sonin.mn
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн хэдэн зуун эмч, сувилагч даваа гарагт ажил хаясан байна. RTHK радиостанцаар мэдээлснээр, тэд хотод шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд  эх газрын Хятадтай залгаа хилээ бүрмөсөн хаахыг эрх баригчдаасаа шаарджээ.
Ажил хаялтыг эмнэлгийн ажилтнуудыг эрхийг хамгаалах “Hospital Authority Employees Alliance” хэмээх шинэ үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан байна. Хилээр нэвтэрч буй асар их хүний урсгалаар өвчний тархалт газар авсан тохиолдолд Хонконгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй гэж эмч нар болгоомжилж байгаа аж. Хэрэв шаардлагад нь даваа гарагийн оройноос өмнө хариу өгөхгүй бол мягмар гарагт 6000 хүртэл тооны эмч нарыг эсэргүүцлийн ажиллагаанд оролцуулна гэж мэдэгдсэн байна.
 
 
 
Хонконгт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний тоо 15 болж нэмэгджээ.
 
 
 
БНХАУ-д уушгины шинэ хэлбэрийн хатгалаа өвчин дэгдсэнтэй холбоотойгоор Хонконгт аялал жуулчлал, соёл урлагийн болон спортын байгууламжуудыг хааж, олон нийтийн үйл ажиллагааг цуцалсны зэрэгцээ сургуулийн амралтыг гуравдугаар сар хүртэл сунгасан байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 30-наас эхлэн эх газрын Хятадтай төмөр замын болон гаталга онгоцны үйлчилгээг зогсоож, Хятадын хотууд руу үйлддэг нислэгийн тоог хоёр дахин цөөрүүлжээ. Мөн Хятадын жуулчдад Хонконг руу нэвтрэх зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоосон байна. Гэхдээ хилээ бүрэн мөсөн хаагаагүй байгаа юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг