sonin.mn
 
 
(Таталбар хөрөг)
 
Монголын үргэлжилсэн үгийн сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн орон зай өнөөдрийн Монголын утга зохиолд үгүйлэгдсэн хэвээр байгаа бөгөөд цаашид ч энэ агуу хүний уран бүтээлийн олбог ширээ, сэнтий суудлыг даруй зуун жил улиран одовч эзэгнэх хүмүүн төрөхгүй буй заа. Учир юун хэмээвээс өнөөдрийн даяаршлын эринд нүүдэлчдийн зан заншил, их бага хэмжээгээр гээгдэн мартагдаж, хүүхэд залуучууд Монгол ахуйгаасаа өдөр өдрөөр алслагдан холдож буй энэ үед Монгол хэл маань захаасаа дотогшоо хумигдан үүнийг дагаад бичгийн хүмүүсийн хэл найруулга ч ядуурч, явцуурч байгаагаас миний бие ийнхүү ахмад сонгодог зохиолчдоо өөрийн эрхгүй үгүйлэн сууна.
Эдүгээ үзэг, цаас нийлүүлж яваа зохиолч, сэтгүүлч нэртэй хүмүүсийг хэлд, хөлд оруулан төрд данстай, түмэнд нэртэй болгосон агуу хүмүүсийн нэг нь миний багш Сэнгийн Эрдэнэ билээ. Бид мэтийн үзэг, цаасны боол болж, хаалганых нь завсар хавчуулж хөл, хормойд нь орооцолдсон шаврай банди нарыг багш маань загнаж зандрах нь байтугай ширүүн ч хардаггүй байсан боловч бид түүнээс гэм хийчихсэн мэт айж, ширвээтдэг байсан гэхэд худал болохгүй.
Юу хийж, ямар хэрэг тарьсандаа тэгж эмээж байв гэвэл санаа сэтгэлд нь хүрэхгүй, хэлэх гээд хэлж чадахгүй, хэлээ хазсан, тэр үеийн томъёоллоор санаа сэтгэлд нь таарахгүй саарал өгүүллэг, саарал шүлэг, саарал бүтээл хийсэн байх вий гэсэндээ ийнхүү хулгаж, хулчигнаж явсан хэрэг. Одоогийн ёсонд таарахгүй ч багшаасаа айна, эмээнэ гэдэг бол жаахан бүдүүлгээр хэлэхэд “хүндэтгэл” байжээ. Эрдэнэ багшийн бичсэн “Замын тэмдэглэл” ганц хуудас ч хүрэхгүй “Алтай” хэмээх таталбар бол тэр чигээрээ уран зураг, симфони, Алтай уулсыг үзсэн байтугай, үзээгүй хүний нүд, сэтгэлд гэрэлтэн өнгө будгаараа ялгаран салхи нь сэвэлзэн, үүл нь нүүж, ус нь урсч харагдахаар дэндүү уран тод бичигдсэн гайхалтай бүтээл юм.
 
Би түүнийг 19-р зуунд уран Амаагийн торгон утсаар хатгамлан бүтээсэн бурхны хөрөгтэй зүйрлэн аравнай, шүншиг оршоосон мэт оройдоо залж явдаг юм. Үзэг бийрээр зурж боломгүй юмыг үгээр ингэж нүдэнд харагдаж сэтгэлд тэмтрэгдтэл зурна гэдэг үнэхээр гайхамшигтай авьяас. 
 
“… Ховд голын хөндийд намуухан шар салхи сэмхэн хэсүүчилж байхад, тэртээ өндрийн хадан цохионд хар салхи, Цамбагаравын хяр оройгоор бол дун цагаан салхи салхилж байх шиг санагдсан...”
Ардын зураач, Төрийн шагналт Лувсангийн Гаваагийн зурсан “Алтай” гэдэг томоохон хэмжээнй уран зургийг би Эрдэнэ багшийн Алтайтай харьцуулан сэтгэлдээ дүрслэх дуртай. Гаваа гуайн бийрийн татлага, бичлэг, зураас, нүдний увидас, зураачийн уран чадвар ид хавыг гайхуулсан өнгөний тоглолт бүр нь хөгжимлөг бөгөөд Эрдэнэ багшийн дүрслэлтэй хөх ногооны будан лугаа адил уусан шувууд жиргэх нь сонсогдох шиг болдог.
...Мойлтой зөөхий талхан дээр түрхэж зооглодог
Модон трубканд тамхи нэрж гангардаг
Мохоорыг бол атга атгаар зажилдаг
Морин тэргэнд самган, басгадаа суулган наадамддаг
Монцгор улаан хамартай буриад өвгөн
Монголын их нүүдэлчдийн сүүлчийн хүмүүн мэт харагдавч
Агуу их Эрдэнэ баавай буриад зоноос мэндэлсэн гэхээр
Ард түмэн гэдэг цөөддөггүй юм байна гэж би нэг шүлгэндээ бичсэнээ санаж байна.
 
Буриадууд дэндүү ажилсаг, аминдаа арчаатай бэрх улс. Ямар ч архичин буриад сүх, хөрөө хоёр л байх юм бол суух байшин, уух худаг, ходоог тэргээ хүний гар харалгүйгээр өөрөө хийчихнэ. Хэнтий, Булган, Дорнодын чигт өвсний болон сүүний цөцгий цохих гар машин, хотонд үдэш, шөнө дуугаргаж, чоно нохой үргээх ангийн буугүй айл нэг ч байхгүй. Арьс нэхий утах, ааруул ээзгий, сүү цагаан идээ боловсруулах амбаар, үдээр сур элдэх талхи, шир шүүдэх модон ган, төмөр торх, өвсний сэрээ, шимүүсэг гэдэг бол авгай хүүхнүүдийн гарын дор байдаг багаж зэвсэг. Би анх энэ бүхнийг Эрдэнэ багшийнхаа ном зохиолоос л уншиж мэдсэн. Хориод оны нүүдэл хойноос, Оросоос ирсэн буриадуудын отог овгийн амьдрал ахуй, гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийг харуулсан Эрдэнэ багшийн “Өдрийн од” гэдэг гунигтай боловч жинхэнэ амьд түүх өгүүлсэн сайхан тууж бол миний хувьд анхны ширээний ном, сурах бичгүүдийн маань нэг байсан юм. Хол явж газар үзээгүй, хил алхаж нүд тайлаагүй бага залуу насандаа Москвагийн Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийг мөрөөдөж явсан миний мэтийн хүмүүсийн нүдийг манай сонгодог зохиолчдын ном л нээсэн.
 
 
Түүний бичсэн “Өвгөн шувуу” өгүүллэг бол Монгол хүний мөс чанар, өсч төрсөн нутаг ус, газар шороогоо гэсэн эзэн хүний их хайр, ертөнцийн жам ёс, бодьсодваа хийгээд хоосон чанарын сургаалийг нэвт шувт ухаарсан өвөг дээдэс минь гарцаагүй үхлийн өмнө ч толгой гудайлгүй амьдарч чаддаг байсныг уран сайхны аргаар нээж харуулсан гүн ухааны гайхалтай бүтээл.
 
 
Архины мухлаг бараадан гадаа чичирч зогсоход минь
Авралын бурхан шиг ирж шарыг минь тайлж
Буцааж авах хармын сэтгэл өвөрлөлгүй
Булган дээлээ ч тайлж өгөхөөс буцахгүй
Тийм сайхан багштай явсан эр хүн би
Тэнгэрийн дор, газрын дээр
Тэмээ шиг салхи залгин тэнэж явах цаг ирж
Тэнэг мангар хүмүүст ад үзэгдэн ганцаардаж суух болж
Агуу их Эрдэнэ, Есенин, Шолоховыг уншаагүй амьтадтай
Архи уулаа ч юугаа ярихсан билээ
Алтан титэм тэргүүндээ асааж, сувдан гутал өшиглөлөө ч
Айтматовын “Эхийн тал”-д нулимс унагахгүйгээр яаж амьд явах юм бэ.
 
“Малын хөлийн тоос” өгүүллэг хэдхэн хуудас богинохон мэт харагдавч үзүүлж буй үйл явдал нь баруун аймгаас хаврын хөх ногооноор тэмээн тэрэг хөтлөн, богино хөлтэй бог мал тууж гарсан хөлсний тууварчид намар болж, өвс ногоо гандахын алдад зүүн аймаг буюу Дорнодын Эрээнцавын баазад малаа тушаах хүртэлх урт, холын замыг туулах хэмжээний өргөн дэлгэр зохиомжтой сэтгэл зүйн зохиол билээ.
 
Ухаанаа төвлөрүүлж уншиж чадваас өдөржин хонь малын хооронд нааш цааш хөрөөдсөөр байгаад эцэж цуцсан тууварчны морь үдэш болсон хойно сая эмээлийг нь авч хазаарыг нь мултлахад өвс, хомоол хоёр ялгахгүй болтлоо өлсөж өлдсөнийг харахаас гадна тууврын зам сахин бүтэн жил хүлээсэн хайртай хүний нь зэс нь цухуйж ардаа, нутагтаа эхнэр хүүхэдтэй болохоо архины андуу сархадын сандуугаар даалуу тоглож байхдаа ам алдснаас хөөрхий бүсгүйн хамаг бүхнээ хайргүй зориулсан халуун сэтгэл өөд ус цацдаг. ”Хун галуу, нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, Ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал” гэж даалууны гуншин дуудан согтуурахад Чанцалын хөлийн дор доорх газар цөмрөх шиг болдог.
Энэ бол зүгээр нэг үйл явдлыг нь хүмүүс сонирхож уншаад номын хавтас хаангуут мартагддаг зохиол биш. Эгчтэй, дүүтэй, охин үр хүүхэдтэй хүмүүст нэгийг бодогдуулж бүсгүй амьтныг өрөвдөж, хайрлах ухааныг алмай нойрмог, гэнэн тэнэг, хэнэггүй эрчүүл бидэнд намуухан хэрнээ мартагдахааргүй чангаар хэлж өгдөг билээ.
 
 
Түүний “Хулан бид хоёр” гэдэг өгүүллэгийг Монгол туургатангууд байтугай ази, европынхон мэднэ. Бараг хүүхдээрээ шахуу бага залуу насандаа өөрөөсөө үе мултрах шахсан хөдөөний тэнэг танхай архичин хүнтэй нөхцсөн царайлаг хөөрхөн бүсгүй өөрөөсөө олон дүү жаахан хүүтэй хамт сумын наадамд очихоор уралдааны морьд хөтлөн явах замдаа тэр хоёр бие биенээ шохоорон Онон голын шугуйд очиж морьдоо услан амраах далимаар сэтгэлээ нээн ярилцдаг.
 
 
-Хулаан! Манай нутагт чам шиг хөөрхөн хүүхэн байхгүй шүү
-Надад бас өөр нэг сайхан юм бий.
-Тэр чинь юу юм бэ
-Яагаав миний сэтгэл ... Би хүний эрхэнд зовлонгоо нууж явна
-Хулаан чи ингэж амьдрах ёсгүй, салаад яв. Чамайг “шар” Цамба худлаа сүрдүүлдэг байхгүй юу. Хаяад явчихвал яаж ч чадахгүй
-Сампил аа чам шиг хүнтэйсэн бол ... Чи даанч ичимхий юм даа, Намайг үнс л дээ ...
Тэдний хажуудах бургасны мөчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай “Эд ер нь яаж байна” гэсэн байртай толгойгоо гилжийлгэн шил сувс шиг өчүүхэн нүдээ эргэлдүүлнэ.
Гэтэл тэдний өмнөөс хэн нэгэн хүн улаан тоос татуулан давхин айсуй. Хулан морио гэнэт татаж, тэр хүний зүг түгшүүртэйгээр ширтээд Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхноо шалчийж орхив. Зүрх минь амаараа гарах нь ээ.
 
* * *
Хэрэв ийм явдал арван зургаа долоохон настай уншигч танд тохиолдсон бол та Хулан болоод өөрийгөө тэр согтуу, хартай зэрлэг танхай хүний гараас хэрхэн яаж аврах байсан бол. Энэ өгүүллэгийг та Хулантай хамт Ононгийн шугуйд ортол үргэлжлүүлэн бичсэнсэн бол уг зохиолыг чухам яаж төгсгөх байсан бол. Та түүний гэнэн томоогүй харцтай хөөрхөн нүд, царай зүсэнд нь татагдан чихэр жимс шиг амттай анхилхан улаан уруулыг үнсэх байсан уу. Эдлүүлж, эвдэрч амжаагүй гоолиг бэлхүүсээр нь тэврэн хатуу чилдгэр хоёр жаахан мээмийг нь цээжээрээ тэмтрэн таалж, “шар” Цамба болоод Ононгийн шугуй, сумын наадмыг мартаж чадах байсан уу.
Эрдэнэ баавай бол уран бүтээлийнхээ гарааг яруу найргаар эхэлсэн учраас түүний бичсэн үргэлжилсэн үгийн зохиол бүхэн нь шүлэг мэт эгшиглэнтэй, хөгжимлөг, уянгалаг байдаг. Би Эрдэнэ багшийн хоёр дууг мэднэ.
 
Голын тэртээ манан
Гогцоорон байж дэгдэнэ
Холын тэртээх айлаас
Хонгор чи минь ирнэ
 
Алиман сарны гэрэл
Алсын барааг тодруулна
Тольт зүрхний амраг минь
Тосон очихыг яаруулна
 
Талын тэртээх айлаас
Танхил чи минь ирнэ
 
Энэ дуунд хөгжмийн зохиолч, алдарт уртын дуучин Солийн Цоодол гуай аялгуу зохиож эдүгээ хүртэл хүмүүс дуулсаар байна.
 
* * *
Эрдэнэ баавайг хар багад нь эцэг нь баривчлагдан хагацал зовлон үзэж өнчирсөн ч хэзээ хэзээний язгууртан төрхтэй цэвэр цэмцгэр хувцасладаг их ганган шаавай хүн байсан нь түүний дотоод мэдрэмж, дотоод гоо сайхантай холбоотой. Цардмал захтай цас шиг цагаан цамцан дээр цус шиг улаан зангиа зүүж, оёос хийц сайтай тас хар костюм, герман шляп өмсөх дуртай хотын гангачуулын нэг байсныг би мэдэх юм. Энэ нь арваадхан насандаа офицерийн сургуульд орж цэргийн хүний дэг ёсонд суралцан шинелийн товч, гутал өнгөлж, захныхаа даавуугаа хадаж, жагсаалын сургууль хийж, өглөө бүр хувийн зохион байгуулалт, ариун цэвэр, бүс малгайгаа шалгуулж явсны хаялга буян ч байсан биз.
 
Өвлийн өглөөний чөмөг царцам догшин жаварт салаан дарга “гамин” Жамба хэмээх хатуу харгис “хөгшин” цэргийн командаар 1905 оны Орос, Японы дайны үеийн “бөгтөр хараат” хэмээх унийн мод шиг урт винтов бууг амаар нь цас гудчуулан чирч Гандангийн хүр, Тасганы овооны жалга бүрийг нэгжин өөд, уруугаа мөлхсөөр байгаад өвдөг тохой нь цоорсон тухайгаа тэрбээр нэгэн тууждаа нүдэнд харагдтал бичсэн байдагсан. Сэтгэлийн тэмтрүүл сайтай багш маань дотоод гоо сайхнаа зохиол бүтээлээрээ дамжуулан өргөн олон уншигчдад хүргэж, хүний далд ухамсрыг хөгжүүлснээрээ бид мэтийн эхлэн бичигчдийн авьяасыг нээж айх, ичих мэдрэмж, шүтэх, хүндэтгэх юмтай хүн шиг хүн болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
 
... Эргэн харвал тэртээ алсад цан хүүрэг татсан Магнайн нурууны их цас ар зооноос жиндүүлэн хүйт оргиулж, жаргалтай зуны гурван сарын нар хур, цэцэг ногоо тэр нь чигээрээ хөр хунгарт дарагдсан мэт санагдавч “Цэнхэрлэн харагдана” хэмээх сайхан дууны пянз сэтгэлийн гүнд цэнхэр өнгөтэй аялгуу шидлэн шаргин эргэсээр байлаа гэж төгсдөг миний “Цэнхэрлэн харагдана” нэртэй өгүүллэгийг Эрдэнэ багш минь их тоодог байсныг эдүгээ тавиад жилийн хойно дурсан санахад сайхан байна. Миний уран бүтээлд Эрдэнэ багш маань нэгэнтээ өөрийн дүнгээ тавьсан учраас би одоо дахин хэн нэгэн хүнээр хэдэн халтар өгүүллэгээ сайн, муугаар цоллуулах дургүй. Монголын сонгодог зохиолч, их бичгийн хүн Эрдэнэ бол надад Горькийн утга зохиолын дээд сургуулийн боловсролыг албан бусаар, эчнээгээр олгосон ачтан мөнөөсөө мөн билээ.
 
Тэнгэрийн одоор тэмдэг тавьж
Тэмүүжингийн босгосон хүн чулуутай
Ононгийн гарам дээрх өдрийн од
Орчлонд ховорхон сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнэ багш мину.
 
Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Балжирын Догмид