярилцахад "Анх удаагаа оролцоод тэргүүлсэндээ маш их баяртай байна. Энэ шагнал бол миний хувьд төрийн одон, медалиас эрхэм. Хийж гүйцэтгэдэг ажлаараа бусад нөхдөө тэргүүлж, өөртөө итгэх итгэл, урам зориг, эрч хүч авлаа" гэсэн юм. Тэрээр насны ханиа тус ангиас сонгосон нь ахлах радиотелеграфчин, ахлагч Г.Амгаланбаатар. Тэд хүү, охинтой бөгөөд Завхан нутгийн уугуул иргэд нь юм байна. Тэмцээний амжилт үүгээр зогсохгүй дэд ахлагч Х.Тэмүүлэн мэргэжлийн зэргээ ахиулсан гээд оролцсон бага мэргэжилтэн бүр ганзага дүүрэн ирсэн сайн мэдээ олон байв.
 
Дараагийн онцлох эрхэм нь ажиллагааны удирдлагын офицер, хошууч Р.Цэрэнтогтох. Тэрээр планшетчдаа өгөгдсөн цагийн байдалд нь тохируулан удирдан чиглүүлж, ангийн удирдлагыг мэдээллээр хангах үүрэгтэй. Мөн л хорооны тусгай салбараас ажлын гараагаа эхэлсэн, Зэвсэгт хүчинд алба хаагаад 11 жил болж байгаа гэнэ. Түүнийг ангийн штабын даргын орлогч, хорооны удирдах байрны дарга, дэд хурандаа С.Бямбарагчаа “Сэтгэн бодох онцгой чадвартай. Эрхэлсэн албандаа махран зүтгэдэг, хичээнгүй офицеруудын маань нэг” гэж тодорхойлсон. Даруу, төлөв гэдэг нь ч нүднээ илхэн. Энэ мэтчилэн завгүй ээлжтэнүүдийн хажуугаар дэслэгч Б.Гантөмөр бусад бага мэргэжлийн нөхдөдөө сургалт явуулж байх юм. Ээлжээс бусад үед нь мэргэжлийн хичээл байнга зааж, дадлагаар баталгаажуулаад хэвшжээ, эл хамт олон.
 
Ийнхүү хорооны амин чухал ажил залуусын нуруун дээр яваатай "нүдээр" танилцлаа. "Нүдээр" гэдгийн шалтгаан нь хорооны байранд гэрэл зураг авах хориотой. Үүрэг гүйцэтгэх алба хаагчид нь ч ухаалаг утсаа хураалгаж, ажлын байрандаа ордог юм байна. Энд нэгэн зүйл дотно сайхан санагдсан нь дэд хурандаа С.Бямбарагчаагийн удирдах, уриалах, таних чадвар. “Манай энэ алба хаагч ийм, ийм чадвартай” гээд хүн бүрийн онцгой чанаруудыг нь дурдаж, сайн талыг нь л олж "уншиж" байх юм. Мэдээж урам зориг авсан залуус энэ эрчээрээ ажилдаа шамддаг нь ойлгомжтой. Залуусаа урам зоригоор тэтгэх дуртай дэд хурандаа маань Зэвсэгт хүчинд алба хаагаад 22 жил болж. 2001 онд БХИС-ийг радио техникийн ашиглалтын инженерээр суралцаж төгсөөд 2015 он хүртэл Зэвсэгт хүчний 326, 065 дугаар ангид ажиллаж, 2015-2017 онд БНСУ-ын Агаарын цэргийн академид суралцан алтан медаль, улаан дипломтой төгссөн байна. Харин тус ангид 2018 онд томилогдож. Агаарын хилийг манаж буйгаараа бахархдаг бас ар талыг нь дааж явдаг халамжит гэргийдээ баярладаг гэсэн. Түүний эхнэрийг Г.Энхчимэг гэдэг, биологийн багш мэргэжилтэй. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд том нь Анагаах ухааны их сургуульд оюутан, бага нь тавдугаар ангийн сурагч гэнэ. "Онжав"-уудтайгаа хамтдаа байгаагаа ч тэр онцолсон. Ангийн ерөнхий инженер, дэд хурандаа Б.Ганзам, дайчилгааны офицер, дэд хурандаа Л.Баатархүү нар түүний хамгийн дотнын нөхөд нь ажээ.
 
ДАДЛАГАД СУУРИЛСАН СУРГАЛТУУД ТОГТМОЛ ЯВАГДДАГ
 
Ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагдын өрөөгөөр орлоо. Хурандаа бичиг цаас гээд тун завгүй байв. ЗХЖШ-аас Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний 2019 оны “Сахилгын зөрчилгүй анги”-аар шалгарах болзол биелүүлсэнтэй холбоотойгоор ирж ажиллах учраас үүнд бэлтгээд завгүй байна. Хурандаагийн хувьд энэ ангитайгаа 22-хон настай, хонгор зүстэй байхаасаа л холбогдож. Хоёр удаа тусгай салбарт, гурван удаа хороонд томилогдсон бөгөөд салааны захирагчаас ангийн захирагч болтлоо шат дараалан дэвшиж ажилласан офицер ажээ. Түүний баримталдаг гол зарчим нь бие бүрэлдэхүүний болон нэг бүрийн сургалт бэлтгэлийг сайжруулах, мэргэжил, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, чадваржуулах, нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдвэрлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, орон нутагтай нягт хамтран ажиллах гээд олон зорилго, зорилт тавьсан бөгөөд үүний олонх нь биелжээ. Тухайлбал, 2018-2019 оны сургуулийн жилд бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг сайжруулахад олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн 4 дүгээр сард Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн нэрэмжит цогцолбор шалгалтад амжилттай дүн үзүүлж, 7 дугаар сард тус ангийн тусгай салбарыг түшиглэн явагдсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангиудын тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцсон байна. Харин 2019-2020 оны сургуулийн жилд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчаар батлуулсан төлөвлөгөөний дагуу нэг бүрийн сургалтыг цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл, мэргэшүүлэх сургалт гэсэн хэлбэрээр явуулж, салбарууд болоод хорооны жигдрэлтэд урьдын адил онцгой анхаарал хандуулахаар төлөвлөжээ. Офицеруудад сард нэг удаа зургаан цагаар, ахлагч нарт сард гурван удаа тус бүр найман цагаар мэргэжлийн сургалт явуулж байна. Хичээлийн 30 хувь нь тактик (тусгай тактик, ерөнхий цэргийн тактик, амьд гарах арга ухаан), 40 хувь нь мэргэжлийн хичээл, тусгай бэлтгэл, 30 хувь нь биеийн тамир, бусад бэлтгэлүүд хамаарч байна. Шинэ сургуулийн жилд бага мэргэжилтнүүдийг чадваржуулахад чиглэсэн олон талын арга хэмжээ төлөвлөснөөс эхнээсээ хэрэгжүүлээд эхэлж. Өөр нэг сайн мэдээ гэвэл алба хаагчдын нийгмийн хамгааллыг тодорхой түвшинд шийдэж буй тухай юм. БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын дэмжлэгтэйгээр 2015 онд 24 айлын орон сууц баригдаж, 2017 онд төвийн шугамыг нь шийдвэрлэж байсан бол 2019 онд тус ангийн тусгай салбарт найман айлын орон сууц шинээр баригджээ. Энэ тухай хурандаа Г.Чулуунзагд “Манай алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд байнгын дэмжлэг үзүүлж байгаа БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлагад хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алслагдмал анги, салбарт алба хааж байгаа цэргийнхний албандаа тогтвортой, санаа сэтгэл тэнүүн байх гол хөшүүрэг нь орон байр байдаг юм. Тусгай салбарын найман айлын орон сууцыг бид өөрсдийн хүчээр барьж, богино хугацаанд ашиглалтад оруулсан. Найман айлын цаана 30 гаруй хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөл шийдэгдэж байна” гээд цаанаасаа л баяртай нь аргагүй ярина лээ. Гэхдээ энэ бол ердөө нэгхэн салбарын асуудал гэдэг нь мэдээж. Цаана нь хэд хэдэн салбарын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх бодит шаардлага хүлээж байгаа нь ойлгомжтой юм. Цаашдаа радио техникийн жишиг хороо гэдэг байдлаар нь спорт, урлагийн цогцолбортой болохоос эхлээд хорооны удирдах байрыг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа гэсэн. Спорт, урлагийн цогцолбортой болсноор алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, мөн орон нутгийн хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй. Харин гол үүрэгтэй хорооны удирдах байрын тухайд яг үнэндээ тэр олон холбоочин залуус хувцсаа солих өрөө битгий хэл өчүүхэн ч зай талбай алга. Магадгүй тийм ч учраас ажилдаа цэргийн дүрэмт хувцастай ирж, очдог биз.
 
 
Г.Чулуунзагд хурандаагийн санаа зовоож байгаа зүйлийн нэг нь анги үүсэн байгуулагдах цагаас хамт явсан, бэлтгэгдсэн офицер, ахлагч нар эхнээсээ тэтгэвэртээ гарч байгаад гэнэ. Ийм ч учраас залуу боловсон хүчнээ тэдний адил сургаж мэргэшүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж байгаа бөгөөд нэг жилийн дараа гэхэд дараагийн үе нь гараад ирнэ гэж байна. Түүний сэтгэл хангалуун явдаг зүйл гэвэл бүрэлдэхүүний хөдөлмөрч зан, эв нэгдэл гэсэн. Үүний ч төлөө даргалах бүрэлдэхүүн анхаарч ажилладаг байна. Нөгөө талаар ангийн үндсэн үүрэг болох агаарын хилийг хянах нь багийн ажиллагаа учраас аль ч түвшинд энэ тал руу нь бэлтгэх нь тэдний гол зорилго гэнэ. Тухайлбал, багийн спортоор тогтмол хичээллэх, мэргэжил, ур чадвартаа гарамгай алба хаагчдаа дагалдуулан ажиллуулах зэрэг олон хувилбараар анхаарч байгаа аж. Үүний хүчинд орон нутагтаа төдийгүй Зэвсэгт хүчний аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багууд нь хэд хэдэн удаа алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж. Түүнээс “Таны баримталдаг зарчим юу вэ?” гэхэд “Зүгээр л зоригтой ажиллах юм. Олон хүн хариуцна гэдэг амаргүй. Гэхдээ л зоригтой шийдвэр гаргаж байж энэ байгууллага хөгжиж дэвшинэ. Түүнээс алдаа гаргахгүй гээд "хаяагаа манаад" байвал ямар хэрэг байх вэ дээ. Өнгөрсөн 10 дугаар сард болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг энэ талаар илтгэл тавьсан” гэлээ.
 
АЛБА ХААГЧДАДАА ДАВХАР МЭРГЭЖИЛ ОЛГОЖ БАЙНА
 
 
Үргэлжлүүлээд ажиллагааны удирдлагын тасгийн дарга, төлөвлөлтийн офицер, дэд хурандаа П.Мэндбаяртай үүрэгт ажилтай нь холбоотой ярилцлаа. Түүний хэлснээр тус ангийнхан Завхан аймагт Зэвсэгт хүчнийг сурталчлах, хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон ажил, арга хэмжээ хэрэгжүүлжээ. “Монгол цэргийн өдөр”-өөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд марш, тактикийн аварга шалгаруулах тэмцээн явуулж, цэргийн ёслолын жагсаал, ангийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулдаг уламжлалтай бол “Энхийг сахиулагчдын өдөр”-өөр “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” чуулга уулзалтыг сумдад болон их дээд сургууль, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулиудад явуулдаг байна. Энэ жилийн хувьд Улиастай, Идэр, Тэлмэн, Яруу, Сонгино сумдад чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Түүнчлэн ангийн Ахлагчийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс ч нийгэмд чиглэсэн арга хэмжээг тогтмол явуулдаг гэнэ. Сүүлийн үед алба хаагчдадаа давхар мэргэжил олгох зорилгоор аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж байгаа гэсэн. Планшетчин, радиотелеграфчин зэрэг нь Зэвсэгт хүчинд нэн хэрэгцээтэй мэргэжил боловч нийгэмд энэхүү ажлын байр тун ховор. Тэтгэвэрт гараад хийх ажилд нь туслах, цаашлаад ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь бүрдүүлэхэд тусалж, давхар мэргэжил эзэмшүүлж байгаа нь энэ. Ангийн удирдах бүрэлдэхүүний зүгээс нийслэл хэдий хол ч боломж гарвал бие бүрэлдэхүүнээ Зэвсэгт хүчний хэмжээний уралдаан, тэмцээнд явуулахыг зорьдог байна. Уралдаан, тэмцээнд оролцсоноор мэргэжил нэгт нөхдийнхөө хаана яваагаа мэдрэх, тэр хэмжээгээр бэлтгэлээ чамбайруулахад алба хаагчдад хэрэгтэй гэж дэд хурандаа П.Мэндбаяр онцолж байв. Тус ангийнхан 2005 онд Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй тасаг мөнгөн медаль хүртэж байсан бол энэ онд шагналын буухиаг үргэлжлүүлэн байнгын бүрэлдэхүүний салаа, эмэгтэй тасаг, буудлагын төрөлд ч цөөнгүй алба хаагчдаа бэлтгэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоноос богино бууны түргэн буудлагын төрөлд хурандаа Г.Чулуунзагд алт, тогтоол буудлагын төрөлд дэд хурандаа Э.Өнөржаргал мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Түүнээс гадна алба хаагчдынхаа сэтгэл зүйн хангалтыг сайжруулах зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчдийг урьж лекц уншуулах, сорил авах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байгаа гэнэ.
 
 
Албандаа итгэл үнэмшилтэй, хамт олонтойгоо эвсэг найрсаг, гэр бүлдээ сэтгэл хангалуун байхын гол үндэс нь сэтгэл зүйн хангалт гэж тэд үзсэн байна. Энэ дашрамд онцлоход, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд хамгийн нягт хамтран ажилладаг аймаг нь магадгүй Завхан байх. Улиастай, Тэс, Тосонцэнгэл, Сонгино гэсэн цэргийн дөрвөн хотхонтой бөгөөд удирдлагаар нь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч ажилладаг байна. Тэд хамтран олон бүтээлч ажлын ард гарчээ.
 
 
Ангийн 20 жилийн ой 2017 онд ёслол төгөлдөр болж өнгөрсөн бөгөөд энэ үед тус ангийн хамт олон цөөнгүй бүтээлч ажил хэрэгжүүлжээ. Урьд нь Тээврийн товчоо байсан, олон жилийн насжилттай объектуудтай хэдий ч өөрсдийн нөөц бололцоог ашиглан өнгө төрхийг нь шинэчлэн сайжруулсан нь хэн ч харсан нүднээ тодхон. Цэлмэг тэнгэрийг бэлгэдэж барилгуудаа усан цэнхэр, цагаан өнгөөр хослуулан будаж, шалган нэвтрүүлэх байрыг шинээр барьж, ангийн хашааны дотор талд нь Завхан аймгийн үзэсгэлэнт газруудыг зурсан нь өнгө үзэмж тун нэмсэн байв. Аймгийн Засаг даргын дэмжлэгээр жагсаалын талбайдаа гэрэлтүүлэг ч суурилуулжээ.
 
 
 
АЖИЛ УНДАРЧ, ЗАЛУУС УРАМТАЙ БАЙНА
 
Ангийн ар талын штаб, эмнэлгийн байр, уурын зуух, гал тогоо, номын сангаар орлоо. Эмнэлгийн байранд их эмч Б.Сувд-Эрдэнэ хэмээх нүдээрээ инээсэн бүсгүй ээлжид гарах бүрэлдэхүүнийг нэг бүрчлэн үзэж байна. Сувдаа эмч өмнө нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан бөгөөд зургаан сарын өмнө тус ангийн эмчээр томилогдож. Эмч бүсгүй бие бүрэлдэхүүн болоод тэдний ар гэрийнхэнд тогтмол хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, өвчлөлөөс өөрийгөө болон ойр дотнынхноо сэргийлэх талаар яриа таниулга хийдэг аж. Саяхан гэхэд өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар сургалт явуулжээ. Харин гал тогооны байранд тогооч бүсгүйчүүд болох Р.Эрдэнэцэцэг, Д.Дулмаа, Ч.Цэрэнсодном, Ш.Жавзандолгор, М.Мөнхтуяа нар амтат талхаа бариад завгүй байхтай нь таарав. Амтат гэж онцолсны учир бие бүрэлдэхүүн тэдний барьсан талханд нь тун чиг дуртай гэсэн. Ахлах тогооч, ахлах ахлагч Ц.Алтанчимэг хүндэтгэх шалтгаантай түр эзгүй байсан бөгөөд тэрээр “Олон улсын цэргийн наадам-2019” тэмцээний “Хээрийн гал тогоо”-ны төрөлд Зэвсэгт хүчнээ төлөөлж оролцсон шилдэг тогооч. Тогооч Р.Эрдэнэцэцэг “Хүн хооллоно гэдэг асар их буянтай ажил. "Баярлалаа" гэдэг үгийнх нь тоогоор бидний үйлс бүтдэг байх гэж боддог” гэсэн бол Д.Дулмаа “Бид өдөр бүр дөрвөн удаагийн халуун хоолоор ээлжийн бүрэлдэхүүндээ үйлчилж байна. Зарим үед сонголттой хоолоор үйлчилдэг. Аль болох амттай, тэжээллэг бас эрүүл хоолоор дайлахыг хичээдэг дээ” гэлээ. Ч.Цэрэнсодномын хувьд Зэвсэгт хүчний 2018 оны аварга тогооч шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж байсан тэрээр тогооч гээд хоол хийгээд л суухгүй ангийн үйл ажиллагаанд үргэлж оролцдог, "хагас цэрэгжилттэй хүмүүс" гэж өөрсдийгөө тодотгосон. Тус гал тогооныхон олон улсын сургууль, хамтарсан сургалт, дадлагын үеэр ч арын албанд ажилладаг хөдөлмөрч хамт олон.
 
Тус ангийн бас нэг онцлох эрхмүүд бол уурын зуухныхан. Дөрвөн ээлжээр найман галч, дөрвөн слесарь ажилладаг байна. Тэд ангийн байрлал дахь объектууд, 24 болон найман айлын орон сууцыг халаах үүрэгтэй. Уурын зуухны дарга Г.Ганзоригийн хэлснээр ангийн объектуудын шугам сүлжээг зайлшгүй шинэчлэх шаардлага байгаа гэсэн. Хэдий өөрсдийн нөөц боломжоор сайжруулдаг ч гэсэн төдийлөн үр дүн муутай гэнэ. Тийм ч учраас ангийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу 250 литрийн багтаамжтай уурын зуухны тогоог дэд ахлагч Б.Төрмөнх болон Г.Шийрэв, Б.Бат-Эрдэнэ нар шинээр гагнаж, өнгөрсөн намраас ашиглаж эхэлжээ. “Шинэ тогоо суурилуулснаар багагүй хэмжээний нүүрс хэмнэж, дулаан ч тэр хэмжээгээр сайжирсан” гэж Г.Ганзориг онцолсон. Тэрээр Зэвсэгт хүчний 2018 оны "Тэргүүний ажилтан алба хаагч" бөгөөд шинэ бүтээлч ажлыг үргэлж эрэлхийлж явдаг гэж хамт олон нь тодорхойлж байсан юм. Монгол дээлээрээ гоёсон дараагийн эрхэм бол галч Ч.Батмөнх. Түүний Зэвсэгт хүчинд алба хаасан жил ангитай нь нас чацуу. Ангийнхаа талаар “Ахаа хүндэтгэж, дүүгээ дэмждэг эвсэг хамт олон. Нэгнийхээ баяр жаргал, зовлон гунигийг нь ч хуваалцаж чаддаг юм. Ангидаа би хайртай. Харин улс төр, нийгмийн байдал надад таалагддаггүй. Наад захын жишээ нь их сургууль төгссөн хүүхдэд маань ажил төрөл ч олдохгүй зовлонтой байна шүү дээ” гэсээр ажилдаа орлоо.
 
 
НОМТОЙ НӨХӨРЛӨДӨГ ОФИЦЕР, АХЛАГЧ ОЛОН
 
Номын санч Д.Болормаа номнуудаа цэргийн мэргэжил, тактик, түүх, хууль тогтоомж, уран зохиол, шинжлэх ухаан гэж төрөлжүүлэн, хоёр ханаар дүүрэн өрж. “Соёмбо” сонины 2016-2019 оны бүх дугаарыг ч нямбайлан үдсэн нь хамгийн түрүүнд нүднээ тусав. Номын санч бүсгүйтэй хөөрөлдөхөд тэрээр удахгүй Зэвсэгт хүчний 339 дүгээр анги руу шилжих гэж байгаа гэнэ. Шилжихээсээ өмнө номын сангаа баяжуулсан, номыг уншигчийн картаар олгодог болсон, хамгийн гол нь номтой нөхөрлөдөг офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын тоог нэмсэн гээд сайн мэдээ олон байв. Орон нутгийн номын сантай гэрээ байгуулан ном солилцож, бие бүрэлдэхүүндээ ч хүргэжээ. Түүний хэлснээр сайн уншигчид нь тэргүүн ахлагч Н.Цэрэндорж, ахлагч Б.Баяржавхлан нар. Долоо хоногт 2-3 ном авч уншдаг, бусдадаа уншсан номоо ярьж, сайн нөлөө үзүүлдэг ахлагч нар гэсэн.
 
Номын сантай залгаа Ар талын штаб байрладаг юм байна. Ар талын дарга нь хошууч С.Зоригтбүргэд. Тэрээр “Ар талын штаб маань зургаан алба, салбаруудын аж ахуйн дарга нар гээд өргөн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил манай хамт олноос ахлах тогооч, ахлах ахлагч Ц.Алтанчимэг, тусгай салбарын тогооч, ахлагч Г.Цэцэгсүрэн нар Зэвсэгт хүчний тогооч нарыг төлөөлж “Арми-2019” цэргийн наадмын “Хээрийн гал тогоо”-ны төрөлд амжилттай оролцлоо. Мөн Зэвсэгт хүчний ар талын аварга шалгаруулах тэмцээнд ахмад Э.Шарав гуравдугаар байр эзэлсэн. Бие бүрэлдэхүүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад бодитой ахиц гарлаа. Бид жилийн хэрэгцээний төмс, хүнсний ногоогоо өөрсдөө тариалж, нөөцөлдөг болсон гээд амжилт бүтээл арвинтай. Албанд маань асуудалтай зүйл байхгүй. Байсан ч бид болгоод л явдаг” гэв. Хошууч С.Зоригтбүргэд удам дамжсан ар талын офицер гэнэ. Түүний аав Сосорбарам ар талын офицер байсан нь энэ мэргэжлийг сонгоход чухал нөлөө үзүүлж. Тэрээр том хүү З.Мөнх-Эрдэнээ ч гэсэн оюутан байхад нь хугацаат цэргийн алба хаалгасан байна.
 
Мөн ойролцоох төвийн хянах постоор ч зочиллоо. Хорооны бас нэгэн амин чухал объект. Хянах постод алба хаагчид долоо хоног бүрээр үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ үед ахлах ахлагч Э.Ганзориг ээлжийн даргатай ахлагч Ч.Отгонбаатар, дэд ахлагч М.Жадамба нар үүрэг гүйцэтгэж байв. Тэд долоо хоногийн туршид баруун хилийн агаарын орон зайг хянах үүргээ гүйцэтгэж хажуугаар нь ээлжлэн хоол ундаа бэлтгэж, цэвэрлэгээгээ хийдэг байна. Хилийн цэргийн заставын амьдрал ямар байдаг билээ, яг л түүн шиг юм. Тэд бас хоточ банхартай. Тэр банхар нь цэргийн хувцастай хүн рүү дайрдаггүй атлаа энгийн хувцастай бол улайран дайрдаг гэнэ. Ахлах ахлагч Э.Ганзориг “Зэвсэгт хүчинд 15 дахь жилдээ алба хааж байна. Ар гэртээ санаа зовох зүйлгүй ажилдаа шамдахад тусалдаг хүн бол миний хань. Ханийг маань Б.Мөнхзаяа гэдэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилладаг. Бид Г.Оюундалай хэмээх үзэсгэлэнт гүнжтэй” гэсэн бол ахлагч Ч.Отгонбаатар “Отгонтэнгэр хайрхныхаа нөмөрт үүрэг гүйцэтгэж байгаа манай ангийн хамт олны ажил үйлс үргэлж өөдөө яваг” хэмээн ерөөлөө. Харин дэд ахлагч М.Жадамба энэ жил БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн бөгөөд "Ажиллагааны газар оронд байхдаа ажлаа бас хамт олноо их санасан. Манайх шиг ийм сайхан анги, салбар хаана ч байхгүй" гэж журмын нөхдөөрөө бахархана лээ.
 
Ийнхүү зургийн аппарат, дуу хураагчаа тэврээд ангиар нэг “хэссээр” байтал нэг мэдэхэд нар хэвийх дөхчихөж. Зөрж өнгөрсөн зарим залуус “Сурвалжлагч Солонгын бүтээл арвин уу” гэснээ инээлдэж байх юм. Энэ нь “Суварган цэнхэр уулс” киноны дүрээр мэндчилж байгаа нь тэр бололтой. Маргааш энэ ангидаа үргэлжлүүлэн ажиллана.
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин