sonin.mn
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн “Агаарын цэргийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хуулийн эмхэтгэл”, “Агаарын цэргийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх эрх зүйн эмхэтгэл I, II”, “Тушаалын тэмдэглэх хэсэг боловсруулах загвар” зэрэг номыг эмхэтгэн гаргалаа. Эдгээр номд Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалахын багц хууль, Улсын нисэхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Зэвсэгт хүчний анги, салбаруудын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн актууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын Агаарын цэрэгтэй холбогдсон тогтоол, зарлиг, тушаал, шийдвэрүүд багтжээ.
 
 
 
“Тушаалын тэмдэглэх хэсэг боловсруулах загвар” номд Зэвсэгт хүчний ангиудын захирагч болон штабын дарга нарын бүх төрлийн тушаал, шийдвэрүүдийг холбогдох хуулийн заалттай нь үлгэрчилсэн байдлаар оруулсан байна.
 
 
 
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр “Эдгээр номыг эмхэтгэн гаргаснаар Агаарын цэргийн командлал, харьяа анги, салбаруудаас гарч буй баримт бичгүүдийг ямар ч алдаагүй боловсруулах нөхцөл үүгээр бүрдэж байна. Анги, салбаруудын офицер, ахлагч нараас аливаа баримт бичгийг боловсруулахдаа хууль тогтоомж, эрх зүй, утга санаа, зөв бичих дүрэм, хэл бичгийн алдааг түгээмэл гаргадаг. Харин эдгээр эмхэтгэлийг ашигласнаар дээрх алдаа дутагдлууд арилахаас гадна зөвхөн Агаарын цэрэгт ч бус Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, салбаруудад ашиглах бүрэн боломжтой” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин