sonin.mn
СИДНЕЙ. /TASS/. Австралийн Засгийн газар ойн түймэрт өртсөн бүс нутгуудыг сэргээн босгох ажилд 1.4 тэрбум орчим ам.доллар гаргахаар болсон байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон Канберрад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Австралийн эрх баригчид “ойн түймрийн дараах сэргээн босголтын үндэсний сан” байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү санд 2 тэрбум австрали доллар /1.4 тэрбум орчим ам.доллар/ байрлуулах бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд түймэрт өртсөн бүс нутгуудад явуулах сэргээн босгох бүх ажлыг санхүүжүүлнэ. Тус сангийн оператор нь урьд өдөр нь байгуулсан төрийн тусгай агентлаг байх ажээ.
 
Австралийн цагдаагийн комиссар асан Эндрю Колвиний тэргүүлэх шинэ байгууллага нь “түймэрт сүйдсэн дэд бүтэц, байшин барилгыг яаралтай сэргээн босгохын тулд” гамшигт өртсөн мужуудын Засгийн газартай нягт хамтран ажиллах юм  байна. Түүнчлэн түймрийн улмаас хохирсон фермерийн аж ахуй, жижиг, дунд бизнес болон ойн аж ахуй эрхлэгчдэд сангийн хөрөнгөнөөс тусламж үзүүлнэ.
Ойн түймрийн улмаас хохирсон хүмүүст үзүүлэх тэтгэмж, эд материалын тусламжид дор хаяж 125 сая австрали доллар /87.6 сая ам.доллар/ зарцуулна гэж Австралийн Засгийн газрын тэргүүн мэдээлжээ. Үүнээс 25 сая гаруй ам.долларыг нь хохирогчдод хэдийнэ төлчихсөн бөгөөд нэмээд 100 сая ам.долларыг Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали, Тасмани, Виктория болон Квинсленд мужийн эрх баригчдад ойрын хугацаанд хуваарилна.
 
Шинэ Өмнөд Уэльс муж
 
Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Уэльс мужид 136 ойн түймэр бүртгэгдсэнээс 69 нь ассан хэвээр байна. Түймэртэй 2500 гаруй гал сөнөөгч, 90 хөнгөн нисэх онгоцыг оруулаад хэдэн зуун нэгж тусгай техникээр тэмцэж байна. Тус мужид гал асаах, ойд зугаалахыг хоригложээ.
Сидней хотоос өмнөд зүгт 180 км зайд оршдог өмнөд эргийн Шолхэйвений газар нутгаас мужийн хил хүртэл жуулчдад хаалттай хэвээр байгаа бол нутгийн оршин суугчдад яаралтай нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байх шаардлагыг хүргүүлжээ. Тус мужид ойн түймрийн улмаас 18 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.
 
Виктория муж
 
Зургаан газар нутгийг нь гамшгийн бүс гэж зарласан Виктория мужийн Маллакоота хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. 300 орчим хүн түймэрт боогдсон хотоос нүүлгэн шилжүүлэх тээврийн хэрэгслийг хүлээж байгаа бөгөөд 3500 гаруй хүнийг Австралийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц болон цэргийн нисэх онгоцоор аюулгүй газарт хүргэжээ.
Виктория мужийн нутаг дэвсгэрт 1.2 сая га ой түймэрт устсан бол түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Мужийн зүүн нутагт хоёр цахилгаан станц шатаж, 2000 гаруй байшин цахилгаан эрчим хүчгүй болжээ. Түймрийн улмаас 67 мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн байна. Виктория мужийн Засгийн газар ойн түймрийн дараах сэргээн босголтын бүс нутгийн агентлаг байгуулж, энэ ажилд 50 сая орчим австрали доллар /35 сая ам.доллар/ зарцуулна гэж тус мужийн Ерөнхий сайд Даниэл Эндрюс мэдээлжээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Австралийн зүүн эрэгт ойн түймэр дэгдсэн юм. Одоогийн байдлаар тус улсын зүүн өмнөд нутгийн мужуудын томоохон газар нутаг түймэрт автаад байгаа бөгөөд өмнөд эргийн хэд хэдэн бүс нутгийг жуулчдад хаасан бол нутгийн иргэд яаралтай нүүх зөвлөмж авсан байна. Түймрийн улмаас 6.5 сая гаруй га ой, 2000 орчим байшин, захиргааны болон аж ахуйн зориулалттай 3000 орчим барилга сүйджээ. 2019 оны 2 дугаар сараас эхэлсэн түймрийн улирлын туршид гурван гал сөнөөгчийг оруулаад 24 хүн амиа алдаж, зургаа хүн сураггүй болсон байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг