sonin.mn
Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор Жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагвыг урилаа. Тэрээр өмнө нь “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл буюу жүжгийн зохиол болгосноос гадна У.Шекспир, Карло Гольдони, Карло Гоцци, Бернард Шоу, Бертольд Брехтийн бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн юм.
 
 
-Удахгүй тайзнаа амилж, нээлтээ хийх “Анна Каренина” романыг та жүжиг болгон бичжээ?
 
-Тийм ээ. Миний хувьд Л.Толстойн бүтээлээр жүжиг хийх гэсэн нь анх удаа. Ер нь “Анна Каренина”-гаар кино, мюзикл хийх гэсэн оролдлого олон байдаг юм билээ.
Хоёрдугаарт, кино нь их байдаг. Тухайлбал, ОХУ-ын хийсэн олон ангитай киног бид үзсэн. Тиймээс энэ шинэ юм биш. Харин манай судлаачид Л.Толстойн зохиол, бүтээлтэй 1930-аад оноос танилцаж эхэлсэн байдаг. Миний ойлгосноор манайхаас гурван хүн энэ романыг бүтнээр нь орчуулсан. Анхныхыг нь Ш.Очирбат гэдэг хүн 1960-аад онд орчуулсан байдаг. Манайхан жүжгийн зохиол гэдгийг төдийлөн ойлгодоггүй болохоор үүнийг зориуд хэлж байна. Ер нь дэлхийн уран зохиолыг харахад бичгийн бүтээлийг гурав хуваадаг юм байна. Энэ нь үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг, жүжиг гэж. Жүжгийн зохиолыг тусад нь авч үздэг. Тэгэхээр жүжгийн зохиол гэдэг нь гарал үүсэл буй болсон шалтгааныг нь бодвол эпос гэдэг үгтэй учир холбогдолтой болдог. Эпос гэдэг нь миний ойлгосноор аман зохиол. У.Шекспирийн алдартай жүжгүүдийг Грекийн үлгэр, домгоос гаралтай гэдэг нь ийм учиртай. Тиймээс энэ жишгээр Л.Толстойн романаас жүжиг болгож өгөөч гэсэн хүсэлтийг надад тавьсан.
 
-Тэгэхээр жүжгийн зохиол романаасаа өөр болсон гэж ойлгож болох уу?
 
-Өөр хэлбэртэй байхаас аргагүй. Яг роман шигээ байна гэж байхгүй. Яагаад гэвэл роман хэчнээн зузаан билээ. Гэтэл жүжиг болгосон зохиол маань бичгийн цаасны нэг талд бичсэн 50 гаруй хуудас л байгаа. Дээр нь хэнд зориулагдсан бэ гэхээс гадна үгээр, жүжигчний үйл хөдлөлөөр, найруулагчийн ухаан, зураачийн зургаар амилж хүмүүст хүрэх ёстой бүтээгдэхүүн. Энэ зохиол юуны тухай юм бэ. Манайхны ерөнхий төсөөлөл нэг сайхан хайр дурлалын тухай гэж боддог, тэгвэл тийм биш. Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгддөг хайр дурлал бол “Ромео, Жульетта хоёр” шүү дээ. Энэ юугаараа сонгодог юм бэ гэвэл манайхны хэлдгээр “Шувууны өндгөн дээр сүүдэр тусчихвал бохирддог” гэж үздэг. Үүнтэй адилхан сүүдэр туссан учраас Ромео, Жульетта хоёр сүүлд нь үхэж байгаа юм. Учир нь дэлхийн хүн төрөлхтний олон ёс заншил дотор нэг шөнийг ор хөнжилдөө орохоос илүүтэйгээр орой дээрээ байгаа дээвэр дор хоёр хүн шөнийг өнгөрөөсөн бол бузартлаа гэж үздэг. Үүнийг л барьж хийх гэж жүжиг болгосон бүтээл. Тэгвэл Анна Каренина тийм биш.
 
-Яагаад өөр гэж?
 
-Магадгүй Анна Каренинагийн нэг хэсэг нь Ромео, Жульетта хоёрт гардагтай төстэй. Гэхдээ нэг дээвэр дор өөр хүйсийн хүнтэй нэг хонох бус найман жил болсон хүн бол Анна. Өгөгдөж байгаа нөхцлөөс өөр байгаа биз. Тиймээс сайхан хайр дурлалын тухай дэлхийн төсөөллөөс өөр. Ерөөсөө шашин, ёс заншил ч бай хүн төрөлхтөн нэг зүйлийг үзэн ядаж, үгүйсгэдэг. Энэ нь өөрийнхөө амийг егүүтгэсэн хүнийг булах газар хүртэл өгөхийг цээрлэдэг тухай хэлж байна. Гэхдээ зохиол дээр Анна Каренина ирж байгаа галт тэрэгний доогуур орсон гэхээс үхсэн гэдэг үг байдаггүй. Хүн төрөлхтөн энэ хүн амиа хорлосон гэж ойлгодог. Тэгвэл энэ хүн яагаад гол баатар болоод байгаа юм. Номын нэр яагаад “Анна Каренина” болов. Өөрөөр хэлбэл, энэ зохиол эхлэхдээ бас галт тэргэнд хүн дайруулж үхдэг. Төгсгөлд нь Анна Каренинаг дайраад явдаг. Энэ юу вэ, Анна Каренина гэж хэн юм, галт тэрэг юу юм бэ гэсэн олон асуулт бий. Энэ болгоныг жүжигт илэрхийлэх боломжгүй. Тиймээс найруулагч үүнийг яаж харуулахыг мэдэхгүй.
 
-Манайхаас өөр жүжгийн зохиол болгосон улс байдаг юм болов уу?
 
-Бий. Хамгийн сүүлд ОХУ-д нэг зохиолч Анна Каренинаг үхээгүй гэдгээр нь жүжиг хийсэн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, тэр зохиолоос сэдэвлээд эхлэл, төгсгөлөө өөр болгож хийсэн байна. 1960-аад оны дунд үеэс эхлээд манайхан бүгд “Анна Каренина”-г уншсан.
 
-Манайд тоглох жүжигт хоёр Анна гардаг. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
 
-Анна Каренина Вронскийн хүүхдийг гаргачихаад төрөхийн халуун болж дэмийрч байхдаа хоёр нөхрөө дуудаж авчраад “Чи бол их сайн хүн шүү, би муу хүн. Яг үнэнээ хэлэхэд би одоо үхэх нь. Би та хоёрыг эвлэрээсэй” гээд өвгөн Каренин, нууц амраг Вронский хоёрыг гар бариулаад “За би одоо үхэхэд бэлэн байна” гээд буруу хараад “Жинхэнэ Анна чамаас урваагүй шүү. Миний дотор өөр Анна орчихоод ийм юм хийгээд байна” гэж нөхөртөө хэлдэг. Эндээс найруулагчтай ярилцаад хоёр Аннаг гаргаж ирэх ёстой юм байна. Анна сүнс, жинхэнэ Анна. Гэтэл энэ бол тохиолдлын юм биш. Ер нь номыг нь харахад Сергей гэдэг нэртэй гурван хүн байгаа. Өвгөн Сергей, Вронский Сергей, хүү Сергей. Дээр нь гурван Аннаг гаргах ёстой болсон. Тэгэхээр Анна Каренинагаас гадна Анна охин гэж номон дээр байгаа. Нэмээд Анна сүнс гэж гаргаж ирсэн гэсэн үг. Агуу Л.Толстой орос хүмүүсийн сайхан нэр мэдэхгүйдээ Сергей, Анна гэдэг нэрийн хүрээнд эргэлдээгүй байх. Давхар бодолтой л хийсэн байх гэж найруулагч бид хоёр ярилцсан. Юу болохыг мэдэхгүй. Романы төгсгөл зохиолын гол амь, хожим хойч үе, өөрийнхөө үед хэлэх гэсэн гол санаа нь.
 
-“Анна Каренина” жүжигт яг юуг өгүүлж байгаа вэ?
 
-Орос амьдрал, Оросын хөдөө, тариачны ахуй амьдрал, тэр сайхан тал нутгийн уянгалаг дуу бүгд байх ёстой. Үүнийг хэнээр илэрхийлсэн бэ гэхээр Кити, Левин хоёрын амьдралаар илэрхийлсэн. Энэ хоёр амьдрал үлдэж байгаа юм. Дээр нь монголчуудын дунд их ярьдаг жендерийн тухай асуудал энд бий. Үүнийг найруулган дээр яаж илэрхийлэхийг мэдэхгүй байна. Ойролцоо насны Доли, Кити, Анна гэсэн гурван хүүхэн бий. Анна хэн бэ, өөрийнхөө аав шиг хүнтэй аав ээж нь гэрлүүлсэн. Доли хэн бэ, өөрөөсөө нэг ах хүнтэй суусан. Аннагийн хувь заяа ойлгомжтой төгсч байна. Долигийн хувь заяа юу болсон найман жилд долоон хүүхэд гаргасан ч хоёр нь бүтээгүй. Тэгвэл Кити хэн бэ, өөртэйгөө ойролцоо насны, хүч чадал, хүсэл эрмэлзэл нь боломжийн гэж болохоор хүнтэй суусан. Тиймээс энэ хоёр орос ахуйг манаад үлдэж байгаа юм. Ийм л гурван амьдрал. Энэ гурваас юу харагдаж байна. Эмэгтэй хүний хувь заяа татвар эмийнхээс юугаараа ялгаатай юм бэ гэдэг асуулт байна. Ийм олон санааг агуулж байгаа учраас сонгодог зохиол. Үүнээс чухам юуг нь түүж өлгөж авах вэ гэдэг дараагийн ажил. Романыг жүжгийн зохиол болгож хөрвүүлэгч хүн эхлээд сонголт хийнэ. Дараа нь тэндээс найруулагч өөрийнхөө юмыг гаргаж авна.
 
-Мэдээж жүжгийн зохиолыг бичихдээ найруулагчтайгаа ярилцана биз?
 
-Ярилгүй яах вэ, ярих ёстой. Жүжгийн зохиол болгоход хоёр шат байдаг. Эхнийх нь роман, хоёр дахь нь жүжгийн зохиол болно. Үүний дараа найруулагчийн зохиол гэж гарч байж бүтээл болно. Дээрх гурван бүсгүйн амьдралыг цаашид давтах хувь заяа байх ёсгүй. Гэтэл зохиолын эхлэл, төгсгөлд гардаг галт тэрэг юу вэ. Энэ ямар учиртай юм бэ гэж. Энэ бол бид хоёрын ойлгосноор Аннатай холбогдолтой янз бүрийн кинонд галт тэрэг яваад л байдаг. Галт тэрэг нь машинт үйлдвэрлэлийн, хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн билэгдэл. Тэнд ганцхан Анна байна уу эсвэл төмөр замын ажилтан байна уу. Нэг хэсэг хүн байна уу, нэг үндэстэн байна уу хамаагүй дайраад л өнгөрнө. Өөрөөр хэлбэл, энэ хөгжил, дэвшил, машинт үйлдвэрлэл бүхий нийгэм. Галт тэрэг мөн л нэлээн том гол баатар. Тиймээс манайхан энэ болгоныг бодож, эргэцүүлж үзээсэй гэж санагддаг.
 
-Таныхаар үзэгчид энэ жүжгээс юу аваасай гэж бодож байна вэ?
 
-Авах аа. Надад бол бодол эргэцүүлэл тээж гараасай л гэж бодож байна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин