sonin.mn
"Отгонтэнгэр" их сургуулийн багш, философийн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш, чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Галиндэвтэй уулзаж, хувь хүн, нийгмийн ёс суртахууны талаар ярилцлаа.
 
Ёс суртахуун гэж юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье ...
 
-Нийгмийн оюун санааны хүрээнд ёс зүй, ёс суртахуун гэсэн үндсэн ойлголт байдаг. Хүмүүсийн зан үйлдлийн янз бүрийн илрэлүүд нь ёс суртахуунаар хэмжигддэг. Ёс суртахууны хоёр чухал үндсэн ойлголт нь өөрийнхөө үйлдлийг зөвшөөрөх, хориг тавих асуудал юм. Аливаа нийгэмд хүн бүр өөрсдийн үйлдэлдээ хориг тавьж байх ёстой. Нөгөө талаар өөрийнхөө ямар зан үйлдлийг зөвшөөрөх ёстой вэ гэдгээ ухамсарлах юм. Ёс суртахууны асуудал өнөөгийн ардчилсан нийгмийн тогтолцоонд маш чухлаар тавигдаж байна.
 
Өмнөх нийгмийн үед ёс суртахууны түвшин дээгүүр байсан гэж ахмадууд их ярьдаг. Энэ тухай юу хэлэх вэ?
 
-Өмнөх нийгэмд ёс суртахууны асуудал хувь хүнээс гурван янзын чанарыг шаардаж байсан. Нэгдүгээрт, улсын мэдэлд байгаа өмч хөрөнгийг хайрлаж хамгаалах, хоёрт хөдөлмөрч, үнэнч, сэтгэлээсээ нам, засагтаа зүтгэх, гуравт, хамт олонч байх гэсэн ёс суртахууны үнэт зүйлсийг шаарддаг байжээ. Үүний дагуу социалист бие хүний баримталбал зохих ёс суртахууны категори, хуулиудыг ягштал мөрдүүлэн түүнийхээ биелэлтийг Ардын хянан шалгах хороо, нам эвлэлийн байгууллагуудаар шалгаж байсан нь богино хэмжээнд ёс суртахууныг иргэн бүрт маш сайн суулгаж өгсөн. Харин өнөөдөр харамсалтай нь тийм зүйл алга. Нөгөөтэйгүүр бидний дунд өргөн дэлгэрсэн хувь хүний эрх чөлөө, либерал, олон ургалч үзэл санаатай холбогдоод хувь хүнийг хамт олон, ажил албан дээр нь ёс суртахууны хувьд хянадаг, шүүмжилдэг, засаж залруулдаг чиг хандлага байхаа больсон. Зах зээлийн нийгэм нь өрсөлдөөн дээр тулгуурладаг. Эрх мэдэл, өмч хөрөнгө, нэр төрийн төлөө хүмүүс нь хоорондоо өрсөлддөг юм байна. Өрсөлдөөний цаана ёс суртахуун гол чанар нь болж байх ёстой. Нөгөө талаар эв эеийг сахих ёстой юм. Эдгээр ёс суртахууны хэм хэмжээ алдагдахаар ямар ч хамаагүй аргаар өмч хөрөнгө, эрх мэдэл, нэр хүндтэй болох гэсэн үзэл газар аваад байгаа юм.
 
Багш хүний хувьд шилжилтийн үеийн нийгмийн оюутнууд болон одоо цагийн оюутнуудын ёс суртахууны ялгаа хэрхэн өөрчлөгдсөн гэж боддог вэ?
 
-Оюутнууд ямар ч хамаагүй аргаар дүн авах, дипломтой болох сонирхолтой байсан. Одоо бол сургуульд сурч байх хугацаандаа эрдэм мэдлэг эзэмшье, нийгэмд гологдохгүйн тулд чанартай мэргэжилтэн болж төгсөх сонирхол нь ихэссэн. Энэ нь гарцаагүй дэлхийн орчин үеийн чиг хандлагыг манай залуус ойлгож, ухаарч байгаагийн нэгэн илрэл. Өнөөдөр дипломоор биш мэргэжлийн ур чадвар, хувь хүний хандлага, харилцаа, нийгмийн оролцоог хүндэлдэг цаг иржээ гэдгийг залуус ухаарсан бололтой.
 
Ёс суртахууны хөгжил Монголын нийгэмд цаашдаа ямар байдлаар өрнөх бол гэж та харж байна вэ?
 
-Би энэ талд өөдрөг үзэлтэй явдаг хүн. Нийгмийн ёс суртахууныг хувь хүнд төлөвшүүлдэг хэд хэдэн институт байна. Түүний хамгийн жижиг нэгж нь гэр бүл юм. Өнөөдөр Монгол Улс 820 гаруй мянган гэр бүлтэй гэсэн статистик тоо баримт байна. Гэр бүлд хувь хүн ёс суртахуунтай байх үндсийг олж авдаг. Гэтэл гэр бүлийг бүрдүүлж байгаа эцэг, эхчүүд нь өөрсдөө ёс суртахууны доголдолтой байгаа нь харамсалтай. Статистик тоогоор жилд 48 мянган орчим гэр бүл хүчирхийлэлд өртдөг. Түүний 3800 орчим нь л эрүүгийн хариуцлага хүлээдэг гэсэн тооцоог Цагдаагийн ерөнхий газраас гаргалаа. Хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 120 орчим дуудлага ирдэг аж. Энэ нь монголчуудын гэр бүл дэх амьдрал ёс суртахуунгүй болжээ гэдгийг харуулж байна.
 
 
Монгол Улсын хүн амын зонхилох хувийг хүүхэд, залуус бүрдүүлдэг. Тэд ёс суртахууны хувьд төлөвшиж амжаагүй байгаа. Нийгэмдээ дасан зохицоогүй, юмсын учир шалтгааныг гүйцэд таньж мэдээгүй хүмүүс учир ёс суртахууны сурталчилгааг өргөн хийх ёстой юм. Гэтэл гэр бүл, урлаг, уран сайхан зэргээр бидний залуу үе ёс суртахууны боловсролыг олж авч чадахгүй байдалд хүрчээ.
 
 
Нөгөө талаар 1990-ээд оноос хойш буддын шашин идэвхтэй сэргэлээ. Сүүлийн судалгаагаар буддын болон христосын 740 орчим сүм, хийд байна гэсэн судалгаа гарчээ. Тус сүм, хийдүүд чухам олон түмнийг соён гэгээрүүлэхэд юу хийж байна вэ гэдэг нь сонирхолтой. Шашин сайн, муу хоёр талтай. Муу тал нь олон нийтийг мухар сүсэг рүү түлхдэг. Өөрөөр хэлбэл шашны философи үзэл санааг нь ойлгуулахгүйгээр зөвхөн зан үйл, хэлбэр талыг нь эрхэм болгоод явчихаар мухар сүсэг болчихдог. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагууд бүгд бизнесийн шинж чанартай болсон. Тэд өнөөдөр зүгээр л шашны ёс, ёслол гүйцэтгээд өнгөрч байна. Гэтэл орчин үеийн хүн гэдэг чинь шинжлэх ухаанд итгэдэг, батлагдсан үнэнийг эрж хайдаг болсон. Олон нийтийн мэдэхгүй түвд хэлээр уншиж байгаа ном өнөө цагт хүний итгэл үнэмшлийг төрүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс манай буддын сүм хийдүүд монгол хэлээр ном айлтгалаа уншиж байвал яасан юм бэ гэж миний хувьд бодож явдаг.
 
Шашнаар дамжуулан ёс суртахууны боловсрол олгоход хэцүү болсон үед урлаг, уран сайхнаар дамжуулж хүүхэд, залууст энэ талын боловсролыг олгох нь чухал. Гэхдээ үүнд нэг асуудал үүсээд байгаа нь урлаг, уран зохиолд орчин үеийн эрэгтэй, эмэгтэй хүнийг хэрхэн дүрслээд байна вэ гэдэг нь их сонирхол татах боллоо. Ажиглаад байхад эр хүн бол хүчирхийлэгч, архидан согтуурагч, эмэгтэй хүн бол залилагч, эсрэг хүйстнийхээ хүнийг учир утгагүй хүсэмжлэгч, мөнгөний хойноос юугаа ч өгөхөд бэлэн мэтээр нийтийн урлагийн бүтээлүүдэд дүрслэн гаргах нь элбэг боллоо. Саяхан МУБИС-ийн багш, уран зохиол шинжээч Г.Батсуурь “Өдрийн сонин”-д “Орчин үеийн урлаг эмэгтэй хүнийг хэн болгож харуулахыг хүсэж байна вэ” гэсэн томоохон судалгааны өгүүлэл хэвлүүлсэн. Тус өгүүллийг манай урлаг, соёлынхон бүхэлдээ уншиж үзмээр.
 
Хүчирхийлэл багатай нийгмийг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд хэрхэн байгуулсан юм бэ?
 
-“Скандинавын орнуудыг дэлхийд хамгийн тайван амьдралтай, иргэдийнх нь аз жаргалын индекс хамгийн өндөр гэж үздэг. Энэ нь улс орнууд материаллаг эд баялгийн хуваарилалтыг шударга хийсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтэй, боломжтой нь их хэмжээний хөрөнгө мөнгө завших бус хийснийх нь хэрээр, бүтээснийх нь хэрээр нийгмийн баялгийн хуваарилалтыг явуулж ирсэнд байгаа юм. Мөн иргэдийнхээ боловсрол, мэдлэг, соён гэгээрэхэд нь онцгой анхаараад зогсохгүй уламжлал, ёс заншлаа орчин үеийн нийгэмтэй сүлэлдүүлэн авч явж чадаж байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнуудаас нь эхлээд эгэл жирийн иргэн бүр нийгэмдээ ямар оролцоотой байх, эрхээ хэрхэн эдлэх ёстой гэдгээ ухамсарладаг. Ийм л нийгмийг тэд байгуулж чаджээ. Манай улсын хувьд ардчилсан нийгэм байгуулахад яалт ч үгүй иргэний боловсрол хангалтгүй байна. Тэр дундаа улс төрийн боловсрол чухал. Мань мэтийн хөгшчүүд найдаж л байна, 2020 оны сонгууль, төр засгийг, намуудыг ёс суртахууны элдэв хир буртгаас нь салгасан сонгууль болоосой гэж. Үүний тулд бид зөв сонголт хийх ёстой. Мөн эдийн засгийн боловсрол чухал. Хүн бүр бүтээснээсээ илүү их зардал гаргадаг нийгэмд бид амьдарч байна. Улаанбаатар хотод явж байгаа 500 мянган автомашины хэдийг нь лизингийн зээлээр авсан байгаа бол. Маш их тоо гарах байх. Энэ бол ерөөс хүн өөрийнхөө бүтээснээс илүү зардал гаргаж амьдарч байна гэсэн үг шүү дээ. Өрх гэрийн эдийн засгаа зөв хуваарилдаг, ус, цахилгаан, дулаанаа хэмнэж чаддаг, юмхнаар юм хийчихдэг, нэг үгээр хэлбэл минималист амьдралын хэв маягт монголчууд бид суралцах цаг нь иржээ.
 
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад суралцахад оюутан залуусаас сурлагын дүн, гадаад хэлний мэдлэгийг шаарддаг ч хамгийн гол нь нийгэмдээ хэр оролцоотой вэ гэдгийг хардаг болчихжээ. Энэ шаардлагыг манай залуус хэр хангаж байна гэж та боддог вэ?
 
-Оюутан залуус нийгмийн ажилд хэр оролцож байгаа нь нөгөө талаар ардчиллын хамгийн үнэт зүйл болох иргэний оролцооны эхлэл юм. Мэдлэг эзэмшихийн зэрэгцээ олон нийтийн асуудалд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байхыг орчин үеийн ардчилсан нийгэм биднээс шаардаж байна. Гэхдээ санал бодол, шүүмжлэлээ зөвхөн төр, засаг руугаа хандуулаад байж болохгүй. Шүүмжлэлт сэтгэлгээний нэг чухал тал нь хувь хүн өөрийгөө шүүмжлэх юм. Энэ нийгэмд чинь хувь хүн болж л өгвөл өөртөө ээлтэй хандчих гээд, өөрийнхөө гаргасан алдаа дутагдлыг үл хүлээн зөвшөөрч, бусдын алдааг соргогоор харж, шүүмжилчих гээд байдаг. Ийм алдааг засахын тулд хүн эхлээд өөр рүүгээ хандах ёстой. Хүүхэд, залуусыг ардчилсан нийгэмд бие хүн болж төлөвшихөд боловсрол өөрөө өргөн хүрээнд ардчилагдах шаардлагатай. Үүний эхлэлийг багш нар тавих ёстой. Шинжлэх ухааны үнэнийг оюутан, сурагчидтайгаа хамтарч эрж хайдаг боловсролын тогтолцоо руу дэлхийн өндөр хөгжилтэй орнууд аль хэдийн шилжчихсэн. Бид ч үүнээс хоцормооргүй байна. Манайд бол багш л бүхнийг мэддэг, миний яриаг чимээгүй сонс гэдэг ойлголттой хүмүүс надаас эхлээд байна. Оюутан буруу ярих эрхтэй. Гагцхүү багш түүнийг зөв чиглүүлэх ёстой. Тийм учраас багш их унших ёстой. Оюутнаасаа хэд дахин илүү байж их, дээд сургуульд багшлах учиртай. Сургуулиудын дунд янз бүрийн секц, дугуйлангуудыг өргөнөөр хичээллүүлж, залуу үеэ багштайгаа болоод өөр хоорондоо санал бодлоо чөлөөтэй хуваалцдаг орчин нөхцөлөөр хангаж өгөх хэрэгтэй байна. Хамт олон, багшийн өмнө санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж гэмээ нь цаашлаад нийгэмдээ идэвхтэй оролцоотой хүн болж чадна.
 
Эцэг, эхчүүд өөрсдөө орчин үеийн ардчилсан иргэн хүнийг бэлтгэхэд оролцоотой байж чадаж байна уу?
 
-Энэ нь бидний уламжлалтай холбоотой юм шиг байна. Үр хүүхдээ бие даалгаж, өөрийнх нь сонголтыг хүндэтгэх талд манай эцэг, эхчүүд маш хойрго ханддаг. Хүүхдийг багаас нь ажил амьдралд сургахаас илүү хэт бөөцийлж, иргэн хүн, бие хүн болоход нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, философи утгаараа хүүхэд, залуусын оюун санаа руу ямар ч хориг саадгүй нэвтрэн довтолдог гэсэн үг. Зарим хүүхэд, залуус “Өвөө минь ээ, бидний амьдарч байгаа үе чинь өөр шүү дээ” гэж хэлж байна. Энэ чинь нэг дохио өгөөд байна гэсэн үг шүү дээ. Цаг үе, нийгэмтэйгээ хөл нийлүүлж, оюун санаагаа шинэчлэх хэрэгтэй. Тиймээс зөвхөн хүүхэд, залуус ч гэлтгүй ахмадууд бид ч шинэ нийгэмдээ зохицож, ёс суртахууны шинэ дадал, зарчмыг эзэмших ёстой. "Хүн гэдэг чинь шинэ цаг үе тулгарах бүрт нялхаараа байдаг юм байна" гэсэн үзэл санаа бидэнд дутагдаад байна.
 
Ярилцлагын төгсгөлд Монгол цэргийн нэгдсэн холбооны ойрын үед явуулж байгаа болоод явуулах үйл ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?
 
-Манай холбоо өнгөрсөн 4 дүгээр сарын эхээр байгуулагдсан. Холбооны дүрэм, журам, зарчмуудаа Улсын дээд шүүхээр батлуулаад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоогийн байдлаар 50 мянга гаруй хүүхэд, залууст Монголын төрийн тусгаар тогтнолын үнэ цэн, эх оронч үзэл, хүмүүжил зэрэг олон сэдвээр уулзалт, ярилцлага хийгээд байна. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ. Ихэнх аймгуудад холбооныхоо салбар зөвлөлийг байгуулчихлаа. Он гараад “Монголын үндэсний аюулгүй байдлын оюун санааны үндэс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөсөн. Хурлаар даяаршиж байгаа дэлхийн нэгэн халуун ам бүл болж яваа Монгол Улс нь гарцаагүй оюун санааны дархлаатай байх ёстой талаар ярилцаж, хэлэлцэх болно. Нөгөөтэйгүүр барууны амьдралын хэв загвар маш хүчтэй түрэн орж ирж байна. Үүнийг залуус маш соргогоор хүлээж авч байгаа ч барууны амьдралын уг хэв маяг манайх шиг жижиг орны хувьд хэтэрсэн ойлголт байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ талаар ч гэсэн хөндөж ярилцах болно.
 
Цаг гарган ярилцсан Танд баярлалаа. Таны сурган хүмүүжүүлэх их ажилд тань амжилт хүсье ...
 
 
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин