sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр нийслэлийн “Хүнрү” ресторанд Монголын анхны робот зөөгч үйлчилж эхэллээ.
Нийслэл хотын баруун 4 замд орших тус рестораноор орохын бол таныг зураг дээрх робот үйлчлэгч тосож, “Сайн байна уу?” хэмээн мэндчилж, угтан авна. Ингээд зогсохгүй, захиалсан хоол, ундыг авчирч өгөн, мөн “Сайхан хооллоорой” гэж хэлнэ. Хооллосны дараа мөн “Баяртай” хэмээн эелдэгээр үдэж өгнө.

 

Зөөгч робот нь тусгайлан зассан мэдрэгчтэй замаар явж гурван үйлдлээр зочдод хоолыг нь хүргэж өгдөг байна. Эхлээд гал тогооноос гарсан хоолыг зөөгч роботын тавиур дээр тавьж, хэд дэх дугаарын ширээнд хүргэж өгөхийг тохируулна. Хоёрт, робот хоол захиалсан ширээний дэргэд очоод, “Сайн байна уу. “Хүнрү” рестораныг сонгосонд баярлалаа. Сайхан хооллоорой” гэж хэлнэ.
 

 

Эцэст нь, үйлчлүүлэгч нар роботын тавиураас хоолоо өөрсдөө авч, буцахад нь хог хаягдал байвал оронд нь тавиад явуулна. Роботын аваачиж өгсөн хоолыг үйлчлүүлэгчид өөрсдөө авч ширээн дээрээ тавина. Зочдыг хоолоо бүрэн авч ширээн дээрээ тавьсны дараа зөөгч робот буцаж байрандаа ирдэг аж.
Өөр дээрээ таван камертай учраас хүн дөхөж ирэх эсвэл саадтай тулбал автоматаар зогсдог байна. Техник технологийн хөгжил хүчээ авч буй өнөөгийн эрин зуунд хүмүүсийн ихэнх үйлдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөнгөвчилсөөр байгаа. Улмаар техник, технологийн “ач”-аар ирээдүйд ихэнх мэргэжлүүд устана гэсэн таамаглалууд гарсаар байна. Тэгвэл энэ нь одоо биелэл болж Монголд анх удаа робот зөөгчтэй ресторан ажиллаж байна.
  "Хүнрү" рестораны менежер хэлэхдээ, "Манай ресторанд хүүхэд залуус ирэх дуртай байдаг. Бид робот зөөгчөөр хоол хүргүүлсний хариуд ямар нэгэн нэмэлт хөлс авдаггүй” гэж байв. Тэрээр, ирсэн зочид робот зөөгчтэй маань зургаа авхуулах боломжтой” гэдгийг хэлж байв. Роботыг 8 сая төгрөгөөр авч, БНХАУ-ын үйлдвэртэй нь гэрээлж, оруулж иржээ. “Хүнрү” ресторан нь 70 хүний суудалтай 10-15 ширээтэй тул зөөгч нэг робот байхад хангалттай гэнэ. Дэлхий нийтээр электрон үйлчилгээний хэв маягт шилжиж буй энэ цагт бид ямар нэг зүйлээр анхдагч байх хэрэгтэйг онцолсон гэж байв. 
 Эднийх Монголд робот технологийн шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн анхны газар болж байна. Зөөгч робот нь хурдан, удаан гэсэн хоёр горимоор ажилладаг аж. “Хүнрү” hot pot рестораны хувьд ихэвчлэн шөлтэй хоол гаргадаг учраас асгах, цалгихаас болгоомжилж удаан горимоор зөөгч роботыг ажиллуулдаг онцлогтой аж.

 

Б.Болд


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг