sonin.mn
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж, өөдлөхөд нь хамт яваа нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй зүтгэгч нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Баянзүрх дүүргийн Засаг дарга  Т.Баясахыг урьж, ярилцлаа.
 
-2016 оны сонгуулийн үр дүнд МАН бүх шатанд ялалт байгуулсан.  Тухайн үед гурван дүүрэгт Ардчилсан нам орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Түүний нэг нь Баянзүрх дүүрэг.  Гэвч эрх баригчдын зүгээс дүүргийн удирдлагыг авах эрх ашиг, санаархал явагдаж, оролдлогууд ч нэлээд хийлээ. Үүнийг улс төрийн зүгээс та юу гэж харж байсан бэ? 
 
-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа намар нь орон нутгийн ээлжит сонгууль болсон. Энэ сонгуульд Баянзүрх дүүргийн АН амжилттай оролцож, 41 тойргоос 22-т нь ялалт байгуулсан. Бусад 19 тойрогт МАН-ын төлөөлөгчид сонгогдсон.  Ингээд дүүргийн ИТХ шинээр бий болсон байдаг.  Гэвч түүнээс хойш өнөөдрийг хүртэл манай дүүрэгт улс төрийн  асуудал нэлээд өрнөлөө.   УИХ, нийслэлд ялалт байгуулсан  МАН бүхий л шатанд эрх мэдлийг өөрсдөө авах гэж  улайрсан. Түүний нэг тод жишээ нь манай дүүрэг. Дүүргийн сонгуулийн хороо нь санал хураалт дуусч, сонгуулийн дүнг Нийслэлийн сонгуулийн хорооноос нийтэд зарласны дараа манай намын сонгогдсон нэр бүхий долоон төлөөлөгчийг үндэслэлгүйгээр сонгуулийн нэрийн жагсаалтаас хассан. Сонгуулийн хорооны дээрх хууль бус шийдвэрийг үндэслэн дүүргийн МАН-ын цөөнх болсон 19 төлөөлөгч хуралдаж, хууль бус шийдвэр гаргаж, дундаасаа нэгнийгээ Засаг даргаар томилуулахаар тухайн үеийн хотын дарга С.Батболдод мэдүүлж, С.Батболд дарга маань мөн л хууль зөрчин захирамж гаргаж, тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа даргыг хууль бусаар чөлөөлж, Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилж байлаа. Гэвч энэ асуудал шүүх дээр очиж, Хотын даргын захирамж хэрэгсэхгүй болсон. Ингээд ч асуудал дууссангүй. Долоон төлөөлөгчийн маргаан шүүх дээр очиж, таван хүнийг нь хууль зөрчөөгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Харин хоёр төлөөлөгчийн шүүхийн маргаан эцэслэж шийдэгдээгүй, асуудал нь Үндсэн хуулийн цэц дээр очиж уначихаад байхад манай дүүргийн сонгуулийн хороо хууль зөрчин хүчээр хоёр тойрог дээр дахин сонгууль явуулсан. Энэ сонгуулийг Ардчилсан намын зүгээс хууль бус гэж үзсэн учраас оролцоогүй. Тэр сонгууль ч маш их будлиантай, мөнгөний сонгууль болсон. Энэ сонгуульд нэр дэвшиж оролцсон МАН-ын нөхдүүдтэй холбоотой маргаан одоо ч шүүхийн шатанд явж байна.
 
-Улс төрийн амаргүй цаг үед та дүүргийн Засаг даргын ажлыг авсан. Энэ үйл явдлууд дүүргийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлсөөр ирсэн байх. Засаг даргын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж чадаж байна уу?
 
-Тийм ээ.  Маш ихээр нөлөөлж байна. Аливаа нам эвсэл сонгуульд оролцохдоо өөрсдийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж оролцдог. Түүнийгээ иргэдэд танилцуулаад сонгуульд оролцож, дүнгээ тавиулдаг.  Манай дүүргийн АН-аас дэвшүүлсэн 5+ мөрийн  хөтөлбөрийг дүүргийн иргэд дэмжээд саналаа өгсөн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, хурлаараа мөрийн хөтөлбөрөө төрийн албан ёсны баримт бичиг буюу Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон  батлуулдаг. 2016-2020 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр маань үндсэн таван бүлэг 20 дэд бүлэг, 81 зорилт бүхий томоохон ажлуудыг хийхээр тусгасан. Хөтөлбөрийн гол агуулга нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй , түргэн шуурхай үзүүлэх мөн УИХ,  Засгийн газраас гарч буй бодлогын баримт бичиг, хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллахад чиглэсэн байдаг. Саад бэрхшээл, эсрэг намын зүгээс үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл тодорхой хэмжээнд байдаг. Жишээ нь, өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн МАН-ын нөхдүүд дахин хууль бусаар хуралдаж,  дахиад л нөгөө Э.Бат-Амгалан гэх нөхрийг дүүргийн Засаг даргаар томилуулахаар хотын дарга С.Амарсайханд өргөн барьж, нэг өдрийн дотор манай дүүрэг өөр Засаг даргатай болж байлаа. Хотын даргын энэ шийдвэрийг мөн л хууль бус гэж үзэн шүүхээс түдгэлзүүлсэн. Энэ нь эргээд төрийн байгууллагын үйл ажиллагаанд сар гаруй хугацаанд саад болсон. Тэр хугацаанд бид олон зүйлийг хийж хэрэгжүүлэх боломж бололцоо байлаа. Харамсалтай нь зарим улс төрийн явуургүй үйл ажиллагаанаас болж, хийх байсан зүйлүүд маань тодорхойгүй хугацаагаар хойшилж байсан. Энэ мэтчилэн дурдаад байвал олон асуудал байна.
 
 
-Эсэргүүцэлтэй байнга тулж байсан ч төрийн ажлыг цалгардуулж, хойш сууж байсангүй. Асуудал их байсан ч гэлээ манай дүүрэг хөгжиж байгаа. Үүний нэг жишээ нь Нийслэлийн хэмжээнд манай дүүрэг өрсөлдөх чадвараараа эхний гуравт багтсан байдаг.
 
 
-Ер нь дүүргийн иргэд нь сонгочихоод байхад эрх баригчид зүгээр орхичихож болохгүй байсан юм болов уу.  Тэдэнд ямар эрх ашиг байна гэж харсан бэ?
 
-Ямар ч нам, эвсэл нэгдүгээрт иргэдийнхээ сонголтыг хүндэтгэх ёстой.  Иргэд бол эцсийн сонголтыг хийж, дүнгээ тавьдаг. Нэгэнт сонголтоо  хийсэн байхад бид бүх шатны удирдлагыг авах ёстой гэж хандах нь ёс зүйн хувьд өөрсдийгөө л муухай харагдуулж байгаа хэрэг.  Улс төрийн явуургүй, явцуу, төрийн эрх мэдлийг авах гэж хэт улайрсан байдал нь манай дүүргийн МАН-ынханд их байсан гэж харж байна.  Тэд ямар ч хамаагүй аргаар дүүргийн удирдлагыг авах ёстой гэсэн хандлагаар нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар халдсан ийм л гурван жил өнгөрч байна даа.
 
-Ийм эсэргүүцэлтэй цаг үед та Засаг даргын хувьд ямар ажил амжуулав?
 
-Эсэргүүцэлтэй байнга тулж байсан ч төрийн ажлыг цалгардуулж, хойш сууж байсангүй. Асуудал их байсан ч гэлээ манай дүүрэг хөгжиж байгаа. Үүний нэг жишээ нь Нийслэлийн хэмжээнд манай дүүрэг өрсөлдөх чадвараараа эхний гуравт багтсан байдаг. Энэ нь дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй явагдаж байгаагийн тод илрэл. Бид ч иргэдийнхээ ажиллаж, амьдрах орчныг сайжруулахад бодитоор анхаарч, энэ чиглэлд хийгдэх хөрөнгө оруулалтыг жил жилийн төсөвт түлхүү тавьж ирсэн. Энэ бүхэн дүүргийн хөгжил, дэвшил, өрсөлдөх чадварт багагүй хувь нэмрийг оруулж байна гэж боддог.
 
-Иргэдийн амьдрах орчныг сайжруулах тал дээр анхаарч ажилласан гэлээ.  Тухайлбал, энэ онд ямар бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн бэ?
 
-Нийслэлийн хэмжээнд нэн тулгамдаад байгаа нэг асуудал нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин. Манай дүүрэг хамгийн олон хүн амтай, тэр дундаа хүүхэд, багачуудын тоо ч олон. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 36 нэр төрлийн 3.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Мөн таван сургуулийн өргөтгөлийн барилгын ажил, хоёр сургуулийн хуучин барилгыг нурааж шинээр барьсан. Нэг сургуулийн барилга шинээр худалдаж авсан, хоёр сургуулийн спорт заалыг өргөтгөж барьсан бол дөрвөн цэцэрлэгийн барилгыг худалдаж авсан, хоёр цэцэрлэг дээр өргөтгөл хийсэн байна. Мөн 19 хорооны 31 байршилд шинээр иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд 1144 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулсан гэх мэтчилэн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн жил байлаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гудамж талбайд 324 ширхэг камерыг шинээр суурилуулсан. Түүнчлэн бид жил бүр орон нутгийн хөрөнгө оруулалтаараа гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх, байшин хороолол дундах автозамыг шинэчлэн, сайжруулах ажлыг хийж байна.
 
-Сургуулийн гадна талбай хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой байдаг шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?
 
