sonin.mn
МОСКВА. /lenta/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустан шинэ коронавирус илэрсэн гадаадын иргэдийг албадан гаргах захирамж гаргажээ.
 
Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний тархалтаас хамгаалах нөөц бололцоо, мөн эмчилгээнд шаардлагатай бүх эм, хэрэгсэл ОХУ-д байгаа болохыг Мишустин онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Оросын тал БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж илгээнэ. Тэрбээр мөн ОХУ-д коронавирусний халдвар орж ирэх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үндэсний төлөвлөгөөг саяхан баталсныг нэмж дурдсан байна.
 
 
 
Уг өвчнийг мөн ХДХВ, тахал  зэрэг онцгой аюултай өвчнүүдийн тоонд оруулжээ. "Энэ нь ийм өвчнүүд илэрсэн тохиолдолд гадаадын иргэдийг албадан гаргах, хязгаарлалтын тусгай арга хэмжээ авах боломжийг олгодог. Үүнд мөн тусгаарлах болон хорио цээрийн арга хэмжээ орно"  гэж Мишустин тайлбарласан байна. 
 
 
 
Хоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Агаар-сансрын хүчинд Оросын иргэдийг БНХАУ-аас нүүлгэн шилжүүлэх ажилд оролцохыг үүрэг болгожээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны хамгийн сүүлийн мэдээллээр, шинэ вирусний халдвар авсан хүний тоо 17205-д хүрч, 361 хүн нас барсан байна. ОХУ-д халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг