sonin.mn
Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны дайчид, хилийн чанадад Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт ажилтан, албан хаагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе!
Бид хамтдаа өвөг дээдсийнхээ дайчин түүх, монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ үйл явдал, утга агуулгаар арвижуулсан нэгэн оныг үдэж, шинэ онтойгоо учран золгож байна.
Улиран одож буй 2019 он Зэвсэгт хүчний хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж, цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах талаар ихээхэн дэвшил гарч, улс орны бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэн, Дорнод аймгийн Халх гол сумын “Шинэ сум” төсөл, нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд тус тус амжилттай оролцож, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие даасан ажиллагааг ханган, агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэл, Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээ, Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг тус тус амжилттай зохион байгуулсан.
 
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд Зэвсэгт хүчин манлайлан оролцож, Үндэсний аюулгүй байдлын ажлын алба, төрийн яамд, төрийн цэргийн байгууллагуудын хамтарсан сургалт, дадлагуудыг үр дүнтэй явууллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь энэ онд цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, олон улсын болон хамтарсан сургалт, дадлага, уралдаан, тэмцээнд Зэвсэгт хүчний оролцоогоо нэмэгдүүлэх зорилгоор гадаадын улс орнуудад болон дотооддоо дээд хэмжээний айлчлал, хоёр талын зөвлөлдөх уулзалт, хэлэлцээрүүдийг амжилттай зохион байгуулж, Бүгд Найрамдах Киргиз Улстай цэргийн хамтын ажиллагааг эхлүүлэн, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн амжилт бүтээлээр дүүрэн байж, түүхийн хуудаснаа үлдэж байна.
Түүнчлэн эх орондоо анх удаагаа “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг явуулахад дэмжлэг үзүүлж, олон улсын “Аравт” морин цэргийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулан, Зэвсэгт хүчний сүр хүч, цог золбоог олон улсад таниуллаа.
Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн цагийн манаанд зогсож байгаа эгэлхэн байлдагч, цэнхэр дуулгатан энхийн цэргээс эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчид Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглэхэд таатай байна.
Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний бэлэн байдал, чадавхыг дээшлүүлэх, улс орны бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг цаг үеэ дагасан томоохон зорилтуудыг ажил хэрэг болгоход Та бүхний хичээл зүтгэл, хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой.
Ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн амжилт өөд урин дуудаж буй шинэ оноо халуун ам бүл, хамт олон, найз нөхдөөрөө сайхан угтаж, ирж буй 2020 ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахын ерөөлийг өргөе!
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
 
 
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