-Баянзүрх дүүргээс энэ оны хавар дүүргийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон дүүргийн Тамгын газрын хэлтсүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, төрийн өмчит сургууль цэцэрлэгүүдийн гадна орчинд шалгалт хийсэн. Энэ дагуу дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтраад сургуулийн орчинд бүх байршлын судалгааг гаргасан. Тэр судалгааг бид нар Нийслэлийн авто замын газар хүргүүлээд судалгааны дагуу дүүргийн сургуулиудын ойр орчимд хүүхдийг зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлж, хамгаалах зорилго бүхий хурд сааруулагч болон бусад тэмдэг тэмдэглэгээг хийж өгөөч ээ гэсэн хүсэлтийг явуулсан. Харамсалтай нь энэ ажил хийгдээгүй учир бид ирэх оны дүүргийн төсөвт дээрх ажлаа тусгаж, хийхээр шийдсэн.
 
 
-2000 оноос хойш энэ дүүрэгтэй ажил, амьдралаа холбосон. Өмнө нь хувийн байгууллагад ажиллаж байгаад 2012 оны орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн АН ялалт байгуулж, түүнээс хойш дүүргийн удирдлагын багт ажиллаж байна.
 
 
-Дээд шатны байгууллагаас дүүргийн ажлуудыг гацаах, төсөв мөнгөний асуудлыг хойшлуулах зэргээр нөлөөлөх хандлага байдаг уу?
 
-Нийслэлээс татаас авдаггүй, өөрсдөө татварын орлогоороо төсвөө бүрдүүлдэг цөөхөн дүүргийн нэг нь манай Баянзүрх. Харин манай дүүрэг эсрэгээрээ нийслэлд орлого төвлөрүүдэг. Бид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа төсөв болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа баталдаг учраас манай ажилд нийслэлийн зүгээс тэр болгон нөлөөлөөд байдаггүй. Дээр би хэлсэн манай дүүрэг хамгийн олон хүн амтай гэж. Тиймээс олон хүн амтай хороодоо хувааж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах саналаа 2018 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хуралдаж, энэ саналаа Нийслэлийн ИТХ-д өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байсаар энэ сард шийдэгдлээ. Гэсэн ч хуульд зааснаар сонгуулийн жилд аймаг, дүүрэг, хороог хуваах асуудал хориглосон байдаг учир хороо хуваах ажил түр хугацаанд хэрэгжих боломжгүй болсон.
 
-Нэг хэсэг Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг мөн ярьж байсан. Энэ юу болсон бэ?
 
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд  тухайн дүүргийг өөрчлөн байгуулахын тулд  дүүргийн  иргэд болон дүүргийн тэргүүлэгчдийн саналыг авсны үндсэн дээр УИХ-аар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаад, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, дүүргийг хуваахад шаардагдах хөрөнгө мөнгөний хэмжээг тооцож үзэх гэсэн хоёр чиглэлтэй ажлын хэсгийг  байгуулсан. Ажлын хэсгүүд сар гаруй хугацаанд ажиллаж, санал асуулга зохион байгуулсан. Түүгээр санал өгсөн иргэдийн 90 орчим хувь нь дүүргийг хоёр хуваахыг дэмжээгүй. Дүүргийг  хоёр хуваахад 40  орчим тэрбум төгрөг шаардагдахаар байсан. Иргэд тэр их мөнгөөр сургууль цэцэрлэг, барих, хороодыг тохижуулах нь зөв гэсэн байр суурь илэрхийлсэн. Тиймээс дүүргийг хоёр хуваах асуудал дэмжигдээгүй болсон.
 
-Өмнө нь таныг дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсныг мэднэ.   Ер нь энэ газартай хэзээнээс холбогдов?
 
-2000 оноос хойш энэ дүүрэгтэй ажил, амьдралаа холбосон.  Өмнө нь хувийн байгууллагад ажиллаж байгаад 2012 оны орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн АН ялалт байгуулж, түүнээс хойш дүүргийн удирдлагын багт ажиллаж байна.
 
-Дүүргийн Засаг дарга нар дундаа хамгийн залуу нь гэж ойлгосон. Залуу хүний хувьд дүүрэг удирдаад, асуудалд шийдэл хайж, шийдвэр гаргаад явахад хүндрэлтэй асуудал юу байна вэ?
 
-Мэдээж хүндрэл бэрхшээл байлгүй яахав. Энэ  ажлыг хийж чадна гэж хамт олон маань итгэл хүлээлгэсэн болохоор шалтаг, шалтгаан тоочих эрхгүй.  Өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байхад асуудал харьцангүй гайгүй байж. Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс төрийн нөхцөл байдал амаргүй байлаа. Гэхдээ би дүүргээ хотын статустай болох ирээдүйтэй дүүрэг гэж харж ажилладаг. Энэ том дүүргийн ажлыг би ганцаараа хийгээд байгаа юм биш. Манай намаас сонгогдсон төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хамт олны нэгэн зүгт харж ажиллаж байгаа хичээл зүтгэлийн үр дүн гэж боддог.  Миний хувьд би гэхээсээ илүү хамт олонтойгоо зөвлөлдөж, тэдний санаа бодлыг байнга сонсож аливаа шийдвэрийг гаргадаг.
 
-Шантрах үе танд байсан уу?
 
-Ер нь байхгүй дээ. Залуу хүн болоод ч тэр үү ямар ч гэсэн болгоно, бүтээнэ гэж зорьсон.  Түүндээ хүрэх гэж зүтгэж байна.
 
-2019 он дуусч бүхий л байгууллага үйл ажиллагаагаа дүгнэж ирэх онд ямар ажлууд хийх төлөвлөгөөгөө гаргаж байна.  Баянзүрх дүүрэг ямар онцлох ажил хийж, хэрэгжүүлэх вэ?
 
-Ирэх онд манай дүүргийн 55 жилийн ой болно. Найрамдлын район гэж байгуулагдсанаас хойш хагас зуун жил аль хэдийнэ өнгөрчээ.  Энэ хүрээнд маш олон ажил хийхээр төлөвлөж байна.  Ойг баяр наадмын хэмжээнд биш хийж хэрэгжүүлэх ажлаараа тэргүүлж тэмдэглэнэ гэж боддог.  Тэр дундаа залуучууд руу чиглэсэн, тэдний хөгжлийг дэмжих, мэдлэг боловсролыг дээшлүүлэх мөн тэднийг олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд түлхүү оролцуулахад анхаарч ажиллана. Жишээ нь, залуу багш, эмч, бизнес эрхлэгч нар гээд тэдэнд өнөөдөр ямар асуудал тулгамдаад байна. Өөрсдийгөө хөгжүүлэхэд ямар мэдлэг мэдээлэл хэрэгтэй байна гээд энэ бүхэн дээр залуучуудтайгаа хамтран томоохон ажлуудыг зохион байгуулна.  Мөн сургууль, цэцэрлэгийн ойр орчмыг иж бүрэн тохижуулж, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд ээлтэй орчныг бий болгоно. Манай дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд байгуулагдаад хараа хяналтгүй орхигдсон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн нэлээдгүй байдаг.  Эдгээрийг эзэнтэй болгож,  сэргээн засварлана. Дээр дурдсан бүх ажлыг 2020 оны нийгэм, эдийн засгийн Үндсэн чиглэлдээ тусгасан.
 
 
-Манайханд нэг буруу ойлголт байдаг. Дарга гэхээр л том эрх ашигтай хүмүүс байдаг юм шиг ярьдаг. Гэтэл үгүй юм. Миний хувьд гэхэд хэдий дарга нэртэй ч Монгол Улсын нэг иргэн. Улсаа, дүүргээ хөгжүүлье гэсэн зорилго тавиад явж байгаа залуучуудын л нэг. 
 
 
-Нийгмийн тогтолцооны асуудал, намуудын талцал,  улстөржилт гээд Монголд асуудал их байна. Хар бараан мэдээлэл ч олон гарах юм. Ер нь Монгол Улсын хөгжлийн тухай та юу гэж боддог вэ? 
 
-Бид эх орныхоо эзэд юм. Аливаа асуудлыг өөдрөгөөр харах ёстой. Мэдээж болохгүй бүтэхгүй зүйл олон байна. Манай улс хоёр том гүрний дунд байдаг ч гэлээ хөгжиж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийгэмд ямар их өөрчлөлт авчирав. Тэгэхээр иргэд маань ч аливаа асуудалд эерэгээр хандаж, төрийн зүгээс гаргаж байгаа хууль тогтоомжийг биелүүлээд явах хэрэгтэй.  Болохгүй зүйл байвал хэлээд болж байгааг нь дэмжээд иргэнийхээ эрхийг хэрэгжүүлээд явах нь одоогийн нийгэмд чухал.  Манайханд нэг буруу ойлголт байдаг. Дарга гэхээр л том эрх ашигтай  хүмүүс байдаг юм шиг ярьдаг. Гэтэл үгүй юм.  Миний хувьд гэхэд хэдий дарга нэртэй ч Монгол Улсын нэг иргэн.  Улсаа, дүүргээ хөгжүүлье гэсэн зорилго тавиад явж байгаа залуучуудын л нэг. Мөн төрд ажиллаж байгаа залуу хүний хувьд өөрөө үлгэр жишээ байж хууль, дүрмээ биелүүлдэг, хариуцлагатай иргэн байхыг хичээж байна. Энэ нь эргээд улсынхаа хөгжилд оруулж байгаа миний хувь нэмэр гэж боддог.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин